Монголчууд гадныхны хөрөнгийг хууль, шүүхийнхэнтэйгээ хамсан дээрэмддэгээ болих болоогүй юу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 54 секунд
Монголчууд гадныхны хөрөнгийг хууль, шүүхийнхэнтэйгээ хамсан дээрэмддэгээ болих болоогүй юу?

Монголчууд гадныхны хөрөнгийг хууль, шүүхийнхэнтэйгээ хамсан дээрэмддэгээ болих болоогүй юу?

Монголын “Мон-Атом” компани санхүүгийн хүндрэлд орж, чех хүмүүсээр асуудлуудаа шийдүүлээд “Гурвансайхан” компанийг хамтран байгуулсан байгаа юм. Ингэхдээ Дундговь аймагт 1993 оноос эхлэн гадны өөр хөрөнгө оруулагч эзэмшиж байсан ураны ордын зөвшөөрлийг худалдаж авах саналыг “Ураниум Индастри” хэмээх ураны салбарт олон жилийн түүхтэй Чех Улсын компанид тавьжээ. Тэр бичиг баримтын бүрдэл, чехүүд хөрөнгөө оруулж, хайгуул хийсэн цагаас эхлэн боргоох болсон тэмцэгч нэртэй шантаажны нөхдүүдийн асуудлыг энд дурдах нь илүүц. Иргэний нийгмийн байгуулал нэртэй уул уурхайн компаниудыг шантаажилж, “татвар” аваад сурсан хүмүүс Монголоор дүүрэн. Хамгийн сонин нь АМГТГ-ынхан бичилтийн техникийн алдаа гаргаснаар шалтаглан тус компанийн зөвшөөрөл цуцлагдсан явдал юм.

Гэтэл шүүх АМГТГ-ынхныг хариуцагчаар татаад, 310 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн чехүүдийг хөндлөнгийн ажиглагч аятай суулгаж, баримт нотолгоог нь огт сонсолгүй зөвшөөрлийг нь цуцалжээ. Ийм байж болох уу. Урьж авчирсан түншээ ийм асуудалд орчихоод байхад таг дуугүй суудаг “Мон-Атом” гэх төрийн өмчит компанийнханд зангараг, ёс зүй гэж байна уу.

Монгол Улсын Засгийн газар, Хууль зүй, дотоод хэргийн яам нь өнгөрсөн жил гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжинэ, хамгаална, хохирсон хүмүүсийн хэргүүдийг нь нааштай шийдүүлнэ, дахиж ийм алдаа гаргуулахгүй гэж сүржин ярьж, мэдээлж байсан. Харамсалтай нь, тэгж ярьсан хүмүүсийн амнаас үсэрсэн шүлс нь хатаагүй байхад хууль, шүүхийнхэн чинь дахиад нэг компанийг улайм цайм дээрэмдээд хөөж гаргах нь ээ. Үүнээс үзэхэд монголчууд гадны хөрөнгө оруулагчдыг хууль, шүүхийнхэнтэй хамтран дээрэмддэгээ болих болоогүй юм байна.

Ерөнхий прокурор, ШӨХТГ-ын дарга байсан хүмүүс гадны иргэдийг худалдаж авсан хөрөнгийг дээрэмддэг, Тагнуулын эрх бүхий албан тушаалтан нь ҮАБЗ, ЗТЯ-ныхаа өндөр албан тушаалтантай хамсан гадны компанийн хэрэгжүүлж байгаа төсөл, газрыг булаагаад хувааж зардаг, МХЕГ-ын нь ураны ордыг дээрэмдээд авчихдаг улс манайхаас өөр ер нь байхгүй дээ. 2022 онд Монгол Улсад хөрөнгөө оруулж, хохирсон 57 хэргийг шалгаад 20-ыг хааж, 15 хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Мөн дөрвөн хэргийг шүүхээр шийдэж, 15 хэргийг шалгаж байгаа гэж ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ярьж байсан.

Мөрдөн шалгасан нийт хэргийн 65 хувь нь гадны иргэдийг залилсан, хөрөнгийг нь завшсан хэрэг байсныг ч Х.Нямбаатар сайд хэлсэн шүү. Тэгэхээр энэ удаад АМГТГ-ынхан шүүхийнхэнтэй нийлээд “Гурвансайхан” компанийн нөөц тогтоосон талбайн зөвшөөрлийг дээрэмдлээ гэж хардах бүрэн боломжтой юм.

Дээр нь АМГТГ-ынхан “Дотоод заавар” нэртэй хуулиас давсан журмаар уул уурхайн компанийнхныг хөлдөө сөхрүүлэн жаалдаг баримт мэдээллүүд сэтгүүлчдийн шүүгээ, хэвлэлийн хуудсанд олон бий. Тиймээс, Монгол Улс, Франц улсын “Орано” групптэй хамтран Зөөвч-Овоон ураны төслийг хэрэгжүүлэх болсонтой зэрэгцэн ураны бусад ордыг арга саам хэрэглэн булаан авч байна ч хардах өнцөг үүсэж байгаа юм.

Уг нь Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нарын гадаадын хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмдсэн асуудлыг цэгцлэх мэдээллийн араас монголчуудад дахин итгэж үзэх компаниуд олширч байгаа мэдээ бий. Саяхан БНХАУ-ын 200 хөрөнгө оруулагч манайд хөрөнгөө оруулахаар уулзаад, зарим гэрээгээ эхлүүлсэн гэсэн. Гэтэл Засгийн газар нь нэг шийдвэр гаргаж, уриалаад оруулаад ирдэг, нөгөө талд шүүхийнхэн нь хөөж туудаг байдлыг одоо яаж тайлбарлах юм бэ. Төр нь нэг гараараа мэндэлж, нөгөөгөөрөө шанаа өгч байна гэж ойлгох уу. Засгийн газар, АМГТГ, шүүх, “Эрдэнэс Монгол”-ын харьяаны “Мон-Атом” компаниуд чинь бүгдээрээ төр биз дээ. Гэтэл урьж авчирсан хөрөнгө оруулагчаа мөнгө төгрөгөө оруулсных нь дараа, арваад жил ажиллаж, нөөцөө тогтоосон хойно нь “Өө бид техникийн шинжтэй алдаа гаргажээ” гээд хоорондоо ярьж байгаад хөөчихөж байна. Энэ завхралыг Засгийн газар яаралтай залруулахгүй бол бодлого, зорилт чинь тасрах нь байна шүү. Хөрөнгө оруулагч Чех Улсын “Ураниум индастри” компанийн ТУЗ-ийн гишүүн Г.Номуун “Хэрэв Монгол Улс өөрийн алдаагаа засахгүй. Энэ шийдвэрээ хадгалсаар байвал арбитрт хандахаас өөр аргагүй болно” гэж маш ойлгомжтой хэлсэн байна лээ. Тэгвэл “Хан ресурс”-ыг хөөж гаргаад арбитрт очиж 100 сая ам.долларын өрөнд орсон түүх давтагдаж таарна. Тэр төлбөрийг шүүгчид ч, тэмцэгчид ч, ажилдаа хайнга төрийн албан хаагчид ч биш харин биднээс авсан татвараар төлнө. Бас гадаадын хөрөнгө оруулагчдыг ч дуудах нүүргүй болох билээ.

Н.Цолмон

Даатгалд хамрагдсан хүн бүр нийгмийн даатгалын үйлчилгээг авах эрхтэй
Даатгалд хамрагдсан хүн бүр нийгмийн даатгалын үйлчилгээг авах эрхтэй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.