Бохир усыг эдийн засгийн эргэлтэнд оруулъя
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
13 минут 24 секунд
Бохир усыг эдийн засгийн эргэлтэнд оруулъя

Бохир усыг эдийн засгийн эргэлтэнд оруулъя


 

   Хүний нийгэм хөгжихийн хэрээр түүнийгээ дагаад байгаль орчны асуудал ихээр хөндөгдөж байдаг. Үүний нэг тод жишээ бол ус цэвэрлэх байгууламж юм. Монгол улсын хэмжээнд нийт 35 ус цэвэрлэх байгууламж байдаг. Эдгээр байгууламжуудын  21 нь аймаг тус бүрийнх бусад нь багахангай, биокомбинат, налайх, төв, багануур, нисэх зэрэг газруудад орщдог. Ус цэвэрлэх байгууламжууд ихэвчлэн бохир усаа томоохон голууд руу цутгадаг. Тухайлбал төв цэвэрлэх байгууламж гэхэд бохир усаа туул голруу цутгаж байгаа нь экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байгаа юм. Аймгуудын ус цэвэрлэх байгууламжууд хэвийн түвшинд үйл ажиллагаагаа явуулж байгаа бол Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж хэзээ мөдгүй зогсохуйц хэмжээний хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байна.

Төв цэвэрлэх байгууламж

Төв цэвэрлэх байгууламж нь 1964 онд байгуулагдсан. Улаанбаатар хотын айл өрх, албан байгууллага, үйлдвэрийн бохир усыг хүлээн авч цэвэршүүлэн Туул голд цутгадаг. Анх байгуулахдаа хоногт 4500 метр куб бохир ус хүлээн авч механик цэвэрлэгээгээр 50 хувь хүртэл цэвэрлэх хүчин чадалтай байсан бол хотын хүн ам, үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр хүчин чадлаа нэмэгдүүлж 1979,1986 онуудад тус тус өргөтгөл хийн хоногт 20 мянган метр куб бохир усыг хүлээн авч 90-92 хувь хүртэл цэвэршүүлэх хүчин чадал бүхий байгууламж болсон. Мөн Испани улсын хөрөнгө оруулалтаар тоног төхөөрөмж шинэчлэх хоёр шатны төслийг хэрэгжүүлж, агааржуулалтын систем, насос, сараалжийн байгууламж, тунгаагчийн төхөөрөмжүүдээ шинэчилсэн юм. Хэдийгээр энэ мэт техник технологийн шинэчлэл хийсэн ч жил өнгөрөх тусам нийслэлийн бохир усыг цэвэрлэх ажлын голыг үүрдэг Төв цэвэрлэх байгууламж ачааллаа даахгүй, үйл ажиллагаагаа нь доголдож болзошгүй байгаа. Учир нь тус цэвэрлэх байгууламж улаанбаатар хот доторх 152 км бохир усны шугам сүлжээг хариуцан өдөрт 160 мянган куб метр бохир усыг 90-92 хувь хүртэл цэвэрлэх хүчин чадалтай. Гэвч одоогийн байдлаар  өдөрт 165-170 мянган метр куб бохир усыг 65-70 хувь цэвэршүүлэн туул голд цутгаж байна. Боломжит хүчин чадлаасаа 5-10 мянган куб метр бохир усыг хэтрүүлж хүлээн авч байгаа нь усыг хэвийн хэмжээнд хүртэл цэвэрших горимд хүндрэл учруулж байгаа юм. Энэ нь цаашлаад нийслэлчүүдийн ундны эх үүсвэр болох Туул голд сөргөөр нөлөөлж байна. Үүнд нөлөөлөгч гол хүчин зүйл бол арьс шир, ноос ноолуурын боловсруулах үйлдвэрээс ирж байгаа техникийн бохирдолтой ус, цэвэрлэх байгууламжийн ачааллыг эрс нэмэгдүүлж байгаа. Тухайлбал өдөрт ирж байгаа нийт бохир усны 40 орчим хувь нь үйлдвэрийн хаягдал ус байдаг төдийгүй мөн өвдөл цөвдөл ихтэй, ус бохирдуулагч химийн хортой бодис болох хрон ихтэй учраас цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг доголдуулахда хүргэж байгаа юм. Цагаан сарын үеэр эдгээр байгууллагууд амрах үеэр цэвэршүүлэлтийн түвшин 91 хувь хүртэл цэвэршдэг байна. Үүнээс гадна  Төв цэвэрлэх байгууламжид ОХУ, ХБНГУ, Франц,  Итали зэрэг орнуудад үйлдвэрлэгдсэн тоног төхөөрөмжүүдийг хольж суулгасан нь хоорондоо уялдаа холбоо муутай. Хэрвээ эвдрэх тохиолдолд сэлбэг, хэрэгсэл нь олдодгүйн улмаас хүндрэл, бэрхшээл их тулгардаг байна. Мөн бетонон хийцүүд эвдэрч эхэлсэн бөгөөд хэзээ мөдгүй бохир ус халих аюул нүүрэлсэн аж.

Бохир усыг хэрхэн цэвэршүүлдэг вэ?

Бохир ус гэдэг нь унд ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар хэрэглэгдэн гарч, өөрийн анхдагч химийн найрлага, физик шинж чанараа өөрчлөн бохирдсон усыг хэлдэг. Мөн физик, химийн шинж чанараараа ялгагдах бохирдлуудыг агуулсан байдаг. Бохирдолыг химийн найрлагаар нь эрдэслэг ба органик гаралтай гэж ялгах ба эрдэслэг бохирдол нь элс, эрдэсийн давсны хүчил, шүлтийн уусмал, эрдэсийн тос гэх мэтийг агуулдаг бол органик бохирдол нь ургамалын ба амьтны гаралтай бохирдолыг агуулдаг аж. Ургамалын гаралтай бохирдолын үндсэн элемент нь нүүрстөрөгч, амьтны гаралтай бохирдолых нь азот байна. Органик бохирдол нь төрөл бүрийн нян, ялангуяа халдварт өвнчний нян үүсэх нөхцлийг бүрдүүлдэг аюултай юм. Бохир усанд агуулагдах бохирдуулагч бодис нь физик төлөв байдлаараа усанд ууссан, уусаагүй хэлбэрээр байж болно. Бохир усан дахь уусаагүй бодис нь тэдгээрийн хэмжээ, нягт, урсгалын хурдаас хамаарч хөвдөг /цаас, өөх тос, мод/ тунадас хэлбэрээр /элс, хайрга, органик бодис/ зэрэг байдаг аж.

Усыг гурван үе шаттай цэвэршүүлдэг.

1.      Механик

Төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа бохир ус хамгийн эхэнд механик цэвэрлэгээнд ордог. Механик цэвэрлэгээгээр 4 тунгаагуурт усны жингээс хамааран тунасан хэсэг, мөн хөвсөн хэсгийг цэвэрлэн дараагийн дамжлагад шилждэг.

2.      Биологи

Механик цэвэрлэгээгээр дамжин  ирсэн усыг биологийн аргаар цэвэршүүлдэг. Энэ нь бичил биетэн буюу бактер бохир усан дахь химийн бодисуудаар хооллодог. Химийн бодис иддэг бактер дэлхий дээр нийт 40 орчим байдаг. Үүнээс 18-ийг нь Монголын нөхцөлд үржүүлж байна. Биологийн аргаар цэвэрлэн дараагийн дамжлагад шилжүүлдэг.

3.      Хими

Биологийн аргаар цэвэрлэгдэн ирсэн усыг хэт ягаан туягаар халдваргүйжүүлж Туул голд цутгадаг.

Бохир усыг цэвэрлэх явцад уснаас тунаж үлдсэн  хаягдалыг Лаг гэдэг. Лагын эвгүй үнэр тухайн  орчмын нутаг дэвсгэрт ихээхэн тархдаг.  Лагыг хатааж, зөөвөрлөхөд хугацаа их шаарддаг. Төв цэвэрлэх байгууламжид хоногт 500-600 метр куб лаг гардаг. Үүнийг 44 хэсэгт хуваан нэг хэсгийг 4-6 жилийн хугацаанд ил аргаар хатаадаг. Хатаах явцад хром, сульфид, ялгадасийн үнэр ихээр ялгардаг нь орчны агаар, хөрсийг ихээр бохирдуулдаг байна. Мөн лагыг дахин боловсруулж болох юм. Лагыг боловсруулахдаа аэроб ба анаэрод орчинд биологийн аргыг, мөн физик, химийн аргыг хэрэглэдэг. Тухайлбал исгэх аргаар метаны хий буюу бидний хэрэглэдэг ахуйн хэрэглээний хийг гаргаж авах боломжтой. Үүнээс гадна лагыг исгэн метаны хий гарган авч чадвал эрчим хүч ч гаргах боломж бий юм. Ингэснээрээ дотоодын эрчим хүчний 60-70 хувийг хангаж болно хэмээн эрдэмтэн, судлаачид үздэг. Мөн лагын эвгүй үнэр ч алга болох боломжтой юм. Мэдээж үүний тулд лаг боловсруулах үйлдвэр барих шаардлагатай.

Ус цэвэрлэх байгууламжаас гарсан усыг хар ус гэдэг. Хар усыг ариутган, цэвэршүүлвэл саарал ус бий болдог. Одоогоор манай улсад саарал усыг дахин ашиглах үйлдвэр мөн адил алга байна. Газрын гүний цэвэр усаар машинаа угааж, ОО-ынхоо усыг татаж, хивсээ цэвэрлэдэг ус дэлхийн хаана ч байхгүй. Хэрвээ саарал усыг ахуйн хэрэглээндээ ашиглавал цэвэр усныхаа 50-60 хувийг хэмнэж болно гэсэн судалгаа байдаг. Хятад улс л гэхэд саарал усаараа ногоон байгууламжаа усалдаг. Мөн ахуйн хэрэглээндээ ашигладаг бол Сингапур улс саарал усны тухай хуультай байна. Үүнд шүршүүр, гал тогоонд хэрэглэсэн усаа ариун цэврийн өрөөндөө хэрэглэх тухай тусгасан байдаг. Саарал усыг ашиглан цахилгаан үйлдвэрлэх ч боломж бий юм. Орхон аймаг концессын гэрээгээр “Маркус индустри” компанитай хамтран усан цахилгаан станц барих талаар гэрээ байгуулсан. Энэ онд хэрэгжилт эхлэх байх. Энэ мэтээр саарал усыг ашиглавал  эдийн засагт төдийгүй экологид эерэг нөлөөтэй юм.

Ус цэвэрлэх байгууламжуудын үзүүлэлт

Монгол улсын хэмжээнд нийт 35 ус цэвэрлэх байгууламж  үйл ажиллагаагаа явуулж байна. Үүний 3,6% нь 1951-1960 онд, 10,7% нь 1961-1970 онд, 21,4% нь 1971-1980 онд, 3,6% нь 1991-2000 онд, 7,1% нь 2012 оноос хойш ашиглалтад оржээ. Аймгуудын ус цэвэрлэх байгууламжуудын 10 буюу 35,7% нь механик, биологийн 18 буюу 64,3% нь зөвхөн механик цэвэрлэгээ хийдэг. Мөн цэвэрлэх байгууламжын хүчин чадал 6-50 мянган куб метр, хоногт цэвэрлэж байгаа бохир усны хэмжээ 500-18000 мянган куб метр байна.

tseverleh

Ихэнх аймгууд ширэм, хуванцар, PVC, хоолой холимог байгаа ба 5-80 жилийн насжилттай байна. Баян-Өлгий, Дорнод, Төв, Орхон, Дархан-Уул аймгууд бохир ус цэвэрлэх байгууламжидаа дотоодын хяналтын лаборатортой. Харин бусад аймгууд БОШТЛ-д 7-8 сард нэг удаа шинжилгээ өгдөг аж.

Байгаль орчин ба хүнд нөлөөлөх

Төв цэвэрлэх байгууламж нь цэвэршүүлсэн усаа шууд Туул голд цутгадаг. Жилд дунджаар 173 сая шоо метр куб цэвэршүүлсэн ус туул голд цутгаж байгаа нь хэр их бохирдуулж байгааг илтгэнэ. Үүний нэг тод жишээ нь Туул голын ус, төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгдээд гарч байгаа ус нийлснээс доош буюу Сонгино доод, шинэ цэг, хадан хясааны орчимд голын усны хүчилтөрөгчийн горим алдагдаж 0,005-2,79 миллограмд хэлбэлзэж байгаа нь онцгой их бохирдолтой байгааг илтгэж байна. Мөн биохимийн хэрэгцээи хүчилтөрөгч /БХХ5/-ийн агууламж усны чанарын стандарт болох хүлцэх агууламжаас 27-28 дахин давж, онцгой их бохирдолын түвшинд хүрсэн. Үүний зэрэгцээ усан дахь аммоны азотын агууламж 36-94 дахин их, эрдэс фосфорын агууламж 5-30 дахин их байгаа нь Хатан Туул хэр их бохирдсон байгааг харуулна. Дээхэн үед наадамд барилдахаар ирсэн бөхчүүд Туулын уснаас цай чанан хөвөөн дээр нь хоноглож, буцахдаа уснаас авч ээждээ амсуулдаг байсан гэдэг. Учир нь хатан Туулын усыг ээждээ уулгавал ариусна урт насална гэж бэлэгшээдэг байсан. Гэтэл энэ ариун гол маань өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгын их бохирдолтой голуудыг нэрлэхэд Туул гол 5-т жагссан байгаа нь хэтэрхий эмгэнэлтэй.Үүнээс гадна Туулын ай сав дагуух нутгуудад шинэ зүйлийн хорт ургамал бий болон ургаж эхэлснийг судлаачид тогтоосон байдаг.

Цэвэрлэх байгууламжаас гарч байгаа лагын үнэр тухайн ойр орчмын нутаг дэвсгэрт ихээхэн тархдаг. Лагын үнэрт бүхий  л төрлийн хүнд хортой элементүүд агуулагддаг. Энэ ч утгаараа цэвэрлэх байгууламжуудын ажилчид 20-иос доошгүй жил ажилласан бол хүнд хортой нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрхтэй байдаг. Мөн цэвэрлэх байгууламжын ойр орчмын айл өрхийн хүмүүсийн үнэрлэх, амтлах эрхтэн тодорхой хэмжээнд муудах, алцхаймерийн өвчин тусах, тархинд нөлөөлөх зэрэг өвчнүүд ихээхэн тусдаг байна.

Хотжилт хурдацтай явагдахын хэрээр ус цэвэрлэх байгууламжуудын ачаалал нэмэгддэг. Иймээс төр засаг энэ бүхнийг анхааран үзэж шинэ цэвэрлэх байгууламж барих, мөн цэвэрлэх байгууламжаа түшиглэсэн лаг, саарал ус боловсруулах үйлдвэрүүдийг баривал зохино. Ингэснээрээ эдийн засаг төдийгүй хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд ихээхэн эерэг нөлөөтэй юм.

 

Б.Хайдав

Эх сурвалж: www.dorgio.mn

Энэ оны 12 дугаар сарыг “Авлигын эсрэг сар” хэмээн зарлав
Энэ оны 12 дугаар сарыг “Авлигын эсрэг сар” хэмээн зарлав
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.