Хөгжлийн банкны захирал асан, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин яаж “дахин” Монгол Улсын иргэн болсон бэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
5 минут 58 секунд
Хөгжлийн банкны захирал асан, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин яаж “дахин” Монгол Улсын иргэн болсон бэ?

Хөгжлийн банкны захирал асан, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин яаж “дахин” Монгол Улсын иргэн болсон бэ?

УИХ-ын 2020 оны сонгуулийн 29-р тойргоос нэр дэвшин сонгогдсон Г.Амартүвшинг Монгол Улсын иргэн мөн эсэх талаар тухайн үед маргаж үнэн, худал элдэв баримт үзүүлсээр эцэст нь түүнийг өрсөлдөх боломжоор хангаснаар тухайн тойргийн нийт сонгогчдын 14хувь буюу 37475 сонгогчийн саналаар УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

Түүнийг сонгогдсоноос хойш аль улсын иргэн болох тухай асуудал ор тас мартагдсан төдийгүй эдүгээ Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсантай нь холбоотой асуудал сөхөгдөж эхлээд байна. Тиймээс иргэний хувиар, сонгогчийн хувиар, чөлөөт нийтлэлчийн хувиар УИХ-д хяналт тавих, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэж үзэж дараах баримтыг сануулж байна.

Тухайн сонгуулиар Г.Амартүвшин УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөх боломж олж авсан гол үндэслэл нь Монгол Улсын иргэний үнэмлэх байв. Энэхүү үнэмлэх өмнөх бүх фактыг няцааж, гүтгүүлсэн болж хувираад сонгогчдын саналаар сонгогдсон.
Тэгвэл тэрхүү Монгол Улсын иргэний “Хоёр дахь” үнэмлэх Ганибалын Амартүвшинд ямар “замаар” ирсэн бэ гэдэг баримтуудыг одоо хармаар байна.

Энд иргэн Г.Амартүвшингийн 2008 оны 6 дугаар сарын 26-нд олгогдсон 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хүчинтэй Монгол Улсын иргэний үнэмлэх, гурван үеийн намтар байна.

Мөн 2008 оны 6 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд тухайн үед оршин сууж байсан Сүхбаатар дүүргийн 4-р хорооны Засаг даргаас Бельгид суугаа ЭСЯ-нд хэмээн хаягласан оршин суугчийн тодорхойлолт, тус дүүргийн Татварын хэлтсийн “татварын өр, тооцоогүй” гэх тодорхойлолт, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны “иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад өргүй” гэх тодорхойлолт, БСШУЯ-ны Сургалтын төрийн сангийн “ямар нэг тооцоогүй” гэх тодорхойлолт байна.

Эдгээр баримт материалууд хуулийн дагуу бүрдүүлэгдэж улмаар одоогийн УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн гараар бичсэн “Монгол Улсын харьяатаас гарахыг хүсэгчийн анкет”-аар баталгаажиж байна.
Ингээд 2007 оны 1 дүгээр сарын 15-нд Голланд улсын Цог жавхлант Хатан хааны AR:07000026, NAR: 20060254 дугаартай Зарлиг гарчээ. Зарлигт “Амстердам хотод оршин суугаа, 1974 оны 6-р сарын 26-нд төрсөн Монгол Улсын иргэн Ганибал овогтой Амартүвшинд Голландын иргэний харьяаллыг олгов. Хатан хааны зарлиг гарсан өдрөөс хойш Та Голландын иргэн боллоо” гэжээ.

Үүнийг иргэн Ганибалын Амартүвшингийн 2006 оны 2 дугаар сарын 24-нөөс 2011 оны 2 дугаар сарын 23-ныг хүртэлх хүчинтэй Е серийн гадаад паспорттой байсан бол 2007 оны 6 дугаар сарын 26-наас 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хүчинтэй Holland улсын иргэний, энгийн гадаад паспортаас харж болж байна. Үүнийг зөвхөн Монгол Улсын иргэнээс гарсны дараа тухайн орноос олгодог.

Харин одоо Голланд улсын иргэн Г.Амартүвшин хэрхэн “дахин” Монгол Улсын иргэн болсон бэ гэдэг сонин байна?! Хачирхалтай нь иргэн Г.Амартүвшинг Монгол Улсын иргэнээс хассан тухайн үеийн Ерөнхийлөгчийн зарлиг олдсонгүй. Уг зарлигт Г.Амартүвшингээс гадна Казахстан улсын иргэн болохыг хүссэн голдуу, нийт арав гаруй иргэнийг хамтатган Монгол Улсын иргэнээс хассан байдгийг эх сурвалж баталдаг. Гэтэл тэр зарлиг олдохгүй байгаа нь хачирхалтай бөгөөд УИХ-ын 2020 оны сонгуультай холбож хардахаас аргагүй. Мөн “дахин” Монгол Улсын болгосон Ерөнхийлөгчийн зарлиг, Зарлиг гарахын өмнөх холбогдох өргөдөл, баримт, материалууд олдохгүй байна. Эндээс Г.Амартүвшин Голландын иргэн болсноосоо хойш дахин хэдэн онд Монгол Улсын иргэн болсон тухай баримт “дутаад” байгаа юм.
Ер нь тийм тохиолдол байдаг уу? Лав л давхар иргэншлийг манай улс зөвшөөрдөггүй. Тиймээс Голландын иргэншлээсээ татгалзахыг хүссэн баримтууд, Голландын Хатан хааны Голландын иргэншлээс татгалзахыг нь зөвшөөрсөн зарлиг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дахин иргэнээрээ бүртгүүлэхийг зөвшөөрсөн зарлиг, дахин Монгол Улсын иргэн болохдоо бүрдүүлсэн баримт материалуудыг хараагүй байхад УИХ-д Голланд иргэн байгаа гэж үзэх болно. Тэр ч байтугай Хөгжлийн банкаа хэсэгхэн хугацаанд удирдуулж байжээ гэж үзэх хардлага арилахгүй. Дээрх материалуудыг судлах явцад тухайн үед Монгол Улсаас Голланд улсыг хариуцаж Бельгид сууж байсан Элчин сайд ямар тодорхойлолт хийж өгч байв? Тэдгээр баримтыг Бельгийн ЭСЯ-ны архиваас нэхнэ. Элчин сайд асанаар нотлуулж яриулъя. Тэгж байж Монгол Улс Төрийн эрх барих дээд байгууллага УИХ-аа цэвэр бүрдүүлсэн үү, гадаадын иргэнийг байлгаад байна уу гэдэг асуудлыг эцэслэж мухарлах болно. УИХ ч энэ талаар анхаарч холбогдох баримт материалуудыг сонгогч, олон нийт, ард түмэндээ ил гаргаж ойлгомжтой болгох шаардлагатай.

Эх сурвалж: Нийтлэлч У.Оргилмааа

Баабар.мн

“COVID19“-ийн хариуцлагыг М.Оюунчимэг гишүүнтэй өөртэй нь ярих ёстой
“COVID19“-ийн хариуцлагыг М.Оюунчимэг гишүүнтэй өөртэй нь ярих ёстой
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.