Даврагсдад даруулга хэрэгтэй болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 36 секунд
Даврагсдад даруулга хэрэгтэй болжээ

Даврагсдад даруулга хэрэгтэй болжээ

“Хулгайч дүйвээнээр, чоно борооноор” гэдэг шиг засаглал, санхүү, эдийн засгийн хямрал ужигарч буй цаг дор зах, хязгаар нутгуудад замбараагүй байдал газар аван тэлж байгааг анхаардаг хүн, байгууллага гэж байна уу? Монгол Улс гэдэг бол зөвхөн Улаанбаатар биш байлтай.

Энд л улстөржөөд, бужигнаад байдаг, гэтэл ямар ч хяналтгүй болсон хөдөөд “зэрлэг барууны” амьдрал ноёрхох боллоо. Хууль, хяналт энэ тэрийн талаар ярихын ч хэрэггүй. Хэн дуртай нь өөрийн дүрмээр тоглодог болсныг эрхмүүд мэдэрч байгаа янз лав алга аа. Энд жишээ болгон Монголын баруун хязгаар, цаст Алтайд нутагтай казак ард түмний дунд зарим нэг этгээдүүд бараг “хэмжээгүй эрх мэдэлт хаан” лугаа загнан дураар дургих болсныг Монгол Улсын холбогдох байгууллагад сонордуулахыг хүслээ. Баян-Өлгийд дэндүү даварсан төрийн албан хаагчид өсөн үржиж, хууль,журмыг үл хэрэгсэж, энэ байдал нь үзэгдэл болж байгааг Монголын эрх барих байгууллага одооноос анхаарч, арга хэмжээ авахгүй цаашид ноцтой байдал үүсч мэдэхээр байна. Баян-Өлгийн нутаг дээр хасагууд л бүхнийг мэднэ хэмээн “хэт даврагч” этгээдийн нэг нь Сайполдагийн Медеухан гэгч.

Тэрбээр БОНХАЖЯ-ны харьяа Монгол Алтайн нурууны Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны даргаар ажилладаг бөгөөд энэхүү албан тушаалд БОНХАЖ-ын сайдын тушаалаар томилогдсон нэгэн. Энэ албанд ирсэн цагаасаа эхлээд төрийн албыг хувийн ашиг сонирхлын төлөөх компани болгон хувиргасан болохыг орон нутгийнх нь иргэд ч нотлон холбогдох газруудад гомдол гаргасан нь цөөнгүй. С.Медеухан нь Баян-Өлгийд зорьж очсон гадна, дотнын жуулчин, аялал, жуулчлалын компаниудыг зөвхөн өөрийнхөө харьяаны үйлчилгээг авахыг шаардан, эс зөвшөөрөх аваас ямар нэг байдлаар хясан боож, тэр ч бүү хэл Баян-Өлгий аймгаас гар хэмээн хөөдөг гэх. Яагаад энэ нөхөр ийн даврах болов оо?

Тухайлбал, Засгийн газрын 2013 оны 93-р тогтоолоор баталсан Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журмын дагуу БОНХАЖ-ын сайдын тушаалаар хуваарилдаг тусгай зориулалтын ангийн 2016 оны хуваарьт Нийтийн албан болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал Баян-Өлгийд бий болжээ. 2016 оны тусгай зориулалттай ангийн хуваарьт төрийн албан хаагч С.Медеухан нь өөрийн хувийн компани болох “Орман ан” ХХК, мөн түүний оролцоотой үүсгэн байгуулагдсан “Өлгий байгаль” ТББ-д Баян-Өлгий аймгийн Буянт, Улаанхус, Дэлүүн сумдын нутагт тус бүр хоёр, нийт зургаан Алтайн угалз агнах эрхийг хуваарьлуулсан байна.

“Орман ан” ХХК-ийн эзэн, “Өлгий байгаль” ТББ-ын үүсгэн байгуулагч Сайполдагийн Медеухан нь өөрийн чиг үүрэгт хамааралтай байгаль орчны чиглэлээр өөрийн ажилладаг яамнаасаа тусгай зөвшөөрөл авч, төрийн албан тушаал ашиглан хувьдаа давуу тал бий болгож байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг хянан зохицуулах хуулийг ноцтой зөрчсөн хэрэг биш гэж үү?

Тусгай зориулалтын ангийн хуваарьт ийнхүү ашиг сонирхлын ноцтой зөрчил үүсээд байхад түүнийг таслан зогсоох үүрэгтэй аймгийн Засаг дарга С.Дармен Баян-Өлгий аймгийн бүх тусай зориулалтын анг зөвхөн “Өлгий байгаль” ТББ хэмээх байгууллагаар дамжуулан гурвалсан гэрээ хийж, “Орман ан” ХХК-д олгох шаардлага тавьж, хуулийн дагуу ажлаа хийж байгаа бусад сумдынхаа засаг дарга нарыг элдвээр дарамталдаг болсон аж. Энэ нь төрийн захиргааны байгууллага нэг бизнесийн байгууллагад бусдаас давуу тал олгож байгаагаараа Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлд “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагаас өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглох” тухай заалтыг зөрчиж байгаа юм.

Баян-Өлгий аймагт аялал, жуулчлал, ан агнуурын чиглэлийн бүх үйл ажиллагаа “Орман ан” ХХК хэмээх ганцхан компани, түүний эзэн төрийн албан хаагч С.Медеухан хэмээх этгээдийн хувийн эрх ашгийг хангахад чиглэгддэг болсныг холбогдох газар яагаад шалгахгүй байна вэ? Энд орон нутгийн эрх баригчид, төрийн зарим нэг албан хаагчдыг хамарсан авилгалын сүлжээ бий болсон хэмээн ярьж мэдээллэж буй иргэдийн дуу, хоолой хүрэх газраа яагаад хүрэлгүй замхраад байна вэ? С.Медеухан хийгээд түүний хүрээллийнхний эрх ашгийн төлөө орон нутгийн төр засгийн оролцоотой хийж буй хууль бус үйл ажиллагаанаас болж, тус аймгийн байгаль,орчин ,аялал, жуулчлалын бодлогод тодорхойгүй байдал үүсч, орон нутагт төлөвлөгөөний дагуу ан амьтан хамгаалах ажил явуулахаас бусад компаниуд болгоомжлоход хүрч, энэ нь орон нутгийн иргэд, байгаль орчинд хохирол учруулах болжээ.

Засгийн газрын 93 дугаар тогтоолоор баталсан “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журмын” 4.6-д агнуурын бүс нутгийн менежментийг хариуцагч байгууллага, сумын засаг дарга, зуучлагч байгууллага гурвын дунд гурвалсан гэрээ байгуулах эрх зүйн зохицуулалттай байдаг. Гэтэл “Өлгий байгаль” хэмээх ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхой бус байгууллага эдгээрийн аль нь ч биш аж. “Өлгий байгаль” ТББ-ыг үүсгэн байгуулагчид дээр дурдсан төрийн албан хаагч “бизнесмэн” С.Медеуханаас гадна, Баян-Өлгий аймгийн Байгаль орчны газрын даргаар ажиллаж байсан Н.Ахытхан байдаг юм байна. Н.Ахытхан нь тусгай зориулалтын ангийн зохицуулалт хариуцдаг чиг үүрэг бүхий аймгийн Байгаль орчны газрын даргын ажил хийж байгаад нэг жилийн өмнө тэтгэвэртээ гарсан аж. Тэрбээр өөрийн үүсгэн байгуулсан байгууллагадаа ангийн тусгай зөвшөөрөл авсан нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг хянан зохицуулах хуулийн 21-р зүйлийг мөн зөрчсөн байгаа юм.

Баян-Өлгийн хэсэг иргэдээс манай сонины редакцид ирүүлсэн захидалд

“...Төрийн албанд хувийн ашиг сонирхлынхоо төлөө ажиллаж байгаа С.Медеуханыг холбогдох хуулийн дагуу төрийн албан тушаалаас нэн даруй халж, Түүний Хөрөнгө орлогын болон Ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг хянах шалгах, БОНХАЖ-ын Сайдын 2015 оны 12 сарын 30-ны өдрийн А446 тоот тушаалаар С.Медеуханы үүсгэн байгуулсан, түүний эзэмшлийн “Орман ан” ХХК, “Өлгий байгаль” ТББ-д хуваарилсан 2016 онд Баян-Өлгий аймагт хийх 6 толгой угалзын ангийн хуваарийг цуцлах,

2016 оны хуваариас өмнө “Орман ан” ХХК нь БОНХАЖЯ-аас 2015 онд ч 4 толгой Алтайн угалз агнуулах тусгай зөвшөөрөл авсан бөгөөд энэ нь дээрхтэй нэгэн адилаар хууль зөрчин олгогдсон учраас 2015 оны тусгай зөвшөөрлөөр ан хийлгэснээс олсон орлогыг тодорхойлуулан, улсын орлого болгох ёстой. Тэрбээр эдгээр ангаас 2015 онд 400 гаруй мянган ам.долларын орлого олсон. Хууль бусаар ховор ан амьтанг удаа дараа агнадаг болохыг шалгуулмаар байна” хэмээн дурдсан байлаа.

Төрийн албанд ажиллаж байгаа албан тушаалтан ажиллаж байгаа газраасаа бусдаас давуу эрх эдлэн тусгай зөвшөөрөл авах нь битгий хэл, дээрх хуулийн 21.1.2-д “урьд ажиллаж байсан байгууллагатай гэрээ, контракт байгуулах, тухайн байгууллагаас олгодог зөвшөөрлийг хүсэх”-ийг хориглодог учраас ажлаасаа халагдсан ч гэсэн өөрийн ажиллаж байсан газраасаа хоёр жилийн хугацаанд тусгай зөвшөөрөл хүсэхийг нь хориглодог. Тиймээс С.Медеуханы үүсгэн байгуулсан “Орман ан” ХХК, болон “Өлгий байгаль” ТББ нь цаашид хоёр жил Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас ангийн болон өөр ямар нэг тусгай зөвшөөрөл авах эрхгүй байх учиртай.

Хууль Монгол Улсын нутаг дэвсгэрт хаана ч адил үйлчлэх ёстой хэмээн бид ойлгодог. Хасаг хүнд хамаагүй гэж сонсоогүй ээ. Даврагсдад даруулга хэрэгтэй болсон юм биш үү?

Т.БАТ

iToim.mn

Тэтгэврийн хөгшин 326 сая доллар хожив
Тэтгэврийн хөгшин 326 сая доллар хожив
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.