Горьдох буюу хөх хавдах эмгэг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 19 секунд
Горьдох буюу хөх хавдах эмгэг

Горьдох буюу хөх хавдах эмгэг

Жирэмсэн эсвэл хөхүүл эхчүүд тун яльгүй зүйлд горьдож хөх нь хавддаг. Эмнэлгийн хэлээр мастит гэнэ. Хөхөнд сүү орохоос эхлээд, хүүхэд нь өлсөж буй эсэхийг эх хүн зөнгөөрөө мэдэрдэг нь мэдрэлийн их нарийн процесс явагдаж буй хэрэг. Тиймээс хөхүүл эх горьдох төдийд сүүний булчирхай цочирч, сүүний урсгал саатан түгжирдэг гэсэн үг. Тухайн эхийн сэтгэл хөдлөлийн байдал, зан чанараас хамааран хөхний хавдар их, бага, эсвэл амархан горьдоо нь гарах эсэх хамаарна. Ихэвчлэн горьдоог нь тайлсны дараа бараг өргөс авах мэт илааршдаг. Хэрэглэж заншсанаар бол горьдоосон хүн нь ямар нэг байдлаар хуурвал үр дүн нь илүү сайн. Энэ нь горьдсон эх уг хүнээс л горьдоог арилгах хууралт ирнэ хэмээн хүлээлт үүсдэгтэй холбоотой. Горьдоог даруйхан гаргахгүй удваас сүүний суваг дахь түгжрэл нэмэгдэн сүү нь өтгөрч улмаар буглах нь бий. Ялангуяа залуу эхчүүдийн хувьд хүүхэд хөхүүлэх бэлтгэл хөхөндөө сайн хийж амжаагүй байгаа бол хөхний толгой хагарч, шархалдаг. Уг шархаар идээлүүлэгч нян нэвтэрч орох боломж байнга бий болдог юм. Ер нь жирэмсэн болон хөхүүл бүсгүйчүүдийн сэтгэл санаа ердийн үеийнхээс илүү тогтворгүй болсон байдаг тул гэр бүлийнхэн нь халамж анхаарлаа сайн тавьж, тайван, санаа зовохгүй байлгахыг хичээх нь зүй. Сэтгэл хямрах үед цусанд адреналин болон бусад фермент ихээр ялгарах учир судас огцом нарийсах, өргөсөх нь бий. Түүнээс улбаалан хөхний сүү саатан түгжирдэг гэж ойлгож болно.

Мастит зөвхөн жирэмсэн, төрсөн гэлтгүй эмэгтэйчүүд, эрчүүдэд ч тохиолдох нь байдаг. Шинж тэмдэг андашгүй. Хөх орчмоор өвдөж, хавдах ба улмаар суганы булчирхай цочин  өндөр халуурна. Хөх идээ татаж эхэлбэл тухайн хэсэгт час час хийтэл өвдөх ба яваандаа хөхний аль нэг хэсэгт арьс улайн дарж үзэхэд маш хөндүүр болдог. Тухайн үед нь эмчилгээ хийлгэхгүй бол улайсан хэсэг хөх туяа татаж, арьс нь нимгэрэх ба дарж үзвэл дор нь шингэн байгаа мэт бэмбэлзэх нь мэдрэгдэнэ. Хүний биеийн эмгэгийг эсэргүүцэх чадварын үр дүнд идээ буглаа арьсны гадаргууд хамгийн ойрхон хэсэг рүү түрэгддэг. Арьс нимгэрсэн энэ үед нь хөхөх үйлчилгээтэй наалт, тос бүхий боолт хийж өөрөөр нь гадагшлуулах нь бий. Гэхдээ эмнэлэгт хандаж, идээг хурдан гадагшлуулан буглаа байсан хөндийг сайтар цэвэрлэх нь буглаа дахин үүсэхээс сэргийлдэг. Мастит хөхний толгойн хагаралтай хамт явагдсан эсвэл түүнээс үүдэлтэй бол хүүхдээ хөхүүлэхийг түр зогсоох нь зүйтэй байдаг. Учир нь хөхний сүүтэй хамт идээний хэсэг хүүхдийн ходоодонд орох аюултай. Хэдийгээр үүнээс болоод хүүхэд өвдөж, хавдахгүй ч гарч болзошгүй халдвараас сэргийлэх нь илүүдэхгүй. Хөхний толгой хагарсан бол бүлээн усаар угааж, цэвэрлэн, зориулалтын тос түрхэх хэрэгтэй. Бариу хөхөвч хэрэглэх нь шархалсан хэсэг наалдах гээд байдаг. Хөхний толгойн хэсгээр хамгийн түрүүнд хоолойн архаг ангина, хорхойтсон шүд, арьсан дээр гаргасан идээт гүвдрүү, хатиг үүсгэгч нянгууд амархан нэвтэрч буглуулдаг юм. Тиймээс төрөхийн өмнө эмчид сайн үзүүлж, эдгээр өвчнөө эмчлүүлэх, халдваргүй болгох арга хэмжээг авахуулах нь зүй. Хөх хавдсан үед эмчид үзүүлэлгүй хүйтэн жин тавих, хамаагүй шахах, баавгайн савраар маажих зэрэг дом эмчилгээ хийлгэх нь хүндрэл үүсгэж болзошгүйг анхаар. Дом эмчилгээнүүд нь үндсэндээ сэтгэл засал эмчилгээний л нэг хэлбэр байдаг болохоор хөнгөвтөр тохиолдолд үр дүнгээ өгөх нь бий. Хөх нь хавдсан, хөхний толгой нь хагарсан үед сүүгээ сайн сааж байхгүй бол үлдэгдэл сүү өтгөрч буглах магадлалыг өндөрсгөдөг. Маститаас сэргийлэхийн тулд хөхөө сайн цэвэрлэж, эмчийн заавраар арчлахын дээр хэт бариу хөхөвч хэрэглэхгүй байхыг зөвлөдөг. Бас хөхний даруулга огт хэрэглэхгүй байх нь тийм ч сайн арга биш. Цамцанд байнга үрэгдэн арьсыг гэмтээж болзошгүй.     

 “Эрүүл мэнд” гэр бүлээрээ унших номоос   

Эх сурвалж: MNB.MN

Жүжигчин Р.Оюунтуул Чинтэнгис хүүд туслах аяныг эхлүүллээ
Жүжигчин Р.Оюунтуул Чинтэнгис хүүд туслах аяныг эхлүүллээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.