Жульдсан тэргүүнтэй жонхуурсан Засгийн газар
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
18 минут 49 секунд
Жульдсан тэргүүнтэй жонхуурсан Засгийн газар

Жульдсан тэргүүнтэй жонхуурсан Засгийн газар

Дэндүү балчирдаж байна, учраа ч олохгүй байна. Л.Оюун-Эрдэнийг Засгийн газар тэргүүлэх болсон цагаас хойш Монгол Улсын бүх салбарт уналт бий боллоо. Тэр тусмаа Л.Халтар сайдтай зам, тээврийн салбар бүрэн утгаараа дампуурлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн томилсон гэх С.Энхболд сайдтай эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэв. Ч.Номин сайдтай соёл урлагийн салбар учраа олохгүй төөрөх болов. Улс орныг энэ олон сөрөг зүйлд хөтөлж оруулахд нөлөөлсөн гол хүн Шадар сайд С.Амарсайхан зөвхөн цар тахал тойрон эргэлдээд ч халдварын тоо багасаж, нас баралт буурахгүй байна. Аанай л тодорхой бодлого гарган ажиллаж чадахгүй байгааг харуулсан хэрэг. Сүүлийн жилүүдэд ам.долларын ханш тогтвортой байж шатахуун түлшний үнэд огт өөрчлөлт ороогүй байхад ачаа тээврийн хөлс хэд дахин нэмэгдлээ. Хилийн цаана хэдэн мянган чингэлэг бараа гацаж, тээврийн хөлсөө даган, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр авахаас эхлээд улс оронд болж бүтэж байгаа зүйл алга. Хариу арга хэмжээ авч байгаа нэг ч үйлдэл алга.

Зөвхөн ихэс дээдсийн өг гэсэн мөнгийг гаргаж өгч байгаа Сангийн сайд Б.Жавхлан ямар бодлого барьж байгаа юм. Барилгын материалын үнэ хөөсөрч төрөл тутамдаа хэд дахин нэмэгдлээ. Валютын ханшид өөрчлөлт ороогүй байхад яагаад ийн үнэ өсөх болов. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар гэх нөхөр чухам юу хийж, ямар бодлого явуулж байна вэ. Цар тахал нэрээр халхавч хийж, бүхий л аж ахуйн нэгжүүдээ гацааж, гар дээрээс наймаа эрхлэгчдийнхээ гарыг нь хумилаа. Иргэд болон аж ахуйн нэгжүүд банкны зээл, хүүнд дарамтлуулж, түрээс татвараа ч төлж чадахгүйд хүрсэн. Гэтэл хэдэн тэрбум төгрөгөөр баяр наадам тэмдэглэх, одон тэмдэг тараах тухай шийдвэр гаргаж суугаа Засгийн газраар яах юм.

Тун болохгүй бол өөрийн томилсон Сангийн сайддаа дуулгаж, халамж хэмээн цөөн төгрөг өгөхөөс өөр ажил хийхгүй сууж байгаа Засгийн газар гэдгийг ч олон түмэн ярьж байна. Үүнээс гадна Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шадар сайдад хамаарах Стандарт хэмжил зүйн газар болон бусад агентлаг газруудад хууль бус зүйл өрнөж байхад “шударга ёс” хэмээх малгай өмссөн Гүйцэтгэх засаглалын тэргүүнээсээ эхлээд тэдний толгойг илж байгааг баримтаар хүргэсээр байна. Даанч арга хэмжээ авахгүй аж. Энэ бүх зүйлийг цухас дурдахад төрийн бүхий л шатанд хариуцлагын тогтолцоо алдагдаж, хууль дүрэм мөрдөн ажиллахгүй байгааг харуулж байгаа хэрэг.

Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө жульдаж, хөнгөдөж байгаа бол ядахад ажлаа хийж чадахгүй байгаа сайд, дарга нараа энэ төрөөс явуулах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Хэрвээ ингэж чадахгүй бол танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч таарна. Огцрохоос ч өөр аргагүй байдалд хүрчээ. Тэгэхээр бусдад сануулга өгөх үүднээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимын зарим сайд нараас дурдъя.

Тээврийн салбарыг Тяньжанд тэгнэсэн Л.Халтар сайд

Зам, тээврийн хөгжлийн яаманд иргэний нисэх, төмөр зам, гүүр харгуй, тээвэр зууч гээд стратегийн хамгийн чухал бүтцүүд хамаардаг. Гэтэл Монголын эдийн засгийн нэгэн тулгуур хүчин зүйл болсон нүүрсний экспорт нам зогссон нь Зам, тээвэр хөгжлийн яам, сайд Л.Халтартай шууд холбоотой. Тэгвэл ачаа, тээврийн гол эргэлт, экспорт, импортыг нугалж байгаа төмөр замын асуудал ч сайнгүй байна. Хамгийн наад зах нь өнгөрөгч хоёрдугаар сард Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа түдгэлзэх өргөдөл өгөөд явсан байтал өнөөдрийг хүртэл тус нийгэмлэгийн даргыг томилж чадаагүй байна. Энэ нь Л.Халтар сайд оросуудтай ойлголцож чадахгүй байгаатай холбоотой гэдгийг салбарынхан хэллээ. Тээврийн салбар бүрэн дампуурсан нь Тяньжан боомтод 3000 гаруй чингэлэг урт хугацаанд гацаж, ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хэчнээн хүндрэл учруулж байгаагаас харагдана. Мөн Эрээнд 2000 машин гацсан байдалтай байгааг ч дуулгасан. Олны хэл амыг дагуулж байгаа Дархан, Улаанбаатар чиглэлийн замыг яриад ч хэрэг алга. Тэгээд ч энэ яамнаас шийдэл гарахгүй нь ойлгомжтой бөгөөд бүх зүйлд цар тахал гэсэн халхавч тавьж байгаад хувийн эрх ашгаа бодож суудаг бололтой.

Дээр дурдсанчлан ачаа тээврийн үнэ хэд дахин нэмэгдсэн нь шууд Л.Халтар сайдын барьж байгаа бодлого ямар байгааг харуулсан хэрэг. Яахав, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас есөн иргэн, нэг аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээн шалгаж 38 сая төгрөг торгууль ногдуулж, хууль бусаар олсон 243 сая төгрөгийг хураахаар шийдвэрлэж байна. Энэ бол нэг удаагийн л арга хэмжээ. Гэтэл салбар яамнаас яагаад ачаа тээврийнхээ үнэ өртөгт хяналт тавьж, улмаар зохицуулалт хийж өгөхгүй байгаа юм бэ.

Стратегийн чухал салбар болох агаарын тээвэр, түүний удирдах ажилтнуудын хууль бус ажиллагаа салбараасаа аль эрт хальж, Монгол орон даяар цуурайтаж байна. Тус газрын удирдлагууд Банк бус санхүүгийн байгууллага болон бусад компаниар дамжуулан мөнгө хүүлдэг тухай баримт удаа дараа дэлгэж, сүүлдээ зодоон цохиондоо тулчихсан байна. Шинээр баригдаж байгаа Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын удирдлагуудын хууль бус ажиллагааг дурдахад ч олон зүйл бий. Зам, тээврийн салбарыг унагаасан шалтгаан нь түүний ашиг сонирхлын зөрчилтэй ч холбоотой байж болох юм. Учир нь Л.Халтарын төрсөн хүү Х.Нямдорж нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ай Ти Би” компанийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй, эхнэр Х.Ганзул нь тус газрын Тээвэр зохион байгуулалтын албанд инженерээр ажилладаг тул тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдал байна. Мөн Л.Халтар сайдын хамтрагч, Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд гэх нөхөр ч өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн учраас тэд буруу талаараа сайн хамтрагчид болохоос бус стратегийн энэ салбарт даанч тохиргүй хүмүүс аж. Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдын нэр дээр Монголын авто инженерүүдинй холбоо, Зам тээврийн хүрээлэн, “Мөнгөлөнгоо” нөхөрлөл, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг “Жигүүр транс” компани, барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг “РЭСКА” компани болон түүний эхнэр хүүгийн нэр дээр бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд ч байна. Ийм л нэг эрх ашгийн зөрчилтэй сайд зам тээврийн салбарыг бүрэн утгаар нь дампуурууллаа.

Эрх мэдэлд шадарладаг Шадар сайд С.Амарсайхан

Нийслэлийг самарчихаад Шадар сайдын суудалд суусан С.Амарсайхан өдгөө улс орныг жинхэнэ утгаар нь самарч байна. Тэр НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, хурлын дарга, Засаг дарга гээд богино хугацаанд улс төрийн карьераа дээшлүүлж, улмаар УИХ-ын гишүүн, Шадар сайдын суудалд заларсан. Түүний тухай энэ мэтээр дурдаад байвал дуусахгүй. Улаанбаатарчуудын ундны усанд заналхийж, Туулын эрэг дагуу барилга байшин барихаас эхлээд бургас мод хядаж, “Бургас” нэр зүүсэн бол Шадар сайд болсон даруйд “Самарсайхан” нэр зүүсэн хүн. “Муу нэртэй луу данстай” ч урьд өмнө алба үүрэг гүйцэтгэж байсан Шадар сайд нар түүн шиг муу ажилласангүй. Ядахад л хариуцлагаа шударгаар хүлээн албан тушаалаасаа татгалзаж чаддаг сайд нартай байжээ.

Тэр Улсын онцгой комиссын даргын хувьд өнөөдөр улс орны хэмжээнд дэгдсэн цар тахлын хэм хэмжээнд дүгнэлт хийж тодорхой бодлого гаргаж чадахгүй сууна. Өөрөөр хэлбэл учраа олохгүй байна. Цар тахлын дэгдэлт, нас баралтаар Азидаа тэргүүлж, дэлхийд эхний хэдэд багтах болов. Өдөрт 2000 гаруй хүн халдвар авч, арав гаруй хүн нас барах болов. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд ямар ч арга хэмжээ авч ажиллаж чадахгүй байгааг л харуулсан хэрэг. Үүнээс гадна Шадар сайдын харъяа, түүний багцад хамаарах агентлаг газрын дарга нар удаа дараа хууль зөрчиж байхад тэрээр толгойг нь илсээр байна.

Шударга ёс хэмээх томдсон малгай өмссөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний Засгийн газарт хууль бус зүйл өрнөж байгаагийн нэгээхэн жишээ энэ юм. Тиймээс Шадар сайд С.Амарсайхан нь өөрийн харъяанд байх Стандарт, хэмжил зүйн газрын даргын түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүн болон зарим “Түр дарга” нарын толгойг илсээр байна. Тэр тусмаа Шадар сайд С.Амарсайханд салбарын алба хаагчид хууль бус даргынхаа тухай баримт бүхий өргөх бичиг удаа дараа өгсөн ч тэрээр авч хэлэлцэхгүй байгаа нь Б.Билгүүний хөрөнгөлөг нэгэн гэдгийг илтгэж байгаа хэрэг. Тиймээс л “Эрх мэдэлд шадарладаг Шадар сайд С.Амарсайхан өөрөө тамгаа өгөх хэрэгтэй” хэмээн олон түмэн шаардаж байгаа хэрэг. Түүнд халаагаа өгсөн Шадар сайд асан Я.Содбаатар маш сайн ажиллаж байсан ч ковидын халдвар авсан нярай биетэй эмэгтэйг өвлийн хүйтэнд улавчтай тээвэрлэсэн гэх шалтгаанаар албан тушаалаасаа татаглазсан. Үүнд Я.Содбаатар үүрэг өгөөгүй, нэгдүгээр төрөхийн эмнэлгийн ажилтнуудын л алдаа байсан. Гэтэл С.Амарсайхан халдварыг орон даяар алдаж, нас баралтын тоог нэмсэн, харъяа агентлаг газруудад нь өч төчнөөн хууль бус зүйл байхад, түүнийг нь баримтаар хүргэсээр байхад Шадар сайдынхаа суудалд гүрийсээр байгааг гайхаж байна.

Эрүүл мэндийн салбарыг “элэглэж” байгаа С.Энхболд

Шуудхан хэлэхэд Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх үед С.Энхболд сайд хоёрдугаар эмнэлгийн рейтгэний эмчээр ажиллаж байв. Тэр үедээ удтал өвдсөн Л.Оюун-Эрдэнийн аавын оношийг тогтоон, эмчилж босгосон гэдэг. "Түүнийхээ шанд эмнэлгийн дарга болж, улмаар Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж танхимаа бүрдүүлэхдээ сайдын суудлаар шагначихсан уу?". Тэр сайн эмч хэдий ч төрийн ажлын дадлага туршлагагүй хүн. Хүн эмчилж байсан болохоос бус хүн хариуцан ажиллаж үзээгүй хүн яаж бүхэл бүтэн стратегийн чухал яам толгойлох юм бэ.

Өнөөдөр цар тахлын халдвар хэрээс хэтэрч байгааг хаа хаанаа шүүмжилж, Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй байна гэж байгаатай хэн ч санал нийлэх байх. Гэтэл Эрүүл мэндийн сайд маань шинжлэх ухааны үндэслэл бүхий тушаал шийдвэр гаргахын оронд 14 хуудас бүхий тушаал гаргасан нь тэр чигээрээ мухар сүсэг. Энэ тухай дурдвал Эрүүл мэндийн сайд С.Энхболд 2021 оны тавдугаар сарын 20-ны өдөр А/323 тоот тушаал гаргажээ. Үүний 6.5-д “Дээдийн номын уншлага, адис тид оршоосон рашаан хүртэх, тусгай найрлага бүхий дээдийн номын адис тидтэй утлагаар өөрийгөө болон орчин тойрноо ариусган утах”-ыг төрийн тамга дор тушаажээ.

Уг нь сайдын хувиар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас шинжлэх ухаанд суурилж гаргасан зөвлөмжийг уншиж мөрдөх, агаар орчноо ариутгалын бодисоор шүүн сэлгэх гэх мэтээр сэнхрүүлсэн тушаал гаргаж баймаар санагдах юм. Мөн цааш “Маналын зүрхэн тарни, Цагаан шүхэртийн зүрхэн тарни, Дарь эхийн зүрхэн тарни, халдварт өвчнөөс сэргийлэх тусгай тарнийг тогтмол уншиж өөрийгөө болон үр хүүхдээ адислах” гэснээс харвал стратегийн чухал салбарт хаанахын халтуурчин лам авчраад залчихав аа гэж гайхмаар.

Түүнчлэн “Манал, Цагаан шүхэрт, Доржнамжим, Загдзүсэм зэрэг халдварт өвчнөөс сэргийлэх ном засал уншуулах, ёсчлон бүтээсэн сахиус зүүх зэрэг дээдийн номонд сүсэглэх” гэжээ. Зөвхөн энэ хэсгээс харахад л лав эрүүл ухаантай хүний хийх ажил биш гэдэг нь харагдана. Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг ийм хэмжээний хүн удирдаж байна гэдэг хэний ч сэтгэлд багтахгүй биз ээ. Анагаахын салбар бол жинхэнэ утгаараа дэвшилтэт технологи нэвтрүүлж, жинхэнэ шинжлэх ухаанчаар хандах учиртай салбар шүү дээ.

Барилгын салбарыг “баллуурдаж” байгаа Б.Мөнхбаатар

Цагтаа дүүргийн ажлыг унагаан нийслэл рүү зугтаасан, нийслэлийн ажлыг унагаан, дэд сайдын алба руу зугтаасан Б.Мөнхбаатар өдгөө жинхэнэ сайдын алба руу зугтааж ирээд байгаа нь энэ. Өнөөдөр тэр дүрэм ёсоор энэ салбарыг нэгэнт унагаалаа, одоо хаашаа зугтаах вэ гэдгээ бодож суугаа байх. Түүний удирдаж байгаа барилга, хот байгуулалтын салбар уналаа. Хамгийн наад зах нь энэ салбарт ямар ч зохион байгуулалт байхгүй учраас барилгын материалын үнэ хэд дахин өссөн байна. Валютын ханш өссөнгүй, шатахуун түлшний үнэ өссөнгүй. Гэтэл яагаад Б.Мөнхбаатар сайдын үед барилгын материалын үнэ хэд дахин өсдөг байна вэ. Хариулт нь их амархан, түүнд яам удирдах ямар ч чадвар алга. Тэр тусмаа барилга, хот байгуулалт хэмээх том бүтцийг удирдах ямар ч эрх зүйн орчин ч алга, бодлого стратеги ч алга байгааг энэ хэдэн сарын хугацаа хэлээд өглөө. Улаанбаатар хотын дахин төлөвлөлт, гэр хорооллын дахин төлөвлөлт гээд бүтээн байгуулалтын бодлогыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар бус нийслэлийн удирдлагууд гаргаад явж байна. Ажлыг нь ч барилгын сайд бус тэд хийгээд явж байна.

Нийслэл хэмээх том айлын барилга, орон сууц, зам харгуйн томоохон төсөл төлөвлөгөөг Барилга, хот байгуулалтын сайд баталж, нийслэл чиглэлийн дагуу ажиллаж байх ёстой. Гэтэл салбар яамнаас хэдэн сарын турш ямар ч бодлого төлөвлөгөө гаргаагүй учраас нийслэлээс өөрсдөө бодлого төлөвлөгөөгөө гарган ажиллаж байгааг эх сурвалж хэллээ.

Уг нь Б.Мөнхбаатар сайд 2002 оноос Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн даргаар тус тус ажлынхаа гарааг эхлүүлсэн хүн. Үүнээс хойш Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны дэд сайд, “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх мэт байнга хариуцлагатай албуудыг 2018 он хүртэл хашиж, 2019 оноос одоог хүртэл Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байгаа хүн.

Намтрыг нь харвал төрийн албаны асар зузаан туршлагатай хүн. Гэтэл яагаад хариуцан ажиллаж байгаа салбараа дампууруулчихав гэдэг асуулт зүй ёсоор урган гарна. Хариулт нь их амархан. Тэр ерөөсөө намын удирдлагуудад тал засан бөхөлзөж, албан тушаал авдаг бололтой. Тэгээд намын удирдлагуудын нэр барин бусдын хөдөлмөр, оюун ухааныг шимэн ажилладаг байх талтай.

Н.Нэргүй

Эх сурвалж: Tumen.mn

Ноён ногооныг “дөнгөлж” чадахгүй нь ээ
Ноён ногооныг “дөнгөлж” чадахгүй нь ээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.