Ахиж хордохгүйн тулд НМХГ-ынхны ажлыг сайжруулъя...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 22 секунд
Ахиж хордохгүйн тулд НМХГ-ынхны ажлыг сайжруулъя...

Ахиж хордохгүйн тулд НМХГ-ынхны ажлыг сайжруулъя...

Зайсангийн KFC салбараар үйлчлүүлсэн иргэд хордсон асуудал олны анхаарлыг татаж, нэлээн дуулиан дагуулж байна. Үүнийг дагаад "Таванбогд" ХХК-иас хариуцлага нэхэх иргэд ч олон байна. Харин НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун Нийслэлийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр KFC-гийн бүх салбарыг хаана хэмээн сүржин мэдэгдэл хийчихэв. 

Гэхдээ түүний мэдэгдэл зүгээр л галыг намжаахын тулд хэлсэн гэхэд хилсдэхгүй. Учир нь Зайсангийн KFC-гээс бусад бүх салбар одоо хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Энэ тухайгаа ч KFC-гийнхэн албан ёсоор зарлал гарган, мэдэгдэж орхилоо. Тодруулбал, мэдэгдэлдээ "KFC Зайсан салбараас бусад 11 салбар ердийн цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг KFC-н 11 салбарын үйл ажиллагааг хаалгүйгээр хийж байгаа" гэжээ. 

Харин энэ талаар НМХГ-ынхнаас тодруулахад "KFC-гийн Зайсан салбараас бусад салбарт зөрчил гараагүй учраас хууль эрх зүйн хувьд бүх салбарыг нь шууд хаах боломж дутмаг байна. Тиймээс зөвхөн шалгалт хийхээр очсон үед хүнд үйлчлэхгүй, бусад үед нь үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхээр болсон" гэв.

Тэгвэл НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хууль журмаа мэдэгдэхгүй "Бүгдийг нь хаана" гээд мэдэгдчихэв үү, эсвэл худлаа попорчихов уу... 

Зүй нь бол хордлогын дохио ирсэн даруйд НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун тэр дор нь бүх салбарыг хаах ёстой байсан. Тэгээд шинжлээд хордоогүй бол буцаагаад нээнэ л биз. Олон улсын жишиг ийм л байдаг. Бусад улс орны хяналтын байгууллагууд ямар нэг сэжиг, шинж тэмдэг илэрвэл шууд хаалгыг нь хааж, хяналт шинжилгээний ажлаа шуурхайлдаг. Батлагдахыг нь хүлээдэггүй. 

Гэтэл түүний хийсэн мэдэгдлээр бол “Зайсан KFC” түргэн хоолны газарт хоёрдугаар сарын 8-15-ны өдрүүдэд хоол идсэн иргэдээс 116 хүнд нь ойр ойрхон усархаг гүйлгэх, зарим хүнд бөөлжих, халуурах зэрэг эмнэл зүйн ижил шинж тэмдэг илэрсэн. ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа 37, гэрээр эмчийн зөвлөгөөний дагуу эмчлүүлж байгаа 79 хүн хоолны хордлогот халдварын ижил эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн байна. Манайхаас хяналт шалгалт хийсэн. Шалгалтаар ус болон бүтээгдэхүүнээс өвчин үүсгэгч илэрсэн. Мөн тус байгууллагын хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байсан нь илэрсэн. Эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг хуурамчаар үйлдсэн байсан” гэсэн. 

Тэгсэн хэрнээ бүх салбарууд нь үйл ажиллагаагаа хувийн явуулсаар байна. 

Ер нь бол ниргэснийх нь дараа хашхирав гэгчээр олон арван хүнийг хордуулсных нь дараа усны буруу байжээ, ажилтнуудын буруу гэж мэдээлэх нь НМХГ-ынхны хувьд хэр зохимжтой вэ. Угтаа бол үйл ажиллагаа явуулж буй бүх хоолны газруудад НМХГ-аас хяналт шалгалт хийж, гарч болох бүх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ёстой бус уу. 

Шуудхан хэлэхэд, ийм зөрчилтэй газар хотын төвд 12 салбартайгаар үйл ажиллагаагаа хэвийн явуулж, 100 гаруй хүнийг хордуулчихаад байгаа НМХГ-ын буруу юм. Хэрэв мэргэжлийн хяналтын байгууллага ажлаа сайн хийгээд зохих ёсны хяналт шалгалтаа цаг тухайд нь явуулж байсан бол өнөөдөр 100 гаруй хүн хүний биед буглаж, тодорхой хугацааны дараа дахин сэдрэх боломжтой нянгийн халдвар тээхгүй байх байлаа.

Энэ бол ганцхан жишээ. Улаанбаатар хотын өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж байгаа том жижиг хоолны газруудад энэ байтугай олон зөрчил гарч байгаа. Тиймээс дараа дараагийн эрсдэлээс  сэргийлж, ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж ажиллах нь танай байгууллагын үүрэг гэдгийг сануулах нь илүүц биз ээ.

Т.Гэрэл

 

 

Баян залуусын зугаа
Баян залуусын зугаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.