Н.Цэнгэлжаргал: Үзэгчдийг гайхшруулсан, часхийсэн мюзикл амилуулах юмсан гэж хүсч явдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
17 минут 31 секунд
Н.Цэнгэлжаргал: Үзэгчдийг гайхшруулсан, часхийсэн мюзикл амилуулах юмсан гэж хүсч явдаг

Н.Цэнгэлжаргал: Үзэгчдийг гайхшруулсан, часхийсэн мюзикл амилуулах юмсан гэж хүсч явдаг

 

“Тооцоогүй тоглоом” нэртэй дэлгэцийн гурав дахь уран бүтээлээ үзэгчдэд хүргэхээр зэхэж буй “Хувьсал” продакшин шинэ залуу жүжигчдийнхээ авьяас чадвараар гайхуулах болсон билээ. Тус продакшины ирээдүй хойч үе гэгдэж буй авьяаслаг залуу уран бүтээлчдийн эгнээнд багтсан Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Н.Цэнгэлжаргалтай уулзаж ярилцлаа. Өнөө цагийн чадварлаг уран бүтээлчидтэй мөр зэрэгцэн хөдөлмөрлөж яваа жүжигчин бүсгүйг уншигчид маань дэлгэцийн хэд хэдэн бүтээлээр нь сайн мэдэх биз ээ.

-Тун удахгүй шинэ киноныхоо нээлтийг хийх гэж байна. Таны хувьд, дэлгэцийн хэд дэх уран бүтээлд тооцогдох бол..?

-Юуны өмнө, ярилцлагыг маань уншиж байгаа уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. “Тооцоогүй тоглоом” кино маань миний хувьд, дэлгэцийн дөрөв дэх уран бүтээл. Хамгийн анх “Чонын алтан шагай” олон ангит уран сайхны кинонд тоглосон. Мөн Соёл урлагийн их сургуульд хамт байсан ангийнхантайгаа цуг “Амьдралын амт” кинонд тоглолоо. Түүний дараахан “Жексон амьд” инээдмийн кинонд тоглосон доо.

-Дүрийн тухайд гэвэл, өмнө нь ихэвчлэн амьдралын зовлон жаргалыг туулж мэдэрсэн эгэл жирийн бүсгүйд хувирдаг байсан санагдана. Энэ удаа өөрийгөө “эвдэж” чадав уу, та?

-Тийм ээ, өмнө нь би ихэвчлэн эерэг талын дүрд тоглодог байсан л даа. “Тооцоогүй тоглоом” кинонд МУГЖ У.Уранчимэг эгч маань “Өмнөх дүрүүдээсээ арай өөрөөр харагдах хэрэгтэй байна” гэсний дагуу намайг Гүнжээ гэх эсрэг талын бүсгүйн дүрд хуваарилсан. Яг бодит амьдрал дээрхи Цэнгэлжаргал, киноны маань дүр болох Гүнжээ хоёрын хувьд эрс тэс хоёр өөр зан араншинтай хүмүүс. Би жаахан эршүүд зантай, илэн далангүй нээлттэй хүн шүү дээ. Гүнжээгийн хувьд маш их эмэгтэйлиг, энхрий ялдамхан бүсгүй учраас иймэрхүү зан чанар, төлөв байдлыг нь өөртөө “суулгахад” жаахан хэцүү байсан. “За, юун сүртэй юм. Адилхан эмэгтэй хүн мөртлөө тийм ялдамхан энэ, тэр байж чадахгүй байхдаа яадаг юм бэ” гэж зарим хүмүүс бодох нь мэдээж. Яалт ч үгүй, бодит амьдрал дээрхи зан чанар төдийгүй өдөр тутам өмсдөг хувцас хэрэглэл маань хүртэл цаанаа л нэг чөлөөтэй, спортлог болохоор Гүнжээгийн дүрд хувирах гэж их хичээсэн. Тиймээс үзэгчид маань энэ удаа Цэнгэлжаргалыг арай өөрөөр харагдах гэж оролдсоныг мэдрэх байх аа.(инээв)

-“Хувьсал”-ын хийсэн өмнөх хоёр киноноос “Тооцоогүй тоглоом” утга санаа, үйл явдлын агууламж эрс өөр гэдэг нь трейллерт харагдсан. Киноныхоо талаар уншигчдад маань сонирхуулаач?

-Ерөнхийдөө үзэгчдийн сонирхол татахуйц үйл явдал ихтэй кино. “Тооцоогүй тоглоом” киногоор дамжуулан бид бүхэн өнөөгийн нийгэмд хүн хүнээ хайрлах сэтгэл хэрхэн үнэгүйдэж, найз нөхдийн үнэнч үерхлийг хүртэл яаж худалдан урвуулж байгааг харуулахын сацуу мөнгөнөөс илүү хүчтэй басхүү үнэ цэнэтэй зүйл үгүй мэт амьдарч буй орчин цагийн зарим нэг залуусын сэтгэхүйг тусгасан хэрэг. Үзэгчдэд маань нэгийг хэлж, хоёрыг бодуулах өргөн утга санааг багтаасан кино гэхэд болно.

-Зураг авалтаа ид хүйтний улиралд эхлүүлсэн жүжигчид маань багагүй бэрхшээл амссан байх. Хэдий хугацаанд үргэлжилсэн бэ?

-Өнгөрсөн нэгдүгээр сарын 05-нд зураг авалтын ажил эхэлсэн. Яг нэг сарын хугацаанд хийж дуусгаад монтаж, эвлүүлгийн ажилдаа орсон л доо. Одоо бүх ажлаа дуусгачихаад ирэх тавдугаар сарын 08-нд дэлгэцэнд гаргахаар зэхэж байна. Бэрхшээлийн хувьд гэвэл, жавар тачигнасан идэр есийн хүйтэнд зураг авалтаа эхлүүлсэн болохоор их даарсан. Хотоос зайдуу газар болоод ч тэр үү, гадаа зураг авалт хийхэд нэлээд хүндрэлтэй байсан шүү. Ядахад би хавар намрын улиралд тохирсон өсгийтэй гутал өмссөнийг ч хэлэх үү. Хөлийн хуруунууд маань хөлдчих дөхөж билээ. Ганц би ч биш бусад жүжигчид, зураг авалтын нийт багийнхан маань ч бас их даарч байсан. Манайхан ч халуун цай, аарц буцалгаад зураг авалтын багийнханаа аль болох тав тухтай байлгахыг хичээж явсан. “Дэм дэмэндээ, дээс эрчиндээ” гэдэгчлэн ямар ч байсан өвлийн хүйтнийг давж зураг авалтаа дуусгасан даа.

-“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” кинонд “Хувьсал” продакшны тулгын гурван чулуу гэгддэг чадварлаг уран бүтээлчид маань тоглосон. Харин энэ удаагийн бүтээлээрээ шинэ залуу жүжигчдийнхээ авьяас чадварыг сорьж. Мэдээж хэрэг, залуу үеийнхэндээ өгч буй том итгэл бас боломж гэж харлаа?

-Тийм шүү, энэ удаагийн бүтээлээр дамжуулан “Хувьсал” продакшныхан маань залуу уран бүтээлчдээ дэмжиж ажилласнаараа их онцлогтой. Зарим нэг хамтлаг, продакшнуудыг хараад байхад ихэвчлэн “акул”-ууд нь өөрсдөө гол дүрд тоглож, шинэ залуу жүжигчдээ туслах дүрд тоглуулдаг тал анзаарагддаг. Харин манай продакшныхан, ялангуяа Урнаа эгч маань залуучуудыгаа маш их дэмжиж “Шинэ соргог зүйл юу байна” гэж тэднээс ихийг олж харж, сонсч мэдрэхийг хичээдэг. Өөрөө ч бас их залуу сэтгэлгээтэй хүн учраас тэгдэг байх. Бидний хувьд энэ кино асар их хариуцлага, бас өндөр боломжийг олгож байгаа азтай үйл явдал. Өөрсдийн ур чадвар, мэдлэг туршлагыг харуулах алтан боломж гэж хэлж болно.

-“Хувьсал” продакшин дуу бүжиг, кино, жүжиг гэх мэт олон төрөл жанрыг хослуулсан тайз, дэлгэцийн томоохон уран бүтээлүүдээр үзэгчдэд хэдийнэ танигдсан газар. СУИС-ийн анхны хөгжимт драмын ангийг төгссөний хувьд, энэ продакшинд орсноор танд өөрийгөө нээх боломж илүү их байгаа болов уу?

-Та их зөв олж харсан байна.(инээв) Сургуулиа төгссөний дараахан хөгжимт драмын ангийн маань цөөн хэдэн хүүхдэд УДЭТ-т ажиллах урилга ирж байлаа. Харин бид анхны хөгжимт драмын ангийг төгссөн, Монголд мюзикл урлагийг хөгжүүлэх хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдсөн ёстой л шижигнэсэн залуучууд байсан болохоор “Ангиараа хамтдаа байя” гэсэн шийдэлд хүрсэн. Тухайн үед “Хувьсал” продакшны ерөнхий захирал, продюссер Г.Цоггэрэл ах маань “Та нарыг ангиар чинь авъя” гэсэн санал тавьсны дагуу бид 2005 онд орж байлаа. Хамгийн анхны уран бүтээл болох “Чамайгаа алдмааргүй байна” жүжиг маань үзэгчдэд маш сайн хүрсэн шүү дээ. Хэдийгээр найруулагч, жүжигчдийн хувьд бага зэргийн түгшүүртэй байсан ч анхны гараагаа амжилттай эхэлсэн гэж боддог юм. “Дөнгөж сургуулиа төгссөн, хэний ч танил бус, ямар нэг карьер байхгүй залуу жүжигчдийг хүмүүс хүлээж авах болов уу” гэсэн түгшүүр тээж явсан нь үнэн. Энд манай найруулагчаар ажиллаж байсан Д.Оюунсүрэн эгчийг дурдах нь зүйтэй л дээ. Д.Оюунсүрэн эгчтэй хамт ажилласан нь миний хувьд тайзан дээр биеэ хэрхэн авч явахаас эхлээд л жүжигчний уран чадвар гэх мэт СУИС-аас олж авсан дөрвөн жилийн мэдлэгээ бататгаж, уран бүтээлдээ хэрэгжүүлэхэд томоохон сургуулилт бас туршлага болж өгсөн. Тухайн үед Д.Оюунсүрэн эгчээс маш олон зүйлийг сурч мэдэж авсан. Үүнд би  маш их баярлаж явдаг. Өмнө нь зарим нэг хошин урлагийн хамтлаг, продакшнуудаас хамтарч ажиллах санал тавьж байсан ч хүлээж аваагүй. Миний сонирхол арай өөр драмын жүжигт ажиллахыг хүсч мөрөөддөг гэх үү дээ. “Хувьсал” продакшин маань ч энэ бүх боломжийг бидэнд олгодог. Драмын жүжиг, кино гээд олон төрөлд авьяас чадвараа сорьж байгаа, цаашид мюзикл жүжиг гэх мэт төлөвлөсөн ажлууд ч олон байна. Энэ мэт хэтийн зорилгоо бид нар байнга ярилцдаг л даа.

-2005 оноос хойш “Хувьсал”-д тууштай байж чадсан болов уу. Бараг арван жил өнгөрчихөж?

-Ангийнхантайгаа хамт “Хувьсал” продакшинд хоёр жил ажиллаад тарцгаасан. Түүнээс хойш жүжигчний ажлаа хэсэг хугацаанд завсарлаад гадаадад амьдарсан үе бий. Эргэж ирээд УДЭТ-т жил гаруй ажилласны дараа МУГЖ У.Уранчимэг, СТА Д.Ганцэцэг, СТА А.Ганчимэг нартайгаа хамт шинэ киноны ажлаа эхлүүлж, “Хувьсал” продакшныг зорьсон доо.   

-Нууц биш бол, ямар ажлаар харийн орныг зорьсон юм бэ. Хэдэн жил амьдарсан бол..?

-Гурван жил гадаадад амьдарсан л даа. Хөх хотын “Гүө Хан” гэдэг дөрвөн одтой зочид буудалд амьд хөгжмийн хамтлагтай Орос, Хятад, Англи дуу дуулдаг байсан. Хөгжимт драмын ангид маань дуу, бүжиг, жүжиг, хөгжим гээд л урлагийн олон талын хичээл заадаг байсан болохоор бид нар их азтай улс. Би өөрөө дуулах хоббитойг ч хэлэх үү, гадаадад дууныхаа чиглэлээр ажиллаж байгаад ирсэн.

-“Хувьсал”-ын дэргэд байгуулагдсан “Эволюшн” хамтлагт та харьяалагддаг уу?

-Тэр хамтлагт би байдаггүй юм.(инээв) Бямбаа, Баярмаа, Ариунаа гурав маань харьяалагддаг. Миний хувьд олон арга хэмжээ хөтөлдөг. Түүний хажуугаар хуучны хит дуунуудыг өөрийнхөө хоолойны цар хүрээ, диапазон, онцлогт тааруулаад дуулдаг.

 -Жүжигчнийхээ хувьд, жинхэнэ тэсрэлт хийх ямар уран бүтээлд тоглохсон гэж мөрөөддөг юм бол... Драмынхан бол сонгодог жүжиг, киноныхон маань түүхэн бүтээл гэх байх л даа. Олон төрлийг хослуулж яваа гэдэг утгаараа таны хариулт  сонирхолтой байна?

-Уран бүтээлч хүнд тийм хүсэл мөрөөдөл байлгүй яахав. Дуу, бүжиг, жүжигчний ур чадварыг хослуулсан цогц мюзикл бүтээл дээр ажиллахыг хүсдэг. Тайзны бүтээл байлаа гэхэд дараа нь дэлгэцийн уран бүтээл болгосон ч болно шүү дээ. Тийм л нэг үзэгчдийг гайхшруулсан, часхийсэн мюзикл бүтээл амилуулах юмсан гэж боддог юм.

-Өөрсдийн гэсэн шинэхэн байранд төвхнөөд удаагүй байгаа. Арга хэмжээ зохиох, бэлтгэл сургуулилт хийх гээд олон талын боломжтой юм?

-Тэгэлгүй яахав. Саяхан манайх “Хувьсал” оффис, “Хувьсал” энтертайнмент, “Хувьсал” танхимтай боллоо. Бид нар өглөө болгон дасгал сургуулилт хийж, байнгын бэлтгэлтэй байдаг. Энэ тал дээр тамирчдаас бараг ялгарахгүй байх шүү. Жүжигчин хүн яг л баримлын шавар шиг уян хатан шинж чанартай байх ёстой гэдэг. Тэр ч утгаараа Монгол Улсын гавьяат багш, доктор профессор Р.Уртнасан багшийгаа урьж тайзны ярианы ур чадвар, хэл ярианы дасгалын хичээл орохоос өгсүүлээд хаана, хэнээс, юу сурах вэ гэж байнгын эрэл хайгуул хийдэг. Тиймдээ ч өглөө бүр ажилдаа эрч хүч, цог золбоотой ирдэг дээ. Миний хувьд, ажил руугаа яарч догдлоод л жигтэйхэн дуртай явна. Ажлын цаг дууссан ч байж л байна. Ямар сайндаа л, ээждээ “Гэрийн бараа хардаггүй, зочид буудалд амьдарч байгаа хүн шиг хэнэггүй. Осолдохгүй гэртээ ирж хонох юм даа” гэж зэмлүүлэх вэ дээ. Бидний ажилд цаг нар гэж байдаггүй шүү дээ.(инээв)            

-“Жүжигчин болсондоо бахархах үе олон байдаг уу” гэсэн асуулт байнга тавьдаг байх, танд. Харин эргэлзэж байсан уу гэвэл юу гэхсэн бол...?

-Заримдаа ч шантарч, эргэлзэх үе гардаг шүү. Ямарваа нэг уран бүтээл дээр ажиллах явцад шантрах юмуу хэцүү санагдах үе таарна. Ялангуяа жүжигчин болно гэдэг чинь эмэгтэй хүнээс их тэвчээр шаардсан мэргэжил шүү дээ. Тухайн үед хэцүү санагдсан зүйл дээрээ шантрах үе байсаан, байсан. Тэр уран бүтээлийнхээ ард гарсан хойноо “Юундаа ч тэгж бодож байсан юм бол. Ингээд болчих зүйлийг чинь” гэж инээд хүрдэг. Нэг хэсэг тэгж боддог байсан ч, одоо больсон. Энэ мэргэжлээрээ эргэлт буцалтгүй ажиллах нь тодорхой.

-Уран бүтээлээрээ өөрт буй авьяас чадварыг олонд таниулж чадсан. Гэхдээ тэр бүр хүмүүсийн мэдэхгүй хүсэл сонирхол тань юу байв?

-Би ер нь нэлээд спортлог хүн. Сагсан бөмбөг, волейбол тоглох дуртай. Одоо бас юм бичиж сурах талаар бодож байгаа. “Бусадтай л адилхан, дутах зүйл юу ч байхгүй мөртлөө би яагаад бичиж чадахгүй гэж” гэсэн бодол төрөх болсон. Тэгэхийн тулд нэлээд зүйл уншиж судлан тархиа хөгжүүлж, цэнэглэх шаардлагатай байна.

-Гавьяат жүжигчин У.Уранчимэгийг залуу жүжигчдэд “Урмын ташуур болж чадсан гайхалтай эмэгтэй” гэж үнэлдэг юм билээ. Та хэрхэн тодорхойлох вэ?

-Урнаа эгч маань их зөв хор шартай хүн. “Эмэгтэй хүн хэн нэгнээс хараат байх ёсгүй. Өөртөө итгэлтэй, эрх чөлөөтэй, хүчирхэг байх ёстой” гэж ярьдаг учраас тэр үү, Урнаа эгчээс маш их эрч хүч мэдрэгддэг юм. Уран бүтээл дээр өндөр зохион байгуулалт, үүрэг хариуцлага, сахилга батыг биднээс шаарддаг. Амьдрал дээрээ Урнаа эгч маань алхам тутамдаа зөвлөгөө өгч, сэтгэлийн урам зориг хайрладаг. Ийм хүний дэргэд ажиллаж, энэ хүнээс суралцаж яваадаа би их баяртай байдаг. Жүжигчин гэдэг чинь хүн судлалын мэргэжил шүү дээ. Урнаа эгч маань түүнд бүрэн “нэвтэрсэн” гэхэд болохоор. Хэнийг ч хараад сэтгэл санааны байдал, хүсэл бодлыг нь мэдчихдэг асар өндөр мэдрэмжтэй. Түүнээс нь бид нар бас суралцаад л явж байгаа, сурч дуусахгүй байх л даа.

-“Хувьсал”-ынханыг хэрхэн тооцоогүй “тоглох”-ыг харах гээд тэсэн ядан хүлээж байгаа үзэгчдэд нээлтийн арга хэмжээний талаар сонирхуулахгүй юу?

-Ирэх тавдугаар сарын 08-нд бүх кинотеатруудад нээлтийн арга хэмжээ болно. Мөн “Хүннү молл” цогцолбор төвд зохион байгуулагдах юм. Нээлтийн үеэр бид нар үзэгчиддээ зориулж сюрприз бэлдсэн байгаа. Гэхдээ одоо дэлгэрэнгүй яриад яахав, нээлтийн өдөр гэнэтийн бэлэг барьсан нь дээр.

-Бодит амьдрал дээр та хэр зэрэг тооцоотой хүн бэ?

-Заримдаа тооцоотой ч юм шиг, зарим үед тооцоогүй ч юм шиг... Аливаа зүйл хоёр талтай гэдэг шиг. Үүнийг би яг дунд нь л үлдээнэ. Аль болох алдахгүйг л хичээж явна даа. Харин зарим нэг хүний тооцоонд “өртчихсөн” явж л байсан шүү.(инээв)

Ярилцсан Р.МӨНГӨН

PHOTONEWS.MN

ҮЙЛ ЯВДАЛ: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хамгийн эхний орон сууцны барилга ашиглалтад орно
ҮЙЛ ЯВДАЛ: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хамгийн эхний орон сууцны барилга ашиглалтад орно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.