Орон сууцны үнэ буурсан ч иргэд худалдаж авч чадахгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 31 секунд
Орон сууцны үнэ буурсан ч иргэд худалдаж авч чадахгүй байна

Орон сууцны үнэ буурсан ч иргэд худалдаж авч чадахгүй байна

Монголбанкнаас орон сууцны үнийн өсөлтийн индексийн судалгааг олон нийтэд танилцууллаа. Судалгаанд орон сууцны үнэ ямар байгааг 4408 орон сууцны мэдээллийг цуглуулжээ. Уг судалгаанаас иргэдийн сууц худалдан авах чадвар буурсан бөгөөд үнэ нь унасан гэсэн дүгнэлт гарчээ.

Харин энэ байдал удаан үргэлжилвэл орон сууцны үнэ нэлээд буурч, тогтворжих нь ажиглагдсан бөгөөд орон сууцны худалдан авалт тааруу байгаа нь сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Орон сууцны үнэ өмнөх оны мөн  үетэй харьцуулахад 6.7 хувиар буурчээ. Мөн зах зээлийн дундаж үнэлгээгээр шинэ орон сууцны нэг ам.метр талбайн үиэ 2 сая 170 мянган төгрөг байгаа нь өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 4,8 хувиар, хуучин хоёр өрөө байрны дундаж үнэ 96 сая 28 мянган төгрөг болжээ. Энэ нь мөн оны өмнөх үетэй жишэхэд 5.8 хувиар буурсан юм.

Ингэснээр нийслэлд борлуулагдаж байгаа орон сууцны үнийн өсөлт найм дахь сардаа дараалан буурч байгаа юм. Мэргэжлтнүүдийн таамаглаж буйгаар энэхүү үнийн уналт цаашдаа ч үргэлжлэх хандлагатай байгаа.

Өмнөх онуудад тогтмол өсөлттэй буюу дунджаар 28 орчим хувиар өсч байсан орон сууцны үнэ сүүлийн хэдэн сарын хугацаанд тогтмол унах болсон шалтгааныг янз бүрийн өнцөгөөс тайлбарлаж байна. Үнэ унахад нэлээд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Хамгийн ихээр нөлөөлсөн зүйл нь эдийн засгийн хямрал юм.  Макро эдийн засгийн өсөлт удааширсан нь орон сууцны үнэ буурах нэг шалтгаан болсон бөгөөд цаашдаа ч буурах магадлал үүсгэчихлээ. Эдийн засгийн өсөлт саарах болсны гол шалтгаан нь гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ буурч, нийт эдийн засагт гаднаас болон дотоодоос нийлүүлэгдэж байгаа мөнгөний хэмжээ багассанаас үүдэлтэй гэж эдийн засагчид тайлбарлаж байгаа. Мөн төрийн зүгээс хямд үнэтэй орон сууц захиалан бариулж эхэлсэн нь өндөр үнэтэй орон сууц авахгүй байх гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлж эхэлсэн нь ч үүнд хамаатай. Засгийн газраас найман хувийн хүүтэй зээлд иргэдийг хамруулж хямд үнээр орон сууцуудыг борлуулж байгаа. Гэтэл тэрхүү хэрэгжүүлсэн найман хувийн хүүтэй зээлд хамрагдах санхүүгийн чадавхитай хэсгийн эрэлт дуусах тийшээ хандсан зэрэг нь орон сууцны худалдан авалтыг байхгүй болгож улмаар үнэ буурахад нөлөөллөө.
Ийнхүү үнэ тогтмол буурч байгаа нь худалдан авалт буюу төлбөрийн чадвартай эрэлт үгүй болсонтой шууд холбоотой юм. Нэг талаасаа үнийн дүн буурч байгаа гэсэн сайхан мэдээ байгаа мэт боловч аясаараа биш зохиомол үнийн уналт нийгэмд бий болоод байна. Яагаад гэвэл орон сууцны худалдаа өнгөрсөн жилүүдээс харьцангуй буурсан. Хөнгөлөлттэй зээлийн асуудлаар төр засгаас шат дараалсан оновчтой бодлого хэрэгжүүлэхгүй бол ард иргэдийн амьдрал хямдралтайг нь авч чадахаа болилоо.

Ер нь хямд зээл, хямд үнэ нь зах зээлдээ харин ч сөргөөр нөлөөлөх хандлагатай байгаа. Борлуулалтгүй болсон барилгын компаниуд авсан зээлээ төлж чадахгүй, авсан ажилчдынхаа цалинг өгөх боломжгүй болно. Ийм байдал үргэлжилэх юм бол манай орны барилгын салбарт АНУ-д үүсч байсан шиг үнээс үүдэлтэй хямрал үүсч болох юм. Энэ нь одоо яригдаад байгаа валютын урсгалаас хамааралтай төлбөрийн тэнцлийн хямралаас ч аюултай нөхцөл байдлыг эдийн засагт үүсгэх болно. Орон сууцны үнэ буурсан нь таатай мэдээ хэдий ч төлбөрөө 100 хувь төлөөд байр авах нь байтугай урьдчилгаагаа ч дийлэхгүй, урьдчилгаа нь байлаа ч банкны шалгуурт тэнцэхгүй иргэдэд нэг их хамааралтай биш гэсэн үг. Тиймээс төр зөв бодлогоор иргэдээ орон сууцжуулахаас өөр аргагүй юм.

Саяхан Засгийн газраас иргэдэд олгож буй ипотекийн зээлийн урдчилгаа төлбөрийг 10 хувь болгохоор шийдвэрлэсэн. Одоо ганцхүү журам батлагдахыг л хүлээх үлдсэн. 30 хувийг төлөөд орон сууцанд орох иргэдийн тоо дууссан учир боломж бололцоо тааруу иргэдэд ийнхүү дахин нэг боломж олгож байгаа нь сайн хэрэг. Харин энэхүү ажлаа зөв зохистой хийх нь чухал. Энэ шийдвэрийг дагаад үнийн хэт өсөлт, банкны шалгуур болон магадгүй төр өөрөө ч өрөнд орох магадлалтай. Тиймээс бодлогоо зөв тодорхойлох цаг болсон.

Г.Бат

Эх сурвалж: Zaluu.com

Бяцхан охин уушгины бяцралт, тархины цус харвалтаас болж амиа алдсан гэв
Бяцхан охин уушгины бяцралт, тархины цус харвалтаас болж амиа алдсан гэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.