Өнгөрсөн шөнө Сүхбаатар аймагт архидан согтуурсаны улмаас нэгнийхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ. Хамгийн гол нь, сумын иргэдэд тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурь архи тараасан гэж баттай эх сурвалж мэдээллээ. Түүний тараасан архийг уусан иргэд согтуурсан үедээ хоорондоо маргалдаж, улмаар нэгнийхээ аминд хүрсэн байна.
Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа өнгөрсөн есдүгээр сарын 30-наас эхэлсэн. Энэ үеэр намуудын зүгээс бэлэг сэлт, архи дарс элдэв зүйл тараах нь хуулиараа хориотой. Гэтэл АН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн хууль зөрчин архи тараасан байна.
Аймгийн цагдаагийн хэлтэст ч мөн энэ талаарх гомдол мэдээлэл их ирсэн байна.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Нэмэлт мэдээлэл 18.41 цаг
Энэхүү хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "40 настай эмэгтэй М нас барсан хэрэгт холбогдуулан нөхөр 50 настай Г-г шалгаж байгаа. Хохирогч холбогдогч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь урьдчилсан байдлаар тогтоогдож байгаа. Архи тараасан эсэх асуудлыг харьяаллын дагуу тагнуулын байгууллага шалгана. Цагдаагийн байгууллага хүний амь нас хохирсон хэрэгт мөрдөн шалгаж ажиллагаа явуулж байна" гэлээ.