Хүннү гүрний нийслэлийг Монголын нутгаас илрүүллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 51 секунд
Хүннү гүрний нийслэлийг Монголын нутгаас илрүүллээ

Хүннү гүрний нийслэлийг Монголын нутгаас илрүүллээ

ДАБЛИН. /Ancient Origins/. Археологичид Монголын эзгүй зэлүүд бүс нутгаас Хятадын эзэнт гүрний түүхэнд чухал үүрэг гүйцэтгэж байсан нэгэн гүрний нийслэлийг илрүүлжээ. Археологичид ер бусын хүчирхэг хийгээд нууцлаг Хүннү гүрний нийслэл болох Луут хотыг олсон гэж үзэж байна.
Улаанбаатарын их сургуулийн археологичдын баг 2017 онд Монголын төв хэсэгт орших Архангай аймгийн Өлзийт сумын нутаг Орхон голын сав газраас гайхамшигтай олдворуудыг олжээ. Тэд маш чухал эд зүйлсийг олсон гэдгээ мэдэж байсан боловч санхүүгийн асуудлын улмаас малтлагын ажлаа хэсэг хугацаанд завсарлахад хүрчээ. Гэвч тэд энэ онд тухайн газраа эргэн очиж, малтлагын ажлаа дахин эхлүүлсэн байна. Энэхүү нээлтийн талаарх мэдээлэл нууц хэвээр байсан бөгөөд Монголын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр саяхнаас мэдээлж эхэлжээ.
 
Нүүдэлчдийн “Луут хот”
 
Археологичдын олсон олдворуудаас нэгэн эд зүйл маш их анхаарал татсан нь дээврийн чимэглэлийн хэлтэрхий байжээ. Уг олдвор дээр “Тэнгэрийн хүү Шаньюй” хэмээн бичсэн байжээ. “Тэнгэрийн хүү Шаньюй” хэмээх цолыг эртний ханзаар бичсэн байсан нь Жоу улсын үед хамаарах ажээ. Энэхүү цолыг Тэнгэрээс заяасан удирдагчийг илэрхийлэхэд хэрэглэн түүний эрх мэдлийг хуульчилдаг байжээ. Шаньюй хэмээх цол нь Хүннү гүрний удирдагчийн цол хэргэм юм. Археологичдын судалгааны багийн ахлагч Т.Идэрхангайн мэдээлснийг иш татан “Sputnik” агентлагийн уламжилснаар, Монголын нутгаас ийм бичиг бүхий эд зүйлийг анх удаа илрүүлж буй нь энэ ажээ.
 
 
"Тэнгэрийн хүү Шаньюй" хэмээн бичсэн энэхүү олдвор нь Луут хот оршиж байсныг баталж байна
 
“Шаньюй” хэмээх бичигтэй хэлтэрхий нь тухайн газар Хүннү гүрэнтэй холбоотой гэдгийг батлах томоохон нотолгоо болжээ. Нүүдэлчин овгуудын нэгдэл болох Хүннү нь Төв Ази /МЭӨ 300 – МЭ 100/ дахь хамгийн том эзэнт гүрнийг бий болгожээ. Хүннүчүүд Хятадын улсуудтай удаа дараа дайтаж байсан бөгөөд тэдгээрийн дийлэнхэд Хүннүчүүд ялснаар хятадуудын хүндэтгэлийг хүчээр олсон юм. “Heritage Daily” шинжлэх ухааны цахим сэтгүүлд мэдээлснээр, Хүннү гүрэн болон хөрш зэргэлдээ Хятадын улсууд хоорондын харилцаа ээдрээтэй байсан бөгөөд урт хугацааны зөрчил, хуйвалдаан болон харилцан хүндэтгэх, худалдаа хийх, гэрлэлтийн гэрээ байгуулах зэргээр ээлжлэн солигдож байжээ.
 
Хүннүгийн нүүдэлчин овгийн нэгдэл нь Хүнчүүдийн өвөг дээдэс байсан
 
Мобэйн тулаанд /МЭӨ 119/ Хан улсад ялагдсаныхаа дараа Хүннү гүрний нэгдмэл байдал суларч, эхлээд умард, өмнөд хэсэгт хуваагджээ. Гэсэн хэдий ч тэд хүчирхэг хэвээр байсан бөгөөд Хан улсыг мөхсөний дараа Хүннү гүрэн Хятадад төвхнөжээ. МЭ-ий дөрөвдүгээр зуунд буюу 16 хаант улсын үед Хүннү нүүдэлчид Хан Жао гэх мэт олон улсыг байгуулжээ.
Хүннүчүүд нэг талаар нууцлаг хүмүүс байсан бөгөөд тэдний үндэс угсаа, гарал үүсэл тодорхойгүй байдаг хэдий ч зарим судлаач тэднийг айдас дагуулсан Хүнчүүдийн өвөг дээдэс гэж үздэг байна. “Sputnik” агентлагийн мэдээлснээр, тэдний талаар янз бүрийн таамаглал байдаг бөгөөд тэднийг Иран, Монгол, Турк, Урал юм уу Енисейн хэлээр ярьдаг байсан байж магадгүй хэмээн таамагладаг ажээ. Хүннү гүрний хамгийн том нууцуудын нэг бол тэдний нийслэл болох Луут хот буюу Лунчэн хотын байршил юм.
 
 
Хүннү гүрэн, Луут хот
 
Улаанбаатар их сургуулийн археологичдын багийнхны хувьд өөрсдийгөө хотын байршлыг илрүүлсэн гэж үзэж байна. “Бидний малтлага хийсэн газраас илрүүлсэн чимэглэл нь Луут хотыг оршиж байсан гэдгийг нотлох анхны баримт болсон” гэж Т.Идэрхангай “AKI Press” агентлагт мэдээлжээ. “Шаньюй” хэмээх бичигтэй хэлтэрхий нь Орхон голын ойролцоо нүүдэлчдийн нийслэл байсныг харуулсан бөгөөд тус хотын байршил хоёр мянга орчим жилийн турш тодорхойгүй байсан боловч одоо судлаачид Луут хотыг олсон гэдэгтээ итгэлтэй байна. “Хүннү гүрний улс төрийн төвийг олон арван жил хайсны дүнд Луут хотыг илрүүлж, малтан судалж байгаадаа маш их баяртай байна” гэж Т.Идэрхангайн хэлснийг “Aventuras na Historia” сэтгүүлд нийтэлжээ.
 
 
Нууцыг тайлсан нь
 
“Heritage Daily” сонинд Т.Идэрхангайн мэдээлснээр, эртний эх сурвалжуудад энэхүү хотыг Монголын Хангайн нуруунд оршиж байсан хэмээн тэмдэглэсэн байдаг нь олдворуудыг илрүүлээд буй газрын байршилтай таарч байгаа ажээ. Тус нийслэл нь нэгэн цагт давхар хэрэм, асар том усан сан бүхий томоохон хот байжээ. Цаашид энэхүү газарт малтлагын ажлыг үргэлжлүүлэн хийх юм. Ингэснээр судлаачид Луут хот болон Хүннү гүрний талаар илүү нарийн зураглалыг бий болгож чадах юм. 
 
 
Э.Хулан
Эх сурввалж: Монцамэ агентлаг
Зөвшөөрөлгүй төлбөртэй авто зогсоолуудыг журамлана
Зөвшөөрөлгүй төлбөртэй авто зогсоолуудыг журамлана
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.