Аугаа Их Эх орны дайны төгсгөл буюу Зүүн хойд Хятадыг чөлөөлсөн дайны ялалтын 70 жилийн ой энэ онд тохиож байгаа. Монгол улсын хувьд энэ дайнд 9 отряд, таван чиглэлээр хүч хуралдуулан, 21384 цэргийг хоёр үндсэн чиглэлээр дашуувж, ялалтанд хүрснээр дэлхийн түүхэнд тусгаар тогтнолоо бататган харуулах чухал үйл явдал болсон гэдэг.
Энэ түүхэн үйл явдалтай холбогдуулан Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар энэ оны гуравдугаар сарын 9-нд Монгол улсын засгийн газрын 85 тоот тогтоол гарч Батлан хамгаалахын сайдаар ахлуулсан Ой зохион байгуулах салбар комиссыг зохион байгуулсан гэлээ.
Энэ ажлын хүрээнд Монгол улсын зөвлөлтийн дайчдын хөшөө дурсгалыг сэргээн засварлах , БНХАУ-ын нутагт байх Монгол дайчдын дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, хүүхэд залуучуудад таниулах баримтат түүхэн кино бүтээх, эрдэм шинжилгээний хурал, урлаг спортын ажил зохион байгуулах, дайнд оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн одоо байгаа бүх ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлж Чөлөөлөх дайнд зориулсан тусгай одон медаль гардуулахаар болсон байна.
Энэ үеэр Нийслэлийн цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатартай уулзаж удахгүй болох Эх орны ялалтын баярыг манайд хэрхэн тэмдэглэх талаар тодрууллаа.
Агуу их эх орны ялалтын парадад жил болгон ОХУ-аас ихээхэн ач холбогдол өгч ажилладаг. Тэгвэл, манай орны хувьд энэ баярын хүрээнд ОХУ-тай хамтарч ямар ажил зохион байгуулах гэж байна вэ?
ОХУ-ын Элчин сайд манай Хотын даргатай уулзаж, тодорхой хүсэлтүүдийг тавьсан байгаа. Жишээ нь, зургаан төрлийн хүсэлт тавьсан. Энэ зургаан хүсэлтийг манай талаас боломжтой гэж үзээд Нийслэлийн Засаг даргын ойг тэмдэглэх тухай 2015 оны А 337 тоот захирамж гарсан. Энэ захирамжаар бид нар тодорхой ажлуудыг зохион байгуулъя гэж байгаа юм.
Тодруулбал?
ОХУ-ын элчин сайдын тавьсан санал дотор талбай дээр Улаан талбайн парадыг зохион байгуулах үеэр олон үндэстний хоол хийх ч юм уу хээрийн гал тогоо ажиллуулъя гэсэн. Гэхдээ хуулийн хүрээнд хийх учир зарим хүсэлтийг хүлээж аваагүй. Тэдний хувьд ч манай хуулийн хүрээнд ажиллах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байгаа.
Ер нь бол Монгол улсын хэмжээнд энэ дайнд оролцож явсан 200 гаруй ахмад дайчид амьд сэрүүн байгаа. Тэдгээрийн дийлэнх нь буюу 195 нь Улаанбаатар хотод амьдарч байна. Тийм учраас орон нутгийн захиргааны байгууллагуудтайгаа хамтарч, ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ хийгдэнэ.
Хүндэтгэл үзүүлнэ гэхээр шагнал урамшуулал олгох уу?
2014 онд Халх голын ялалтын 75 жилийн ой болж өнгөрсөн. Үүгээр бид нар 75 жилийн ойн медаль гаргасан. Энэ бол яг агуу их орны дайн. Үүнтэй холбогдуулсан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины медаль гарсан. Энэ медалийг 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон бүх ахмад дайчдад ОХУ-ын элчин сайдын яамнаас өгсөн. Манайх бол Чөлөөлөх дайнтай холбоотой медалийг ирэх найм, есэн сард гаргахаар төлөвлөөд байна.
Тэгвэл, Агуу их эх орны дайны ялалтыг баярыг манайд яаж тэмдэглэх гэж байна вэ?
Улаан талбай руу манай телевизийн байгууллагынхан бас явж, шууд дамжуулах учраас бид нар талбай дээр лед дэлгэц байрлуулж байгаад арга хэмжээ зохион байгуулна. 14 цагаас үндсэн арга хэмжээ эхэлж, урлаг соёлын арга хэмжээ явагдана. Үүний дараа 16 цагт цэргийн парад албан ёсоор эхэлнэ.
Ярилцсанд баярлалаа.
Б.Хишигдэлгэр