Монголчууд минь хэзээ хэрсүүжих юм бэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
11 минут 3 секунд
Монголчууд минь хэзээ хэрсүүжих юм бэ

Монголчууд минь хэзээ хэрсүүжих юм бэ

Социализмд амьдарч байсан иргэд гэнэн хонгор, нялх хүүхэд шиг байх юм. Бусдын үгэнд оромтгой, бас итгэмтгий зан байдал нь яг л тэр үеийнхээрээ. Энэ бол хаалттай нийгэмд монголчуудыг хэрхэн хүмүүжүүлж байсны илрэл. Социализмаар амьсгалсан тэртээх он жилүүдэд монголчууд юу ч мэддэггүй байв. Яагаад гэвэл хаалттай нийгэм учраас иргэд үнэхээр юм үзээгүй, дуулдаггүй тийм л ертөнцөд амьдарч байлаа. Ард түмэнд бодох эрх байхгүй. Аливаа бодлогыг зөвхөн нам болон дарга нар л гаргана. Тэдний хэлсэн болгонд монголчууд үнэмшихээс өөр аргагүй. Хэрэв эргэлзэх юм бол шууд алуулна. Иймд том даргын үгэнд нийгмээрээ итгэж, дагахаас өөр сонголтгүй байсан. Нам нь иргэдийн өмнөөс шийдвэр гаргачихдаг болохоор ард түмэн өөрөөр бодож, эргэцүүлэх ямар ч шаардлагагүй. Дуугүй л хэлсэн бүрийг нь даган биелүүлэх ёстой. Ийм хаалттай нийгэмд нийтээрээ хүний хэлсэн үгэнд шууд итгэдэг муу зантай болж хүмүүждэг. “Та нар юм бодвол хөнөөнө шүү” гээд байхаар хэн ч гэсэн утсан чинээ улаан амиа л авч явахыг хичээх нь аргагүй шүү дээ. Тийм болохоор социализм ноёрхсон бүхэл бүтэн 70 жилийн турш хүний хэлсэнд үнэмшээд, юу ч бодохгүй дагахаас гадна бүр шуугьж намираад сурчихсан байв, монголчууд маань. Энэ зан одоо хүртэл биднээс холдсонгүй.

Монголчууд зах зээлийн нийгэмд ороод 30 гаруй жилийг тууллаа. Тэгсэн байтал яг л социализмынхаараа байна. Тэр үед амьдарч байсан улсуудын хамгийн залуу нь гэхэд 50 насны босго давсан байгаа. Үүнээс ч өндөр настай хүмүүс олон бий. Тэд өөрсдийнхөө хүмүүжиж ирсэн хэв маяг, амьдралын замналаар хүүхдүүдээ зааж сургасаар байдаг. Үр хүүхдүүд нь хүртэл эцэг, эхийгээ хараад сурчихсан.

Барагтай л бол өөрсдөө бие дааж шийдвэр гаргахгүй. Аль сургуульд сурах, ямар мэргэжилтэй болохоос өгсүүлээд хүнтэй суухаа хүртэл аав, ээжээсээ асууж, заалгадаг. Энэ зан нь монголчуудыг юманд амархан хууртаж, үнэмшихэд их нөлөөлөх юм. Дээрээс нь сошиал сүлжээ дэлгэрсэн өнөө үед монголчуудын хүний үгээр явдаг, итгэмтгий зан бүр ч тод харагдаж байна. Нийгмийн сүлжээнд хүн болгон л нэг юм ярьдаг. Тэрийг нь массаараа дагаад шуурчихдаг. Үнэн байна уу, худлаа байна уу гэдгийг шүүж тунгаахгүйгээр үнэмшиж орхих юм.

Одоо бидний амьдарч байгаа ардчилсан чөлөөт нийгмийн гол зарчим бол та зөвхөн өөрөө, өөрийнхөө төлөө хариуцлагаа ухамсарлаж амьдрах ёстой байдаг. Энэ нийгэмд таны өмнөөс хэн ч хариуцлага хүлээхгүй. Бас таныг хааш нь ч залж чиглүүлэх ёсгүй. Хуучин социализм шиг ямар бодолтой байхыг чинь хүртэл заахгүй. Иймд та бүхэн аливаа асуудалд хандахдаа оюун ухаандаа эргэцүүлж боддог байх хэрэгтэй. Хамгийн түрүүнд авч байгаа мэдээлэлдээ шүүлтүүртэй ханддаг бол. Бусдын ятгалга, хууран мэхлэлтэд орохоосоо өмнө хаширлаж сур. Ингэснийхээ дараа шийдвэрээ гаргавал зөв болно. Ер нь ямарваа нэгэн асуудалд хашир байх тал дээр амьдралд шалгарсан аргуудын нэг бол танд хандаж байгаа хүний оронд өөрийгөө тавьж үзэх юм. “Хэрэв би энэ хүний оронд байсан бол яагаад ийм таатай боломжийг огт танихгүй хүнд санал болгоно гэж. Ашиг олох өчнөөн олон суваг байхад ганцхан хүний араас хөөцөлдөж чаргууцалдах байсан уу” гэх маягаар хэд хэдэн талаас нь эргэцүүлж бодож сурах хэрэгтэй.

Монголчуудын гэнэн занг ашиглан нийгмийн сүлжээгээр дүүрэн байдаг залилан, луйврын гэмт хэргүүд зүсээ хувирган танд ойртдог. Хамгийн энгийн жишээ гэвэл, фэйсбүүкийн пост болгоны доор шахам бичигддэг хэдэн өгүүлбэр бий дээ. Тэр нь “Манай санхүүгийн байгууллага танд 100 сая хүртэлх төгрөгийн зээлийг барьцаагүй, хүүгүй шуурхай олгоно. Бидэнтэй хамтарч ажиллахыг хүсвэл дараах мэдээллийг бөглөөд, үйлчилгээний хураамж болох 400 мянган төгрөг төлнө үү” гэсэн зар. Үүнд иргэд итгэж хувийн мэдээллээ алдаж, санхүүгээрээ хохирсон тохиолдол бишгүй байгаа юм билээ. Сошиалаар гаарсан өөр нэг залилан бол түрээсийн орон сууц. “Зах зээлийн ханшаас хэт доогуур үнээр танд байраа түрээсэлье. Та энэ данс руу урьдчилгаа нэг сая төгрөг бушуухан хийчихвэл өөр хүн оруулахгүй. Дараа нь сар сардаа түрээсийн мөнгөө өгч болно шүү” гэдэг. Ингээд байрандаа орохоор очиход нь өөр хүмүүс амьдарч байдаг. Дээрхээс гадна сүүлийн үед дэлгэрээд байгаа романс залилангийн хохирогчдын кэйс ч цагдаад их цугласан юм билээ. Огт танихгүй гадаадын иргэнтэй онлайнаар танилцаж, мессэжээр харилцаад өөрийнхөө гэрийн хаяг, утасны дугаар, ажлын газраа заагаад өгчихдөг. Тэгээд зогсохгүй өөрт нь илгээсэн бэлэгний гаалийн төлбөр гэж итгээд арван мянган ам.доллараа тэр дор нь шилжүүлчихсэн байгаа юм. Нэг биш хоёр удаа шүү бүр. Хүний ганцаардсан сэтгэлийн орон зайг ашиглан хууран мэхэлдэг иймэрхүү луйвраас гадна цаг агаарын гамшгийг далимдуулан малчдын хамаг байдгийг сэгсрэх залилан ч мэр сэр байна. Зуднаар цөхөрсөн хэдэн малаа ногоо цагаа ургах цагтай залгуулчих гэж тал, тал тийшээ өвс, тэжээлийн үнэ сурагладаг малчид барьцгүй наймааны золиос болцгоожээ. “За та энэ данс руу мөнгөө шилжүүлчихвэл яг одоо танай сум руу хөдлөх машинд өвсийг чинь ачуулчихъя. Энүүгээр өвс сурсан хүмүүс их байна. Таныг олон боодол өвс авч байгаа болохоор хямд өгч байна” гэх үгэнд малчид хууртаж хамаг байдгаа шавхаад явуулчих юм. Энэ мэтчилэн залилуулсан иргэдийн хохирол хэдэн тэрбумаар яригддаг болжээ. Статистикаас харахад, иймэрхүү луйврын хохирол жилд 250-300 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

Хашир зан хэзээ ч алддаггүй. Юун түрүүнд тэр хүнийхээ оронд өөрийгөө тавиад үзэхэд буруудахгүй гэж дахин хэлье. Дээрх кэйсүүдээс жишээ татъя л даа. Хэрэв би мөнгөө эргэлдүүлээд арвижуулах асар их боломж байхад хүнд хүүгүй, барьцаагүй зээл өгөх байсан уу. Хэрэв байрыг минь өндөр үнэтэй түрээслэх хүн олон байсаар байхад заавал энэ танихгүй хүнийг хямд оруулах байсан уу. Хэрэв би огт танихгүй, зүсийг нь ч үзээгүй хүндээ “Арван мянган ам.доллар шилжүүлчих, би чамд алмаз эрдэнэ явуулсан” гэхэд нь итгэх байсан уу. Хэрэв надаас хүмүүс өвс авах гээд шавалзаж байхад нь “Та нарт өндөр үнээр зарахгүй. Харин орон нутгийн малчинд хямд үнээр өөрөө ачаад явуулна” гээд сууж байх уу. Яг үнэндээ энэ бүгдийн хариулт нь танд “Үгүй” гэсэн ганцхан үг орж ирж байгаа биз дээ. Та ингэж бодож байгаа бол цаад хүн чинь хүртэл яг ийм л бодолтой байгаа гэсэн үг. Хүн хүний бодол хол зөрөөд байдаггүй. Та юу гэж бодно, тэр хүн тэгж бодох магадлал маш өндөр. Тэгэхээр хэрсүү байхын хамгийн эхний алхам бол энэ юм. Одоо хэдүүлээ гэнэн байхаа больцгооё оо. Өөрсдийгөө гэнэн цайлган болохоор бусдад мэхлэгдээд байна гэж өмөөрөх ч хэрэггүй. Энэ бол гэнэн цайлган биш, гэнэн тэнэг зан шүү дээ.

Бусдад итгэж, цаг хугацаа, эд хөрөнгө, сэтгэл зүрхээрээ хохирч байгаа монголчууд маань өнөөдөр мэдээллийн энэ их урсгалд оюун санаагаа хүртэл луйвардуулж байна. Нийгэм даяараа худал мэдээлэлд автаж, шуурдаг болсон. Ойрын үйл явдал гэвэл Дорнод аймагт сүрэг цагаан зээр хэдэн зуугаараа хорогдсон асуудлын учир шалтгаан нь тодорхой болоогүй байхад нийгмээрээ “Хятадууд цагаан зээр алчихлаа” гэж зүхсэн. Тэнд очсон иргэн ямар ч баталгаагүй, үзэмжээрээ асуудалд хандаж сошиалд цуурахад улс даяараа дагаад л бархиралдах юм. Ямар ч эрүүл хүн зүв зүгээр байж байгаад гэнэтхэн гурав, дөрвөн зуун цагаан зээр хядах уу. Хэрэв та байсан бол буу үүрч очоод байгалиа чимж яваа амьтныг сүрэг сүргээр нь шүрших байсан уу. Энэ бүгдээс худлаа гэдэг нь ойлгогдож байгаа биз дээ. Ингэж аливаа мэдээлэлд автахаасаа урьдаар өөрийгөө оронд нь тавьж үзэж сурмаар байна. Хэлсээр байхад суралцахгүй бол зах зээлийн нийгэмд амиа авч явахад үнэхээр хэцүү болсон байна шүү. Таныг хүн гэж боддоггүй, таныг ашиг гэж хардаг болсон нийгэмд бид амьдарч байгаа. Иймд улс төр, эдийн засаг болон хувийн амьдралдаа, хань ижлээ сонгохдоо хүртэл хэрсүү байж суръя.

Эх сурвалж: Өдрийн сонин

Сүү компани “Шинэ сүү” дутуу савлагаатай байжээ
Сүү компани “Шинэ сүү” дутуу савлагаатай байжээ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.