Махнаас бусад бодлогоо хаясан З.Мэндсайханы ард Хятадын Haier байдаг юм биш байгаа, Л.Оюун-Эрдэнэ сайд аа!!!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 24 секунд
Махнаас бусад бодлогоо хаясан З.Мэндсайханы ард Хятадын Haier байдаг юм биш байгаа, Л.Оюун-Эрдэнэ сайд аа!!!

Махнаас бусад бодлогоо хаясан З.Мэндсайханы ард Хятадын Haier байдаг юм биш байгаа, Л.Оюун-Эрдэнэ сайд аа!!!

Туршлага мэдлэггүй, дэндүү сул дорой, үлбэгэр нөхдөөр танхимаа бүрдүүлсэн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дэнжигнэсээр, арай ядан тогтож байна. Энэ Засгийн газрын уналтад нэрмээс болж буй гарын таван хуруунд багтам хэдэн нөхрийн нэг нь Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан.

Гэрлийн хурдаар албан тушаал ахиж яваа тэрбээр төрийн албаны туршлагагүй нэгэн бөгөөд хурдан морины уяанаас гэнэт үсчээд гараад ирсэн сүйхээтэй эр. Тиймээс ч Л.Оюун-Эрдэнийн байгуулж, Х.Нямбаатараар ахлуулсан “хувийн мөрдөх товчоо”-ны овоо хараанд мань хүн орж, ил далд шалгуулж эхэлсэн дуулдав.

МАН ялахтай зэрэгцэн өмнө хойно үзэгдэж харагдаагүй, Санхүүгийн техникумыг дөнгөн данган эчнээгээр дүүргэсэн З.Мэндсайхан гэгч Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын даргаар томилогдон орж ирсэн нь яахин сонирхохгүй орхих сэдэв билээ.

Жил хүрэхгүй хугацаанд Эрчим хүчний Төрийн нарийн бичгийн даргаар, төд удалгүй Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга болон ажиллаж байгаад өдгөө хамгийн их мөнгө, сан хөмрөгтэй Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамыг толгойлж эхэлсэн нь ийнхүү эрх баригчдын дотоод дахь хүчтэй фракциудын анхааралд байсаар байгаа бололтой.

6 жил хүрэхгүй хугацаанд төрийн дөрвөн ч өндөр хэргэмт албан тушаалыг зангиа шиг сольж, сальфетка шиг гээж ирснийг нь намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн хүч, чадал гэдэг.

Үнэндээ татаас байхад толгойгоор яахав гэх шинэ хэлцийн кэйс болсон З.Мэндсайхан эдгээр албан тушаалыг сэлгүүлэн хашихдаа юу амжуулав. Салбарын нь бодлого сэмэртэл унаж байхад өөрийн нь хөрөнгө орлого, эрх мэдэл ингэтэл өсч буйн учир нь Л.Оюун-Эрдэнийн анхаарлыг татаа биз.

Засгийн газрын хувь заяанд үргэлж сөргөөр нөлөөлж, чих халууцуулж байдаг энэ эр тийм үнэ цэнэтэй боловсон хүчин үү… Тэртэй тэргүй МАХН-аас авахуулаад хэд хэдэн бүлэг фракцуудад сайдын суудлын өртэй байхад салбарын бодлогоо барьж чадахгүй байгаа нөхрөөс сандал суудлыг нь авчихад болохгүй гэх газаргүй.

Салбарын бодлогод бус томилгоонд нэн тэргүүнд гар хүрдэг нь түүний хамгийн том дутагдал. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар хоромхон хугацаанд ажиллахдаа нутгийн дүүгээ Геологийн төв лабораторийн захирлын суудалд түлхүүрдэн нэлээдгүй хэл ам таталж байсныг нь ч эргэн саная.

Эл балаг нь балраагүй байхад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ирснийхээ дараахан баахан уяачдаар багаа бүрдүүлчихсэн. Өнөө нөхөд нь ажлын байран дээрээ архидан согтуурч, ёс зүйгүй авирласан ичгүүртэй мэдээлэл нь хуучраагүй байна.

Ажлын байран дээр архидан согтуурсан Х.Алтанзагас нь З.Мэндсайханы найз. Тэд зүү орох зайгүй нөхөрлөж явдаг гэдгийг уяачид андахгүй. М.Цэрэндорж нь З.Мэндсайхан сайдын морьдыг уядаг тод манлай Д.Мөнхбатын хүүхэд. Арав гаруй жилийн өмнөөс дотно нөхөрлөх болсон гэдэг. Хамтдаа архидсан Б.Энхбаяр нь ч сайдын нутгийн анд. Ийнхүү чирж авчирсан нөхөд нь ажлын байран дээрээ архидан согтуурсан гэмийг найзууддаа үүрүүлэх бус Хөдөө, аж ахуйг дэмжих сангийн захирал Н.Төмөрхүүг халснаар дуусгавар болгосон.

Тэрбээр томилгооноос гадна олон ч ажил амжуулж, захиалагчдынхаа “идэш”-ийг бэлдэхэд гаршиж яваа нэгэн гэдгийг намынхан нь хэлж байна.

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа янданд “спираль тавих” ажлыг эхлүүлээд бүтэлгүйтсэнийг монгол түмнээр мэднэ.

Тухайн үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбаттай хамтран гэр хорооллын 100 000 айлын янданд утаа шүүгч байрлуулах ажлыг хийхээ мэдэгдэж байв. Нэг яндангийн утаа шүүгч 200 ам.доллар буюу 500 000 төгрөг. Нийт 54 тэрбум төгрөг зарцуулах тооцоотой. Тухайн ажлыг гүйцэтгэгч нь Хятадын “Haier” групп байлаа.

Тус компанийн хувьд Монголын төрд сандайлагчдаас өөрийн гэсэн халаасны хүнийг сонгож, өнөөг хүртэл ард нь явж ирсэн гэлцдэг.

АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Ё.Отгонбаярыг тус компанийн “төлөөлөгч” байсныг журмын нөхөд нь андахгүй. Тусгаар тогтнолын ордон ашиглалтад ороход тэрбээр дээрх компанийн санхүүжилтээр компьютер, дотоод сүлжээний иж бүрэн тоног төхөөрөмж өгч байв. Мөн Булган аймагт “Кембрижийн туршилтын төсөл” хэмээн иж бүрэн компьютерийн лаборатори байгуулан шижигнэж явсан ч сүүлд “ZTE”, “Haier” компаниудын оролцсон тендерийг будилуулсан асуудлаас улбаатай харилцаа нь тасарсан гэдэг.

Түүнээс хойших буюу Ё.Отгонбаярыг орлох шинэ “төлөөлөгч”-өөрөө З.Мэндсайханыг сонгосон гэх яриа дээрх янданд спираль тавих хошин мэдэгдлийн үеэр хүчтэй гарч байгаад намжсан байдаг юм.

Утааны шүүлтүүр дээр уухайлан оролцоод Haier компанид ажил олж өгөх гээд бүтэлгүйтсэн гэгддэг тэрбээр өдгөө махны экспортыг хөхүүлэн дэмжигч болсон. Үүний ард мөнөөх Haier-ийг байгаа гэх мэдээлэл ч өвсөнд тавьсан түймэр мэт дэгдэж байна.

Ямартаа эл мэдээллийг батлах мэт эрхэм сайд маань “МХЕГ-ын дэд даргын хувийн ашиг сонирхлоос болж махны экспортыг нэмэх ажил хойшиллоо” гээд уйлангаа алдахав.

Салбарын сайдын хэлж байгаагаар ганц Хятад улс Монголоос мах авч байгаа. Харин Орос ах нар нүүр буруулж, хялайж харахаа больсон юм байх. Тийм атал урд хөрш рүү мах гаргах компаниудад Мэргэжлийн хяналтын дэд дарга гэдэг нөхөр зөвшөөрлийг нь олгохгүй, хувийн ашиг сонирхлоор хандсан хэмээн чуулганы танхимд хошуу цорвойлгон хов мэдүүлсэн.

Хариуд нь Мэргэжлийн хяналтын дэд даргаас жул эрх мэдэлтэй, гавихгүй чадвартай нөхөр энэ чухал салбарыг ийм хүнд хэцүү цагт авч явах уу, солих сайд нарынхаа эн тэргүүнд З.Мэндсайханыг нэрлэ. Төдийгөөс өдийг хүртэл түүний ард Haier компани байдаг гэх яриа ямар учиртай юм гэх хатуухан донгодолтыг гишүүдийн зүгээс Засгийн газрын тэргүүнд хаягласан юм байх.

Эх сурвалж: Niigmiintoli.mn

60 мянган төгрөгийн хохирол учруулсан хүү 10 жилийн ял авчээ
60 мянган төгрөгийн хохирол учруулсан хүү 10 жилийн ял авчээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.