“Нарантуул”, “Барс-1”-ийн хүнсний худалдааны цэгийн үйл ажиллагааг зогсоосон ч дур мэдэн ажиллуулсаар байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
3 минут 44 секунд
“Нарантуул”, “Барс-1”-ийн хүнсний худалдааны  цэгийн үйл ажиллагааг зогсоосон ч дур мэдэн ажиллуулсаар байна

“Нарантуул”, “Барс-1”-ийн хүнсний худалдааны цэгийн үйл ажиллагааг зогсоосон ч дур мэдэн ажиллуулсаар байна

Зах зээлийн орчин, хүмүүсийн амьжиргааны нөхцөлийг чөлөөт худалдаагүйгээр төсөөлшгүй. Хүмүүс хүнс хоол, бусад хэрэглээгээ хангахын тулд худалдан авалт хийдэг. Худалдан авч буй зүйлс нь хор болох уу, хоол болох уу гэдгийг ч нарийн нягт шалгана. Эс тэгвээс эрсдэл үүрнэ. Эвгийтвэл үхэж ч мэднэ. Ухаандаа, хүн чанараа гээсэн худалдаачдаас нэг талдаа болгоомжлууштай. Тиймээс иргэддээ чанартай, стандартад нийцсэн бүтээгдэхүүн хэрэглэх боломжийг хангахын төлөө  мэргэжлийн  хяналтын байгууллага, байцаагчид ажиллаж байгаа юм.

Саяхан  Мэргэжлийн хяналтын  ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар нэгэн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь хүнсний худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнгийн тухай байлаа.

Шалгалтын үеэр 62 байгууллага, 15 нэгж, салбар, 405  объектын үйл ажиллагааг улсын байцаагчийн актаар зогсоожээ. Чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хадгалалтын хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн олноор зарагдаж байсан байна. Мөн янжуур тамхи 3545 ширхэгийг устгалд оруулжээ. Шалгалтаар шошгын зөрчилтэй 171 нэрийн бүтээгдэхүүнийг  үйлчилгээнээс татан гаргав.

Шалгалтанд хамрагдсан 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн 623 худалдааны газруудыг “Худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас”-аар үнэлж үзэхэд 37.9 хувь нь бага эрсдэлтэй, 52.5 хувь нь дунд эрсдэлтэй, 9.6 хувь нь их эрсдэлтэй гарчээ. Эрсдэлийн түвшин дунджаар 40.0 хувьтай байгаа нь өмнөх жилийнхээс бага зэрэг буурсан үзүүлэлт гэх боловч хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй гэж үзсэн байна.

Эрсдэл дагуулсаар байгаа худалдааны салбарт “тоглоом”-ын сайн дүрэм үгүйлэгдэж буй нь эдгээр зөрчлөөс илт ажээ. Өөрөөр хэлбэл, худалдааны тухай хууль хэрэгтэй гэдгийг мэргэжлийн хяналтынхан хэлж байна. Мөн стандартыг шинэчлэх шаардлагатай болжээ. Одоогийн мөрдөж байгаа MNS 5021:2007 стандарт аль хэдийнээ хоцрогдсон байна.

Түргэн мууддаг, гэмтдэг, хадгалалтын онцгой нөхцөл шаарддаг хүнсний бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн хэрэгслийн импортын гаалийн болон онцгой татвараас чөлөөлөхийг санал болгож байгаа нь ч сайн хэрэг. Үүнийг шинэ Засгийн газар шинэ бодлогодоо тусгаж хэрэгжүүлэх биз.

Ийнхүү шалгаж арга замаа тодорхойлох яахав. Жилийн жилд л хийгддэг  ажил. Харин шалгалт яваад өнгөрмөгц худалдааны салбарууд, тэдгээрийн лангуу, худалдааны цэгүүд дээр бахь байдгаараа зөрчил дунд хөвөрч, иргэдээ хохироосоор байх уу. Дээрх шалгалтаар уг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч нар урьд нь удаа дараалан шалгаад албан шаардлага тавьсаар байтал биелүүлээгүй “Нарантуул” худалдааны төвийн өргөтгөлийн 280 хүнсний худалдааны цэгүүдийн үйл ажиллагааг зогсоохоор болжээ. Мөн “Барс-1” худалдааны төвийн 25 төмөр чингэлэгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна. Гэвч шалгалтын дараа тэдгээр цэгүүдийн зарим нь үйл ажиллагаагаа явуулсаар байгаа аж. Худалдаа шударга байх нь юу юунаас чухал. Цөөн хэдэн хүн ашиг хожоо олох гээд бусдыг хорлох нь яав ч эрүүл үзэгдэл биш ээ.

Б.Отгонбаяр  

Tumen.mn

Газар хөдлөлтийг урьдчилан мэдээллэх станцуудыг нэмж байгуулна
Газар хөдлөлтийг урьдчилан мэдээллэх станцуудыг нэмж байгуулна
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2014/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.