Ямар байгууллага хамгийн олон томилгоо хийсэн бэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 18 секунд
Ямар байгууллага хамгийн олон томилгоо хийсэн бэ

Ямар байгууллага хамгийн олон томилгоо хийсэн бэ

 

Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан үздэг билээ. Энэ ажлынхаа чанар, үзүүлэлтийг улам бүр сайжруулах, үр дүнг тооцох зорилгоор дотооддоо дүн шинжилгээ хийжээ. 

Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийн бүртгэлд хийсэн дүн шинжилгээнээс бид нэг зүйлийг тун сайн ойлгож мэдэх бололцоотой. Энэ нь төрийн албаны томилгоо хаана ямар хөдөлгөөнтэй байгааг харуулах бүрэн төгс мэдээлэл болох юм. 

2015 оны 1 дүгээр сарын 1-нээс 2016 оны 4 дүгээр сарын 26-ны хооронд нийтдээ 10036 мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар хүлээн авсан байна. Эдгээрээс 3373 нь өөр албан тушаалд шилжин томилогдох, 2758 нь албан тушаалын ангилал, зэрэг өөрчлөгдсөн, 1210 нь эрхлэх асуудлын чиг үүрэг өөрчлөгдсөн, 1100 нь нийтийн албанд шинээр томилогдох мэдүүлэг байв. Дээрхээс үзвэл, энэ хугацаанд 3373 хүн ажил албаа сэлгэн шилжсэн, 2758 хүн албан тушаалын өөр ангилал, зэрэгтэй болсон, 1210 төрийн албан хаагчийн эрхэлж буй албаны нь чиг үүрэг өөрчлөгдсөн, харин 110 хүн төрийн албанд шинээр томилогдсон гэсэн үг. 

Ямар байгууллага хамгийн олон томилгоо хийсэн бэ? 

АТГ-аас дүн шинжилгээг хийхдээ хугацааг сар тус бүрээр нь ялгаж салган авч үзжээ. 

2015 оны 1 дүгээр сард 996 мэдүүлэг АТГ-т ирсэн нь хамгийн олон байна. Энэ нь Шийдлийн Засгийн газар байгуулагдсаны дараах үе юм. Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний аудитын газар, Зам, тээврийн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар зэрэг байгууллагад томилогдох этгээдүүдийн мэдүүлгийн тоо харьцангуй олон байв. 

2015 оны 6 дугаар сард АТГ-аар хянуулахаар 821 мэдүүлэг ирүүлсний 269 нь Цагдаагийн ерөнхий газарт хамааралтай байжээ. Энэ нь Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, дэд дарга нар 2015 оны 5 дугаар сард томилогдсоны дараах цаг үетэй холбогдож байна. 

2016 оны 3 дугаар сард АТГ 673 мэдүүлгийг хянахаар хүлээн авсан. Эдгээрийн ихэнх хувийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газар, Гааль, татварын ерөнхий газрын томилгоо эзэлж байна. 2016 оны эхний сард гааль, татвар, улсын бүртгэл, статистик зэрэг төрийн байгууллагыг нэгтгэн зохион байгуулсантай үүнийг холбон ойлгож болно. 

Төрийн албаны томилгоо, шилжилт хөдөлгөөн Сүхбаатар, Баян-Өлгий, Говьсүмбэр аймагт харьцангуй тогтвортой

АТГ хүлээн авч хянасан мэдүүлгийг байршлаар нь мөн авч үзжээ. 

Нийслэл Улаанбаатар хотод томилогдох этгээдийн 7881, харин орон нутагт 2046 мэдүүлэг бүртгэгдсэн байна. Тэгэхээр Улаанбаатар хотод хамгийн олон томилгоо хийгдсэн гэсэн үг. Эндээс 2690 нь өөр албан тушаалд шилжсэн, 870 нь нийтийн албанд шинээр томилогджээ. 

Харин Дархан-Уул, Өвөрхангай, Дорноговь, Баянхонгор, Өмнөговь, Хөвсгөл аймаг бусдаас олон мэдүүлэг ирүүлсэн бол Сүхбаатар, Баян-Өлгий, Говьсүмбэр аймгийнх бага байв. Тэгэхээр төрийн албаны томилгоо, шилжилт хөдөлгөөн Сүхбаатар, Баян-Өлгий, Говьсүмбэр аймагт харьцангуй тогтвортой байна гэж ойлгож болохоор ажээ.

Төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалд хамгийн олон хүн томилогдсон

АТГ-т хянуулахаар ирүүлсэн мэдүүлгийг албан тушаалын ангилал, төрлөөр нь авч үзвэл нэлээд сонирхолтой дүр зураг гарч байна. 

Дүн шинжилгээнд хамруулж авч үзсэн цаг хугацааны хувьд төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалд 2851 буюу хамгийн олон хүн томилогдсон ажээ. Тэгвэл төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалд 1725, төрийн захиргааны удирдах албан тушаалд 1330 этгээд томилогдохоор мэдүүлгээ ирүүлсэн нь мөн олонд тооцогдож байгаа юм. 

Ирүүлсэн мэдүүлгийг албан тушаалаар нь авч үзвэл мэргэжилтэн 1117, хэлтсийн дарга 727, улсын байцаагч 562, албаны дарга 557, газрын дарга 417, ахлах мэргэжилтэн 356, ТУЗ-ийн гишүүн 292, тасгийн дарга 219, цагдаагийн байгууллагад 199, цэцэрлэгийн эрхлэгч 181, нягтлан бодогч 162, ерөнхий нягтлан бодогч 121, шүүгчийн туслах 109, сургуулийн захирал 107, хянан шалгагч 107 удаа байгаа нь бусад албан тушаалаас олон байна.

 

Д.Дуулим

Хатгал-Жанхай чиглэлийн замын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна
Хатгал-Жанхай чиглэлийн замын ажил 75 хувийн гүйцэтгэлтэй байна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.