Л.Гантөмөр сайд аа байдал ийм л байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
13 минут 36 секунд
Л.Гантөмөр сайд аа байдал ийм л байна

Л.Гантөмөр сайд аа байдал ийм л байна

 

 

-Хүүхдүүд гуанз, спорт зааланд хичээллэж байна-

 

      Өнгөрөгч баасан гаригт Монгол Улсын хамгийн олон сурагчтай 67 дугаар сургуульд өнжив. Баянхошууны энэ сургуульд өнжих болсон шалтгаан нь эцэг эхчүүдийн гомдол саналын дагуу очихоос өөр арга байсангүй. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн үүдээр ороход хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл бол сургуулийн багтаамж. Үүнээс үүдсэн хүүхдүүдийн сурч боловсрох эрх ноцтой зөрчигдөж байгааг харж болно. Үндсэн хуулиар олгогдсон “Хүүхэд бүр сурч боловсрох эрхтэй” гэсэн заалт бол энэ сургуульд лав хэрэгждэггүйг төвөггүйхэн харж болохоор. Гэхдээ үүнд багш ажилчдын буруу байхгүй. Тэдний хувьд хэд хэдэн ээлжээр хүүхдүүдээ сургах гэж хоёр нарны хооронд борви бохисхийлгүй ажилладгийг ч харж болно. Гагцхүү тус сургууль нь салбар яам, эрх мэдэлтнүүдийн анхаарлын гадна байдагтаа ийн хүүхдүүдийн сурч боловсрох эрх ноцтой зөрчигдөж байгаа хэрэг. 

 

 

 

      Ингээд миний хамгийн анх уулзсан хүн бол тус сургуулийн захирал Ч.Алтансүх. Ч.Алтансүх захирлын хувьд өнгөрөгч онд сонгон шалгаруулалтад тэнцэж энэ сургуулийн захирал болсон бөгөөд тоо физикийн багшаар 20 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн аж. Тэрээр хэлэхдээ “Манай сургууль нийт 99 бүлгийн 3700 сурагчтайгаар хичээллэж байна. Багш ажилчид нийлээд 170 орчим байгаа. Хэдэн жилийн өмнө Японы Засгийн газрын тусламжтайгаар 400 хүүхэд сурах өргөтгөл хийсэн ч одоо хэдэн ээлжээр хичээллэж багталцахгүй л байна. Ер нь бол анх 740 хүүхэд сургах стандартаар баригдсан юм. Ингээд өргөтгөлөө нэмэхээр 1140 хүүхдийн багтаажтай ч өнөөдрийн байдлаар гурав дахин их ачаалалтай хичээллэж байна” хэмээсэн. Ингээд хүүхэд нь багталцахгүй болохоор 240 хүүхдийг Баянхошууны 105, 76 дугаар сургуульд автобусаар зөөж хичээллүүлдэг байна. 

 

      Өдгөөгөөс долоон жилийн өмнө Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд сургууль барьж эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй аж. Уг нь энэ сургууль ашиглалтад орчихвол 67 дугаар сургуулиас 1200 хүүхэд тийш нь шилжиж бага ч атугай ачаалал нь багсах юм билээ. Гэхдээ л үлдсэн 2500 хүүхэд нь гурван ээлжээр хичээллэх гэнэ. Ямартай ч БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 20 сургуулийг өргөтгөх бөгөөд үүнд 67 дугаар сургууль багтжээ. Тиймээс тус сургуулийнхан гурван давхар байшингаа мансардаар давхарлахаар зураг төсөл хийгээд БСШУЯ-нд өгчихсөн хүлээлтийн байдалтай байгаагаа ч дуулгасан. Мансардаар нэг давхар нэмчихвэл есөн анги шинээр нэмэгдэх аж. Яах ч аргагүй нөхцөл байдалдаа гүйцэгдсэн тус сургуулийнхан коридор, спорт заал, гуанзаа хуваан тохижуулж, зургаан анги шинээр гаргахын зэрэгцээ багш нарынхаа өрөөг ч анги болгожээ. Тиймээс багш нар нь жижигхэн өрөөнд нуруу нуруугаа нийлүүлсэн байдалтай ажлаа явуулж байгааг эрх мэдэлтнүүд анхааралдаа аваасай гэж бодогдож суулаа. Мөн ч арга ядсан ажил гэвэл энэ байх. Сургуулийнхаа гуанз, спорт зааланд хичээллэж байгаа хүүхдүүдийг хараад БСШУ-ны сайдыг авчирч хичээлд нь суулгахсан гэж бодлоо. Умгар өрөөнд нуруу нуруугаа нийлүүлэн ажлаа хийж байгаа багш нарын дунд боловсролын газрын эрх мэдэлтнүүдийг нэг өдөр ажиллуулмаар санагдаж суусныг нуух юун. 

 

 

 

-Нэгийн “О”, “К” бүлгүүд бий болжээ-

 

       Нийслэлийн баруун зах Баянхошууны 67 дугаар сургууль яагаад сургууль сургуулиас онцгой олон хүүхэдтэй байгаа тухай асуусан юм. Учир Сонгинохайрхан дүүрэг хамгийн их шилжилт хөдөлгөөнтэй байдаг дүүрэг бөгөөд хөдөөнөөс шилжиж ирсэн хүүхэд бүгд л тус сургуулийг зорьдгийнх гэнэ. Өнгөрөгч 2014 онд нэгдүгээр ангид 495 хүүхэд элсэн орж байсан бол 2015 онд 585 хүүхэд шинээр нэгдүгээр ангид элсэн оржээ. Энэ нь боловсролын түүхэнд урьд хожим гараагүй үзэгдэл аж. Тухайлбал, 1-ийн “О”, 1-ийн “К” гэх зэргээр дугаарласан бүлгүүд бий болжээ. Нэгийн “Б”, “В”, “Г” гэж дуулснаас нэгийн “О”, “К” бүлэг гэж дуулаагүй байх. Энэ чигээрээ шилжилт хөдөлгөөн үргэлжилбэл, 2016 онд 67 дугаар сургуулийн 1-ийн “Ь”, 1-ийн “Ы”, 1-ийн “Ю” бүлэг нэмэгдэх ч магадлал өндөр байна. 
      Жил жилийн есдүгээр сарын 1-нд эрх мэдэлтнүүд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцдог. Гэтэл яагаад энэ мэт сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож болдоггүй юм бэ. Тэдний хувьд дандаа 23, 1, 2, 5 гэсэн сургуулиудаар очдог. Захын хорооллын сургууль руу зүглэдэггүй учраас энэ мэт бэрхшээлийг мэддэггүй. Борчуудын хүүхэд суралцдаг сургуульд зочлохоос цээрлэдэггүй л баймаар. Ерөөсөө тус сургуулийн сурагчдын 99 хувь нь гэр хорооллынх аж.

 

 

        Энэ үеэр тус сургуулийн нэгийн “И” бүлгийн багш Э.Пүрэвсүрэн нэгэн сонирхолтой мэдээлэл дуулгав. Тэрээр өөрөө Завхан аймгийн уугуул юм байна. тус аймгийн Алдархаан сум бол сумынхаа төвөөс 24 км зайтай бөгөөд тус сумын сургууль нь ердөө 45 сурагчтай. Энэ жил нэгдүгээр ангид зургаан настай ганцхан хүүхэд элсэн оржээ. Нэг ангид үсрээд 2-3 хүүхэд байдаг тухай бидэнд сонирхуулсан юм. Учир нь аймгийнхаа төвд ойр болохоор ихэнх хүүхдүүд төвийнхөө сургуульд суралцдаг аж. Мөн Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд улсын хөрөнгөөр гурван давхар нүсэр сургууль, бас 200 хүүхэд хүлээж авах дотуур байрыг олон тэрбум төгрөгөөр босгожээ. Гэтэл тус сургууль нь 220 сурагчтай  ганцхан ээлжээр хичээллэж байгаа гэнэ. Энэ мэт багш, ажилчдаасаа цөөхөн хүүхэдтэй хөдөөгийн сургуулиуд олныг дурьдаж болно. Хэрэгтэй газарт хэрэгтэй цаг үед нь хөрөнгө гаргадаггүй байж энэ мэт шаардлагагүй газарт хөрөнгө хаяж суугаа эрх мэдэлтнүүдийг яалтай ч билээ. 

 

  -Монгол хүүхдүүд тэвчээртэй, сурах чадвар нь бусдаас илүү-

 

     Мөн Баянгол дүүргийн 3,4 хорооллын дунд сургуулиудыг бодлогоор өргөтгөж, давхарласан. Одоогийн байдлаар 40 дүгээр дунд сургууль ганцхан ээлжээр хичээллэж, нэг ангид 30-35 сурагч байдаг тухай багш нар ярьж байлаа. Гэтэл яагаад захын хорооллын хүүхдүүдэд энэ хөрөнгө хүрэхгүй байна гэх зэрэг олон асуудал босч таарна. Тус сургуульд Солонгос багш нар хоёр орны хооронд багш солилцооны шугамаар иржээ. Солонгос багш нар өөрсдийн хүсэлтээр хамгийн олон сурагчтай 67 дугаар сургуулийг сонгосон байна. БНСУ-ын Дэгү хотын “Хансоль” бага сургуулийн багш Шим Чсоб, Гонсэб хотын “Енчу” ахлах сургуулийн Солонгос хэлний багш Ха Тэй Ил ийн өгүүлэв. 

 

       “Солонгос бол боловсролын систем нь дэлхийн стандартыг мөрддөг улсын нэг. Нэг ангид дээд тал нь 22-25 хүүхэд сурах нормтой. Нэг багшийн сурагчдад боловсрол олгох чадварыг дээд тал нь 25 хүүхэд гэж тооцдог. Хэрэв сурагчид 26, 27 болбол ангийг дахин хувааж шинээр бүлэг нэмнэ гэсэн үг. Гэтэл 67 дугаар сургуулийн хувьд дэлхийн стандартаас хоцрогдсон анги танхим, спорт танхим, номын сан, хоолны газар гээд бас хүүхдүүд сурч боловсрох эрх зөрчигдсөн байгааг нь харж байна. Гэхдээ монгол хүүхдүүд үнэхээр гүргэр, тэсвэр тэвчээртэй бас сурах чадвар нь бусад орны үе тэнгийн хүүхдүүдээс илүү гэдэг нь харагдаж байна. Дэлхийн стандартын ангийг хоёр хуваасан юм шиг жижиг өрөөнд 40-45 монгол хүүхэд гурвуулаа шахцалдан суугаад ажрахгүй хичээллэх юм. Мөн өлгүүрээ хувааж, цонх, агааржуулалт байхгүй өрөөнд багш нарын контороо байрлуулжээ. Сургуулийн спорт танхимыг дөрөв дахин нийлүүлсэн юм шиг спорт танхим байх ёстой. Бас дээр нь эрэгтэй, эмэгтэй сурагчид тусдаа усанд ордог шүршүүр, биеийн тамирын багш нарын өрөө, шүршүүр ч байхгүй юм. Солонгос хүүхдүүд ийм хэцүү орчинд сурч чадахгүй. Багш нь 40-50 хүүхдүүдэд хичээл зааж, сурагч тус бүрт мэдлэг хүргэнэ гэдэг тийм амар биш. Монгол багш нар бага цалин авдаг байж, өөрсдөө шохойныхоо мөнгийг гаргаж гаргаж байх жишээтэй. Бид хоёр Солонгос руу хангалттай шохой захисан байгаа” хэмээн халаглаж байлаа. 

 

       Хэдийгээр төрөөс дунд сургуульд шохой үнэ төлбөргүй өгдөг боловч, тэр нь шахааны бизнес болчихсон. Самбар дээр бичихээр бутарч унах, тод гарахгүй байх, алергий үүсгэх, чанарын шаардлага хангадаггүй тул Монголын ЕБС-ийн багш нар өөрсдөө болон эцэг эхчүүд чанарын шаардлагатай шохой худалдан авдаг болоод нэг ёсны уламжлал тогтсоныг БСШУ-ны сайдад дуулгах нь зүйн хэрэг байх.  

 

 

 

-Үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлэх гэж бараг 24 цаг ажилладаг байна-

 

   Сургууль бүр үдийн цай хөтөлбөр хэрэгжүүлдгийг бид бүхэн сайн мэднэ. Харин энэ сургуулийн хувьд 2000 орчим хүүхдийг энэ хөтөлбөрт багтаах гэж тогооч нар бараг л 24 цаг ажиллахдаа тулдаг бас нэгэн бэрхшээл бий. Нэгдүгээрт хүүхдийн тоо хэтэрсэн. Хоёрдугаарт, ажиллах нөхцөл тааруу учраас хэрдээ л чардайж байж үдийн цайг залгуулдаг тухай ч тогооч нар ам уралдан ярьж байсан юм. 

 

 

      Мөн энэ үеэр эцэг эхчүүдийн санааг зовоосон нэг зүйл нь олон ээлжээр хичээллэдэг тул хүүхдүүд оройтдог гэнэ. Учир нь гуравдугаар ээлжийн дунд ангийнхан 15 цагаас хичээллэж, гурвуулаа ширээнд шахцалдан суугаад оройн 20 цагийн үед тарахад харанхуй болчихсон байдаг аж. Ингээд гэртээ харих гэж явсаар шөнө дөл болгодог тухай санаа зовнин өгүүлж байлаа. Дээр сургуулийн гуанзийг хувааж стандарт бус анги байгуулөсан тухай дурдсан. Тэгвэл энэ ангид тавын “Ё” бүлэг хичээллэж байхад нь таарлаа. Үнэхээр байдал хүнд байгааг эндээс ч харж болно. Ерөөсөө 4х6 м/кв ангид 40 хүүхэд чихэлдэн сууж байгаагаас  агааржуулалт дутагддаг, сурагчид ухаан алдаж унасан тухай ч ярьсан. 

 

        Тэр ч бүү хэл спорт заалыг хуваасан учраас 150 м/кв орчим талбайд биеийн тамирын хичээлээ явуулдаг гэнэ. Номын сангаа хоёр хуваан анги оруулахын зэрэгцээ хуучин сурах бичиг үндсэн хөрөнгийн бүртгэлтэй тул устгаж болохгүй гээд зай эзэлж байдаг аж. Нийслэлийн өмчийн газар, цаашлаад тав зургаан газрын зөвшөөрөл авч байж энэ олон сурах бичгийг устгадаг учраас номын сан хуучин сурах бичгээр дүүрчээ. Үүний дараа хурлын заалаар орвол 40 орчим санадал тавьсан байх бөгөөд сурагчид бүү хэл багш ажилчид ч багталцаж хурал хийхээргүй жижиг юм. 

 

 

 
 
- See more
Махны экспортоос хагас тэрбум ам.доллар олох боломжтой
Махны экспортоос хагас тэрбум ам.доллар олох боломжтой
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/09/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.