”Ноён уул”-ыг яаралтай хамгаалалтад ав гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 3 секунд
”Ноён уул”-ыг яаралтай хамгаалалтад ав гэв

”Ноён уул”-ыг яаралтай хамгаалалтад ав гэв

      Ерөнхий сайдын өрөөнд болдог “Шийдлийн цаг” уулзалтад Уул уурхайн сайд Р.Жигжид, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга Ж.Буянбат нар оролцлоо.

 

Гацууртын ордод хууль бусаар нэвтэрч байна. Тэнд гэмт хэрэг, зөрчлийн тоо эрс нэмэгдлээ. Эмх замбараагүй байдал бий болж байна гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гарч байна. Нутгийн иргэд ч хэлж байна, Засгийн газрын “11 11” төвд мөн мэдээллүүд ирж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг уулзалтын эхэнд хэлээд Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаас энэ талаар тодрууллаа.

Өнгөрсөн есдүгээр сарын 3-наас хойш цагдаагийн байгууллага иргэдийн болон тухайн аж ахуйн нэгжийн хамгаалалтын албадын дуудлагаар Гацууртын аманд 24 удаа үйл ажиллагаа явуулж, гэмт хэрэг, захиргааны зөрчил гаргасан 3 мянган хүнийг хуулийн хүрээнд тараасан.

 

Өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад, Мандал суманд гэмт хэргийн тоо 20 орчим хувиар нэмэгдсэн нь эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байгааг илтгэж байна. Архидан согтуурах, танхайрах зэрэг зөрчил илүүтэй нэмэгдсэн. Шөнийн цагаар бөөнөөрөө, техник хэрэгсэл ашиглаж тус бүсэд нэвтрэх явдал нэлээд гарч байна. Хөвсгөл, Архангай, Дархан, Төв, Сэлэнгээс 1800 орчим иргэн очиж хууль бусаар ашигт малтмал ухах ажиллагаа явуулсан. Энэ байдал нь нутгийн иргэдийн тав тухыг ч алдагдуулж байна.

 

Эрүүгийн гэмт хэрэгт холбогдож, удаа дараа ял шийтгэгдсэн нэр бүхий хэд хэдэн хүн тэнд очиж нүх амуудыг хуваарилах нэрийдлээр бусдыг айлган сүрдүүлж дарамталсан хэрэг гарч байна.

 

Нүх ухаж байгаад шороонд дарагдсан тохиолдол хэд хэдэн удаа гарсан ч амь насыг нь аварч чадсан. Нүх, шороо булаалдсанаас нэгнээ хутгалж гэмтээсэн тохиолдлууд гарч байна. Тухайн бүсэд хамгаалалтын алба ажиллаж буй ч иргэд тэдний шаардлагыг биелүүлэхгүй эсэргүүцэж, мод чулуугаар нүүлгэж, шөнийн цагт хүч түрэн дайрч байна. Цагаагийн байгууллага хуульд заасан арга хэмжээгээ авч ажиллаж байгаа ч ийм үйлдлүүд удаа дараа гарч цагдаагийн байгууллагын ачаалал нэмэгдэж, эрүүгийн нөхцөл байдал хүндэрч байна.

Өчигдөр буюу энэ сарын 20-ны шөнө л гэхэд 150 гаруй иргэн 60 тээврийн хэрэгсэлтэй нэвтэрч орсон. Цагдаагийн албан хаагчдын үйл ажиллагааг эсэргүүцсэн зарим хүнийг саатуулаад байна гэж Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга хэллээ.

 

УИХ-ын 2015 оны нэгдүгээр сарын 23-ны хуралдаанаар Гацууртын алтны ордыг стратегийн ордод хамруулах шийдвэр гарсан. Үүний дараагаар тус ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох шаардлагатай болсон юм.

 

Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж, хөрөнгө оруулагч талтай өнгөрсөн хоёр сар гаруйн хугацаанд хэлэлцээ хийжээ. Хэлэлцээний үр дүн ямар байгаа талаар Уул уурхайн сайд Р.Жигжид дараах мэдээллийг өглөө.

 

Гацууртын алтны үндсэн ордын төрийн хувь хэмжээг Ашигт малтмалын хуульд заасан дээд хэмжээ болох 34 хувь байхаар, мөн тус хуульд заасны дагуу дээрх хувийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр 3 хувиар орлуулахаар тохирчээ. Алтны үнээс хамаарч энэ 3 хувь өөрчлөгдөж байхыг, уг өөрчлөлтийг Засгийн газраас зөвшөөрсний дагуу шийдвэрлэнэ. Мөн анхны санхүүжилтийн дээд хэмжээ 350 сая ам.доллар байсныг 230 сая болгосон. Өөрөөр хэлбэл, 120 сая ам.доллараар бууруулсан байна. Ажлын хэсэг тавьсан зорилтоо биелүүлж, “Сенттерра гоулд Монголиа” ХХК-тай санал нэгдсэн байр суурьт хүрчээ.

 

Ноён уул орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар УИХ-ын  тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэж байгаа гэж БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг хэлээд Төв аймгийн Борнуур, Сэлэнгийн Мандал сумыг дамнан хамарсан 33 мянган га газрыг улсын хамгаалалтад авахаар ажиллаж байна. Энэ 33 мянган га газар олборлолт явуулж байгаа бүсэд хамаарахгүй болохыг мэргэжлийн хүмүүс нарийвчлан тогтоосон гэлээ.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Цагдаагийн ерөнхий газар хуулийнхаа дагуу үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг үүрэг болголоо. Мөн Гацууртын алтны үндсэн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулж, УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхийг Уул уурхайн сайд Р.Жигжидэд, Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгт үүрэг болголоо. Энэ хоёр асуудлыг УИХ-д нэгэн зэрэг өргөн барьж, хэлэлцүүлэх учиртай  гэж Ерөнхий сайд хэлсэн юм.

 

Гацууртын ордын баталгаат нөөц 50 тн. Энэ нөөцийн борлуулалтын орлого 1,7 тэрбум доллар байх урьдчилсан тооцоог салбарын яам хийжээ. Ийм хөрөнгө, ашиг орлогоо төр, ард иргэд хүртэх учиртай. Иймд өгсөн үүрэг даалгаврыг яаралтай гүйцэтгэхийг Ерөнхий сайд холбогдох хүмүүст анхаарууллаа.

​Чингэлгийн бөөгнөрлийг нэг сарын дотор арилгах үүрэг өглөө
​Чингэлгийн бөөгнөрлийг нэг сарын дотор арилгах үүрэг өглөө
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.