Монгол Улсын гадаад нэр хүнд Синдикат ярилцлага
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
35 минут 34 секунд
Монгол Улсын гадаад нэр хүнд Синдикат ярилцлага

Монгол Улсын гадаад нэр хүнд Синдикат ярилцлага

 

"Чих дөжрөм чимээгүй", "Нүд цуцам уудам" Монгол
Монгол Улсын гадаад нэр хүнд гэж юуг хэлээд байна вэ? Бид гадаад нэр хүнд гэдгээ одоо хүртэл Чингис хаанаар, эсвэл нөгөө л нэг морь унасан нүүдэлчин ардаараа төсөөлсөн хэвээр байна уу? Бидний өөрсдийгөө төсөөлөн бодож буй нэр хүндийг маань гадны хүмүүс яаж хүлээн авч байгаа юу? Эдгээр асуултыг Монгол Улсыг сайн гадарладаг гадаадын иргэн, Монгол Улсаа төлөөлөн гадны улсуудтай харьцдаг эрхэмүүдэд тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн синдикат ярилцлагын анхны дугаараа та бүхэнд толилуулж байна.

Л.ОРГИЛ. Элчин сайд

Ө.БАТБАЯР. "Бату Групп" компанийн гүйцэтгэх захирал

Б.МӨНХДӨЛ. "Ковер Монгол" компанийн гүйцэтгэх захирал, "Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл"-ийн ерөнхий нарийн бичгийн дарга

АЛЛИСОН (Allyson Seaborn). Хуульч, сэтгүүлч, Австрали улсын иргэн

В.ГАНЗОРИГ: Монгол улсын гадаад нэр хүнд гээд хүмүүстэй ярихад зарим нэг ойлголтын зөрүүн бидний дунд яваа байгаа нь анзаарагддаг. Жишээ нь, донж (image), нэр хүнд (reputation), ондоошил (identity) гэх мэт үгсийн утгыг нь бид зөрүүлж хэрэглээд буй мэт. Зүй нь бидний тодорхойлсон үндэсний ондоошил ба бусад хүмүүсийн харж ойлгож буй донжоор нь бидний, манай улсын нэр хүнд тодорхойлогддог юм болов уу? Бид өөрсдийгөө тодорхойлж буй тодорхойлт ба гадны хүмүүсийн биднийг харж тодорхойлж буй хоёрын хооронд зөрүү байна уу? Байгаа бол энэ зөрүүг хэдүүлээ хэрхэн багасгах ёстой вэ?

Ө.БАТБАЯР: Аливаа юм хоёр талтай. National Identity бол өөрөө их том ойлголт, дотроо олон хэсгээс бүрэлдэж байдаг зүйл. 1900-аад оны үед нэг япон хүн банкинд орж ирээд би өөрийнхөө нэр хүндийг барьцаанд тавиад танай банкаас зээл авъя гэсэн гэдэг. Бидэнд ч гэсэн за андгай буй заа, амласан амлалт, хүн чанар, жудаг гэдэг зүйл бий. Чухам эдгээр зүйлс л тухайн үндэстний суурь болдог болов уу. Тухайлбал, би монголчуудыг шашингүй үзэлтэй ард түмэн гэж боддог. Бид хэдий буддист гэж ярьдаг боловч уг шашны үндсэн мөн чанар руу нь бараг ордоггүй. Ямар ч улсын нэр хүнд энгийн иргэнээсээ шууд шалтгаалдаг. Гадны хүмүүс монгол хүн гээд ярихаар хамгийн түрүүнд тэдний толгойд юу буух вэ? Бид дотроо итали, япон хүн гээд ярихаар шууд төсөөлөл буудаг шиг тухайн улсуудыг бид иргэнээр нь төсөөлдөг шүү дээ. Би хилийн дээс алхаад явахаараа л Батбаяр биш монгол хүн болоод явдаг. Гадны бизнес эрхлэгчтэй харьцаад явахаар тэд биднийг Монголын хувийн хэвшил, бизнесийн түнш гэж харна. Төрийн албаны ажилчид маань гадны улсуудтай харьцахад тэд Монгол төр гэж харна. Эцсийн дүндээ эдгээр илэрхийлж буй илэрхийлэл нь монгол хүний өөрийнх нь характер, биеэ авч явж буй байдал, мэдлэг, хандлага, харилцаа, ааш авир нь болдог болов уу. Бүх зүйл хэлбэрээс гадна өөрийн гэсэн мөн чанартай. Тэгэхээр мөн чанарыг нь хэлбэрээс салгаж ойлгож чадвал юм их амархан явна. Бизнес ч гэсэн ялгаагүй. Монголчууд маань яахаа алдсан нэр хүндгүй улсууд биш. Дэлхий дахинд Монгол улсын нэр хүнд тийм муу гэж би боддоггүй. Гэхдээ бас өндөр ч гэж бодохгүй байна. Хувь хүмүүсийн боловсрол, ёс суртахууны түвшинг одоо байгаагаас яаралтай дээшлүүлж байж таны асуугаад байсан зөрүүг арилгах болов уу. Гадаадын ТВ-р гардаг хүн хуурдаг, зальдаж тоглодог нэвтрүүлгүүдийг үзэхээр хууртаж буй хэдий ч хүмүүс нь инээсэн, ойлгосон, тайван байдаг. Манайд бол эсрэгээрээ түрэмгий, стресстэй байгаа нь харагддаг. Энэ нь манай хүмүүсийн юманд хандах хандлага нь сөрөг, бухимдал ихтэй байгааг харуулаад байна.   

АЛЛИСОН: Хэрвээ яг надаас шууд Монгол улсын National Identity буюу үндэсний ондоошил нь юу вэ гэж асуувал би тийм ийм гэж тодорхойлж хэлж чадахгүй. Яагаад гэвэл үндэсний уламжлал ба орчин үеийн өндөр хөгжлийн хооронд зарим зүйлс гээгдээд, замбараагүй холилдоод том зургаа олж харахгүй байна уу гэж надад бодогддог. Улаанбаатар хотод ажиллаж, амьдарч буй залуустай уулзаж ярьж байхад тэд хүртэл өөрсдөө энэ асуултад хариулж чаддаггүй. Тэгэхээр энэ асуудал бол зөвхөн гадны жуулчид, хөрөнгө оруулагчидтай холбоотой төдийгүй монголчуудтай өөрсөдтэй нь холбоотой үндэсний хэмжээний асуудал. Монгол улсын түүхийг авч үзвэл нүүдлийн соёл иргэншил, түүнийг дагасан өв соёлоороо бусад улсуудаас ялгардаг. Гэвч яах аргагүй орчин цагийн хөгжил, суурин амьдралын хэв маягт энэ ялгаа нь бага багаар дарагдан бүдгэрсээр байна. Монгол улс хилийн чанад руу чиглэсэн нэгдсэн нэг имижийг яаралтай бүрдүүлэх нь маш чухал гэж боддог. Гэхдээ таны Монгол улсын имиж юу вэ гэсэн асуултад хариулбал би цэлмэг хөх тэнгэр, нүд алдам уудам тал гэж хэлнэ. Саяхан би гадаадын нэртэй хэд хэдэн сэтгүүлд гарсан Монголын талаарх нийтлэлүүдийг уншсан. Тэнд надад хамгийн таалагдсан ишлэл нь Монголын гоо үзэсгэлэн бол Silence and Vastness буюу "аниргүй уудам тал юм" гэж байсан. Гадаадын жуулчдын хувьд Монгол улс алс хол оршдог, зорьж ирвэл л ирдэг, ирээд хотын амьдрал үзэхээс илүү өвөрмөц өөр соёл, хүнгүй, онгон зэлүүд байгалийг нь үздэг, зочилж ирэхэд зардал мөнгөний хувьд их тусдаг аялалын чиглэл шүү дээ. Монголын эзгүй, онгон байгаль бол гадаадын улсуудын хувьд хэдэн зуу, мянган жилийн өмнө тэдний улс ч гэсэн ийм л зэлүүд, хүний гар хүрээгүй байсан байх гэдэг бодлоо бататгаж төсөөлөхөөр ирдэг. Онгон байгаль ба нүүдлийн соёл, уламжлал бол яах аргагүй Монгол улсын өвөрмөц онцлог мөн.

Л.ОРГИЛ: Би төр төлөөлж олон газар ажиллаж байсан. Энэ удаад би АСЕМ-ийн ажлын хэсэгт бас ажиллаж байна. Яг энэ асуудал буюу Монгол улсын имиж, нэр хүнд, үндэсний ондоошлын асуудал АСЕМ-аас болж төрийн түвшинд хэд хэдэн удаа хүчтэй хөндөгдсөн. Би анх удаа "Identity" гэдэг үгийг "Ондоошил" гэж Монголоор буулгасныг харж байна. "Identity" гэдэг бол таних гэсэн үг. Өөрөөр хэлбэл чи юугаараа бусдад танигдаж байгаа юм бэ гэсэн үг. Сайн эсвэл муу нэр хүндтэй болохын тулд юуны түрүүнд бусдад танигдах л ёстой. Монголын хувьд бусдад хамгийн их танигдсан зүйл нь яах аргагүй манай агуу түүх. Хаана ч очсон Монголын эзэнт гүрэн, Чингис хааныг хүмүүс мэддэг. Дараагийн Монгол Улсын танил байдлыг тодорхойлдог зүйл бол их алс хол, ертөнцийн мухарт оршдог, өвөлдөө асар хүйтэн улс гэсэн ойлголт гадны хүмүүст байдаг. Эдгээр танил байдлууд эртнээс байсан. Харин сүүлийн 10-аад жил уул уурхай гэсэн танил байдал нэмэгдсэн. Сүүлийн үед бол Монгол гэхээр шууд л уул уурхай гэдэг үг бараг шахуу автоматаар хоршдог болсон. АСЕМ-тай холбоотойгоор Монгол улсын танил байдал шал өөр буюу шинэ түвшинд яригдаж байна. АСЕМ-ын 50 гаруй улсын лидерүүд нөгөө алслагдсан Монгол, нөгөө Чингис хааны өлгий, нөгөө нүүдэлчдийн өлгий нутагт очиж Ази, Европ тив, тэр байтугай дэлхийн түвшний асуудлыг хэлэлцэх гэж буй нь Монгол Улсын танил байдлын шинэ хэмжүүрийг дэлхийн түвшинд гаргаж ирнэ. Энэ арга хэмжээг маш сайн зохион байгуулж чадвал бид Монгол улсын нэр хүнд гэдэг зүйлийг бид дэлхийн түвшинд дараагийн шатанд аваачих боломжтой.

В.ГАНЗОРИГ: Монгол улсын танигдах байдал, нэр хүнд тал дээр төрөөс баримталж байгаа тогтвортой бодлого, нэгдсэн концепц хангалттай байхгүй гэдэгтэй Л.Оргил элчин сайд та санал нийлэх үү?

Л.ОРГИЛ: Энэ асуултад хүмүүс ямар дүн тавих нь АСЕМ-ын дараа харагдах болов уу. АСЕМ-ын үеэр үндсэн хурал, зөвлөгөөнөө хийхээс гадна Монгол Улсаа бүх талаар сурталчилах, улам сайн таниулах, гадаад нэр хүндээ шинэ хэмжүүрээр хэмжих зорилготой бид хичээн ажиллаж байгаа. Энэ уулзалтаар Монголын асуудлыг ярихгүй. Гэхдээ бид өөрсдөө санаачлаад Монголтой холбоотой асуудлыг оруулах боломжтой. Ази, Европын уулзалтын үндсэн гурван чиглэл нь улстөр, эдийн засаг, нийгэм, соёлын асуудлууд байдаг. АСЕМ-ын өөрийнх нь identity, танигдах байдал гээд яривал их сонин. Хүмүүс бараг мэддэггүй. Яагаад гэвэл энэ бол асуудал шийддэг байгууллага биш. Тэгвэл асуудал шийддэггүй юм бол ямар хэрэгтэй юм бэ гэхээр асуудлыг шийдэхийн өмнөх бүх яриа хэлэлцээр, зөвшилцөөн, судалгааг урьдчилж албан бусаар хийдэг дэд бүтэц юм. Мөн нэг их айхтар мөнгө санхүү ярьдаггүй, нэмээд АНУ байдаггүй учраас хүмүүст танил байдал энэ байгууллагын хувьд төдийлөн хүчтэй биш. Тиймээс энэ жил дэлхийд нэр хүндээ улам таниулах зорилготой Монгол Улсад анх уулзалтаа хийж байгаа АСЕМ өөрөө үүнийг "далимдуулаад" 20 жил болсон нөгөө нэг хуучин имижээ давхар өөрчлөх ёстой юм биш үү гэдэг яриа хүртэл яригдаад эхэлсэн байгаа.   

Б.МӨНХДӨЛ: Гадаадын хүмүүс Монголыг таамаглаж болдоггүй орон гэж үздэг. Гадны хөрөнгө оруулалтын орчин, нөхцөлөө ойр ойрхон сольдог, том төслүүд дээрээ байн байн эргэж буцдаг учраас бизнесийн шийдвэр гаргахдаа тэд асар болгоомжилдог болсон. Монголыг байнга сонирхдог тодорхой тооны "үнэнч" хөрөнгө оруулагчид бий. Монголд хөрөнгө оруулсан бол уг нь ганц бизнесийн зорилгоосоо гадна улс нь өөрөө таалагдаж чаддаг. Монголд тэд дуртай болдог. Энэ жилээс эхлээд Монголыг сонирхож буй гадаадын бизнесменүүдийн тоо нэг үеэ бодвол арай гайгүй өсөлттэй байгаа нь анзаарагдаж байна. Үүний бараг цорын ганц шалтгаан нь Оюу Толгой төслийн явц гэж хэлж болно. Оюу Толгойн бүтээн байгуулалт хийгдэнэ, асар том хэмжээний хөрөнгө оруулалт орно, үүнийг дагаад бизнесийн маш олон боломж нээгдэнэ гэсэн хүлээлт гадаад, дотоодын бүх хөрөнгө оруулагч, бизнесменүүдэд байгаа. Гэхдээ 2010, 2011 оны нөхцөл байдалтай харьцуулах түвшинд байж чадахгүй байгаа. Өнгөрсөн хугацаанд ч гэсэн манай төр засаг эдийн засгийн огцом өсөлтөөс илүүтэйгээр зугуухан өсөлт нь илүү хүртээмжтэй, тулхтай, өгөөжтэй гэдгийг маш сайн ойлгосон байх аа.

В.ГАНЗОРИГ: "Ковер Монгол" компани маань саяхан Монгол улсын онлайн орчны аудитыг хийсэн. Хайлтын системүүдээс Монгол гээд хайхаар хамгийн түрүүнд гарч ирж буй илэрцүүд дунд яг бидний Монгол гээд бахархаад, омогшоод байдаг контентууд алга. Тэгэхээр бид гадаад орчинд харагдах гээд байгаа имижээ зөв гаргаж бүрдүүлж, хүссэнээрээ танигдаж чадахгүй байна аа гэдгийн жишээ нь энэ болов уу. Өнөө үед Монгол Улсын танигдах байдал эдийн засаг, уул уурхай, улстөр, сонгуультай холбоотой мэдээ, мэдээллээр онлайн орчинд хэмжигдэж байна. Тэгэхээр бидний бий болгохын хүсч буй танил байдал ба бодит нэр хүнд хоёрын хооронд том зөрүү байсаар л байна даа?

Ө.БАТБАЯР: Бодитой ийм судалгаа байхад энэ үр дүнтэй санал нийлэхгүй гээд яах билээ. Монгол өөрөө тансаг, өндөр зэрэглэлийн аялал жуулчлалын талбар биш. Тэгсэн атлаа хямд бол бүр биш. Аялал жуулчлалын бизнес эрхэлдэг хүний хувьд хэлэхэд Монгол маань "adventure" буюу идэвхтэй ажлын жуулчлалын бүтээгдэхүүний талбар. Аялал жуулчлалын бүтээгдэхүүнээр төрөлжүүлбэл Монгол далайн эргийн орнууд шиг яг амрах гэж ирэх, эсвэл Тайланд шиг зугаацаж цэнгэж гэж ирдэг газрын сонголтод орохгүй. Харин соёл, уламжлал, нүүдэлчин ахуйгаараа төрөлжих ёстой. Олон хүнтэй уулзаж байхад тэдэнд нэг багын мөрөөдөл байдаг бололтой юм билээ. Хэзээ нэгэн цагт Монгол очиж үзнэ дээ гэдэг. Өөрөөр хэлбэл, ам дамжсан яриа, сургуульд байхдаа үзэж байсан түүх зэрэг нь Монголыг таниулахад их нөлөөлдөг. Жишээ нь, Японы дунд сургуульд гэхэд нь монголчууд маань ч өөрсдөө сайн мэддэггүй "Сүхийн цагаан морь" гэдэг түүх их алдартай. Бага ангийнх нь хичээлийн хөтөлбөрт нь албан ёсоор орсон байдаг. Үүгээр дамжин Монголын хээр тал, од гэдэг төсөөлөл япончуудад байдаг. Монгол улсын нэр хүндийн хувьд би АСЕМ гэдэг сэдвийг онцолмооргүй байна. Харин АСЕМ-ыг нэг арга хэмжээ гэж үзээд бид ажиллаж чадвал Монгол өөрөө ажил хэргийн аялал жуулчлал хөгжиж боломжтой зах зээл юм.

Л.ОРГИЛ: Үнэн. Жишээ нь, АСЕМ-ын үеэр 53 улсын төр, бусад байгууллагын төлөөллүүд, хэвлэл мэдээллийн ажилчид, дагалдан ирэх бизнесменүүд гээд 5 000 орчим хүн ирнэ. АСЕМ-ын дагалдах хурлууд гээд 10 гаруй арга хэмжээ давхар болно. Эдгээрээс хамгийн их хүн оролцдог нь иргэний нийгэм ба бизнесийнхний уулзалт. Эдгээрийг зохион байгуулахын тулд зочид буудал, дэд бүтэц, хурал зөвлөгөөний танхим, тоног төхөөрөмж гээд яах аргагүй шинэ стандартууд нэвтэрч байна. Түүчлэн MICE (Meetings, Incentives, Conferences, Exhibitions) буюу ажил хэргийн аялал жуулчлал гээд бидэндээ бол шинэ ойлголт ч яригдаад эхэллээ. Төр засгийн хэмжээнд цаашид Монгол Улс ажил хэргийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бодлого болгох тал дээр аль хэдийн ярилцаад эхэлсэн байгаа. Би өөрөө Швейцарын Женев хотод хэдэн ажил ажилласан. Энэ улсыг хүн болгон янз бүрийн алдартай хурал болдог гэдгээр нь их сайн мэддэг. Женев хотод нэг өдөрт нь 10 гаруй олон улсын хурал зэрэгцээд болж байдаг газар шүү дээ. Африкийн Ботсвана улс хүртэл ажил хэргийн аялал жуучлалыг бодлогоо болгон ажиллаад эхэлчихсэн, Монголд байхгүй олон улсын конференс төв байгуулсан байна лээ.

Ө.БАТБАЯР: Үүн дээр нэмээд хэлэхэд, АСЕМ-даа ач холбогдол нь байгаа юм биш харин АСЕМ-ыг хийснээрээ ямар ач холбогдолтой вэ гэдгийг нь би чухалчилж байна. Ийм арга хэмжээг амжилттай зохион байгуулсны дараа дараагийн том арга хэмжээг зохион байгуулах боломж нь нээгдэж өгнө. Жишээ хэлбэл, Тайланд улс гэхэд л зөвхөн нэг жилд л 7000 гаруй хурал, арга хэмжээг нутагтаа зохион байгуулж, нэг сая орчим гадаадын иргэдийг ажил хэргийн аялал жуулчлалаар татаж байна. Эдгээрийн 30 гаруй хувь үзэсгэлэн худалдаа, хуралд оролцох, 25 хувь нь бизнес уулзалт, мөн 20 гаруй хувь нь байгууллага хамт олны ажил хэрэгч аялал жуулчлалын зорилгоор хийсэн аялал багтаж байна. Эдгээрээс Тайланд улс жилд 2.5 тэрбум долларын орлого олдог. Сингапурын хувьд нэг жилд 3.2 сая бизнесийн жуулчид зочилдог. Эдгээр хүмүүсийн Сингапурт үрдэг мөнгө нь жилд 5.2 тэрбум сингапур долларт хүрдэг. Энэ дүнд казино тоглох, амарч цэнгэх, хот, үзвэр үзэх зардал огт ороогүй гээд бод доо. Энэ том хөрөнгө оруулалт хэнд үлддэг вэ? Мэдээж зохион байгуулж буй улсдаа л үлддэг.

В.ГАНЗОРИГ: Ажил хэргийн аялал жуулчлал дэлхий дээр эртнээс хөгжээд өдгөө жилд нэг ихнаяд долларт эргэлддэг болжээ. Нэг арга хэмжээнд нэг тэрбум доллар зарцуулагдлаа гэж үзэхэд энэ арга хэмжээний цаана дунджаар 100 000 ажлын байр шинээр бий болж байдаг юм билээ. Тэгэхээр Монгол Улсын гадаад нэр хүндийг өргөх нэг салбар нь уул уурхайгаас гадна аялал жуучлал, тэр дундаа ажил хэргийн аялал жуулчлал байх боломж бий болов уу? "Nomadic by Nature" гээд Монголын маань мотто үг хир зохимжтой вэ? Барууны зарим хүмүүсийн хувьд нүүдэлчид гэдэг үг өөрөө "зэрлэгүүд", цаг барьдаггүй, хоол унд нь эрүүл мэндийн талаас найдваргүй, дуртай газраа бусдыг үл тоон дуртай юмаа хийдэг гэдэг сөрөг ойлголт бас байдаг нь анзаарагдсан шүү.

АЛЛИСОН: Би та нарын ярианаас ажил хэргийн аялал жуулчлалын талаар болон Монголыг Сингапуртай жишиж буйг сонслоо. Ингэж шууд жишиж үзэх нь алим, жүрж хоёрыг харьцуулж буйтай адилхан. Иймээс би ажил хэргийн аялал жуулчлалаас илүүтэйгээр Монголд хайртай, дуртай гадаад хүний өнцгөөс саналаа хэлмээр байна. Мотто үгний хувьд надад ойлгогдож байгаа ч Монгол орны талаарх мэдээлэл, дүр төрхийг бүрэн бас гаргаж чадаагүй гэж боддог. Өөрөөр хэлбэл энэ сайн хувилбар, гэхдээ үүнээс илүү хувилбар байх бүрэн боломжтой. Нүүдэлчид гэдэг үгийн хувьд өөрийн чинь хэлснээр сөрөг ойлголттой байдаг барууны хүмүүсийн хувьд тэд Монголын түүхийг мэдэхгүй болохоор анхны төсөөлөл нь тиймэрхүү байдаг болов уу. Монгол имиж мэдээж нүүдэлчин ахуйтай холбогдон гэвч орчин цагийн Монгол бол бусад хөгжилтэй улстай адил бүхий л зүйл бий гэдгийг тэд нарт зөв бөгөөд системтэй ойлгуулах ёстой. Дээрээс нь нүүдэлчин гэдэг үг бол англиар ч тэр, монгол хэлээр ч тэр нүүдэлчин ахуй, нүүдлийн мал аж ахуйтай холбогдохоос бус дээрэм тонуул хийж явдаг зэрлэгүүдтэй холбоотой ойлголт огт биш гэдгийг сайн мэдрүүлэх нь зөв.

Ө.БАТБАЯР: Сингапур жишээ нь өөрсдийгөө "Uniquely Singapore", Энэтхэг бол "Incredible India", Япон бол "Yokoso Japan" буюу Японд тавтай морил, Малайз бол "Truly Asia", Солонгос бол "Dynamic Korea" гээд өөрсдийгөө тодорхойлсон байдаг. Өөрөөр хэлбэл эдгээр улсууд энэ үгээр дамжуулан улсынхаа vision буюу хэтийн зорилгоо хэлээд байгаа юм. Бидний түүх нүүдэлчид, Чингис хаан нь үнэн. Гэхдээ эдгээр нь Монголын алсаа хараа мөн үү гэвэл бид бодох ёстой болов уу. Аллисон их тодорхой хэлж байна л даа. Одооны мотто болж байна, гэхдээ үүнээс илүү байх боломжтой гээд. Өөрөөр хэлбэл бид ирээдүй рүүгээ чиглэсэн агуулгаа оруулах хэрэгтэй байгаа юм. Япон улс яагаад өөрсдийгөө тэгвэл Самурай Япон эсвэл Сүмо Япон гэдэггүй юм бол? Эдгээр улсуудын мотто үгэнд нь мөн чанар нь, үзэл баримтлал нь, улс нь юунд тэмүүлээд байгаа юм, яагаад тийм байх ёстой юм гээд стратеги, арга барил нь маш тодорхой агуулагдаад байдаг. Түүнтэй адил Монгол гэдгийг тодорхойлсон өнгөрсөн, одоо, ирээдүйг агуулсан ганц үгийг л бид олох ёстой юм.

Б.МӨНХДӨЛ: Монгол улс алсын хараатай байх ёстой, алсын хараагаа мотто үгээрээ илэрхийлэх ёстой гэдэгтэй бүрэн санал нийлж байна. Бид мэдээж хотын амьдралыг үзүүлэх гэж гадаадын жуулчдыг татахгүй. "Nomadic by Nature" буюу "Язгуурын нүүдэлчид" гэдэг уриа маань жуулчдыг татах гэж гаргасан санаа байх. Гэхдээ үүн дээр нэмээд орчин үеийн Монголыг маань илэрхийлсэн санааг нэмэх ёстой. Манай нүүдэлчид бүгд гар утастай, бүгд сансрын антеннаар ТВ-гээ үзэж байна, бүгд шахуу нарны зайгаар цахилгаан хэрэглэж байна. Нүүдэлчин ба орчин үеийн монголчуудын агуулга ба хэлбэрийг л хамтад нь гаргах ёстой.   

В.ГАНЗОРИГ: Үндэсний брэндингээ амжилттай хийсэн, үндэсний ондоошилоо тодорхойлоод цаашаа явж буй улсуудын жишээг судалж байхад Румын улсын жишээ сонирхол татсан. Гол дүгнэлт нь бид өнгөрсөн үед ямар мундаг байсан нь хамаагүй, гол нь одоо байгаа байдлаа хүлээн зөвшөөрч байж л цаашаа явна гэсэн байсан. Бидний өөрсдийгөө одоо үнэнээр нь, бодитой яаж тодорхойлж байна вэ?

АЛЛИСОН: Египт рүү хүмүүс явахдаа тус улсын имиж болсон пирамидыг нь үзэх гэж очдог, тэдгээр пирамидыг нь хэдэн мянган жилийн өмнө барьсан байдаг. Өөрөөр хэлбэл хүмүүс түүх үзэх гэж очдог. Египт улс ч гэсэн пирамид гэсэн имижээ арай орчин үеийн болгох оролдлого хийж байгаа. Гэсэн хэдий ч шууд салгах үнэхээр хэцүү. Түүнтэй адилхан Монгол улсын эртний түүх яах аргагүй үндэсний тань ондоошил, имижтэй холбогдох ёстой болов уу. Япон, Герман хүмүүсийг хэлдэг шиг яг монгол хүнийг тодорхойлж хэлэх тэмдэг нэрийг би үнэхээр хэлж мэдэхгүй байна. Тэмдэг нэр нь голцуу улстай холбогдоод байна. Жишээ нь үзэсгэлэнт байгальтай Монгол, нүд алдам тал нутаг гэх мэт.

Л.ОРГИЛ: Яг үүнийг нь монгол хүн гэж хэлнэ гээд тодорхойлсон таних тэмдэг, тэмдэг нэр ер нь байхгүй болоод л байна. Хуучин бидний хэрэглэдэг байсан "Нүүдэлчин Монгол" гэдэг тодорхойлолт орчин цагтай тэр бүр нийцэхээ больсон. Нүүдэлчин, малчин өрх, хүн амын тоо нийт хүн амын багахан хувийг эзэлдэг болоод удаж байна. Бид бас бусад улсын туршлагыг судалж байхад Латви улс байсан бил үү дээ, өөрсдийгөө "Үнэнч" гэж тодорхойлсон байсан. Яг монгол хүнийг тодорхойлсон, тодорхойлж болох тэмдэг нэрийн хувьд одоо шууд хэлэхэд үнэхээр хэцүү байна.

Б.МӨНХДӨЛ: "Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл" маань гадаадад буй монголчууд сайн дураар нэгдээд байгуулсан төрийн бус байгууллага. 1990, 2000 оны эхээр анх удаа гадаад гарсан ихэнх монголчууд амьжиргаагаа дээшлүүлэх зорилготой байсан. Харамсалтай нь цөөн хэдэн хүмүүс хэрэг түвэгт орж "хулгайч" Монгол гэдэг тодотгол авч байсан. Одоо тэр үе ард хоцорсон гэж хэлмээр байна. Харин одоо боловсролтой, мэргэжлийн, дайчин гэдэг имижийг ялангуяа гадаадад буй монголчууд маань бүрдүүлэх бүрэн боломжтой болсон байгаа.

В.ГАНЗОРИГ: Ярианаас дүгнэхэд бид өөрсдийгөө бас яг таг тодорхойлж хэлж чадахгүй байна. Үндэсний айдентити буюу ондоошил, ялгарал нь харагдахгүй байна. Бусад улсын жишээг харахаар зорилго, алсын хараа дээрээ суурилж өөрсдийгөө тодорхойлоод байна. Бид гадаад нэр хүндээ өндөрт өргөж явахын тулд хүн болгонд ойлгомжтой, хэмжигдэхүйц зорилготой байх ёстой болов уу. Энэ зорилго бидний хувьд юу байж болох вэ?

Л.ОРГИЛ: Нээлттэй, зочломтгой ард түмэн гэдэг тодотгол бидэнд уг нь бий. Харамсалтай нь энэхүү ойлголтоо өөр болгож, бусдыг үргээхээр үйлдэл зөндөө бид хийсэн, өнгөрсөн хугацаанд. Өнгөрсөн хугацаад АСЕМ-ын хэд хэдэн дагалдах хурлыг нь Монгол Улс амжилттай зохион байгууллаа. Ирсэн зочдын үгийг сонсож байхад элгэмсэг Монгол, зочломтгой монголчууд гэдэг үгсийг цөөн бус удаа хэлж байсан шүү.

Ө.БАТБАЯР: Бид хатуу дэд бүтцээс гадна эрүүл мэнд, боловсрол, үйлчилгээ, хүмүүжил, харилцаа гэсэн зөөлөн дэд бүтэцдээ сайн анхаарч, тодорхой зорилго тавих нь зүйтэй. Нийгэм өөрөө ухамсаргүй болоод ирвэл хичнээн сайхан дэд бүтэц нь байгаад улс хөгжихгүй шүү дээ.

АЛЛИСОН: Зорилгоо мэдээж уламжлал, түүхтэйгээ холбох ёстой. Дан түүх, нүүдлийн ахуй яриад байвал хүн амынх нь талаас илүү нь Улаанбаатар хотод амьдарч байгаа орчин цагийн Монгол Улсын хувьд зорилго нь болж таарахгүй. Хурдацтай хөгжил, уул уурхай зэрэг нь Монгол улсын имиж мэт боловч залуучууд маань Монголынхоо түүх, уламжлалаа хэзээ ч мартаж болохгүй. Цагаан сараас залхсан монгол залуусыг хараад би дотроо харамсаж явдаг. Өнгөрсөн ба ирээдүйн зохистой зорилгын тэнцвэрийг олох ёстой байх аа.

Б.МӨНХДӨЛ: Бид гадны улсуудад гайхуулах, ялгарах зүйл бол үнэхээр бидний өв соёл. Түүнээс бус бид англиар ярьдаг, хауст амьдардаг, гар утас хэрэглэдгээрээ ялгарахгүй. Дээр асуусан Монголыг тодорхойлох ганц үгийг би Чингис гэж боддог. Гадагшаа улсаа илэрхийлэхдээ нүүдэлчид биш Чингис хаанаа барих ёстой болов уу. Яг нүүдэлчид гэхээр Монголоос гадна дэлхий дээр олон нүүдэлчид улсууд байдаг.

В.ГАНЗОРИГ: Швейцарын жижигхэн тосгон болох Давост жил бүрийн 1 сард Дэлхийн эдийн засгийн чуулган болдог. Сайтад бичигдсэн мэдээгээр бол нэг хүн оролцохын тулд дор хаяж 70,000 орчим ам.долларыг төлдөг. Үүнээс гадна хоол унд, зочид буудал, үзвэр үйлчилгээ гээд багагүй зардал гаргадаг. Монгол улс ажил хэргийн ийм аялал жуулчлалын цэг болох боломжтой бий болов уу?

Б.МӨНХДӨЛ: Боломж бол бий. Гэхдээ бид хандлагаа өөрчлөх ёстой. Гадны хүмүүс ирэхэд гэрийн хаалгыг нь хүчээр нээгээд ороод ирсэн мэт заримдаа аашилдаг. Гадны хүмүүстэй холбоотой асуудал гарахаар өөрсдийн хүмүүстэй холбоотой л мэдээллээ гаргаад орхичихдог. Уг нь гадаад ертөнцөд зориулсан мэдээ, мэдэгдлийг давхар хийх ёстой. Ингэдэггүйгээс болж гадаад орчинд бид нэр хүндээ хангалттай хамгаалж чаддаггүй. Эйр Астанагийн асуудал бол үүний нэг жишээ гэж хэлж болно. Иргэн болгон Монгол Улсаа төлөөлж буй гэдгээ байнга бодож явах ёстой. Боловсрол маш чухал гэдгийг би онцолж хэлмээр байна.

Л.ОРГИЛ: АСЕМ-ын ахлах ажилтнуудын хурлаар бид сая 7 сард дэлхийн 52 улс, байгууллагуудын лидерүүдийн ярилцах сэдвийг хэлэлцэж бэлдсэн юм. Энэ арга хэмжээг протоколын дагуу амжилттай зохион байгуулахаас гадна Монгол Улсаа бүх боломжийг ашиглан сурталчлах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, алдаагаа засаж чаддаг улс гэдгээ харуулахыг хичээнэ. Тэр холоос цаг зав, мөнгөө зарж ирчихээд тэдгээр хүмүүсийн хувьд сэтгэл ханамж хамгийн өндөр байх ёстой. Ирж буй хүмүүсийн сэтгэл ханамжийг өндөр байлгаж чаддаг болсон үед Улаанбаатар Давос болоход асуудалгүй. Дээрээс нь эдгээр арга хэмжээнд хэн оролцож байна гэдэг нь маш чухал. Өдөр болгон уулзаад байдаггүй хүмүүстэйгээ нэг дор уулзах боломжийг бид бүрдүүлж чадвал Азийн Давос болох боломж бий.

Ө.БАТБАЯР: АСЕМ бол нэг л арга хэмжээ. Дараа жил Монголд болох JCI байгууллагын Ази, Номхон далайн орнуудын бүсийн чуулган бол бас л нэг арга хэмжээ. Энэ хүмүүс асар их цаг хугацаа, мөнгөө төлөөд зорьж ирж байгаа. Иймээс сэтгэл ханамж аваад л буцах ёстой. Энэ бол нэг талаасаа ажил. Нөгөө талаасаа Монголд ирсэн юм чинь амарч, зугаалах, үзэх харах ёстой. Зочломтой Монгол гэдгээ бид харуулах ёстой. Хамгийн чухал нь бид эдгээр арга хэмжээг зохион байгуулах явцдаа дэд бүтцүүдийг бий болгож байгаа явдал юм шүү дээ. Бид том зургаа харах ёстой. Зам хаалаа гээд бухимдаад, эсвэл иймэрхүү арга хэмжээг зохион байгуулах цаг нь болоогүй гээд ярьдаг. Тэгвэл хэзээ тэр цаг нь болох юм бэ? 2020 он юм уу? Эсвэл 2030 он юм уу? Зорилго, хугацаа байх ёстой шүү дээ. JCI байгууллагын Ази, Номхон далайн орнуудын бүст 23 орон багтдаг. Жил бүрийн 6 дугаар сард Ази тивийн аль нэг оронд уулзалтаа хийдэг юм. 2017 оны 6 дугаар сарын 8-11-нд энэ чуулган Монголд болно. Дунджаар 4 000-5 000 хүн энэ хуралд оролцохоор Монголд ирнэ. Онгоц, зочид буудал, хоол, хөдөө явах, морь унах, бүртгэлийн хураамж гэх зэргээс Монгол улс багагүй орлого олно. "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөр хэрэгжиж байна. Хувь хүний зүгээс эдгээр арга хэмжээг бид дэмжиж оролцох ёстой. Монгол залуус бизнесээрээ оролцох ёстой, сэтгэлээрээ дэмжих ёстой. Энэ үйлдлүүд л бидний яриад байгаа Монголын Улсын нэр гадаад орчинд хүндийг хэмжинэ шүү дээ. Хамгийн гол нь манай хэвлэл мэдээллийн байгууллагууд зөв мэдээлэл өгөх ёстой. Нэг хүний хэвлэл байж болно. Гэхдээ тэр хүн тэрийгээ зөвхөн өөрийнхөө хувийн зорилгоор ашиглаад байж болохгүй шүү дээ. Хүмүүсийн оюун ухааныг гэрэл гэгээтэй, тэмүүлэлтэй, баяр хөөртэй, сайн мэдээ, мэдээллээр цатгаж байх ёстой. Тэгэхгүй бол энэ улс үндэстэн маань амьгүй хүн шиг л болно шүү. Зарим хүмүүс яг энэ нөхцлийг ашиглан хувийн явуургүй тоглолтуудыг хийж эхэлдэг.

В.ГАНЗОРИГ: Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа! Ө.Батбаяр захирлын хэлсэнчлэн хэзээ нэгэн цагт Монгол хүн банк дээр очоод нэр төрөө барьцаалаад зээл авъя гэхэд хэн ч гайхдаггүй нийгэм, нэр хүндийг бий болгохын төлөө бүгдээрээ хамтдаа зүтгэцгээе гэж ерөөгөөд энэ удаагаа ярилцлагаа өндөрлөе.

https://twitter.com/ganzorigv

 

Иргэдээс 25 тэрбум гаруй төгрөг залилсан Э.Оюунчимэгийн ялыг хэвээр үлдээжээ
Иргэдээс 25 тэрбум гаруй төгрөг залилсан Э.Оюунчимэгийн ялыг хэвээр үлдээжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.