Трафигура-д Монгол сөгддөг эмгэнэлд “гарын үсэг” зурчихвий…
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
9 минут 0 секунд
Трафигура-д Монгол сөгддөг эмгэнэлд “гарын үсэг” зурчихвий…

Трафигура-д Монгол сөгддөг эмгэнэлд “гарын үсэг” зурчихвий…

Монголчуудын тухайд сайнаар бус саараар танигдсан “Трафигура”-гаас дэлхийн олон орон татгалзаж, нутаг дэвсгэрээсээ хөөн гаргаад байгаа гэдэг. Үүнийг өмнө нь 60 улсад салбар нэгжтэй гэгдэж байгаад өдгөө 48 улсад үйл ажиллагаа явуулж буй гэх тус компанийн албан ёсны цахим хуудас дахь тоо мэдээ нь нотлох биз.

Ийнхүү дэлхийн олон орон ээлж дараалан татгалзаж байгаа гэгдсэн “Трафигура” зөвхөн Монголд л эсрэгээрээ өргөжин тэлж, хэзээ мөдгүй хар алтны эзэн болж мэдэхээр байна.

Сингапурт төвтэй эл компани Монгол Улстай 1988 оноос харилцаатай ажиллах болсон.

Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийг авдаг топ 5 компанийн нэгээр нэрлэгдэж байгаад төдий удалгүй Монголын зах зээлд хөл тавьж, ингэхдээ Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, түүний зөвлөх асан П.Цагаан, ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын ивээлд багтсан гэгдэж байв.

П.Цагаан “Голомт” банкны ерөнхий захирлаар ажиллаж байх үедээ энэ компанийн удирдлагатай холбоо тогтоон, улмаар Монголд морилохыг урьсан гэдэг. Урилга нь хамтын ажиллагаа болон өргөжиж, П.Цагааны гэр бүлийн бизнес гэгддэг “Ачит Ихт” компани “Трафигура”-гаас керосин авч эхэлсэн байдаг. Өдгөө ч хуурамч шатахууны түүхий эд болоод байгаа керосиныг “Ачит Ихт”, “Эрдмин” компаниуд зэс уусган баяжуулахад хэрэглэдэг хэвээр.

Сүүлд, хотын дарга Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа хуурамч шатахууныг шалгах ажлын хэсэг байгуулан Трафигура болон түүний дор керосин, нафта импортлогч “Транс гайд”, “Хармөрөн импекс”, “Ай Си Ай Си”, “Петролиум продакшн” зэрэг компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг нь зогсоох санал оруулж байсан ч тэгсгээд замхарсан. Үүнийг дэд сайдаар нь ажиллаж байсан Д.Загджавтай холбон тайлбарладаг.

Э.Жононбаярын ээж Д.Эрдэнэсүрэн ГЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга. Харин Д.Эрдэнэсүрэнгийн найз болох Улаанбаатар хотын Гаалийн орлогч дарга, гаалийн байцаагч Н.Уранчимэг нь Д.Загджавын эхнэр.

Трафигурагийн тусгай зөвшөөрлийг цуцлахаар хашгичиж байснаас төд удалгүй Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд “Трафигура” нь өөрийн охин компанийн нэрээр 45 тэрбумын хадгаламж байршуулсан гэх баримт дэлгэгдэн шуугиан тарьж байв.

“Трафигура”-гийн охин компани, уг хадгаламжийн эзэн “Аргал ойл” компани нь Э.Жононбаяр болон түүний ээж Д.Эрдэнэсүрэн нарын эзэмшил бөгөөд нефтийн бүтээгдэхүүн, газрын тосны жижиглэнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Тухайн үед Үндэсний хөрөнгө оруулалтын банк зах зээлээс арчигдах эсэхдээ тулж байсан үе. Банкны нэр хүнд иймдээ хүрч байсан үед тийм хэмжээний хадгаламж гэнэт орж ирнэ гэдэг цочирдом явдал… Олон нийт хадгаламж гэдэгт итгэхээс илүүтэй тухайн үеийн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарт өгсөн авлигал юм бишүү гэлцэж байсныг хууль хяналтынхан эргээд шалгачихад гэмгүй л байх.

Голомт банкны 5 хувийг эзэмшдэг Трафигура хэзээ мөдгүй дампуурлаа зарлах нь гэгдэж байсан Магнай трэйд компанийн шатахуун түгээх станцуудыг авчихсан гэгдэж байгаа. Ер нь ч Магнай трэйдийн бизнес зарагдсан гэх мэдээлэл таван жилийн өмнөөс л байсхийгээд нөлөө бүхий хэвлэлүүдээр гарсаар ирсэн бөгөөд энэ оны эхэн дээр ч тус компанийг дампуурах нь уу гэгдэж байв.

​​​​​​​

Ямартай ч эдгээр компанийн аль аль нь энэ талаар албан мэдэгдэл хийгээгүй байгаа ч өнгөрөгч хоёрдугаар сарын 10-нд гүйцэтгэх захирлаар нь Адилбишийн Туул гэх хүнийг томилсныг Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллээс харж болно.

А.Туулын нэрээр Илюмина солюшнс гэх хуулийн этгээд бүртгэлтэй. Уул уурхайн чиглэлээр зөвлөгөө өгөх, автомашинаар ачаа тээвэрлэхээр үйл ажиллагааны чиглэлээ тодорхойлсон уг компани дээрх томилгооноос сар хүрэхгүйн өмнө буюу 2023.01.19-нд байгуулагдсан нь сонирхол татаж байгаа.

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны тэргүүн О.Бямбадэлгэр цар тахлын өмнөхөн “Шатахуунуудын дээжээс авч шинжлүүлтэл ‘Магнай трейд’, ‘М-ойл’-ын шатахуун хуурамч болохыг Иргэний нисэхийн газрын төв лаборатори, Амбер ХХК мөн олон улсын лабораторын шинжилгээгээр тогтоолоо” хэмээн мэдэгдэж байсныг уншигчид хараахан мартаагүй байх.

​​​​​​​

Тэрбээр мэдэгдэлдээ “Хуурамч шатахуун, дизелийн түлш үйлдвэрлэж байгаа компани нь “Трафигура”. Энэ компани Монголд үйл ажиллагаагаа эрхлээд “Транс Гайд” гэдэг компанийн агуулахад нефтийн нэмэлт бүтээгдэхүүнийг холиод “Хар мөрөн импекс”, “Ай Си Ай Си” зэрэг компаниар дамжуулан жижиглэнгээр худалдаалж, үүнийг нь ‘Магнай трейд’, ‘М-ойл’ гэх зэрэг компаниуд цааш зөөвөрлөж байна. Энэ асуудлыг харьяа яам болон холбогдох Мэргэжлийн хяналтын ерөнхий газар бүгд хүлээн зөвшөөрсөн ч хуурамч шатахууны урсгалыг зогсоохгүй, ямар нэг арга хэмжээ авахгүй байна” гэх цочирдом мэдээллийг онцгойлж байв. Эл мэдэгдэлтэй зэрэгцэн Магнай трэйдийн бизнес зарагдсан, зарагдаагүй гэх маргаант мэдээллүүд гарч байсан нь санаандгүй ч явдал биш байсан биз.

О.Бямбадэлгэрийн тухайн үеийн мэдэгдэлд дурьдагдсан “Ай Си Ай Си”, “Транс гайд” нь “Трафигура Монгол” компанийн захирал Э.Жононбаярын нэр дээр бүртгэлтэй байдгаас гадна “Би Би Эм Майнинг”, “Кэм тэк”, “Хонгорфайнанс”, “Ист-Ойл”, “Элтраника”, “Таван тив трейд” гэх аж ахуйн нэгжүүд ч түүнийх.

Ийнхүү “Трафигура” нь Магнай трэйд-ийн шатахуун түгээх станцуудыг авчихав уу гэх хардлага намжаагүй байтал Петровис буюу хуучнаар НИК-ийн колонкуудыг ч авах хэлцлийг хийж байна гэлцээд эхэллээ.

Монголын хамгийн том, хамгийн олон салбар нэгжтэй шатахуун импортлогч аж ахуйн нэгжийг сонирхох нь хар алтны зах зээлд тоглогч хэн бүхний хийх, оролдох үйлдэл мөн нь мөн.

Гэхдээ Петровис компани хүсэлтийг хүлээж авах нь юу л бол?!…

Орост найтаахад Монголд ханиад хүрдэг гэж хоосон үг биш. Хойд хөрш крантаа хаахад Монгол шатахууны хомсдолд орж, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хаддаг гашуун факт байсаар байхад арай ч тэгж хамаг чухал салбарынхаа түлхүүрийг гадныхны халаасанд шилжүүлчихгүй байлгүй. Трафигура муухай харахад Монгол сөхөрч мөргөдөг эмгэнэлт хувь заяанд хүргэчихгүйгээ эрх баригчид эрхбиш мэдэх биз…

Трафигура 2020.12 сард “Восток Ойл” төслийн 10 хувийг худалдан авч, энэхүү багц нь 7 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн нь тус компанийн түүхэн дэх хамгийн том гэрээ байсан талаар Оросын хэвлэлүүдэд бичиж байв.

Харамсалтай нь үүнээс жил хагасын дараа буюу 2022.06.14-нд Трафигура компани Роснефть компанийн Таймырын хойгт хэрэгжүүлж буй Восток нефтийн төслөөс гарахаа мэдэгдсэн. Тэд Орос дахь хөрөнгө оруулалтаа зогсоож, “Восток Ойл” төсөл дэх идэвхгүй хувьцааны 10 хувийг дахин хянаж үзэхээ зарласан юм.

Харин энэ мэдээллийн дараахнаас хуучнаар Тариалан эрхлэлтийн сангийн дэргэдэх, олны мэддэгээр Яармагийн гүүрний гэгддэг ганц ШТС-тай байсан “Трафигура” МТ-гээс гадна Петровисийг ч сонирхон удаа дараагийн хэлцэлд орж эхэллээ гэгдэж байна.

Хэрэв эл мэдээлэл үнэн бол УИХ-ын гишүүний тоо толгойноос ч илүү чухал энэ асуудалд эрх баригчид анхаарал хандуулж, шатахуун түгээх станцуудаа зарахдаа хүрэн туйлдсан импортлогчдодоо тусламжийн гараа сунгах нь зүй ёсны хэрэг юм.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Допинг гэдэг “мангаа”-гаас бөхчүүдээ яаж аврах вэ?
Допинг гэдэг “мангаа”-гаас бөхчүүдээ яаж аврах вэ?
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.