А.БАЯРЗАЯА: МОНГОЛ ОХИД НАТУРАЛ ШАРГАЛ АРЬСТАЙ МӨРТЛӨӨ ЦАГААН КРЕМ ТҮРХДЭГ НЬ ХАМГИЙН ТОМ АЛДАА
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
8 минут 10 секунд
А.БАЯРЗАЯА: МОНГОЛ ОХИД НАТУРАЛ ШАРГАЛ АРЬСТАЙ МӨРТЛӨӨ ЦАГААН КРЕМ ТҮРХДЭГ НЬ ХАМГИЙН ТОМ АЛДАА

А.БАЯРЗАЯА: МОНГОЛ ОХИД НАТУРАЛ ШАРГАЛ АРЬСТАЙ МӨРТЛӨӨ ЦАГААН КРЕМ ТҮРХДЭГ НЬ ХАМГИЙН ТОМ АЛДАА

Make up art­ist, инстаграмын од А.Баярзаяатай ярилцлаа.


-Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн гэж сонссон. Чухам яагаад make up artist болохоор шийдсэн юм бэ?

-Хэл, уран зохиолын хичээлдээ илүү дуртай, бичиж найруулах чадвар сайн, ном унших хоббитой байсан болохоор сэтгүүлч мэргэжлийг сонгосон. Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн сэтгүүл зүйн ангид элсээд төгсөхдөө найман сартай жирэмсэн байсан. Ингээд гэртээ хүүхдээ харах хугацаанд өөрийн цахим хуудсаараа нийтлэлүүдээ бичдэг болсон. Сүүл рүүгээ артист тал руугаа илүү сонирхолтой, авьяастайгаа мэдэж, нүүр будалтын бичлэгүүд туршиж үзсэн. Яагаад ч юм арван жилд байхын хүмүүс надаар нүүрээ будуулдаг байсан. Анхны хүүхдээ төрүүлснээсээ хойш удалгүй дараагийн хүүхдээ төрүүлсэн учраас гэртээ дөрөв, таван жил байсан. Хүүхэд маань төрж гэртээ байх хугацаанд өөрийнхөө авьяасыг нээсэндээ баярладаг. Анх өөрийгөө маш их голсон. Будахдаа эвсэлгүй, эсвэл өөрийнхөө нүүрийг л буддаг байсан болохоор нүүр будаж болохооргүй юм байна гэж ч боддог байлаа. Маш их уналт босолтын үр дүнд одоогийн амжилтандаа хүрсэн.

-Эмч хүнд чагнуур нь чухал байдаг шиг танд будгийн багс их чухал байх?

-Тэгэлгүй яахав. Багсандаа зориулалтын америк ариутгал, цэвэрлэгээний саван хэрэглэдэг. Мөн шүршдэг ариутгагчийг ашигладаг. Шүршчихээд л шууд будаж болохоор хэт нордоггүй ч цэвэрлэгдчихдэг. Одоо үед үйлчлүүлэгч нар багсны болон ариун цэврийн тал дээр ихээхэн анхаарч шаардлага тавьдаг болсон. Иймд будаг болон багснуудаа цэвэрхэн байлгах тал дээр сайтар анхаардаг. Будалтанд ашиглагдах багс, порлонуудаа тэр дор нь цэвэрлээд байх завгүй үе ч бий. Тиймээс өдөрт хэд хэдэн ээлжийн хэрэгслийг бэлддэг дээ.

-Make up артист бүр онцлогтой байдаг. Та бусад артистаас юугаараа онцлог вэ?

-Артист болоод будалт хийхдээ их хурц, тод өнгүүдээр буддаг байсан. Жишээлбэл, ногоон, хөх, нил ягаан, шар гэхчлэн хүмүүсийн төсөөлөөгүй өнгөөр будалт хийдэг байлаа. Тухайн үедээ үйлчлүүлэгч нараасаа багагүй шүүмжлэл хүртэж байсан. Ер нь трэнд болж байгаа будалтанд баригдмал байхыг хүсдэггүй. Бүхий л төрлийн будалтыг чадварлаг хийж сурахыг эрмэлздэг. Нэг хэсэг чийгтэй, нойтон мэт будалтууд мөн натурал будах нь трэнд болж байсан. Миний хувьд Европ талын бага зэрэг хүнд будалт хийх дуртай. Үүгээрээ бусад артистаас онцлог байх. Хүмүүс ч гэсэн намайг европжуу будалт хийдэг учраас их дуртай ирж үйлчлүүлдэг.

-Сэтгэл шингэсэн зүйл цаанаа л өөр байдаг шүү дээ. Нүүр будахад нүүрний будагнаас илүү мэдрэмж, ур чадвар чухал байх?

-Анх нүүр будах чадвараа сайтар эзэмшээгүй байж, нүүрний будагт их анхаарал хандуулдаг байсан. Нүүр будалтын бичлэг дээр хэрэглэсэн будгийг л аваад ашиглачихвал сайн будах юм шиг боддог байлаа. Нэг удаа үзсэн нүүр будалтын бичлэг дээрх будгийг захиалаад будгаа гар дээрээ авсан хойноо нүүрээ будахад нөгөө л өмнөх будалт байсан. Ерөөсөө ч сайжраагүй болохоор худлаа л юм байна гэж бодсон. Яг үнэндээ будганд бус миний чадвар ахиагүй тул нэг хэвийн байсан. Сэтгэл шингэсэн бүхэн амттай, чанартай болдог. Эргээд харахад хөмсөгийг ингэж л будах ёстой гэх баригдмал нэгэн хэвийн техникээр ажилладаг байж. Одоо бол би хийж байгаа ажилдаа бүх сэтгэлээ зориулдаг, хүн бүрийн царайны онцлогт тохируулан тохирсон будалтыг яаж хийх гэхчлэн бүтээлчээр сэтгэдэг болсон.

-Сүүлийн үед чанартай, чанаргүй олон артистууд гарч ирж байна. Монголд make up хэр хөгжиж байгаа вэ?

-Монголын make up нэг үеэ бодоход дэлхийтэй хөл нийлүүлэн алхах боломжтой болсон. Сошиал ертөнцөөр дэлхийн хэмжээнд нүүр будалт ямар түвшинд байгааг цаг алдалгүй үзээд сураад явах боломж нь бий. Салбар бүрт цаг хугацааны эрхэнд өөрийн мэргэжлийнхээ ур чадвараар ялгараад л ирдэг хүмүүс байдаг. Үүнтэй адил 30 гаруй жил make up артистаар ажилласан хэрнээ анх сурсан үеийн мэдлэгээрээ л цаашид яваад байх юм бол хичнээн чадварлаг ч аяндаа гологдох болно. Сүүлийн үед олон артистууд гарч ирсэн ч чанартайгаас илүү чанаргүй нь олон. Монголд make up-ын холбоо гэж байгаад артистуудыг үнэлэх цензуртай байсан бол илүү чадвартай боловсон хүчнүүд төрөх байсан болов уу. Нэг сарын сургалтад хамрагдчихаад би make up артист гээд явах хүмүүс их. Намайг салонаа нээгээгүй байх үед хүмүүс “Яагаад салонаа нээдэггүй юм бэ. Ийм мундаг артист байж” гэж хэлдэг байсан. Гэвч дөрөв таван жил хүмүүсийн нүүрийг будаад артистаар ажилласан ч гэсэн хувьдаа өөрийгөө голдог. Make up артист гэж хэлүүлэх арай л болоогүй, өшөө илүү сурах хэрэгтэй гэж боддог байсан. Одоо ч гэсэн би артист гэж хэлэхэд эрт байна.

-Гоёлын болон энгийн будалтын үнэ тариф ямар байдаг вэ?

-Хүмүүс гоёлын гэхээр хүнд төрлийн будалт хийдэг, энгийн будалт нь амархан байдаг гэж боддог. Гэвч ямар ч ялгаа байхгүй. Адилхан л хөмсөг, нүд, уруулыг нь будахад ижил процессоор, хариуцлагатай ажилладаг. Нэг нүдийг нь будчихаад нөгөөг нь орхидоггүй шиг гоёлын болоод энгийн будалт бүгд артистаас чадвар, сэтгэл зүрхээ зориулахыг шаарддаг. Иймд будалтуудаа 100 мянган төгрөгөөр үнэлж ажилладаг.

-Цаашдаа ямар ажлуудыг хийхээр төлөвлөсөн бэ?

-2020 онд төлөвлөсөн ажлууд коронавирусийн улмаас ирэх жил рүү шилжсэн. Гадаад руу make up артистаараа сурахаар явах гэж байсан ч цар тахлын улмаас хойшлогдсон. Коронавирус намжиж, хил нээгдэхээр явна. Хэрвээ боломж нь олдвол бизнесийн чиглэлээр сурахыг хүсч байгаа. Мөн гадны салонуудад ажиллаж туршлага хуримтлуулах болон өөрийн салонаа өргөжүүлэх гээд бодсон ажлууд их байна.

-Охид бүсгүйчүүдийн нүүр будалтаас ажиглагддаг нийтлэг алдаа юу вэ?

-Анх make up хийдэг байхдаа гадуур зөрж өнгөрөх эмэгтэйчүүдийн нүүрний будалтыг мэргэжлийнхээ онцлогийн хувьд их анзаардаг байсан. Тухайн үед найз охидтойгоо уулзах үед найзууд өөрсдийн будалтад их анхаарч ирнэ. Одоо бол харьцангуй ажиглаж харах нь багассан. Монгол охидын хувьд натурал шаргалдуу арьстай мөртлөө өөрсдөдөө тохироогүй, овортой харагдахуйц крем, хүндэвтэр будалтыг хийдэг нь хамгийн том алдаа байдаг.

С.ЛХАМСҮРЭН

А.ЗОЛЗАЯА

Б.Жавхлан: Иргэдийн цалинг одоо байгаа түвшнээс нэмэгдүүлэх ямар ч боломжгүй
Б.Жавхлан: Иргэдийн цалинг одоо байгаа түвшнээс нэмэгдүүлэх ямар ч боломжгүй
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.