Б.Батбаатарыг 97 хувийн саналаар ИЗНН-ын даргаар батламжиллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 51 секунд
Б.Батбаатарыг 97 хувийн саналаар ИЗНН-ын даргаар батламжиллаа

Б.Батбаатарыг 97 хувийн саналаар ИЗНН-ын даргаар батламжиллаа

Гуравдагчдын орон зайд томоохон байр суурь эзлэх ИЗНН өнгөрөгч бямба гаригт Их хурлаа зохион байгуулж, нийт гишүүдийн 93.7 хувийн саналаар Б.Батбаатарыг намын даргаар сонголоо. Учир нь өнгөрөгч зургаадугаар сард тус намын даргаар ажиллаж байсан УИХ, Засгийн газрын гишүүн асан, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг өөрийн хүсэлтээр ажлаа өгч, тус намын Дэд даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн асан Б.Батбаатарыг Үндсэн хорооны хуралдаанаар томилсон бөгөөд өдгөө Их хурлаараа бүх гишүүдийн саналаар сонгожээ. Ардчиллын гэх жилүүдэд нэг намын ноёрхол тогтож, үзэл санааны хувьд зөрчилтэй байсан бол Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр сонгуулийн тогтолцоог холимог буюу пропорцониаль системд шилжүүлсэн. Ингэснээр УИХ-ын гишүүдийн тоог нэмэн 126 болгож, намуудын босгыг гурван хувь болгож намсгасан. Ингэснээр сонгуулиар намын санал гээгдэхгүй, парламент нь олон намын төлөөллөөс бүрдэж, жинхэнэ ард түмний төлөөний байгууллага байж чадна гэсэн агуулга нь парламентын тогтолцоотой ардчилсан оронд яв цав тохирч байгааг сонгогчид төдийгүй судлаачид ч нэгэн дуугаар хүлээн зөвшөөрч байна.

Өнөөдөр Монгол Улсад бүртгэлтэй 36 улс төрийн нам бий бөгөөд эдгээр намууд бүгд л сонгуульд өрсөлдөнө. Гэхдээ сонгогчид улс төрийн тулхтай, туршлагтай улс төрийн хүчнийг дэмжинэ гэдгээ ч хэлэх болжээ. Тэгэхээр даргаа батламжлаад байгаа ИЗНН улс төрийн ямар туршлагатай, үзэл баримтлалтай юм гэхээр олон зүйл дурдах болно. Юуны өмнө ИЗНН нь Сонгуулийн санал өгөх хуудсан дээр дөрөвдүгээрт эрэмбэлэгдэнэ гэдэг нь олон жилийн өмнө байгуулагдаж байсан арвин түүхтэй гэсэн үг. Тус намын бусдаас ялгарах давуу тал нь байгуулагдсан цагаасаа парламент, Засгийн газрын түвшинд төлөөлөлтэйгөөр төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн туршлага бүхий улс төрийн хүчин. Тухайлбал, ИЗНН-ын даргаар ажилласан С.Оюун гэхэд УИХ-д гурав сонгогдож, Гадаад хэргийн болон Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар тус тус ажиллаж байсан бол мөн даргаар ажиллаж байсан Ц.Ганхуяг ч УИХ, Засгийн газрын түвшинд ажиллаж байсан туршлагатай юм. Өдгөө даргаар сонгогдоод байгаа Б.Батбаатарын хувьд ч дүүрэг, нийслэлийн хэмжээнд иргэдээ төлөөлөөд зогсохгүй УИХ-ын гишүүнээр ажиллахдаа Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар томилогдож байсан туршлага бүхий улстөрч.

Шинэ хуулийн тогтолцоогоор бол айсуй парламент олон намын төлөөллөөс бүрдэнэ. Тэгэхээр энд УИХ, Засгийн газрын хэмжээнд хүрч ажиллах зангараг бүхий удирдлагатай, гишүүдтэй улс төрийн хүчин хэрэгтэй. Түүнээс бус цахим орчинд эх орон, газар шороо хэмээн цээж дэлдсэн туршлага нимгэн нам тийм ч тус болохгүй гэдгийг сонгогчид хэлцгээж байна. Б.Батбаатарын хувьд ард түмний төлөөний байгууллагад дүүрэг, нийслэлээс эхлээд УИХ хүртэл дэвшин ажилласан хүний хувиар улс төрийн арвин түүхтэй ИЗНН-ыг удирдан сонгуульд ороход алзах зүйлгүй гэдгийг намынх нь гишүүд дэмжигчид нь хурлын үеэр онцолж байв. Тэрбээр урьд өмнө 2016, 2020 онд тус намын нэр дээрээс сонгуульд өрсөлдөж байсан ч намын санал ихээхэн гээгддэг хуучин тогтолцоонд бүдрээд байсан хэрэг болов уу. Уг нь ИЗНН нь анх байгуулагдахдаа оюулаг сэхээтнүүдээр хүрээлүүлж, хөрс сууриа тавьсан байдаг. Тиймдээ ч 16 жилийн турш УИХ, Засгийн газрын түвшинд төлөөлөлтэй, төрийн хэмжээнд байр сууриа хүргэсээр ирсэн төдийгүй өдгөө ч энэ хөрс сууриа бэхжүүлж, дээш нь өндөрлөсөөр яваа улс төрийн хүчин. Түүнээс бус өчигдөр байгуулагдаад өнөөдөр сонгуульд өрсөлдөх гэж байгаа нам биш юм. Үзэл баримтлалын хувьд ч ногоон хөгжлийг эрхэмлэсэн, нийгмийн баримжаатай дэвшилтэт нам гэдэгтэй маргах хүн байхгүй болов уу.

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

О.Эрдэнэтуул: С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч нь АН дотор байх нь гарцаагүй
О.Эрдэнэтуул: С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагч нь АН дотор байх нь гарцаагүй
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.