Тост, Тосон Бумбын нурууны төлөө нутгийн иргэд эцсээ хүртэл тэмцэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 43 секунд
Тост, Тосон Бумбын нурууны төлөө нутгийн иргэд эцсээ хүртэл тэмцэнэ

Тост, Тосон Бумбын нурууны төлөө нутгийн иргэд эцсээ хүртэл тэмцэнэ

Сүүлийн жилүүдэд алтны төлөөх дажин улам ширүүсэх төлөвтэй болоод байна. Алт угаасаа хүний аминд халтай гэдэг. Энэ нь хүн төрөлхтний түүхийн гашуун баримтуудаар баараггүй нотлогдсон хамгийн сургамжтай дүгнэлт юм. Манайд өдгөө хаа сайгүй алт, бусад баялгийг ухаж цөлмөн, байгаль орчин юу ч үгүй сүйрч, хүний амь үрэгдсээр байна.  Тост, Тосон бумбын нуруунд амьдарч буй цөөн хэдэн ирвэсийн хувь заяаны төлөө хорин долоохон настайдааа амь эрсэдсэн, биологич  Т.Лхагвасүмбэрэл агсаны  учир битүүлэг хэргийн талаар байгальд ээлтэй, элэгтэй хүн бүхэн сэтгэл зовинон дурсаж сууна. Түүний үхлийн шалтгааныг өдгөө олон хүн Тост, Тосон Бумбын нуруунд лиценз эзэмшсэн компаниуд болон цагдаагийн ажилтнууд, ялангуяа УИХ-ын гишүүүн Б.Чойжилсүрэн нарын зэрэг хүмүүстэй холбон үзэж, шударгаар шалгуулахыг хүссээр байгаа ажээ.

 Талийгаачийн төрсөн дүү Т.Мөнх-Оргил өөрийн цахим хуудсандаа “Амиа хороосон байж болзошгүй, өөрийгөө алах гэж оролдсон гэх мэт байж боломгүй юм яаж зохиож чадаж байна аа. Цагдаа олоогүй бичлэгийг аав нь олсон, сэжигтэй гэж ч байх шиг. Төрүүлсэн, өсгөсөн аав нь л юм чинь хүүгийнхээ төлөө утасны бичлэг битгий хэл өөр илүүг олохын төлөө явахгүй яадаг юм. Худлаа биш үнэн. Зарим нэг төрийнхөн гэж бодлого л ярьж суухаас биш бодитой ажил хийдэггүй. Үүнийг Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Цагдаагийн тасгийн дарга н.Төрбат гэгч этгээдээс эхлээд тод томруун харагдаж байна” хэмээн бичсэн байлаа.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон Бумбын нуруунд Хятад, Монгол нийлсэн олон компанийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох гэж иргэний байгууллагууд чадлаараа л зүтгэж байгаа билээ. Ирвэс хамгаалах сан болон бусад иргэний байгуулагуудын тэмцэлийн үр дүнд харин 2017 онд Засгийн газрын тогтоолоор Тост, Тосон Бумбын нуруунд хилийн зааг тогтоон, 754.8 мянган га-г байгалийн нөөцөд багтааж, тусгай хамгаалалтанд авсан юм. Тэгээд хамгаалалтын бүсэд багтсан 6 компанийн лицензийн эрхийг өөр  газарт шилжүүлэхээр болсон. Гэвч ингээд бүх юм сайн сайхан болчихсонгүй. Нутгийн иргэд анх хамгаалалтын хилийн бүсийг 890.000 га байхаар тооцож, хүсэлт гаргасныг Засгийн газар нь хасаж танасаар байгаад тийм багаар баталсан нь одоо жинхэнэ гай болж байна.

Тост, Тосон Бумбын нурууны тусгай хамгаалалттай тэрхүү бүсийн гадна үлдсэн гэх алт, нүүрсний лицензтэй компаниуд  бий. Жишээлэхэд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Саут гоби коэл транс” компани хамгаалалтын бүсэд хамааралгүй болж, одоо улам даварч байна. Тус компанийн эзэмшиж буй талбай нь Тост, Тосон Бумбын нуруунд үлдсэн цөөн хэдэн ирвэс хоол тэжээлээ олж иддэг хэсгээс нэлээд зайтай гэдгээр шалтаглан байгалийн нөөцөд хамааралгүй үлджээ. Б.Чойжилсүрэнгийн  компанийн ашигт малтмал ухах эрхийг хэвээр үлдээх лобби, хуйвалдаанууд дээгүүрээ их хүчтэй өрнөж, тийнхүү хамгаалалтын хилийн заагт  оролгүй үлдсэн байв. Тиймээс нутгийн иргэдийн гомдолоор үүссэн шүүхийн маргаанд Б.Чойжилсүрэн нь сүүлдээ ялагч болон тодорчээ. Уг нь мань эрийг ингэж оодруулах ёсгүй байсан юм. Учир нь ирвэсүүд амьд үлдэхийн тулд тэр хавийн бүх уул, толгод, хад асгаар хэрэн хэсдэг онцлогтой. Өөрөөр хэлбэл, Б.Чойжилсүрэнгийн компанийн лицензтэй талбайд ирвэс орж ирэхгүй гэсэн баталгаа огт байхгүй юм билээ. Харамсалтай нь шүүх мөн ялгаагүй тус компанийн лоббид өртөж орхих нь тэр. Ингээд Б.Чойжилсүрэнгийн  “Саут гоби коэл транс компани” одоо тэнд алт, нүүрс ухахаар уухайлан дайрч, хөрс хуулалтын ажлаа үндсэнд нь эхэлчихээд байгаа ажээ.     

“Саут гоби коэл транс” компани анх ашиглалтын хайгуул хийхийн тулд нутгийн иргэдээс зөвшөөрөл авах ёстой байсан боловч Гурвансэтийнхнийг үл тоож, хэнээс нь ч асуугаагүй байлаа. Хуулиараа бол хайгуул, ашиглалтын ажлыг нутгийн иргэд мэдэж шийдэх учиртай. Нөгөөтэйгүүр, Б.Чойжилсүрэнгийн энэ компанийн эзэмшиж буй талбайд ирвэс, бусад ан амьтан, мал сүрэг чөлөөтэй идэж ундаалах ховор ургамал, байгалийн үзэсгэлэнт газар, баян бүрд, булаг шанд элбэг юм.  Гэтэл Б.Чойжилсүрэнгийн  улангассан шуналаар энэ бүхэн сүйрээд дуусах юм байна. Нутгийнхан нь түүний ийм их нүгэл хилэнзэд харамсан гашуудаж суухаас аргагүй болов бололтой. Гэхдээ нутгийн иргэдийн нэлээд хэсэг нь Б.Чойжилсүрэнг эсэргүүцэн, эцсээ хүртэл тэмцэхээ илэрхийлж байгаа ажээ.

О.Баяр 

Шуурхай.мн 

Нийслэл, дүүргүүдийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүн хуралдлаа
Нийслэл, дүүргүүдийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүн хуралдлаа
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.