Байгалийн шалгуур
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 12 секунд
Байгалийн шалгуур

Байгалийн шалгуур

 

Хорвоогийн аашийг олж амьдарч, аж төрөхөд ухаан, ур чадвар, мэдлэг боловсрол, ер юм юм л хэрэг болдог аж. Энэ хаврын тэнгэр хангайн яаж аяглаж, аашилж буйг хар даа. Нар, сар хиртээд үе үе их цас орж, шуурга тавиад нэг халж, бас хүйтрээд хорвоо дэлхий яасан ч олон ааш аяг гаргана вэ. Амьд хүн бүү хэл ан амьтан, мал сүрэг тэсч тэвчин, дааж гарахад бэрх өдрүүд энэ хавар тохиож байна. Өндөр настай, өлөг хуучтай хүмүүс цаг агаарын өөрчлөлтөд өртөн сөхөрч байхад малчид цасан шуурганд төөрч будилан амь наана, там цаана тэвдэж явна. Хаврын их цасанд зам даваа хаагдаж, хальтиргаа гулгаа үүссэнээс төмөр хүлэгтнүүд хэд хэдээрээ мөргөлдөж, эд материал, сэтгэл санааны хохиролд олноор өртөв. Хөдөөд төөрч будилсан, хөр цасанд боогдож, даарч хөрсөн дуудлага олшров. Байгаль эх хүмүүн биднийг ийнхүү элдэвлэн шалгахад сөхөрч сөгдөөд байдгийн учир юу вэ. “Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлнэ” гэдэг. Гэтэл хүмүүн бид хаширч дуусдаггүй нь зөвхөн энэ хаврын байгаль эхийн дээрх шалгуураас тод харагдав. Тэнгэр хангайгаа шинжиж хувцас хунараа тохируулдаг, аян зам, адуу малдаа гардаг уламжлалт монгол сэтгэлгээ, арга барил алдагдсаны уршгаар гай гамшиг, аюул осолд өртдөг болоод байна. Монгол хар ухаан гэдэг нь ямар ч ном, эрдэм номоос үнэ цэнтэйг ухаарч, үр хойчдоо өвлүүлэх нандин өв болохыг даяаршлын эринд ч мартах учиргүй. Хонин жилийн хавар давтан орсон их цасны дараа юу болохыг төсөөлж бодох ёстой. Өчигдрөөс ханш нээж, амьтай бүхэн хөдөлж, өвс ургамал соёолон, урин дулааны улирал ирж байна. Ой хөвч, тал хөндийд хунгарласан их цас хаврын шаргал наранд хайлан шар усны үер ирэх байгалийн бас нэг аюул биднийг сандаргахаас сэрэмжилж болгоомжлохыг сануулж байна. Байгаль эхийн олон шалгуураас дайжиж, даван туулсаар ирсэн өмнөх үеийнхнийхээ бурхан ухаанд шүтэж, өндөрлөг газрыг бараадан буудаллаж, гол ус, гуу жалгаас зайдуу нутаглахыг энэ хаврын энэ их цас, чийг сануулж байх шиг. Нар сарны хиртэлт, хаврын хавсарга, цас шуурганы дараах бие сэтгэлийн хямрал, аваар осол цаашилж байтал шар усны үер аюул учруулж болохыг ард иргэддээ сануулахад илүүдэх юун. Ичигсэд гарч, дэлхий дэлэгнэх ийм сайхан цагаар орсон энэ хаврын их цас газар эхэд чийг өгч, хавар мал эрт тарга тэвээрэг авч, намар арвин ургац хураахын угтал болж байгаагаараа ёстой л шар тос мөн билээ. Байгаль эх бидний тэсвэр тэвчээр, арга ухааныг шавхаж шалгаж байгаа хэдий ч улс орны эдийн засаг, хүн ардын амьдрал ахуй дэвжин дээшлэхийн өгөөж хишиг, өглөг буян энэ хаврын их цас мөн. Хангай дэлхийн буян хишгийг сүслэн залбирч, зөв хиртэхийг байгаль эх бидэнд үргэлж сануулж, шалгаж байдгийн нэг нь хонь жилийн хаврын хуйсгануур өдрүүд юм. Байгалийн шалгуурт сөгдөж сөхрөхгүй бэлэн байхад амьдрах ур ухаан, арга туршлага юу юунаас чухал билээ

Гашуун сургамж давтагдах вий
Гашуун сургамж давтагдах вий
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.