Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хөдөлгөөний анхдагчдын нэг Санжаасүрэнгийн Зориг агсан одоогоос 22 жилийн тэртээ буюу 1998 оны 10 дугаар сарын 2-нд бусдын гарт амь насаа алдсан. Жил бүр энэ өдрийг АН-ынхан нэхэн санаж, хөшөөнд нь цэцэг өргөж, журмын нөхөд нь цуглардаг байв. Харин өнөөдөр өнөөх намынх нь нөхөд алга. С.Зоригийн хэргийг байн байн сөхөж, шударга ёс нэхдэг АН-ынхан ч алга. Эхлүүлсэн хувьсгалынхаа, ардчиллынхаа арван жилийн ойтойгоо золгож амжилгүй дэндүү эрт, дэндүү залуугаараа бусдын гарт амиа алдсан энэ улс төрчийн үйл хэргийг бүү хэл үхэлд дайруулсан өдрийг нь ч санах хүн өнөөдөр цөөрчээ.
Зориггүй 22 жил өнгөрөв. АН-ынхан С.Зоригоос урвав. АН-ынхан ардчиллаасаа урвав. Монголын улс төрийн хоёр дахь том хүчин болж, засаг толгойлж, төр тэргүүлж явсан АН-ынхан өнөөдөр даргын суудалд санаархаж, эрх мэдлийн төлөө улайрч, эцэст нь хэн ч биш, юу ч биш болж үлдлээ гэдгийг шог зураач С.Цогтбаяраас эхлээд олон хүн халаглан ярьж байна.
Одоогоос 30 жилийн тэртээ ардчилал шударга ёсны төлөө Сүхийн талбай дээр өлсөж, жагсаж, уриа лоозонгоо барин тэмцэж явсан ардчилагчдын хөлс хүч, амь нас эрүүл мэнд дээр дөрөөлөн боссон АН дарга нэрт хэдхэн хүнийхээ тоглоом, шоглоом болоод дуусаж байна. АН-ын нэрээр эрх мэдэлд, мөнгөнд дулдуйдсан С.Баярцогт, С.Эрдэнэ, Лу.Болд тэргүүтэй баячууд нь тэнгэр баганадсан байшин барьж, тэрбум, тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөө гадаадад аваачин нууж байхад АН өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн байргүй тэнүүчилж, мөнгөтэй хүний халаасны өрөөнд багтаж байна. С.Эрдэнийн хатавчнаас хөөгдсөн АН өнөөдөр дахиад л мөнгөтэй хүн царайчилж, хэдхэн сарын өмнө нам руугаа, намынхаа нөхөд рүү нулимаад явсан Лу.Болдын хаяа бараадав.
Монголын ардчиллыг АН гэж ойлгодог, энэ намд сэтгэл зүрхээ зориулсан жирийн гишүүд нь өнөөдөр өнөөх л мөнгөтэй дарга нарынхаа фракц, бүлэглэлийн золиос болж, эв эвдэрч, тарж бутарсаар хаачихаа мэдэхгүй сарниж орхив.
Хамгийн гол нь АН-ынхан 30 жилийн турш баримталж ирсэн үзэл баримтлалаа худалдаж, Намбарын хүүгийн түрийвч рүү шурган орлоо. Намаа, гишүүдээ нулимж байгаад ч хамаагүй НИТХ-ын сонгуульд ялалт байгуулж, энэ ялалтынхаа гавьяаг хүн болгоноор үнсүүлж байгаад АН-ын даргын суудалд залрахыг хүсч байгаа Ц.Туваан, Нийслэлийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Пүрэвдаваа нарын шунал дээр ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор хүчээ нөөж суугаа Х.Баттулга тоглолт хийж, АН-ыг бүрмөсөн устгав.
Өнөөдөр АН өөрийн гэсэн байргүй, үзэл баримтлалгүй, даргагүй, гишүүд дэмжигчид ч байхгүй болов. Олон жилийн турш АН-ыг дэмжиж ирсэн гишүүд нь, дэмжигчид нь Н.Энхбаяр гэгч улаарсан коммунистын хүүгийн зургийг бариад сурталчилгаа хийгээд явж байна. АН-ыг хоёр хувааж, ялдагдлын ангал руу түлхэхдээ алгаа ташиж байсан Лу.Болд, Б.Батзандан хоёр эзгүйрсэн намын даргын суудал руу нь зүтгэж, үүрэг гүйцэтгэгч нарыг нь намнахаар бэлдэж байгаагаа ил тод зарлав.
“Би Монгол хүний саруул ухаанд итгэдэг” хэмээн бичиж үлдээсэн С.Зоригийн найзууд зориггүй, зорилгогүй суусаар АН-ыг мөхөв.