Улс төр хөшигний цаана “уугиж” байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
11 минут 36 секунд
Улс төр хөшигний цаана “уугиж” байна

Улс төр хөшигний цаана “уугиж” байна

Их тулааны өмнөх нам гүм гэдэгчлэн улс төр ойрын өдрүүдэд мөлжих сэдэвгүй болсон мэт ажин түжин байх аж. Оффшор дансны тухай Ардчилсан намын даргын мэдэгдэл, МАХН-ын гурван сайдаас салах гэсэн Ерөнхий сайдын улстөржилт, нэр дэвших эрхээ Нийслэлийн Сонгуулийн хорооноос авч чадаагүй бие даагчид өлсгөлөн зарлана хэмээн "тэнэглэх"-ээс өөр анхаарал татах асуудал байхгүй юм шиг харагдана. 

Гэвч улс төр хөшигний цаана жинхэнэ утгаараа өрнөж эхэлжээ. УИХ-ын болон бүх шатны сонгууль болоход ганцхан сарын хугацаа үлдсэн энэ үед тойрог олдохгүй бужигнаж, тэр хэрээрээ намдаа гомдсон, тунирхсан хүмүүс нэмэгдэж, тойргоо булаацалдсан "цусгүй дайн" улстөрчид дунд өрнөж эхлэв. Энэ амралтын өдрүүдэд хоёр том нам хурлаа хийж нэр дэвшигчдээ зарласны дараа бүр ч олон зүйл өрнөх нь тодорхой. Тойрог авч чадалгүй гологдож үлдсэн нь намынхаа булхай луйврыг уудалж гомдол тунирхлаа тайлах биз. Дарьтай торх шиг хэзээ мөдгүй тэсрэхэд бэлэн болчихоод байгаа учраас өнөөдрийн нөхцөл байдалд төрийн ажил тэдэнд огтхон ч сонин биш байгааг нуугаад яахав. Тиймдээ ч УИХ-ын дарга З.Энхболд гэнэтхэн чуулганыг завсарлуулах шийдвэр гаргасан нь олон янзыг таамаг дэвшүүлэхэд хүргэж байгаа юм.

Хууль ёсоор бол УИХ-ын хаврын чуулган долдугаар сарын 1 хүртэл хуралдах учиртай. Гэвч өнөө жил сонгууль болох учраас тойргоо тойглох эрхмүүдэд чуулган болон байнгын хороогоор хэлэлцэх хуулийн төсөл огтхон ч сонин биш байгаа билээ. Тиймээс УИХ-ын чуулганыг сонгууль болохоос 30 хоногийн өмнө завсарлуулж болно гэсэн хуулийн заалтын хүрээнд ирэх сарын 23 хүртэл хойшлуулжээ. Ер нь хаврын чуулган нээлтээ хийснээс хойш ирц бүрдэхгүй олон удаа чуулганы хуралдаан хойшилж, ганц нэгхэн хүний ирцтэйгээр хуулийн төсөл баталж байсан удаатай. Тэр тусмаа эрх баригч нам ирцээ бүрдүүл, тэгвэл МАН хуралдаа сууна гэсэн ирцээр шантаажилсан улс төр хоёр нам дунд өрнөж, дунд нь төрийн ажил орхигдоод байгаа учраас УИХ-ын даргын гаргасан шийдвэр тийм ч буруу зүйл биш юм. 

Чуулган завсарлуулах гол шалтгаан юу байв 

Өнгөц харахад, чуулганыг завсарлуулсан шалтгаан нь УИХ-ын гишүүд хуралдаа суухаа больсон, улстөрчид сонгуулийн ажилдаа анхаарч, төрийн ажлыг орхисон асуудал хэмээн дүгнэж болохоор. Гэвч Ерөнхий сайд МАХН-ын гурван сайдыг огцруулах асуудлыг өргөн мэдүүлчихсэн, Тавантолгойн төслийг УИХ-д өргөн барьчихсан, УИХ-аар хүлээлт үүсгэсэн хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж амжаагүй, 2017 оны төсвийн төсөөлөл, мөн оны эдийн засаг нийгмийн үндсэн чиглэлийг яаралтай хэлэлцэх чухал үед З.Энхболд дарга яагаад яаран сандран УИХ-ын чуулганыг завсарлуулах болов гэдэг нь сонирхол татах сэдэв байх нь мэдээж. УИХ-ын дарга Ардын нам төрийн ажлыг улс төрийн пиардаа ашиглах нь хэрээс хэтэрсэн учраас гэсэн битүү утгатай тайлбарыг намдаа өгсөн гэх. 

Тэгвэл АН ерөөсөө л нэр хүндээ бодсон хэрэг аж. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгууль хаяанд ирчихсэн энэ үед МАХН-ын гурван сайдыг явууллаа гээд АН өөрөө муухай харагдана уу гэхээс сайхан харагдахгүй учраас тогтвортой ажиллаад дуусах нь зөв гэж үзжээ. Зөрчлөө ил гаргах бус хөшигний цаана уугиулах шийдвэрийг намын дарга бие дааж гаргасан нь энэ юм. Нөгөө талаар МАХН-ын дарга Н.Энхбаяртай ярилцсан тохиролцсон зүйл байхыг ч үгүйсгэхгүй. УИХ-ын дарга З.Энхболд шийдвэр гаргаж, чуулганыг хааснаар МАХН-ын сайд нарыг огцруулах боломжгүй болж байгаа юм. 

УИХ-ын чуулган зургадугаар сарын 23-нд буюу сонгуулийн сурталчилгаа эхэлчихсэн үед хуралдана гэдэг мөрөөдөл. Өдгөө парламентад сууж буй 76 гишүүний 73 нь урьдчилсан байдлаар нэр дэвшихээр яригдаж байгаа учраас тойргоо тойглох ажлаа, төрийн ажлаар солих тэнэг хүн гарахгүй нь лавтай билээ. Тиймээс З.Энхболдын удирдсан танхим үндсэндээ дөрвөн жилийн үүрэгт ажлаа дуусгалаа хэмээн дүгнэж болох нь ээ. УИХ-аар хэлэлцэж амжилгүй үлдсэн олон чухал хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Тавантолгойн том төсөл, 2017 оны үндсэн чиглэл, төсвийн төсөөлөл, 2016 оны төсвийн тодотгол зэрэг чухал асуудлууд дараагийн бүрдэх УИХ-ын хийх ажил болж үлдлээ. 

Мөн есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулийг дагалдан гарч буй Прокурорын тухай хууль, Хууль сахиулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдийн эцсийн найруулгыг сонсч, эцэслэн батлах учиртай ч эдгээр хуулийн төслүүд мөн л хүлээлтэд шилжих нь тэр. Батлан хамгаалах салбарын хуулийн төслүүд мөн л дараагийн бүрдэх чуулганы хэлэлцэх асуудал болж хувирав. АТГ-ын даргын томилгоог энэ чуулганаар хийх байсан ч улс төрийн эгзэгтэй үед АТГ-ыг үүрэг гүйцэтгэгчтэй байлгах нь зөв гэж үзжээ, эрх баригчид. Магад АТГ даргагүй байх нь нэр дэвшигчдийг нь барьж хориод, улс төрийн зорилготой баривчилгаа хийлгэхгүй гэсэн санаархал байж мэдэх юм. 

Энэ удаагийн чуулганыг завсарлахаас өмнө оффшор бүсэд данстай нэр дэвшигчийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх хуулийн төслийг нэр бүхий гишүүд хэлэлцүүлэхээр болсон ч чуулганы хуралдаан завсарласнаар мөн л хэлэлцэх боломжгүй болж байгаа юм. Сөрөг хүчний гишүүд УИХ-ын даргын гэнэтийн шийдвэрийг хууль бус хэмээн үзэж буйгаа мэдэгджээ. Гэвч аль ч талаас нь харсан ажлаа хийхгүй улстөржиж, төр, намын ажил нь эх толгойгоо алдчихсан ийм үед чуулганыг завсарлуулахаас өөр сонголт байгаагүй нь үнэн. Төрийн ажлыг сонгуультай хольж хутгаж шантаажлах, хор найруулах ажлаа УИХ-аар хийлгэж байсан улстөрчдийн эцэс төгсгөлгүй хөгийн улс төр энд хүрээд дуусч байгаад талархахаас яахав.

Тойргийн маргаанаас болж нэр дэвшигчид зодолдсон сурагтай 

Хууль тогтоох үндсэн ажлаа умартсан УИХ-ын 76 гишүүнээс урьдчилсан мэдээллээр 73 нь эргэж нэр дэвшихээр санаархаж байгаа билээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, С.Оюун нараас бусад нь бүгд тойргийн эрэлд мордсон. Залуу үедээ зайгаа тавьж өгнө хэмээн зоригтой мэдэгдэл хийсэн нь ганцхан С.Оюун. Харин нөгөө хоёрын хувьд дахиад ч өрсөлдөхөд бэлэн гэдгээ мэдэгдсэн ч одоогоор тойрог олдохгүй байгаа аж. 

Тэгвэл залуу үетэйгээ суудал булаацалдаж, дахин УИХ-д ангиараа суухыг санаархаж буй 73 эрхэм дотор тойргийн төлөөх дайн чинээндээ тулчихаад байгаа гэнэ. Улс төрийн намууд уг нь энэ сарын 23-нд нэр дэвшигчдээ эцэслэн батлах байсан ч өнөөдрийг хүртэл тодорхой бус байгаа. Аймаг дүүргийн намын хороод нэр дэвшихээр ирсэн хүмүүсийг дэмжих, дэмжихгүй гэсэн шийдвэрээ тав хоногийн хугацаанд гаргах ёстой ч өнөөдрийг хүртэл бодитой шийдвэр гаргасан нь цөөхөн. Тодруулбал, Сүхбаатар аймгийн АН-ынхан хуралдаж аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг УИХ-д нэр дэвшүүлэх саналыг 100 хувь дэмжжээ. 

Мөн Дорнод аймгийн АН Зам тээврийн сайд М.Зоригт, "Казино" гэгдэх Д.Энхбаатар нарыг УИХ-д өөрсдийн төлөөллөө болгож явуулахаар санал нэгдсэн аж. Харин эсрэг намынхан Н.Номтой­баяр, Х.Болорчулуун нарыг дэмжээд байгаа. Зам тээврийн сайд М.Зоригт намын гишүүдийнхээ 100 хувийн дэмж­лэгийг авчээ. Өчигдөр Дархан-Уул аймгийн АН-ынхан хуралдаж Р.Бурмаа, М.Сономпил, аймгийн намын дарга Б.Мягмардаш нарыг төлөөллөө болгож явуу­лах сонголт хийсэн юм. 

Мөн Өвөр­хангай, Хэнтий аймгийн АН-ын хороод хуралдаж нэр дэв­шүү­лэх хүмүүсээ дэмжлээ. Хэн­тий аймгаас М.Хүдэрбаатар, Б.Гарамгай­баатар, Аймгийн Засаг дар­га Ж.Оюун­баатар нар ман­­да­таа өвөр­лөв. Баянгол дүүр­­гийн АН-ынхан З.Энхболд, С.Одон­туяа, С.Эрдэнэ, дүүр­гийн Засаг дарга Д.Оросоо нарыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхээр болжээ. Тэгвэл хамгийн маргаантай байгаа нь нийслэлийн тойргууд. 

Нийслэлд мандат авахын тулд хөгшин залуугүй хөлөө хугалчих шахам тэмцэлдэж, зарим нь бүр намын даргынхаа өрөөнд заамдалцсан гэх яриа чих дэлсч байна. Фракциасаа урвах юм бол суудал өгнө гэх яриа ч зарим гишүүдийг аргагүй байдалд оруулж, хотын тойргоос холын аймаг руу шидэгдэх шахсан нь худлаа биш. Сү.Батболдын хүнийг дарж авах гэсэн супер төлөвлөгөө, хөлөө удирдах гэсэн толгой удирдагчдын толхилцоон жинтэй өрнөж байгаа. 

Нэгээс нөгөөд урвасан заримд нь тойрог олдохоо больж нэг тойргоос нөгөө тойрог руу шидэгдэх гээд улс төр хөшигний ард уугисаар. Хэзээ мөдгүй л тэсэрч, гал гарахад бэлэн болчихоод буй. Бүтэн жил нутгаа тойглож гүйсэн зарим нь юу ч үгүй хоосон үлдэж, боловсрол эзэмшиж, улсаа хүлэг болгох тухай "мөрөөдсөн" залуус нэг улстөрчийн пиар хийх хүртлээ рейтингээ унагажээ. Нэг өдрийн байтугай нэг цагийн дотор л нэр дэвшигчид өөр тойрог руу шидэгдэх нь байдаг л үзэгдэл боллоо. Энэ байдлаас харахад, ирэх амралтын өдөр хоёр намын хурал ёстой л гал гарсан халуухан тулаантай болох нь. Их л олон хүн агсам тавьж, энгэр заамаа уралцах төлөвтэй. УИХ-ын гишүүний суудал 100 сая байтугай 100 тэрбум ч хүрэх нь тодорхой байгаа юм.
 
Эх сурвалж: www.mminfo.mn
 
Б.Өнөртогтох
БНСВУ-аас импортлох цагаан будааны асуудал шийдвэрлэгдлээ
БНСВУ-аас импортлох цагаан будааны асуудал шийдвэрлэгдлээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.