Тусгаар тогтнол ба Казахстан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
10 минут 54 секунд
Тусгаар тогтнол ба Казахстан

Тусгаар тогтнол ба Казахстан

Б.ДАМДИН-ОЧИР

Хажууханд буун дуу гарч, самуун дэгдэв. Одоогоос 30 жилийн өмнө, 1991 оны арванхоёрдугаар сарын 15-нд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж байсан Казахстан улс 2022 оны нэгдүгээр сарын 5-наас үймж бужигнаж эхэллээ.

Энэ үйл явдал Казахстаны бүрэн эрхт, тусгаар тогтносон улс болоод яг 30 жил 20 хоносон өдөр эхэлжээ. Одоо тэнд харийн армиуд буучихсан “тохинуулж” байна.

Казахстан улс Дундад Ази, Дорнод Европыг дамнан оршиж, хойгуураа Оростой, зүүн урдуураа Хятадтай, урдуураа Киргиз, Укбекистан, Туркменистантай хил залгадаг. Монгол Улстай хил залгадаггүй. Гэхдээ хоёр хилийн шугам 37-хон км ойрхон. Тус улс 2 724 900 хавтгай дөрвөлжин км буюу Баруун Европын орнуудыг нийлүүлснээс том газар нутагтай. Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд есдүгээрт бичигддэг. Далайд гарцгүй хамгийн том орнуудын нэг. Ашигт малтмал, газрын тосны асар их нөөцтэй. Төв Азийн эдийн засгийн хамгийн монополь улс. ДНБ-ийхээ 60 хувийг нефть, хийн аж үйлдвэрийн салбараас бүрдүүлдэг. Нэг хүнд ногдох ДНБ нь 2020 оны байдлаар 9000 ам.долларт хүрч өссөн.

Казахстан бол ардчилсан дэглэмтэй, ерөнхийлөгчийн давуу эрх бүхий бүгд найрамдах засагтай. 17 сая хүн амтай.

2021 оны нэгдүгээр сарын 5-нд эхлээд шингэрүүлсэн хийн түлшний үнийг нэмснийг эсэргүүцсэн жагсаал болжээ. Касахстаны Засгийн газраас өмнөх өдөр нь Мангистау мужид литр шингэрүүлсэн хийн түлшний үнийг 60 тенгегээр нэмэх шийдвэрийг гаргасан байна. Эсэргүүцэх шалтгаан нь энэ болсон гэж үзсэн.

Гэвч эсэргүүцлийн жагсаал нь эмх замбараагүй явдал болж, Засгийн газар болон иргэдийн хооронд мөргөлдөөн үүссэн. Үүний улмаас ерөнхийлөгч Токаев Алматы хот, Мангистауд онц байдал зарласан. Улмаар зохих буултыг хийж, Засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурсан. Назарбаевыг Үндэсний аюулгүй байдлын комиссын даргаас нь огцруулж, энэ албан тушаалыг өөртөө авсан. Тэрбээр хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан иргэддээ “...Эсэргүүцлийн улмаас төрийн эрх нурж унахгүй. Казахстанд мөргөлдөөн биш, харилцан итгэлцэл хэрэгтэй. Мөн өдөөн хатгалгад автахгүй байхыг хүсье. Төрийн байгууллага, цэргийн байгууламж руу халдах нь хууль бус үйлдэл” гэж байв. Мөн шингэрүүлсэн хийн түлшний үнийг буцааж бууруулахыг амласан.

Гээд байдал дээрдсэнгүй. Олон казах амь үрэгдэв. Тиймээс ерөнхийлөгч Токаев Хамтын Аюул­гүй Байдлын Гэрээний Байгууллага/ХАБГБ/-ын орнуудаас тусламж хүссэн. Үүний дагуу Орос тэргүүтэй дээрх гэрээний орнууд Казахстанд цэргээ оруулаад байгаа юм.

Үүний дараа ерөнхийлөгч Токаев ард түмэндээ хандаж уриалга гаргажээ. Токаев уриалгаараа анхаарал татсан хэд хэдэн байр суурийг илэрхийлсэн.

Тэрбээр “...Миний бие хууль сахиулах, мөн цэргийн байгууллагуудад зөвшөөрөлгүйгээр гал нээж болохгүйг тушаал болголоо. Талууд хэлэлцээр хийж, асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг гадаад орнууд уриалж байна. Энэ маш утгагүй зүйл! Гэмт хэрэгтэн, алуурчидтай хэрхэн, яаж хэлэлцээр хийж болох юм бэ.Бид зэвсэглэж бэлтгэгдсэн дотоодын болон гадаадын дээрэмчидтэй нүүр тулж байна.Тодруулж хэлбэл, дээрэмчид болон террористуудтай. Тиймээс тэдгээрийг устгах ёстой.Үүнийг удахгүй хэрэгжүүлэх болно”,

“...ХАБГБ-ын дүрмийн баримт бичгийн үндсэн заалтуудын дагуу Казахстан улс Үндсэн хуулийн дэг журмыг зохицуулахын тулд энхийг сахиулах хамтарсан хүчин нэвтрүүлэхийг тус байгууллагын гишүүн орнуудын удирдагчдаас хүссэн билээ”,

“...ХАБГБ-ыг даргалж буй Арменийн Ерөнхий сайд болон Беларусь, Киргизстан, Тажикстаны ерөнхийлөгч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.Түүнчлэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд онцгойлон талархал илэрхийлье. Ерөнхийлөгч Путин миний уриалгад шуурхай бөгөөд хамгийн чухал нь маш нөхөрсгөөр хариу үзүүлээ. Мөн БНХАУ-ын ерөнхийлөгч, Узбекистан, Турк улсын ерөнхийлөгч нарт, мөн НҮБ болон бусад олон улсын байгууллагын удирдлагуудад дэмжлэг үзүүлсэнд талархаж байна”,

“...Хууль, дэг журмыг зөрчихөд өөрсдийгөө "чөлөөт" хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үздэг хүмүүс болон олон үндэстнээс бүрдсэн ард түмний маань үндсэн эрх ашгаас хол "гаднын хүмүүс" нөлөө үзүүлж, өдөөн хатгалга хийж байна. Энэхүү хариуцлагагүй демагогууд Казахстанд болсон эмгэнэлт явдлыг бий болоход нөлөөлсөн гэж хэлбэл хэтрүүлсэн болохгүй. Аливаа хэлбэрийн хууль бус үйлдэлд бид хатуу арга хэмжээ авах болно”,

“...Миний байгуулсан агентлаг хоорондын ажлын хэсэг зэвсэгт этгээдүүд болон террористуудыг хайж илрүүлж, тэдгээрийг баривчлах болно.Бүгдэд нь хатуу хариуцлага тооцно гэдгээ иргэддээ амлаж байна”,

“...Террористуудын нууц төлөвлөгөө, далд бэлтгэлийн талаар манай улс яагаад мэдээлэлгүй байсныг олж, ойлгох нь чухал юм. Зөвхөн Алматы хотод гэхэд л 20 мянган зэвсэгт дээрэмчид дайрчээ. Бүх бүс нутгуудад цэрэг, засаг захиргаа, нийгмийн байгууламж руу зохион байгуулалттай, байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалтай дайрч, хэт харгис, хэрцгий байдлаар халдсан оролдлого нь тэдгээрийн тодорхой төлөвлөгөөтэй байсныг харууллаа. Террористуудаас гадна үзэл суртлын хорлон сүйтгэх ажлыг сайн мэддэг, худал хуурмаг мэдээлэл түгээх аргыг сайтар эзэмшсэн, хүмүүсийн сэтгэл санаанд нөлөөлж үзүүлж чадахуйц мэргэжилтнүүд ажилласан байна. Тэднийг бэлтгэх, удирдах ажилд нэгдсэн командын баг ажиллаж байсан бололтой.Энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын комисс болон Улсын ерөнхий прокурорын газар тус тус ажиллаж байна” гэжээ.

Эндээс Казахстан цаашид хэрхэх нь тодорхой харагдана. Гэхдээ Казахстаны асуудал нэгэнт “сав”-наасаа хальсан. Эцсийн шийдлийг Казахстан өөрөө бус "гадна"-аас гаргаж мэдэх юм. Манай хойд хөрш зэрэг ХАБГБ-ын орнууд тус улсад энхийг сахиулж байна. Хойд хөршийн хэвлэлүүд, албан тушаалтнууд, экспертүүд Токаевтай адил дүгнэлийг хийж буй бөгөөд “..Нөхцөл байдал удахгүй сайжирна” гэж мэдээлж байна. Мөн баруун зүгээс аажим аажмаар Казахстаны төр засгийн авч буй арга хэмжээнд шүүмжлэлтэй хандаж эхэллээ. Өөрөөр хэлбэл, эхлээд Казахстанд хүний эрхийг зөрчиж байна гэсэн бол, залгуулаад Токаевийг эсэргүүцсэн мэдээллүүд “урсч” байна.

Товчлоод хэлэхэд, Казахстаны өнөөдрийн болоод маргааш хүрэх нөхцөл байдалд шууд дүгнэлт өгөх боломжгүй байгаа юм.

“Хойно”-оос гарч буй мэдээллийг харахаар “...Казахстанд террорист халдлага болж байна” гэж ойлгох ёстой болж байна.

Харин “баруун” зүгийн мэдээллээр “...Казахстаны ард иргэд дарангуйллын эсрэг тэмцэж байна” гэсэн ойлголт өгч байна. Үүнтэй зэрэгцээд “...Токаев гэж яг хэн бэ” гэдэг асуулт олон улсад тавигдлаа. Токаев бол 2019 онд Назарбаевийн залгамжлагчаар тодорч, ерөнхийлөгч болж байжээ. Тиймээс түүнийг 2021 оны нэгдүгээр сарын 5-ныг хүртэл “...Назарбаевийн үргэлжлэл” хэмээж байв. Харин энэ эсэргүүцлийн жагсаал эхлэхээс өнөөдрийг хүртэл гаргасан шийдэр, хийж буй алхам нь Токаевийг огт өөрөөр нээлээ.

Ямар ч байсан энэ үймээн самууны хэд хоногт Назарбаевийн 30 жил дуусч, Токаев Казахстаныг өөрийнхөөрөө удирдах гэж оролдож байгаа дүр зургийг дэлхий нийтэд харагдаж байна. Хамгийн гол нь Токаев онож явна уу, алдаж байна уу.

Үнэндээ Токаев гэхээсээ Казахстан улс энэ бүхний дараа “хэн” болж үлдэх вэ гэдэг юу юунаас илүү чухал юм. Хэн байхыг нь тодорхойлох бүрэн эрх, тусгаар тогтнолтойгоо үлдэж чадах уу.

Казахстаны хувьд дөнгөж өнгөрсөн онд Тусгаар тогтнолын 30 жилээ нижгэр тэмдэглэж өнгөрүүлсэн. Тэр үеэр “...Хүнд хэцүү замыг туулж, янз бүрийн бэрхшээлтэй тулж ирсэн. Тухайлбал, ЗХУ-ын дэглэм нуран унасны дараах хямралтай тулсан үе маш хүнд байсан” хэмээн тодорхойлж байв. Түүнчлэн ...Тусгаар тогтносон Казахстаны хөгжил бол түүхэнд анх удаа урт, богино хугацаанд хөгжлийн стратегиа тодорхойлсон явдал” гэж байлаа.

Бас “...Казахстаны хамгийн чухал нь үндэсний аюулгүй байдал, улс орны тогтвортой байдал, мэргэжлийн төр байгуулах юм” гэсэн чигтэй хөгжиж ирсэн хэмээн зарласан.

Харин өнөөдөр...

Хилээс хэдхэн км-ийн цаана ийн буун дуу гарч, үймээн самуун болж буй нь Монголын улс төр, эрх мэдэл хүссэн цөөхөн хэдэн хүний “юм”-ыг хөдөлгөсөн бололтой.

Цахим сүлжээнд Казахстанаар “гангарч”, нэрээ, зүсээ нууж, нөгөөдүүлээрээ “мик” хийж байгаад “...Гэртээ суусан монголчууд минь гудамжиндаа гар” хэмээн уриалж үзлээ.

Гэвч энэ бүхний цаана буй Монголын тусгаар тогтнол ийм хүмүүст хамаагүй бололтой. Уг нь “...Эвлэвэл бүтнэ” гэдэг монгол үг бий. Бас одоогоос дөрвөн жилийн өмнө дөө, төрийн өндрөөс өндөр албан тушаалтан эрхэм “...Талцал, хуваагдал монгол үндэстнийг мөхөл рүү чиглүүлж, бусдын идэш болоход л хүргэнэ” гэж хэлээд үг дуугүй буугаад явчихаж байсныг санаж байна. Ер нь тэгээд “...Тусгаар тогтнол гэдэг машид үнэтэй боловч маш эмзэг" гэдэг үнэн аж. Энэ агуулга монголчууд бидэнд хамаатайгийн цаагуур хамаатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Украины хямралын асуудлаар НҮБ-ын ерөнхий ассамблейн тусгай хуралдааныг зарлав
Украины хямралын асуудлаар НҮБ-ын ерөнхий ассамблейн тусгай хуралдааныг зарлав
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.