Ч.Сайханбилэг ээ, Монголын Засгийн газар луу унжлаа гэж ярьж байна цаана чинь!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
11 минут 17 секунд
Ч.Сайханбилэг ээ, Монголын Засгийн газар луу унжлаа гэж ярьж байна цаана чинь!

Ч.Сайханбилэг ээ, Монголын Засгийн газар луу унжлаа гэж ярьж байна цаана чинь!

Нэг их удахгүй дараагийн Засгийн газарт эрх мэдлээ шилжүүлэх Ч.Сайханбилэгийн удирдаж байгаа Засгийн газар шийдэж дийлэхгүй асуудлуудаа  араас ирэх нөхдүүдэд үлдээж таарна. За харин монголын нэр хүндийг гадаад ертөнцөд бишгүй унагасан “Хан ресурс” компанид төлөх ёстой 100 сая ам.долларын өр ширийн асуудлыг  нэг тийш нь шийдэх нь уг нь зохистой байгаа юм. “Хан ресурс”-ын зүгээс Монголын Засгийн газар өр төлбөрөө барагдуулахгүй луу унжаад байгаа талаар олон улсын хэвлэлүүдэд мэдээлээд л байх юм. Харин манай Сангийн сайд Б.Болорын тухайд бол тийм мэдээлэл олж уншаагүй л гээд байх юм. Өр төлбөрт өгөх 70 сая ам.доллар бол байгаа гэх, тэгээд зарга нэгмөсөн шийдэгдэхээр шилжүүлэх гээд байж байгаа гэх, гэсэн  мөртлөө тэр мөнгөнийхөө эх үүсвэрийг хэлж чадахгүй гэх. Сангийн сайдын тухайд тиймэрхүү л зүйлийг хэлж ярьж явна. Ямартай ч Монголын Засгийн газрын нэр сүр юм гэж бүр байхгүй боллоо л доо, хөөрхий.

Ер нь юу болоод өнгөрснийг эргэн өгүүлэхэд, Франц дахь Арбитрын шүүх дээр Монгол албан ёсоор ялагдаж, Канадын “Хан ресурс” компани манайхнаас 100 сая ам.доллар авах нь зөв гэсэн шийдвэр үзэглэгдсэн билээ.  Тэд эхэндээ 200 саяыг, яваандаа 326 сая ам.доллар нэхэмжилсэн. Харин шүүх сая ам.долларыг Монголын Засгийн газар гаргах ёстой гэж үзсэн. Хэдийгээр нэхэмжилсэн мөнгөний хэмжээ буурсан нь сэтгэл тайвшруулах өнцөг байж болох ч, 100 сая ам.доллар бага мөнгө биш. Мөн улс орны нэр хүндийн асуудал гэж юм байж ирсэн. Нөгөө компанийн талаас ч Монголын Засгийн газраас мөнгөө авахаар албаны нөхдүүдтэй хэдэнтээ уулзсан байдаг.

Гэтэл хоёр дахь уулзалтыг хийхээр Монголд ирсэн “Хан ресурс” компанийн захирал Жим Доакийг “Blue skу” зочид буудлын өрөөнд амиа алдсан байхад нь олсон нь яах аргагүй анхаарал татсан мэдээлэл болж байсан билээ. Чамгүй төлбөрийг төлөх ёстой манай тал болоод компанийн хооронд ямар харилцаа үүсээд байгаа вэ гэдэг асуудал мэдээж энд гарч ирнэ. За ямарч байсан Жим Доакийг өвчний учир нас барсан гэх мэдээллийг ар гэрийнхэн нь өгөөд байгааг энд тодотгоё.

Ер нь бол энэ заргад Монголын Засгийн газар ялагдах уу, ялаад гараад ирэх үү гэдэг нь өнгөрсөн оны дунд үе гэхэд тодорхой болох товтой байсан ч шүүх шийдвэрээ танилцуулалгүй чамгүй хүлээлгэсэн юм.

“Хан ресурс” компанийн зүгээс Монгол, Орос хоёр нийлж байгаад өөрсдийг нь шахаад гаргачихлаа гэж асуудал үүсгэсэн юм. Тэгээд л Оросын “Атомредметзолото” болон түүний салбар компани болох хувь нийлүүлсэн Приаргуны Уул уурхай, химийн үйлдвэрлэлийн нэгдлийн эсрэг нэхэмжлэлийг Онтариогийн Дээд шүүхэд гаргаад ялалт байгуулчихсан. Хэдийгээр Оросын Хууль зүйн яам Хан ресурсын нэхэмжлэлийг хүлээж авах үндэслэлгүй гэдэг тайлбарыг өгсөн ч Канадын шүүх нутгийнхаа компанийн талд заргыг шийдвэрлэсэн. Харин манай Засгийн газрын эсрэг гаргасан нэхэмжлэл нь нэг тийш болж шийдэгдээгүй сунжиран хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа юм. Хэдийгээр шүүх хуралд оролцсон ажлын хэсгийн ахлагч Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг ““Хан ресурс” компани хуульд заасан үүргээ гүйцэтгээгүй учраас лицензийг нь цуцалсан. Гэхдээ өөр компанид лицензийг өгчихөөгүй. Өөрөөр хэлбэл төр энэ компанийн лиценкийг өөр бусад зорилгоор төр ашиглаагүй. Үүнийгээ ч нотолсон үндэслэлүүдээ гаргасан.” гэж байгаа ч, хэрэг дээрээ манай талд асуудал байхгүй биш байгаа. Учир нь нөгөөх ордыг нь түшиглээд Монголын “Мон-Атом”, ОХУ-ын “Атомредметзолото” компанитай хамтарсан “Дорнод Уран” үйлдвэрийг цаасан дээр байгуулчихсан. Түүнчлэн “Хан ресурс”-ын зарга бүрэн шийдвэрлэгдээгүй байхад энэ төсөл ажил болно гэдэг боломж муутай нь эхнээсээ эрхбиш ойлгогдож байсныг хэлэх хэрэгтэй. “Дорнод Уран” үйлдвэр арван онд цаасан дээр байгуулагдаж манайх 51, Оросууд 49 хувьд эзэн суух болсноор Канадын Хан ресурсын зарга эхэлсэн юм.

Монгол, Оросын Засгийн газрууд тус ордыг түшиглэн Дорнод Уран хамтарсан компани байгуулахаас өмнө Монгол, Орос, Канад гурван улсын хамтарсан “Төв Азийн уран” гэж компани үйл ажиллагаагаа явуулж байсан. Төв Азийн Уран компанийн 58 хувь “Хан ресурс”-ын мэдэлд, үлдэх 42 хувийг нь Монгол, Орос хоёр тэнцүү хуваан эзэмшиж байсан юм. Харин манайх Оростой нийлэн Канадыг шахсанаар олон улсын шүүхэд дуудагдах замаа шулуутгасан юм. “Хан ресурс” компанийн зүгээс “…Монгол улсын Цөмийн энергийн газар өөрсдийг нь буруутгаж, эрх сонирхолыг нь үл харгалзан ОХУ-ын “АРМЗ” компанитай Дорнодын ураны орд газрыг ашиглах гэрээг байгуулсныг, мөн хэд хэдэн хууль тогтоомжинд эд хөрөнгийг нөхөн олговоргүй хураан авах нь хууль бус гэж заасан учир өөрсдийнх нь нэхэмжлэл маш сайн үндэслэлтэй” гэж онгирч ирсэн билээ.Уг нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Ашигт малтмалын тухай хуулиар бол Монголын төр улсын төсвөөр эрэл хайгуулыг нь хийсэн орд газруудын 51 хувийг эзэмших ёстой. Тэр ч үүднээс Дорнодын ураны бүлэг орд дахь эзэмшил тийм хэмжээнд байх ёстой тул Оросуудаас 8 хувийг, “Хан ресурс”-ээс 22 хувийг нь өөртөө шилжүүлэн авсан гэх.

Харин “Хан ресурс”-ын зүгээс манайхыг буруутгаж ирсэн. Монголын Засгийн газар “Хан ресурс” компанийн хувьцааг Оросын талаас төрийн өмчит “Атомредметзолота” компани худалдаж авах санал дэвшүүлэхэд юм дуугараагүй хэрнээ Хятадын CNNC группээс хувь эзэмших хүсэлт тавих үед нь “Хан ресурс”-ын лицензийг хүчингүй хэмээн мэдэгдсэн нь “АРМЗ” компанитай нийлэн Дорнод Ураныг байгуулах гэсэндээ хийсэн алхам гэж үздэг. Ерөөс Оросын төрийн өмчит АРМЗ болон түүний салбар компаниуд Дорнодын ураны бүлэг ордод Монголын засгийн газартай хамтарсан компани байгуулах, “Хан ресурс” компанийн Монгол дахь үйл ажиллагаанд эргэлзээ төрүүлж, “Төв Азийн Уран” компанийн хувь эзэмшигч бөгөөд Хан-тай стратегийн хэлэлцээр хийсэн Монголын төрийн өмчит компани болох Мон Атом ххк-тай тогтоосон эдийн засгийн харилцаанд хөндлөнгөөс оролцон, CNNC Overseas Uranium Holding Ltd-ийн хувьцаа худалдах авах илт давамгай саналд хөндлөнгөөс оролцож Монгол дахь Хангийн үйл ажиллагааг зогсоох зорилготой үйл ажиллагаа явуулсан нь “Хан Ресурс”” компанид их хэмжээний хохирлыг учруулсан гэдэг юм. Түүнчлэн “…Монгол улсын Цөмийн энергийн газар өөрсдийг нь буруутгаж, эрх сонирхлыг нь үл харгалзан ОХУ-ын “АРМЗ” компанитай Дорнодын ураны орд газрыг ашиглах гэрээг байгуулсныг, мөн хэд хэдэн хууль тогтоомжинд эд хөрөнгийг нөхөн олговоргүй хураан авах нь хууль бус гэж заасан учир өөрсдийнх нь нэхэмжлэл маш сайн үндэслэлтэй” гэж онгирдог. Заргаа авахын тулд өөрсдийн эрх ашгийн талд шийдвэрлүүлэхийн тулд эрчимтэй ажиллах болно” гэж албан ёсоор мэдэгдэж байсан.

Харин Цөмийн Энергийн Газраас “ Хан ресурс ХХК, Төв азийн уран ХХК-иуд нь өөрсдийн зөрчил дутагдлыг хавхавчлах, олон нийт болон өөрийн компаний хувьцаа эзэмшигчдийг хууран мэхэлсэн туйлын хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа бөгөөд хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллахгүй, төрийн хууль тогтоомжийг үл хүндэтгэж байгаад эмзэглэж байна. Иймд дээр дурдсан компаниудын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж олгох боломжгүйг албан ёсоор мэдэгдэж байна. Мөн Монголын уранаар барьцаа болгон Олон улсын хөрөнгийн биржид 48 сая ширхэг хувьцаа гарган арилжихдаа, нийт хувьцааны 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр борлуулах ёстой хуулийг, Аж ахуйн тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулиудыг удаа дараа зөрчсөн “ Хан ресурс” компани хууль зөрчсөн алхмуудаа засаж залруулсан бол, лицензийг нь сэргээхэд бэлэн байсан” хэмээн мэдэгдэж байсан. Ерөнхийдөө талууд бие биедээ ийм маягийн гомдолтой байсны араас шүүх хурал болсон. Улмаар Арбитрын шүүх албан ёсоор шийдвэрээ гаргахад, Монголын Засгийн газар ялагдаж, Канадын компанид 100 сая ам.доллар төлөхөөр болсон. Хэрэв манай Засгийн газар 100 сая ам.долларыг  төлөхгүй бол Нью-Йоркийн конвенцийн дагуу асуудалд орж таарахаар байгаа гэх мэдээлэл анх байсан. Энэ нь Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх тухай НҮБ-ын Олон улсын бага хурлаас гаргасан конвенц юм. Гэхдээ манай албаны нөхдүүдийн хэлснээр давж заалдах завсар бас бидэнд үлдсэн гэж байсан бөгөөд одоо байгаа мэдээллээс үзэхэд тэр аргаараа л үзээд байгаа юм болов уу даа. Гэвч нөгөөх “Хан ресурс” нь манайхны эсрэг сөрөг мэдээллээ хийгээд л байна.

Э.Болор

Эх сурвалж: Шуурхай.мн

ХЭН НЭГНИЙГ БУРУУТГАХ ХЭРЭГГҮЙ, ШАДАР САЙД С.АМАРСАЙХАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ
ХЭН НЭГНИЙГ БУРУУТГАХ ХЭРЭГГҮЙ, ШАДАР САЙД С.АМАРСАЙХАНД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.