УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат-2.0 ТЭРБУМЫН ОРОН СУУЦ БА ЖАРГАЛАНТЫН АМНЫ 46 ХАУС
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 31 секунд
УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат-2.0 ТЭРБУМЫН ОРОН СУУЦ БА ЖАРГАЛАНТЫН АМНЫ 46 ХАУС

УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат-2.0 ТЭРБУМЫН ОРОН СУУЦ БА ЖАРГАЛАНТЫН АМНЫ 46 ХАУС

Ж.Мөнхбат гадагшаа зугтах хүртлээ гэмгүй гэж гүрийсээр байсан. Тэр “Би нүүрсний хулгайтай холбоогүй. Төр, түмнээсээ хулгай хийгээгүйгээ баттай, бардам хэлнэ” гэж өөрийгөө өмгөөлж байв. Гэвч түүнийг “Нүүрсний хулгай”-н хэрэгт хэтэрхий гүн хутгалдсаныг нь хууль хяналтынхан хөдөлшгүй баримтаар тогтоож, хавтаст хэрэг нь ч зузаарч эхэлсэн тул түүнд зугтахаас өөр сонголт үлдээгүй. Ингээд “ачлалт хүү”-гийн заль зохиож, УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө сошиалд “постолж”, ээжийгээ эмчлүүлэх нэрээр Солонгос руу зугтсан байдаг.

Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Д.Ариунболдыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон. Улмаар Д.Ариунболдоор дамжуулан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсний квотыг Хятадын компаниудад дамлах, гэрээ байгуулах зэргээр хөлжиж, хөрөнгөжсөн хэрэгт холбогдсон. Тухайлбал, Д.Ариунболдыг “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдөх үед буюу 2018 оны нэгдүгээр сард Ж.Мөнхбат Сүхбаатар дүүргийн I хороо, Олимпын гудамжны 16 дугаар байр буюу “Regency residence” хотхоны 1501 А тоот 260 ам метр орон сууцыг 780 мянган ам.доллароор буюу 2.0 тэрбум орчим төгрөгөөр худалдан авсан байдаг. Ж.Мөнхбат энэ орон сууцыг төрсөн дүү Ж.Батсууриараа “Чингис хаан” банкнаас зээл авахуулж, худалдан авсан гэж тайлбарладаг ч “Нүүрсний хулгай”-н мөнгөний эх үүсвэрээр авсан байж болзошгүй. Мөн Ж.Мөнхбат багын найзуудтайгаа хамтарч, Богдхан уулын Жаргалантын аманд тансаг зэрэглэлийн “Жаргалант” гэх 46 хаус бүхий хотхон барьж, “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн нүүрсийг зарж олсон хууль бус мөнгөө угаасан байж болзошгүй баримт байна.

Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат Архангайд 10 жил хамт сурч төгссөн хар багын Х.Батжаргал, Б.Чойжилжалбуу гэх хоёр найзыгаа хажуугаасаа салгалгүй “чирч” ирсэн. Ж.Мөнхбат 2016 онд УИХ-ын гишүүн болсныхоо дараа Х.Батжаргалыг БОАЖЯ-нд Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар, Б.Чойжилжалбууг Хөгжлийн банкны Хөрөнгийн удирдлагын газрын даргаар тус тус томилуулж байв. Цаашилбал, Ж.Мөнхбат, Х.Батжаргал, Б.Чойжилжалбуу нар “Архангай аймгийн залуучууд оюутны төв” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Өмнө нь тэр гурав “Си Эн Ай” ХХК-ийг хамтран эзэмшдэг байсан. Мөн Х.Батжаргал нь Ж.Мөнхбатын дүү Ж.Батсуурьтай “Ивенто” ХХК-ийг хамтран эзэмшдэг бол Ж.Мөнхбаттай хөл бөмбөгийн спортыг сурталчлах “Челси эф си дэмжигчдийн Монгол дахь албан ёсны клуб” ТББ-ыг хамтран удирддаг. Эргэн сануулахад, Х.Батжаргал, Ж.Мөнхбат нар 2012 онд “Ивенто” ХХК-ийнхаа нэрээр “MLTR” хамтлагийг Монголд урьж, тоглолт зохион байгуулж, төрийн томчуудад тасалбар тарааж байв. Харин Х.Батжаргал, Б.Чойжилжалбуу хоёр “Хамагмонгол хангай групп” ХХК-ийг хамтран эзэмшдэг. Мөн Б.Чойжилжалбуу нь “Марс гранд” ХХК-ийг эзэмшдэг. Товчхондоо, Ж.Мөнхбат, Х.Батжаргал, Б.Чойжилжалбуу гурван найзыг нэг нэгнээс нь салгаж ярих боломжгүй, төрд зүтгэхдээ ч, түрийвчээ түнтийлгэхдээ ч хамт байж ирсэн.

Тэгвэл “шадар гурав”-ын нэг Б.Чойжилжалбуугийн нэр дээр байдаг “Марс гранд” ХХК нь 2020 онд Богдхан уулын Жаргалантын аманд “Жаргалант” гэх тансаг зэрэглэлийн 46 хаус бүхий хотхон барьсан. Гүйцэтгэгчээр нь “Дельта констракшн” ХХК ажилласан бөгөөд тус хотхоны найман га газар тус компанийн нэр дээр байдаг юм билээ. Хотоос 18 км-т, байгалийн сайханд баригдсан “Жаргалант” хотхоны хаусууд нь хоёр давхар, 211 ам метр талбайтай. Тухайн 46 хаусаа нэг бүрийг нь 630 сая төгрөгөөр үнэлж, борлуулсан. Нийт 28 орчим тэрбум төгрөгөөр борлуулсан гэсэн үг. Бас нэг сонирхолтой баримт байгаа нь, “Жаргалант” хотхоны хаусуудыг Oly.mn, Remax гэх үл хөдлөх хөрөнгийн зуучуудаар дамжуулан борлуулсан байгаа юм. Гэтэл Ж.Мөнхбатын эхнэр Дашдэлэгийн Буянжаргал нь Oly.mn, Remax зуучуудын агент буюу борлуулагчаар бүртгэлтэй байсан. Өөрөөр бол, “Жаргалант” хотхоныг борлуулах ажилд Ж.Мөнхбатын эхнэр оролцсон байж болзошгүй гэсэн үг юм.

Цаашилбал, Ж.Мөнхбат дээрх “Жаргалант” хотхонд өөрөө амьдарч байсан. Тухайлбал, 2021 оны зургадугаар сард Ж.Мөнхбат гэртээ агсам тавьж, эхнэрээ зодсон тухай дуулиан дэгдсэн. Ж.Мөнхбатын гэртээ агсам тавьсан тухай дуудлага цагдаагийн байгууллагад “Жаргалант” хотхоноос ирсэн гэдэг. Өөрөөр бол, Ж.Мөнхбат “Жаргалант” хотхонд амьдардаг байсан гэсэн үг.

Ergelt.mn

	 Н.Буйдан: 25-40 жил ашигласан, яаралтай шинэчлэх шаардлагатай 131 лифт байна
Н.Буйдан: 25-40 жил ашигласан, яаралтай шинэчлэх шаардлагатай 131 лифт байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.