Эх орноо олж авах гэж яваад элгээ алдчихжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 24 секунд
Эх орноо олж авах гэж яваад элгээ алдчихжээ

Эх орноо олж авах гэж яваад элгээ алдчихжээ

 

Саяхан ТВ-ээр эх орныхоо газар шороог хамгаалсанаас болж 21,5 жил шоронд суух ялаар шийтгүүлсэн  Дашцэрэн гэдэг хүний дээрх хэлсэн үгийг зүрх шимшрэн сонсоод ийн эргэцүүлэхэд хүрлээ.

Улс төр гэдэг ямар бохир заваан юм байдгийг... Бүр бие биенээ алж хядах ч аймшиг биш болсныг... гайхашран, гуниглан эргэцүүлж сууна би.

Ардчиллынхан дундаа хамгийн шударга, эх оронч гэгдсэн С.Зоригийг маргааш нь ерөнхий сайд болох сургаар ямар аймшигтай зэрлэгээр гэрт нь хороосныг ард түмэн мартаагүй. Ерөөс монголын шилдэг улс төрч, эх оронч гэгдсэн Отгонбилэг, Ж.Наранцацралт, М.Зэнгэ, О.Дашбалбар гээд тоочвол олон арван хүмүүс осол, хоолны хордлого гэх мэт дээхэн цагийн улс төрийн бүдүүлэг хэвшмэл аллагад өртсөн байж болохоор. Олны дунд ч ийм яриа тасардаггүй билээ. Улс төрийн аллагын эзэн үйлдэгч илэрч байгаагүй гэлцдэг. Монголын Ардчилал ийм л нэг бохир заваан үйлдлээр дүүрэн явж өнөөг хүрсэн байх юм. Хэзээ хойно 24 жилийн дараа ерөнхийлөгч нь гэнэт ухаан орж Том /тэнэг/ төрөөс ухаалаг /жижиг/ төр рүү гэж уулга алдан лоозогносон бөлгөө. Лоозон л бол лоозон. Лоозогнолоор эх орон гэж худлаа чалчсан урвагчдыг, луйварчин, олигархуудыг төрөөс цэвэрлэж чадахгүй нь үнэн. Нөгөө ухаалаг болох гээд байгаа төр нь улам мулгуу болоод байгааг мэдээллийн бүх л сувгаар өдөр болгон л үзэж сонсож байна. Хүн төрөлхтний аль ч нийгэмд тулгамдсан асуудлыг ард түмэн төр засагтаа хандаж шийдүүлэх, төр нь түүнийг шийдээд өгдөг хууль, журамтай байдаг. Харин монголын хувьд энэ нь аль эрт үгүй болжээ. 

Алхам тутамд л асуудал бэрхшээл тулгарсан энэ үед төр засагтаа хандах нь зангууны үлгэр болов. Луувирчид, олигархуудаар дүүрчихсэн төрийн юунд нь ч найдах билээ. Бүр төр засагтаа хандсан нэг нь хамгийн тэнэг гэгдэх шинжиндээ ороод байгаа билээ. Хэвлэл мэдээллээр тархаж байгаа баримтыг түшээд өөрийн бодлоо тоймлон олон түмэнтэйгээ хуваалцахыг хүслээ. Монгол улсын тусгаар тогтнолд нэг аюул учирч болохыг сэрэмжлүүлж, анхааруулсан нэвтрүүлгийг “Hero”энтертайнментаас бэлтгэж, МУУГЗ найруулагч Го.Бадарчийн хөтөлсөнөөр ТВ-ээр гарсан нь монголд сүүлийн арваад жилд гараагүй сайн нэвтрүүлэг болсон гэж мэргэжлийнхэнд үнэлэгдэж, ард түмний дунд шуугиан дэгдээсэн билээ. Гэтэл... тун ч удалгүй бүр ч хүн итгэхийн аргагүй хачин жигтэй явдал болов. Нэвтрүүлэгт санал, бодлоо илэрхийлсэн хүмүүсийг байцааж, шалгаж УИХ-ын эрхэм гишүүн Х.Баттулгыг төрийн тэргүүн нь яаран сандран өрөөндөө дуудаж зодох нь холгүй юм болж олныг мэлмэрүүлэв. Тусгаар тогтнолд аюул учирч болзошгүйг нарийн төмөр замаар жишээлэн бүр түүх хүртэл ярьж сануулсан энэ нэвтрүүлэгт төр юунд нь эмзэглэж сандарсныг олон түмэн ойлгосонгүй. Ерөнхий сайдын ахлах зөвлөхийг баривчлахад засгийн тэргүүн ухаан жолоогүй сандарч хуулиа зөрчин байж давхин очиж уулзсан шиг л ... Ерөнхийлөгч маань юунд эгэл нэгэн нэвтрүүлгээс болж сандарч мэгдэв ээ!

Ардчиллын алтан хараацай гэж өөрсдийгөө дөвийлгөдөг мөртлөө социализмын үеийн ардын хянан шалгах, главлитээс ч илүү харгис хэрцгий авирлаж чөлөөт нийгмийн чөлөөт хэвлэлийг боомилж нэвтрүүлгийг нь хааж, хүмүүсийг нь байцаасан нь үнэмшихийн аргагүй явдал боллоо. Бүр хамгийн аймшигтай нь монгол улсынхаа тусгаар тогтнолын төлөө хийгдсэн нэвтрүүлгийг шүү! Ийм л нэг аймшгийн эмгэнэлт үзэгдлийг олон түмэн нүдээ бүлтийлгэн, чихээ дэлдийлгэн амаа ангайн байж алмайрч үзлээ!

Эх орон газар шороогоо хамгаалан тэмцсэн нөхдөө шоронд хорьчихсон. Яг л нөгөө 37 оны их тэмцлийг санагдуулам. Энэ бүхнээс үзэхэд төр засаг нь өөрөө эх орон, тусгаар тогтнолоо худалдаад эхэлсэнийг шар хадны галзуучууд ч ойлгохоор... төрийн өндөрлөгт гарчихсан Хятадын эрлийз хэдэн пацаанаас өөр нэр дурдагдаагүй олон эрлийзүүд цаана нь бас зөндөө байгааг бүгд л мэдэх. Газар нутгаа харийнхад 20-40  жилээр түрээслүүлнэ ч гэх шиг. Нарийн төмөр замаа тавих боллоо ч гэх шиг. 40 гаруй хятад ямар ч бичиг баримтгүй ороод ирчихсэн тууж ч явах шиг. ТВ-ийнхэнтэй таараагүй хичнээн хятад бичиг баримтгүй ороод ирчихсэн байгааг хэн ч мэдэхгүй. Африкийн ядуу буурай улсын иргэд ч хил гаалиар тамга даруулдаг байтал ардчиллын жишиг гээд байгаа монголын хилээр огт бичиг баримтгүй, сүрэг сүргээрээ орж ирсээр байгааг юу гэж үзэх вэ?

Монголд хичнээн хятад иргэд байгааг яг таг хэлчих нэг ч албан тушаалтан гарч ирэхгүй. Монголын төрд гадаадын иргэдийг байтугай өөрсдийнхөө иргэдийг зөв тоолж чаддаггүйг эхнэр бид хоёрыг дөрвөн хүн болгож тоолсноор нь батална. Өнөөдөр Монгол улс Хятад Монголоо ч ялгаж мэдэхээ больсон. Гудамжаар яваа сайхан залуус Монголоор ярьж хөөрөлдсөнөө гэнэт Хятадаар шулганалдчих нь цочмоор. Монголчууд эх орон, тусгаар тогтнолоо хамгаалахын тулд хойд хөршөөс тусламж хүсэж байснаас, урд хөршөөс гуйж байсан түүх үгүй билээ. Чингис хаан хүртэл өглөө босоод урд зүгт нэг муу улс байдгийг үргэлж сана гэж. Хүннү Сүннүгээс эхлээд эзэн богд Чингис түүний үргэлжлэл их бага Хаад, Галдан бошигт, Амарсанаа, Чингүнжав, Сүхбаатар, Чойбалсан, Дандарбаатар... Хэдэн мянган жилийн турш юуны тулд цусаа урсгаж, амиа золин байж эх орон газар шороогоо хамгаалж хойч бидэнд үлдээв дээ!

Ардчилалынхны ад үзээд байдаг Цэдэнбал ч үй олон хятадыг нутгаасаа хөөж байсан билээ. Амнаас нь Америк гэдэг үгнээс өөр юм гардаггүй байсан ерөнхийлөгч маань юу болоод хөөж туугаад явуулчихсан оросуудад саймширч, хятадад хайр зарлаад эхлэв. Хоёр их хөршөөс холдоод хол явахгүйг 20 жилийн өмнө л сануулж байсан. Хаа байсан Америк гэж дэгдээд Монгол улсыг юу болгочихсоныг та бид одоо харж байна. Одоо бүр эх орноосоо эх орончдыг хайгаад олохгүй дээрээ тулах нээ! Хоёрхон жилийн өмнө гудамжинд орилж яваад Их хуралд гарсан Уянга, Батзандан нар хаачив. Бие даагч гишүүдийн дуу хоолой сөөчихөв үү? Нөгөө түүхч, эдийн засагч эрдэмтэд хаана юугаа судалж явна. Америкаас эх орноо санагалзаад байдаг нийтлэлч гэх Г.Галбадрахын компьютер эвдэрчихэв үү? “Эх орны төлөө элгээ шоронд өгчихлөө” гэж хэлсэн Дашцэрэнгийн үг бидэнд юу хэлчих вэ? Элэг зүрхнээс уяатай эх орон минь юмсан.

 

Д.Пүрэвдорж

Жүжигчин Б.САНСАРМААГИЙН хэнд ч хэлдэггүй ТАВАН НУУЦ
Жүжигчин Б.САНСАРМААГИЙН хэнд ч хэлдэггүй ТАВАН НУУЦ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/09/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.