Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааныг иргэд олон нийтийн дунд дөрөвдүгээр сарын 20-ны өдрөөс энэ сарын 11-ны өдрийг хүртэлх хугацаанд зарласан. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн болон ТББ-ууд, ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсаас нийт 28 баг бүтээлээ ирүүлжээ.
Уралдаанд ирүүлсэн эдгээр бүтээлүүдийг энэ сарын 12-17-ны өдрүүдэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб хуудас болох www.uda.ub.gov.mn-д байршуулж, олон нийтийн саналыг цахимаар хүлээн авсан бөгөөд өнөөдөр “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдааны шилдгүүдийг тодруулж шагналыг нь гардууллаа. Шагналыг НЗДТГын дарга Ц.Уртнасан, Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга нар гардуулсан юм.
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг шинэлэг байдал, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийн шийдэл бүхий олон төрлийн зориулалтаар ашиглах нөхцөлийг хангасан байдлаар болон иргэдийн зүгээс хамгийн их санал авсанаар шалгаруулжээ.
1-р байр
Нийт 55823 иргэн санал өгснөөс “MGL E&C” дизайнерс баг хамт олон тэргүүлж өргөмжлөл , 20 сая төгрөгийн батламжыг гардан авлаа. Хоёрдугаар байранд "Монгол Архитeктур" гуравт “Маза Эм эй Зэйт Эй” ХХК-ний бүтээлүүд шалгарч өргөмжлөл, 5 сая төгрөгөөр тус тус шагнууллаа. Мөн зураг төслийн уралдаанд идэвхи санаачилгатай оролцож, мэргэжлийн ур чадвар үзүүлж шилдэг санаа үзүүлсэн хоёр багт Талархалын бичиг гардуулав.
2-р байр
3-р байр
НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан уралдаанд идэвх санаачилгатай оролцсонд талархал илэрхийлээд, цаашид нийслэл хотод хэрэгжүүлэх нийтийн эзэмшлийн томоохон төсөл хөтөлбөрүүдэд иргэд, олон нийтийн дунд уралдаан зарлаж сонгон шалгаруулж иргэн аж ахуй нэгжүүдийн оролцоог хангаж ажиллахыг эрхэмлэнэ гэдгийг онцолсон юм. Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан Комисс хуралдаж, олон нийтийн саналын дүн болон уралдааны удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан уралдааныг дүгнэжээ. Тэргүүн байранд шалгарсан бүтээлээр “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг сэргээн засварлах юм байна.