400 иргэнээ аварч чадаагүй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт итгэсээр байх уу!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 58 секунд
400 иргэнээ аварч чадаагүй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт итгэсээр байх уу!

400 иргэнээ аварч чадаагүй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт итгэсээр байх уу!

-Энэ Засгийн газарт цааш үргэлжлүүлэн ажиллах чадамж бий юү… Хичнээн иргэдээ алдаж байж чаддагт нь ажлаа өгөх вэ-

Ирэх аравдугаар сард Сонгинохайрхан дүүрэг болон Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулахаар Сонгуулийн ерөнхий хороо бэлтгэл ажилдаа ороод байсан. Гэтэл ирэх намар хоёр биш бүр зургаагийн зургаан суудал гарч бужигнуулах магадлалтай болоод ирэв.

Сонгинохайрхан дүүрэгт гэхэд хоёр суудлын төлөөх яриа гараад эхэлж. Хотын дарга болсон Д.Сумъяабазараас гадна УИХ-ын гишүүн Н.Учрал бүрэн эрхээсээ татгалзаж байгаа юм байх. Гадаадад эмчлүүлээд ирсэн тэрбээр биеэ тэнхрүүлэх шаардлагатай тул эрүүл мэндийн шалтгаанаар төрийн түшээгийн суудлаа орхих болсон мэдээлэл эрх баригчдын дунд хөвөрч байна.

МАН, МАХН нэгдэх болзолд Э.Батшугарыг Д.Сумъяабазарын суудалд зүтгүүлэх яриа тохиролцооны түвшиндээ хүрсэн гэгддэг. Хэрэв тийм бол тэд Н.Энхбаяртай хийсэн тохироогоо цуцлах боломжгүй.

Харин Н.Учралын оронд МАН-аас С.Мөнхчулуун энэ тойрогт нэр дэвших гэнэ. Нэгэн үе намынхаа эсрэг дуугарсан үндэслэлээр хөөгдөж, бие даан нэр дэвшиж байсан тэрбээр улаан батлахаа эргэж өвөртлөөд удаагүй. Түүнтэй Н.Номтойбаяр, Ц.Сандуй нар суудал булаацалдаж мэдэхээр байгаа аж. АН-ын хувьд эдгээр цоорхойд Ерөнхийлөгч Х.Баттулга, АН-ын дарга С.Эрдэнэ, Г.Очирбат нараас орж ирнэ гэх урьдчилсан таамаг бий.

10 хоногийн дараа Х.Баттулга сэнтийгээсээ бууж гэртээ харина. Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй ч УИХ-ын гишүүн, салбар хариуцсан сайдаар ажиллах боломжтой. Тиймээс нөхөн сонгуульд нэр дэвшиж, парламентын танхимд орж ирэхээр У.Хүрэлсүхтэй тохиролцсон гэх яриа байна. Тэгэхээр тэртэй тэргүй сул байгаа нэг суудалд Э.Батшугарыг суулгана гэж Н.Энхбаяртай тохирчихсон Хүкийн хувьд МАХН-ыг мурих боломжгүй тул Н.Учралын нэрийг татуулаад Х.Баттулгад өгөхөөр зурсан байж мэдэх юм. Ингэж нүүхээр шийдсэн бол нэр дэвшигч С.Мөнхчулууныхаа эсрэг нам нь өөрөө ажиллана гэсэн үг.

Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын харьцаа шилэн хорготой сарнай шиг байгаа. Нэг хэсэг Сү.Батболд дундуур нь гүйж, үл ойлголцуулж, өмд гутал шидэлцүүлснийг эс тооцвол дээрээ нэг пиар багтай, дундаа хөтөлж гүйх хоёр гурван залуустай нөхөд. Тиймээс тэдний баг 6 жилийн дараа намдаа хөөгдсөн дахиад нэг женког бүтээхгүйн тулд намын даргын суудалд ямар ч хамаагүй үнээр Л.Оюун-Эрдэнийг дархлахаар чичирч байна.

Намын бүх фракцийн дэмжлэгийг авчихаж мэдэхээр байгаа Сү.Батболд тэдний туулах замын дундах хамгийн том бул хар чулуу. Сү.Батболдод намын даргын тамгыг алдчихгүйн тулд дахин боорлож, боргоож эхэлснийг сошиал орчин дахь мэдээллүүд батлах биз.

Үнэндээ ч мөнгө болоод фракцуудын дэмжлэг сайтай, дээр нь баялагт шунасан гадныхны алган дээр бөмбөрдөг гэх Сү.Батболдын гарт МАН-ын удирдлага орчихвол үнэмлэхүй олонхийн төлөөлөлтэй парламент, Засгийн газартайгаа бүхлээрээ багтаж өнгөрсөн хугацааны туршид өөдийн бараа харуулалгүй бараан зэвхий мэдээллээр булж байсан Х.Баттулгад ял тулгах өдөр цаг хугацааны л асуудал болно.

Тиймээс нааш харж инээн, цааш харж уйлсаар У.Хүрэлсүхийнхээ хөнжилд багтан сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр өөрийн гэх үнэт зүйлсээ бүгдийг гээгээд гахай явган, нохой нүцгэн гүйгээ биз.

У.Хүрэлсүхийн хувьд ч нам дахь сүүлчийн эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд Х.Баттулгаа тэврээд, Л.Оюун-Эрдэнээ хөтөлсөөр аахилж явна. Үүний тулд хилийн чинадад хэдийнэ нэмэгдээд манай импортлогчдыг сөхрүүлж, дампуурлын хадан цохионд хүзүүнд нь олс өлгөн зогсоочихоод байгаа нефтийн үнийн өмнө үндэсний компаниудаа банкуудтай нийлж дарамталж байгаа.

Би үхэхээр чи үх болсон Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт намын удирдлагыг л гартаа авч байвал энэ улсын иргэд өвдөнө үү, үхнэ үү түй ч хамаагүй болсон нь үнэн.

Цар тахлыг түймэр мэт алдаж, амийг нь аврах алгын чинээ ганц хөх дэвсгэртийн үнэтэй эмийг гуч, дөч дахин нугалж заран тамирдуулж байна.

Энэ гэмээс нь болж 400 гаруй иргэн амиа алдчихаад байхад уучлал гуйж төрийн тугийг намын далбаатайгаа бөхийлгөчихөж чадахгүй байгаа Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед муу дээр муу, муухай дээр улцан гэгчээр шатахууны үнэ л нэмэгдэж болохгүй гэх хувиа хичээсэн хөгийн бодлого явж байна.

АИ92 хилийн гадна угаас нэмэгдчихээд байгаа энэ үед монголын импортлогчид хуучин үнээр нь нийлүүлсээр байх хэмжээний хахаж цацсан баячууд уу?! Тэд хэдий хүртэл тэсч, тэвчиж чадах вэ…

Худал хуурмаг, ийм аргацаасан өдөр хоногуудын цаад зорилго ердөө л Засгийн газрыг огцруулчихалгүй тогтоон барьж байгаад намын даргын суудлыг авах шүү дээ. Эс бөгөөс ард иргэдийг халамжаар хуурч, эдийн засгаа эргэж сэргэхээргүй нугаслан байж төрийн тэргүүний суудлыг авсан гэх “үхлийн зэм”-д унаж, дараагийн 7 сарын 1-ний хар өдрийг бий болгож мэднэ.

Тиймээс давтагдаж болзошгүй 7 сарын 1-нээс айж, аргацаасан өдөр хоногуудыг 1 сараар түр сунгаад, энэ зуурт нь У.Хүрэлсүх тангаргаа өргөж, Л.Оюун-Эрдэнэ намын даргын суудалд тухлангаа Сү.Батболдын фракцийг үлдэн хөөх операци эхэлж байна.

Тухайлбал, Н.Энхболд, Д.Цогтбаатар, Б.Чойжилсүрэн нарыг нэрийг нь татуулаад элчингээр “зайлуулах” хувилбар яригдаад эхэлж. Мань гуравт ч фракцийнхаа төлөө зүтгэх хүч үлдээгүй, гурван жилийн дараахь УИХ-ын сонгуулиар нэгмөр арчигдах хувь зураг хүлээгдэж буй тул саналыг алга хавсраад хүлээж авсан гэнэ.

Харин Хэнтий аймагт явагдах нөхөн сонгуулиар У.Хүрэлсүхийн туслах Н.Энхбаатар нэр дэвшихээр бэлтгэлдээ гарч, хатуу хөл хорио гэх “хиймэл” хөл хориог зохиомлоор үүсгэн нийслэлээс нэг ч амьд амьтан тухайн бүс нутаг руу зорчуулахгүй гэсэндээ муйхарлаж эхэллээ гэх мэдээллийг намынхан өгч байна. Үнэхээр ч хойд талын сумд өчигдрөөс эхлэн юу болов гэмээр тас хөл хорионд орчихоод байгаа.

Н.Энхбаатарын хувьд МИАТ-ийн дэд захирлаар ажиллаж байсан бөгөөд бусдаас их хэмжээний авлига авсан хэргээр Авлигатай тэмцэх газрын хаалгыг сахиж явсан нөхөр. Энэ үед У.Хүрэлсүх түүнийг МАН-ын Улс төрийн бодлогын хэлтсийн даргаар томилж, албан тасалгаа хүртэл гарган өгч байсан гэдэг.

Бизнес эрхэлсэн түүхгүй атлаа жилдээ 328 сая төгрөгийн орлоготой Н.Энхбаатарыг улс төрийн хүрээнийхэн У.Хүрэлсүхийн муу муухайг далдлагч ч гэж нэрийдэх юм билээ.

Эх сурвалж: Niigmiitoli.mn

“Yes Mongolia” холбооны ерөнхийлөгч Н.Учралын мэндчилгээ
“Yes Mongolia” холбооны ерөнхийлөгч Н.Учралын мэндчилгээ
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.