Ц.Шаравдорж: Н.Энхбаярыг хэлмэгдүүлснээрээ Ц.Элбэгдорж хожоогүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
19 минут 40 секунд
Ц.Шаравдорж: Н.Энхбаярыг хэлмэгдүүлснээрээ Ц.Элбэгдорж хожоогүй

Ц.Шаравдорж: Н.Энхбаярыг хэлмэгдүүлснээрээ Ц.Элбэгдорж хожоогүй

 

indexМАХН-ын дарга Н.Энхбаярын ажлын алба хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржтой уулзаж сүүлийн үед МАХН-аас хэрэгжүүлж байгаа улстөрийн үйл ажиллагаа болон Монголын улстөрийн өнөөдрийн төлөв байдал, цаашдын чиг хандлагын талаар ярилцлаа. Сүүлийн үед ихэд идэвхжиж байгаа МАХН-ын бодлого, үйл ажиллагааг дан ганц Н.Энхбаяр гэдэг улстөрчтэй холбож ойлгох нь өрөөсгөл хэмээн олон хүн үзэж байгаа. Тэгвэл энэ талаар МАХН-ын дарга Н.Энхбаярын ажлын алба хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж арай өөр бодолтой явдаг нь түүний ярианаас тодорхой ажиглагдсан юм. -За та сайхан намаржиж байна уу? -Сайхан налайсан намар болж хэн хүнгүй сайхан л намаржиж байх шиг байна. -Тун удахгүй Монголын улстөр халуухан буцалж эхэлнэ. МАХН-ын тухайд УИХ-ын зуны амралтын хугацаанд багагүй ажил амжуулж, Монгол орныхоо өнцөг булан бүрт хүрч иргэд сонгогчидтой тулж ажиллах шиг боллоо. Зүүн, баруун, төвийн бүсийнхээ чуулга уулзалтыг ч хийх шиг болно лээ. Эдгээр ажлынхаа талаар яриач? -За баярлалаа. Монголын улстөр зунжин амарч, завсарлаад одоо ч олигтой хөдөлгөөн ороогүй л байна. Харин МАХН-ын тухайд амсхийх завгүй ажиллаж, эх орноо тойроод явж байна. Н.Энхбаяр дарга маань Солонгосоос ирчихээд суурин ажиллаж, намын өдөр тутмын ажил үйлс, ерөнхий чиг бодлогыг итгэлтэй зангидаж чиглүүлээд явж байгаа нь бид бүхэнд ихээхэн итгэл зориг, хүч өгч байгаа юм. МАХН Монгол орноо тойрч намынхаа бүсчилсэн зөвлөлгөөнүүдийг тун амжилттай хийж дууслаа. Тухайлбал хэдхэн хоногийн өмнө Хэнтий аймгийн Дадал суманд зүүн бүсийн зөвлөлгөөнийг хийсэн бол өмнө нь төвийн болон баруун бүс, говийн бүсийн зөвлөлгөөнүүдээ хийсэн байгаа. Эдгээртэй зэрэгцээд Улаанбаатар хотын нийт дүүргүүдийг хамруулан бүсчилсэн долоон удаагийн зөвлөлгөөнийг амжилттай хийж, асуудлуудаа ярилцлаа. Бидэнд ярилцаж шийдэх, хойшдын бодлогоо тодорхойлж, ажлаа төлөвлөх зүйл их байна. Учир нь МАХН бол парламентад тодорхой тооны суудалтай, Засгийн газрыг бүрдүүлэлцэж байгаа улстөрийн томоохон хүчин. Бидний гол зорилго бол өнгөрсөн сонгуульд олсон амжилтаа бататгаж, ирэх сонгуульд энэ амжилтаа үнэмлэхүй ахиулах шаардлага тулгарч байна. Өөрөөр хэлбэл одоо парламентад эзэлж байгаа суудлынхаа тоог дорвитой нэмэгдүүлэх, сонгогчдынхоо итгэлийг даасан шиг дааж улстөрийн хамгийн нөлөөтэй хүчин болох зорилт бидний өмнө зогсож байгаа юм. Ийм учраас бид эхлээд дотооддоо бүх асуудлаа цэгцэлж, атгасан гар шиг нэгэн цул, хүчирхэг улстөрийн хүчин байх ёстой юм. Бид өмнө нь гаргаж байсан алдаан дээрээ маш нухацтай, тогтвортой сууж ярилцах ёстой болохоор дээрх зөвлөлгөөнүүдээ амжилттай хийж дуусгалаа. -МАХН-ын бүсийн зөвлөл­гөөнүүдийг ажиглаж байхад Н.Энхбаяр дарга аргагүй л оройлон манлайлж, товчхондоо Н.Энхбаяр гэдэг хүн МАХН-ын хувьд даргаас гадна бараг л ганцаараа 60-70 хувь нь гэдэг нь мэдрэгдэж байна лээ? -Хүмүүс янз бүрээр л дүгнэж байгаа нь тодорхой. Гэхдээ Н.Энхбаяр дарга бол зөвхөн МАХН-ын хүчирхэг, оюунлаг лидерээс гадна Монголын улстөрд нэгэнт орон зайгаа баттай эзэлсэн хамгийн нөлөө бүхий улстөрч, бие хүн шүү дээ. Н.Энхбаяр дарга бүсийн зөвлөлгөөнүүд дээр МАХН-ын гишүүд дэмжигчид, ер нь Монголын нийт ард түмэндээ хандсан нэлээн дэлгэрэнгүй үг хэлж байгаа. Тэдгээр үгийг анхааралтай уншиж, доторх санааг нь тунгааж ойлговол энэ хүний аль хэр зангаргатай улстөрч, улс эх орныхоо маргаашийг хэрхэн харж, ард түмнийхээ амжиргааг сайжруулахаар жинхэнэ ажил хэрэгч, туйлын оновчтой бодлого боловсруулж явааг нь мэдрэх болно. Зүүн, баруун, говийн бүсийн чуулга уулзалтаас дүгнэлт хийж явахад манай иргэд сонгогчид МАХН-ын дарга Н.Энхбаярын дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр, бодлого чиглэлийг маш халуун дотноор дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлж байсан нь ирэх сонгуульд бид ихээхэн амжилттай оролцох боломжтойг харуулж байна. -Н.Энхбаяр дарга Ховдоос Дорнод хүртэлх босоо тэнхлэгийн төмөр зам тавъя гэсэн уриалга гаргасан байна лээ. Үүний тулд шаардлагатай 17.5 тэрбум ам.доллар болон 150 мянган хүнтэй найман хоттой болж, жилдээ 3000 МгВат цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг болохын тулд нийтдээ 60 тэрбум ам. доллар хэрэгтэй, түүнийг Тавантолгойгоос босгож болно гэсэн байсан. Энэ ер нь аль хэр үндэслэлтэй тооцоо вэ? -Ер нь МАХН УИХ-ын сонгуульд оролцохдоо одоогийн эрх баригчид болон МАН шиг огтхон ч биелэгдэх боломжгүй, ард түмний тархийг угаасан популист амлалт өгч, шоудаж байгаагүй. Яахав зүгээр өнөөдрийн суудлынхаа хэмжээнд дэвшүүлсэн зорилтоо биелүүлэх нөхцөл бололцоо үнэхээр хязгаарлагдмал байгааг Монголын нийгэм тэртэй тэргүй харж, мэдэрч л байгаа. Тухайлбал 2012 оны сонгуулиар “Шударга ёс” эвсэл 10 гаруйхан суудал авсан ч нэг нөхөр замын дундаас урваж шарваад алга болчихсон. Хэдийгээр бид 2012 оны сонгуульд богино хугацаанд чамлахааргүй амжилттай оролцсон хэдий ч хойшдоо бүрэн найдвартай биелэгдэх хэмжээний мөрийн хөтөлбөр боловсруулж, маш амжилттай оролцох бэлтгэлээ хангасаар байгаа юм. Баруун бүсийн зөвлөлгөөн дээр Н.Энхбаяр даргын дэвшүүлсэн дээрх зорилт болон бусад тодорхой асуудлууд үндсэндээ 2016 оны сонгуульд оролцох МАХН-ын мөрийн хөтөлбөрийн гол чиг шугам болно гэж ойлгож болно. Өнөөдөр Монгол Улсад дэд бүтцийн хөгжлийг нэн тэргүүнд тавьж байж бид ХХI зууны үсрэнгүй хөгжлийн тухай ярих боломжтой болно шүү дээ. Давын өмнө алслагдсан аймгуудаа дэд бүтцийн найдвартай сүлжээнд хамруулж байж Монгол Улс энэ өргөн уудам нутаг дэвсгэрээ адил тэгш хөгжүүлж, хүн ардынхаа амжиргаанд санаа зовох зүйлгүй болно. Иймээс хамгийн эхлээд бидэнд хөндлөн чиглэлийн төмөр зам хэрэгтэй байна. Түүнчлэн Оюутолгойгоос авах ашгийн татварыг эрс нэмэгдүүлэх, Тавантолгойг тэр чигээр нь ард түмний мэдэлд шилжүүлэхийн тулд бид маш идэвхтэй ажиллах ёстой. Бүсийн зөвлөлгөөнүүд дээр яригдсан эдгээр асуудлууд 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН-ын баримтлах гол чиг шугам болж мөрийн хөтөлбөрт тусгагдах юм. Саяхан надтай нэг хүн уулзаад “МАХН шиг ийм ойлгомжтой, тодорхой сонгуулийн мөрийн хөтөлбөр ярьж байгаа нам алга” гэж ярьж байна лээ. Магадгүй эрх баригчид болон МАН-ын хоорондын зөрчил тэмцэл ихээхэн хурцдаж байгаа энэ үед МАХН ард түмнийхээ язгуур эрх ашгийг нэгдүгээрт тавьж, 2016 оны сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэй, ямар зорилготой орох юм гэдгээ одооноос маш тодорхой ярих ёстой юм. -Н.Энхбаяр дарга “Мянганы зам” хөтөлбөр дэвшүүлэхэд тодорхой улстөрийн хүчнүүдийн зүгээс “Мянгуужингийн үлгэр” хэмээн хүлээж авч байсан бол өнөөдөр Тавантолгойг ард түмний мэдэлд шилжүүлэх асуудлыг “Яагаад ч бүтэхгүй үл гүйцэлдэх үзэл санаа” хэмээж байна. Та энэ асуудалд ямар хариулт өгөх вэ? -МАХН-ын дарга Н.Энхбаярын тухайн үедээ дэвшүүлж байсан санаа, хэлж байсан үг болгон нь өнөөдөр зайлшгүй чухал, хэрэгжих бүрэн үндэстэй бодлого, хөтөлбөр байжээ гэдгийг амьдрал бэлээхэн харуулж байна. Монголын ард түмний нуруун дээр байсан Их өрийг хэрхэн маш амжилттай барагдуулав. “Мянгуужингийн үлгэр” хэмээн тохуурхаж байсан хөтөлбөр нь хэрхэн амжилттай хэрэгжиж, одоо зургаа долоохон аймаг Улаанбаатартай холбогдох үлдчихээд байна гээд амьдрал харуулж байна шүү дээ. Тухайн үед өнөөдөр 60-70 хувь нь ажил хэрэг болчихоод байгаа “Мянганы зам”-ын бүтээн байгуулалт өрнүүлэх санааг Н.Энхбаяр даргаас өөр хэн олж харсан юм. Хэн анх ийм ажил хэрэгч, зоригтой санаачлага дэвшүүлж өнөөдөр ажил хэрэг болчихоод байгаа юм. Тавантолгойг ард түмний мэдэлд шилжүүлэх нь бүтэшгүй мөрөөдөл гэж яаж хэлж чадаж байна аа гэж өнөөдрийн эрх баригчдаас хатуухан асуумаар байна. Тавантолгойг Монголын ард түмний мэдэлд шилжүүлэх гэснээсээ болж Н.Энхбаяр дарга хэрхэн хэлмэгдэж зовж зүдрэв. Яаж тамлуулав. Ард түмэн сохор биш шүү дээ. Өнөөдөр Монгол төрийн дээд сэнтийд заларч суугаа ганц нэг хүний өшөө хорсол, атгаг санааны золиос болж эрүүл мэнд, өчнөөн зүйл хийж амжуулах ямар их цаг хугацаа, нөөц боломжоо алдав. Ингэснээрээ Ц.Элбэгдорж хожоогүй, Монголын ард түмэн л хохироод үлдэж байгаа юм. Оюутолгойг Рио Тинтод бэлэглэж, Тавантолгойг тарамдуулан хувааж идэх гэхэд нь Н.Энхбаяр зам дээр нь хөндөлсчихөөд хөдлөхгүй байсан байхгүй юу. Хэрэв МАХН-ын дарга Н.Энхбаяр байгаагүй бол Тавантолгойг аль эрт тасчиж хуваагаад идчих байсан. Н.Энхбаяр гэж ийм нэг зангаргатай, ард түмнийхээ төлөө эцсээ хүртэл зогсож чаддаг, жинхэнэ эх оронч удирдагч байснаараа Оюутолгой, Тавантолгойг тэр чигээр гадна, дотны тонуулчдад тавиад алдчихалгүй өнөөдрийг хүргэсэн гавьяатай юм шүү. Тийм учраас Тавантолгойг ард түмний мэдэлд шилжүүлэхийг “Огт бүтэхгүй хоосон мөрөөдөл” гэж цуурхал тарааж байгаа хэдхэн олигарх бол жинхэнэ эх орон ард түмнээсээ урвасан, ханаж цадахгүй шуналынхаа төлөө юу ч хийж мэдэх, хэнийг ч хэлмэгдүүлж чадах луйварчин, дээрэмчид гэж л хэлэх байна. Та бүхэн мэдэж л байгаа. “Женко” Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нар телевизийн нэвтрүүлгээр нэлээн ойлгомжтой ярьж, тайлбарлаж л байсан. Түүний дараахан УИХ-аас ажлын хэсэг томилогдож Тавантолгойн асуудлаар тодорхой дүгнэлтээ гаргачихсан. Үнэхээр Монголын эрх ашгаас урвасан, хуйвалдааны гэрээ хэлцэл байгуулчихсныг нь ард түмэн хэнээр ч заалгахгүй мэдэж байгаа. Үүний дараа Дубайн гэрээ гэж бас нэг бөөн хуйвалдаан, хулгай луйврын гэрээ байгуулагдсныг манай УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар маш тодорхой тайлбарлан яриад л байгаа шүү дээ. Үүнийг яагаад авч хэлэлцдэггүй юм. Ер нь Тавантолгойг яагаад ард түмний мэдэлд шилжүүлэхийг үхэн хатан эсэргүүцээд байгааг Ц.Элбэгдорж нараас маш нухацтай асуух цаг болсон. МАХН, түүний дарга Н.Энхбаяр нар бэлээхэн болж бүтэх зүйлийг л ярьж байгаа. -“МАХН бол ганц хүний нам, зөвхөн Н.Энхбаярын мөнгөөр санхүүжүүлэгдэж байгаа” гэсэн яриа явдаг. Ер нь танай нам өдөр тутмынхаа үйл ажиллагааг хэрхэн, хаанаас санхүүжүүлдэг юм бэ? -МАХН бол Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй улстөрийн томоохон хүчин. Тийм учраас аливаа ялгаварлан гадуурхах, хяхалт хавчилганд өртөх учиргүй юм. Аливаа нам болгон өөрийн дүрэм, мөрийн хөтөлбөр, бодлого чиглэлтэй. МАХН-ын өдөр тутмын үйл ажиллагааны санхүүжилт цэвэр сайн дурын үндсэн дээр хийгдэж байгаа. Бид улсын төсвөөс санхүүжилт авч чадахгүй байна. Нөгөөтэйгүүр төрөөс төрсөн тэрбумтан, баян тарган хүмүүс нь ч манайд алга. Гэхдээ бид 2016 оны сонгуульд хэрэгжих бүрэн үндэслэлтэй, тооцоо судалгаа сайтай мөрийн хөтөлбөртэй оролцож, улмаар томоохон ялалт байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа болохоор манай намын дотоод асуудалд зарим улстөрийн хүчин, хувь улстөрчдийг тэгтлээ их битгий санаа зов гэж зөвлөмөөр байна. Ямар ч байсан өнөөдөр МАХН-ын санхүүжилт хэвийн, элдэв бохир мөнгө хутгалдаагүй цэвэр гэдгийг л зарчимтайгаар хэлчихье. -Сүүлийн үед МАН-ын Ж.Сүхбаатар тэргүүтэй улстөрчид МАХН-д элссэн тухай яригдаж байна. Та бүхэн МАН-ын гишүүдийг нэлээн сүрхий даллаж байгаа юмаа даа янз нь? -Бид учиргүй даллаж, дуудаад байгаа зүйл байхгүй. Ж.Сүхбаатарын хувьд Т.Бадамжунайгийн идсэн уусныг дэлгэснээрээ багагүй хяхалт, хавчилганд орсон юм билээ. Хэвлэл мэдээллээр намаасаа гарсан талаар мэдээлсэн байна лээ. Тэгэхээр зөвхөн Ж.Сүхбаатар ч биш зөв үзэл бодолтой, зөв шударга үйлсийн төлөө явж байгаа олон гишүүд МАН-аас манай руу ирэх нь тодорхой. Ганцхан МАН-аас ч бус өөр бусад намаас ч 2016 оны сонгуулийн өмнө МАХН руу маш олон улстөрчид ирнэ гэдэгт би 100 хувь итгэлтэй байна. -Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авснаар Н.Энхбаяр дарга 2016 оны сонгуульд өрсөлдөх эрх нь хаагдсан гэж ойлгож болох уу? -Ер нь бол Өршөөлийн хуульд тавьсан Ц.Элбэгдоржийн хориг бол нэг л хүнд буюу МАХН-ын дарга Н.Энхбаярт л зориулагдсан хориг шүү дээ. Товчхондоо атгаг санаа, шунал хүслийг нь төдийгөөс өдий хүртэл хориглосоор, хөндөлссөөр ирсэн Н.Энхбаяр гэдэг хүнтэй хийж байгаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өш хонзонгийн тэмцэл юм л даа. Харамсалтай нь Ц.Элбэгдоржийн өш хонзонгийн цаана хэдийгээр эрх чөлөөгөө хасуулсан ч гэсэн Монголын олон мянган иргэн хохироод хоцорч байна. Гэхдээ цаашдаа Н.Энхбаяр гэдэг хүнийг байнга яллаад, өш хонзонгоо аваад байх хууль эрхзүйн орчин нь ч байхгүй болох байлгүй дээ. Цаг үе бидэнд харуулна даа. Төрийн өндөр албан тушаал хашиж байгаагаараа түрий барьж улстөрийн хүчтэй өрсөлдөгчдөө өш хонзон санаж, тооцоо бодон хэлмэгдүүлдэг явуургүй үйл ажиллагааг Монголын улстөрөөс эгнэгт зайлуулах ёстой. Харин Н.Энхбаяр дарга 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх хууль эрхзүйн бүрэн чадамжтай гэдэгт би хуульч хүний хувьд итгэлтэй байна. Тэгээд ч Монголын улстөрчдийн дунд хамгийн сүүлд явуулсан судалгаагаар Н.Энхбаяр дарга рейтингээрээ хоёрдугаарт л жагсаж байгаа юм билээ. Харин их сүрхий цээжээ дэлдээд байдаг хүмүүс нэлээн хойгуур л жагссан байсан. Энд нэг зүйлийг зориуд тэмдэглэн хэлэхэд мөнхийн Ерөнхийлөгч, мөнхийн хууль зүйн сайд гэж хаана ч байдаггүй, харин хүн л үлддэг юм шүү. -МАХН-ын дотоод эв нэгдэл ямархуу байгаа вэ. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүг Н.Энхбаяр даргын туслах асан, БОНХ-ийн дэд сайд Б.Тулга боож унагаснаас болж төрийн хамгаалалт аваад байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ? -Би хоёуланд нь хэлсэн. Төрийн өндөр албанд ажиллаж байгаа хүмүүст хувийн соёл, маш чанд сахилга хариуцлага байх ёстой юм. Энэ хоёрын хоёулангийнх нь буруу. Ялихгүй зүйлээс болж маргалдаж, заамдалцаж аваад дараа нь фейсбүүк, твиттерээр зарлаад байх нь үнэхээр утгагүй, намын нэр хүндэд ч харш зүйл. МАХН-ын хувьд намын ахмад залуу үе, эмэгтэй эрэгтэй гишүүдийнхээ эв нэгдэлд ихэд санаа тавьдаг. Ер нь гурван цагийн хэлхээсэнд л бидний бүх үйл ажиллагаа зангидагддаг. -Сүүлийн үед УИХ-ын дарга З.Энхболд болон МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын тохиролцоогоор Ч.Сайханбилэгийн Засгийн газар огцорно гэсэн яриа төрийн ордын хонгилоор нисэлдэх болсон. Энэ талаар та сонссон л байлгүй? -/Инээв/. Сонсоогүй гэж худлаа хэлэхгүй. Гэхдээ нэг зүйлийг зориуд тэмдэглэн хэлэхэд өнөөдөр болж бүтэхгүй байгаа бүхэндээ, ордны хов живэндээ Н.Энхбаяр гэдэг хүний нэрийг битгий ашиглаад байгаач ээ. Энэ хүнийг түр ч гэсэн тайван байлгаач ээ. Энэ Засгийн газрыг бүрдүүлж байгаа нэг улстөрийн хүчний дарга хүн тэр танхимыг нураах гээд хэн нэгэнтэй тохиролцоо хийгээд явж байх уу, та нар нэг жаахан эрүүл ухаанаар бодоод үз дээ. Ийм нэг үнэхээр хөгийн, ямар ч утгагүй зүйлээр хөөцөлдөхөө болио гэж тодорхой улстөрийн хүчин, бүр тодруулбал нэр бүхий хэдэн улстөрчдөд хэлчихье. МАХН-ын нарийн бичгийн даргын хувьд Н.Энхбаяр дарга ийм арчаагүй жаахан улстөр хийгээд гүйж явдаг удирдагч биш гэдгийг л хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Эх сурвалж:

Томуугийн эсрэг улирлын вакциныг хийж эхэллээ
Томуугийн эсрэг улирлын вакциныг хийж эхэллээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.