“Таван толгой”-н гэрээний төсөл улс төрчдийг талцуулж орхив. Тэдний тэмцэл одоо улам хүчтэй өрнөж байна. З.Энхболдын тэргүүлсэн “тэмцэгчид”-ийг нөгөөдүүл нь “Эх оронч цаарайлсан дайснууд” хэмээн тодорхойлов. Ийнхүү тодорхойлогчдыг одоогоор Баабар, анхны ерөнхийлөгч П.Очирбат нар толгойлж буй аж. П.Очирбат нь Таван толгойд хөрөнгө оруулахаар шалгарсан “Энержи ресурс”-тэй салшгүй холбоотой нэгэн. Энэ тухай “Женко” Баттулга саяхан “100 чухал сэдэв” нэвтрүүлгээрээ нотолсон байна лээ. Ер нь Таван толгойн бүлэг ордод “Энержи ресурс”-ийн мэдэлд байгаа Ухаа худагийн хэсгээс П.Очирбатын нэр дээр байдаг “Тэнгэрийн цаг” компани хувь хүртдэг гэдгийг бизнесийнхэн бүгд мэддэг болжээ. Иймээс Таван толгойн хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд байгаа хууль бус заалтуудыг З.Энхболдын хувьд УИХ-д оруулж байж засуулахаас өөр замгүй болсон тул П.Очирбат түүн рүү довтолж эхэлсэнд гайхах ч юу байхав. Мөн Баабар бас ялгаагүй З.Энхболд, А.Гансүх нарыг овоо хараандаа онилж, хэвлэлээр буудаж байна. А.Гансүх нь анх Таван толгойн гэрээний төслийн “нууц”-ыг задалж, “Энержи ресурс”-ийн толгойд суугаа “ММС” компанийг Монголынх биш, Хонгконг зэрэг гадаад орны, тэр дундаас Хятадуудынх гэсэн нь бүр ч “гайтай” юм болов. Тэр бүү хэл монголчуудын хувьцаагаа горьдож буй “Эрдэнэс Таван толгой” гэдэг төрийн эзэмшлийн компанийг яваандаа үгүй хийж, “Энержи ресурс”-т шилжүүлэх хорлонтой “нууц”-ыг задалсан нь П.Очирбатыг бүр ч их сандаргав бололтой. Тиймээс П.Очирбат нь З.Энхболдыгоо “Нам, төрийг хослон баригч...хуучны социалистуудаас ялгаагүй дарангуйлагч” мэтээр энд тэнд очиж ярьж яваа ажээ. Тэдний энэ тэмцэл хэзээ дуусах, хэн нь ялагч болохыг одоогоор таашгүй. УИХ-ын чуулганаар Таван толгойн гэрээний төсөл дэмжигдэхгүй буцвал харин З.Энхболд нарын “эх орончид” нь нэг удаа ялалтын пайз зүүх болов уу.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn