Р.Бурмаа УИХ-ын гишүүнээсээ татгалзсан нь “толгоом”юм уу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
2 минут 58 секунд
Р.Бурмаа УИХ-ын гишүүнээсээ татгалзсан  нь “толгоом”юм уу

Р.Бурмаа УИХ-ын гишүүнээсээ татгалзсан нь “толгоом”юм уу

Өчигдөр Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа нэгэн гэнэтийн шийдвэр гаргав. Тэрбээр “давхар дээлээ”  тайлж, УИХ-ын гишүүнээсээ татгалзаж байгаагаа мэдэгдлээ.  Хуучнаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яамыг  толгойлж байсан Х.Баттулга өнгөрсөн хавар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “УИХ-ын гишүүн нь аль нэг яамны сайдын үүрэг ажлыг давхар хашихгүй байх” санаачилгыг дэмжиж сайдын сэнтийгээс буусан юм. Түүний оронд Ш.Түвдэндорж цөөн сар сайдын албанд “тухалсан”. Дараа нь харин Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, Ч.Сайханбилэгийн Засгийн газар шинэ бүтэц бүрэлдэхүүнээр ажиллаж эхлэхэд тэрхүү “давхар дээл”-ийг хамгийн их эсэргүүцэгч гэгдэж байсан УИХ-ын гишүүн Р.Бурмаа Хүнс, хөдөө аж ахуйн яамыг толгойлох болсон. Түүнийг сайд болмогц  нь АН-ын жирийн гишүүдээс  түүн рүү  “дайрч”,  зарим нь АН-ын гишүүнээсээ татгалзаж байгаагаа цахим хуудсаар дамжуулан илэрхийлж байв.  Тэд гол нь Р.Бурмаа хэлсэндээ хүрсэнгүй, өөрөө  “давхар” дээлтэй болж  намирууллаа хэмээн эгдүүцсэн  юм. Энэ мэт шахалтаас босон уу, эсвэл өөр учир шалтгаан гарсан уу, Р.Бурмаа гишүүн УИХ дахь эмэгтэй гишүүдийнхээ зөвлөл дээр ярилцаад ингэж шийдлээ гэх ухааны юм ярьсаар сэтгүүлчдийн өмнө  “Би үлдэж байгаа нэг жил хагасын хугацаанд сайдынхаа ажлыг дагнаж хийхээр болсон тул УИХ-ын  гишүүнээсээ татгалзаж байна” гэлээ. Мөн “намын нэрсийн жагсаалтаар УИХ-д орж ирсэн тул намайг гарч явахад араас орж ирэх хүн бол Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ  юм”  гэсэн. Харин УИХ-ын дарга З.Энхболд “Р.Бурмаа гишүүн УИХ-ын гишүүнээс татгалзах өргөдөл гаргаагүй, гаргасан бол хүлээн авах хүн нь би”  гэв.  УИХ дахь намын бүлгийн дарга, дэд дарга нар нь  “УИХ-ын гишүүнээс татгалзах эсэх нь бүлэг дээр ярьж шийдэх асуудал биш” гэсэн хариу өгч байна. Тийм ээ, намын бүлэг шийдэхгүй, УИХ-ын чуулган шийднэ. Юутай ч  Р.Бурмаа сайд яаран ийнхүү УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөхөө олон нийтэд зарлав. УИХ-ын дарга З.Энхболдод тэр өргөдлөө өгөх биз. Гэхдээ түүний энэ алхамыг зарим ажиглагчид “Энэ бол түүний ээлжит тоглоом” гэж байна. “Дан дээл”-тэй болж намирахдаа араасаа Б.Мэдрээг УИХ-ын гишүүн болгох найраа хийсэн нь гарцаагүй болов уу.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

Маршалыг цагаатгах төсөл
Маршалыг цагаатгах төсөл "Сонгуулийн шоу" биш
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.