ХҮҮХЭД ХҮЧИНДДЭГ ЭРЧҮҮДИЙГ АГТАЛЖ ЗАСЪЯ‼️
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 20 секунд
ХҮҮХЭД ХҮЧИНДДЭГ ЭРЧҮҮДИЙГ АГТАЛЖ ЗАСЪЯ‼️

ХҮҮХЭД ХҮЧИНДДЭГ ЭРЧҮҮДИЙГ АГТАЛЖ ЗАСЪЯ‼️

Бага насны охидын цуврал хүчирхийлэгч тодорсон тухай зүрх зүсч сэтгэл сэрхийлгэсэн мэдээг сонсоод би ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй гэж бодлоо. Бид хийхгүй бол хэн, одоо хийхгүй бол хэзээ гэж?

Хууль мухардах цагт
Бага насны хүүхдүүд бузарлаад байгаа этгээдийг цаазал, дүүжил гэж сошиалаар нэг цухалдацгааж байна. Гэхдээ хуультай улс хуулиа л дагана. 2015-2016 онд улсын хэмжээнд 298 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Хуулийн байгууллагад мэдэгдсэн нь энэ. Шүүхээс оногдуулсан ял шийтгэлийн байдлыг авч үзвэл: 2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар 73 шүүгдэгчийг 3.5-24 жилийн хугацаагаар хорих /үүнээс 4 хэрэг нь завдалтын/, 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 шүүгдэгчийг 5-20 жил хорих, 2002 оны Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлд зааснаар 35 шүүгдэгчийг 3.6-9.6 жилийн хугацаагаар хорих, 2002 оны Эрүүгийн хуулийн 122 дугаар зүйлд зааснаар 2 шүүгдэгч тус бүрийг 9.7 сая төгрөгөөр торгох, 1 жил 6 сар хорих, 2002 оны Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.3 дахь хэсэгт зааснаар 1 шүүгдэгчийг 5 жил 1 сар хорих, 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийг 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 шүүгдэгчийг 1.1-4 жил хорих ялаар тус тус шийтгэсэн байна. Эдгээр хүмүүсийн дотор бэлгийн хүчирхийлэлд хоёр дахь удаагаа холбогдсон 20 хүн бэлгийн хүчирхийлэл дахин үйлдсэн байна.

Дээрх хоёр жилийн судалгаанаас үзэхэд нийт бүртгэгдэн шалгагдсан гэмт хэргээс 49-ийг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон байна. Энэ төрлийн гэмт хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж, шийдвэрлэх явц удаан, хохирогчоос олон дахин мэдүүлэг авах, эмзэг асуудлыг нь удаа дараа сөхөх зэргээр сэтгэл санааны дарамтад оруулдаг, нөгөө талаас гэмт хэрэг үйлдэгчийн ихэнх нь гэр бүл, хамаатан, ураг төрлийн холбоотой хүмүүс байдаг учир янз бүрийн дарамт шахалтаас шалтгаалж хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад хүүхэд гомдлоосоо татгалзах, эсхүл шүүхийн шатанд хэргийг хэрэгсэхгүй болгох явдал их гарч байна гэжээ.

Хүний эрхийн үндэсний комисст хандаж иргэн Н 2016 онд “2012 оны 4 дүгээр сард Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бага насны дөрвөн эрэгтэй хүүхдийн гурвыг нь хүчиндэж, нэгийг нь дээрэмдсэн ноцтой гэмт хэрэг гарсан. Уг гэмт хэргийг 3 шатны шүүх шийдвэрлэхдээ хуулийн хүрээнд үнэн бодитойгоор шийдвэрлээгүй, хохирлыг бүрэн гүйцэд нөхөн төлүүлэх шийдвэр гаргаагүй” гэж гомдол гаргажээ.

Бусад улсын хуулийг сөхлөө. ОХУ-д хүүхэд хүчиндэгчид Эрүүгийн хуулийн 131, 132 дугаар зүйлээр 8-20 жил хорих ял өгдөг бол Германы Эрүүгийн хуулинд 5 сараас 10 жилийн хорих ялтай ажээ.

Химийн тариа тариад хөнгөлөх
Педофил бол нэг төрлийн өвчин. Хүүхдийн булбарай биеийг хармагц секс сэрэл төрөх нь сэтгэцийн эмгэг юм. Насанд хүрээгүй хүүхдийг секст уруу татах эмгэгийг педофил гэдэг. Баталгаатай эмчилж чаддаггүй эмгэг юм. Миний бодлоор ийм хүмүүст тариа хийж хүүхдэд дахин аюул учруулахгүй болгох нь хамгийн зөв хувилбар гэж боддог. Бага насны хүүхдийг хүчиндсэн этгээдийг антиандроген бүхий химийн тариа тариад хөнгөлдөг энэ аргыг олон оронд хэрэглэдэг. Энэ нь АНУ-ын Техас муж шиг хүүхэд хүчирхийлэгчийг шууд мэс заслын аргаар засчихдаг аргаас арай энэрэнгүй билээ. Техаст мал хөнгөлдөг хадганд боосон нарийн үзүүртэй нимгэн хутга шиг хурц мэс заслын хутгаар засаад тайган болгодог гэсэн. Бид мал хөнгөлөх бахь хайгаад явалтай биш.

Цаг алдалгүй хуулинд оруулцгаая
Мал хөнгөлөх тухай ярьдаг байсан талын нүүдэлчид бид хүн хөнгөлөх тухай ярихдаа тултал хүмүүсийн ааш догширч араншин эвдэрч өөрчлөгджээ. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн утас 108 дугаарт өдөрт 500 орчим дуудлага ирдэгийн 63 дуудлага тутмын нэг нь хүүхэд хүчирхийллийн дуудлага байдаг гэнэ. Нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас “Хүүхдийн хүчирхийлэлд өртөж буй байдал-2014” судалгаанд хамрагдсан охидын 15 хувьд нь тэдний эмзэг газар болох хөх, бэлэг эрхтэнд хүрч, биедээ албаар хүргэх, хөвгүүдийн 13.5 хувьд нь хэн нэгэн түүнд бэлгийн харилцааны талаар бичиж, ичээж зовоох зэрэг бэлгийн хүчирхийлэл үзүүлж байсан гэжээ.

Монгол Улсын хэмжээнд нийтдээ 887,639 өрхөд 1 сая хүүхэд амьдарч байна. 2015 онд 145, 2016 онд 187, 2018 онд 285, 2019 оны эхний улирлын байдлаар 70 орчим хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртжээ. Хүүхэд хүчиндэх тохиолдол жил бүр нэмэгдэж байна. Тиймээс цаг алдалгүй хүүхэд хүчиндэгчийг химийн тариа тариад хөнгөлөхийг хуулинд оруулъя.

С. ОДОНТУЯА 

 
Их аваргын “экс” амраг А.Урангоо ээж болох гэж буйгаа олонд дэлгэлээ
Их аваргын “экс” амраг А.Урангоо ээж болох гэж буйгаа олонд дэлгэлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.