Л.Наранбаатар нар “Баялаг бүтээгчдийн хөдөлгөөн” байгуулснаа зарлаж, мэдэгдэл хийв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 27 секунд
 Л.Наранбаатар нар “Баялаг бүтээгчдийн хөдөлгөөн” байгуулснаа зарлаж, мэдэгдэл хийв

Л.Наранбаатар нар “Баялаг бүтээгчдийн хөдөлгөөн” байгуулснаа зарлаж, мэдэгдэл хийв

“Баялаг бүтээгчдийн хөдөлгөөн”-ийг санаачлагчид хэвлэлийн хурал хийлээ.  Л.Наранбаатар, Г.Майцэцэг, Б.Нямдаваа, Б.Ганболд нарын зэрэг хүмүүсийн санаачилсан уг хөдөлгөөнийг дэмжиж одоогоор ажилгүй болоод байгаа зарим компанийн ажилчид хуралд ирсэн байлаа. 

Энэ үеэр УИХ-ын гишүүд, иргэний хөдөлгөөнүүдэд хандаж гаргасан мэдэгдлийг дээрх санаачлагчдын нэг Л.Наранбаатар  уншиж  танилцуулсан юм. Тэдний мэдэгдэлд “...Элдэв улстөржилт, хоосон популизм, газар шороо, уул усаа хамгаалах гоё нэртэй хөдөлгөөнүүдийн балгаар олон төсөл хөтөлбөрүүд зогсож, монголчууд хэдэн арван мянгаараа ажлын байргүй болж, ядуурч байна. Одоо дахин хүлээж, хүлцэж суух цаг бидэнд байхгүй...” гээд “...Уул уурхай, дэд бүтцийн том төслүүдийн хөрөнгө оруулалт шийдэгдэж, гацаанаас гарснаар уналтанд ороод байсан үндэсний ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагаа сэргэж, олон мянган ажлын байр бий болохын зэрэгцээ макро эдийн засгийн орчинд эерэг, нааштай өөрчлөлтүүд гарна гэдэгт бид итгэлтэй байна” гэжээ. Мөн “...том төслүүдийг гацаах оролдлого гаргавал Баялаг бүтээгчдийн хөдөлгөөний зүгээс эсэргүүцэж, ажлын байргүй болсон мянга мянган ажилагсдынхаа хамтаар үе шаттайгаар тэмцэх болно гэдгийг мэдэгдэж байна” гэсэн байна.

Энэхүү  мэдэгдлийг хийсэн тус хөдөлгөөний санаачлагчид тус бүрдээ хувийн компанитай ажээ. Тухайлбал, Л.Наранбаатар уул уурхайн зөвлөх үйлчилгээ үзүүүлдэг бол Г.Майцэцэг нь оёдлын, Б.Нямдаваа нар нь барилгын компанитай гэж байлаа. Г.Майцэцэгийн хувьд томоохон төсөл хэрэгжүүлж байсан компаниудад ажлын хувцас оёж нийлүүлж байжээ. Гэвч төсөл зогссон тул компани нь ажилгүй болж, ажилчид нь гэртээ сууж буй аж. Тэрбээр хэлэхдээ “Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн мэдэгдлийг сонсоод бидний урам сэргэсэн. Гэтэл саад болох зүйл гарч ирж байна. Таван толгой, Оюу толгой зэрэг уурхайн том төслүүд зогссоноос болоод 1000 гаруй оёдолчид сул зогсоход хүрсэн” гэж байв. Л.Наранбаатар ч мөн сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа “Ухаа худаг дээр 1500 үндэсний ханган нийлүүлэгчид байгаа. Оюу толгойд ч мөн олон компани бий. Гэвч уул уурхайн эсрэг популист улс төрчид, иргэний хөдөлгөөн гарч ирж байна. Тиймээс бид бизнесийн эрх ашгийнхаа төлөө нэгдэх хэрэгтэй боллоо. Канад, Австралид уул уурхай нь тэргүүлж байгаа. Тэнд уул уурхайг суурь салбараа болгож хөгжүүлж чадсан тул амжилттай урагшилж байна. Гэтэл манайд уул уурхайг саатуулсан үйл ажиллагаа явах болсон нь харамсалтай. Ийм байдлаас болоод өнөөдөр уурхайн өрөмдлөг хийдэг компани, шилдэг инженерүүд Конго зэрэг улсад очиж ажиллаж байна. УИХ-ын дарга З.Энхболд, дэд дарга нарынхаа хамт Ерөнхий сайдад илгээсэн бичигтээ Таван толгойн гэрээг заавал УИХ-аар оруулах тухай дурьдсан нь гацаах нэг шалтаг гэж бид ойлгож байгаа юм. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг нь Таван толгойн хөрөнгө оруулалтанд компаниуд  нь хоорондоо ярилцаад  асуудлаа шийдэх боломжтой гэж байсан. Гэтэл заавал УИХ-аар оруулах нь гацаах нэг шалтаг болов уу” гэлээ. 

Энэ байдлаас харахад ялангуяа  Таван толгойн төслийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад том улс төрчдийн ашиг сонирхол илт зөрчилдөж буй бололтой. Тэгээд ч УИХ-ын дарга З.Энболдын  “Хишиг арвин” хэмээх компанийг АН-ын “Шонхор” фракцынх нь гишүүн, Баянзүрх дүүргийн ИТХ-ын  төлөөлөгч Н.Тулгат гэгч нөхөр авч яваа сурагтай. Энэ компани нь Таван толгойгоос бас юм хум, юухан хээхэн “зулгаадаг” тул алсуур нөлөөгөө тогтоох зорилго агуулж байхыг үгүйсгэж боломгүй ажээ.

Б.Отгонбаяр 

Эх сурвалж: Tumen.mn

 

“Босоо Хөх Монгол”-ынхон олигархиудаас шантрахгүй гэдгээ дахин илэрхийлэв
“Босоо Хөх Монгол”-ынхон олигархиудаас шантрахгүй гэдгээ дахин илэрхийлэв
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.