Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл доор “Хөвсгөл нуураа хамгаалъя” үндэсний чуулган зохион байгуулагдаж байна. Дэлхийн цэнгэг усны 0.4 хувь, Монгол орны цэнгэг усны 74.6 хувийг эзэлдэг нуурын эко систем сүүлийн жилүүдэд хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн доройтох болсон. Тухайлбал, нууранд живсэн машин техникийг татан гаргах, нуурын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны бааз, түүнийг дагасан хог хаягдлыг бууруулах, байгалийн зүй тогтлыг онгон дагшнаар нь хадгалж үлдэх зайлшгүй шаардлага тулгараад байгаа билээ. Тиймээс Хөвсгөл нуурын эко системийг хамгаалж, тогтвортой ногоон хөгжлийн бүс болгох, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлага байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж хэлсэн үгэндээ онцолсон юм.
Чуулганы үеэр БОАЖЯ болон нутгийн захиргааны удирдлагууд ч Хөвсгөл нуурыг хамгаалах, зүй зохистой эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ онцолж байлаа.
Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуурын эргэн тойронд 120 гаруй аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2004 онд 7716 жуулчин хүлээн авч байсан бол сүүлийн жилүүдэд 12 дахин өсч 90 хүрсэн байна. Үүний дийлэнхийг дотоодын жуулчин эзэлж байгаа гэдгийг Хөвсгөл аймгийн удирдлагууд онцолж байлаа.