МАН-аас гарсан хүмүүст ”Ноён урваач, нохой шарваач” л гэж хэлье
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
30 минут 21 секунд
МАН-аас гарсан хүмүүст ”Ноён урваач, нохой шарваач” л гэж хэлье

МАН-аас гарсан хүмүүст ”Ноён урваач, нохой шарваач” л гэж хэлье

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбатыг дугаарын “Онцлох зочин”-оор урьж ярилцлаа.

-Сонгуулийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхгүй бол эсэргүүцлийн томоохон арга хэмжээ зохион байгуулна гэж та хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна лээ. Яагаад ингэж мэдэгдэх болов?

-Үүнд хоёр шалтгаан байгаа. Энэ удаа сонгуулийн хуулийг өөрчилнө гэдэг асуудал хэзээ албан ёсоор яригдаж эхэлсэн бэ гэвэл УИХ-ын даргын захирамжаар бараг гурван жилийн өмнө сонгуулийн хуулийг өөрчлөх ажлын хэсгийг Р.Бурмаа гишүүнээр ахлуулан байгуулсан. Энэ бол УИХ-ын дарга болон УИХ, өөрөөр хэлбэл төрийн эрх барих дээд байгууллага өөрөө сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагатай гэж үзсэн гэсэн үг. Тэгэхээр энэ бол УИХ-ын шийдвэр. Хоёрдугаарт, сонгуулийн хуулийг өөрчлөх нь нийгмийн захиалга.

Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Сонгуулийн тухай хуульд тусгасан хар машин гэж бидний яриад сурчихсан санал тоолох автомат машин болон намын нэрсийн жагсаалтаар УИХ-д сонгогддог зохицуулалтыг нийгэм даяараа турхиран шүүмжилж байгаа. Гэтэл ийм зүйлийн эсрэг яваад, иргэд сонгогчид, олон нийтийн санаа  бодолд таарсан хууль батлахгүй юм бол ер нь Монгол Улс парламентын засаглалтай улс гэж байгаад яах юм, парламент, УИХ-ын гишүүд гэж байгаад, ард түмний элч гэж өөрсдийгөө нэрлээд яах юм.

 

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд хангалттай ажиллаагүй гэсэн үг үү?

-МАН-ын санаачилгаар улс төрийн намуудын үндэсний зөвшилцлийг сүүлийн хоёр жилийн турш зохион байгуулсан. Хамгийн сүүлд 12 дахь удаагийн үндэсний зөвшилцлөөр сонгуулийн хуулийг өөрчлөх ёстой гэдэг дээр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй бүх нам санал нэгдэн, өөрсдийн төлөөллийг багтаасан ажлын хэсгийг байгуулсан. Энэ ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллалаа. Р.Бурмаа гишүүний ахалсан ажлын хэсэг гурван жил орчим болоход тодорхой үр дүнд хүрээгүй байна. Энэ хэвээр байх юм бол сонгуулийн хуулийн төсөл өргөн баригдахгүй юм байна гэж үзсэн. Тиймээс сонгуулийн хуулийн төслийг боловсруулж өргөн барья гэж шийдсэн. Ингээд хуулийн төслөө боловсруулан Засгийн газраас санал авахаар өргөн бариад байна. Засгийн газар хариу өгөхгүй бол хуулиар 30 хоногийн дараа бид төслөө УИХ-д өргөн барина. Засгийн газрын асуудалд шуурхай хандах болов уу гэж итгэж найдаж байгаа.

 

-Засгийн газрын Сонгуулийн тухай хуулийн төсөлд санал өгөх хугацаа нь хэзээ дуусах юм бэ?

-Ирэх сарын 10-даар дуусна. Түүнээс өмнө саналаа өгөхгүй бол бид хуулийн төслөө автоматаар шууд УИХ-д өргөн барина.

 

-Та бүхний боловсруулсан Сонгуулийн тухай хуулийн төсөлд ямар шинэ зохицуулалтууд тусгагдсан бэ?

-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Сонгуулийн тухай хуульд найман өөрчлөлт оруулахаар санал нэгдэн төсөл боловсруулсан. Улс төрийн бүх намын төлөөлөл гарын үсгээ зуран энэ хуулийн төслийг яаралтай хэлэлцэн баталж өгөөч гэсэн албан тоотыг УИХ-ын даргад өгсөн байгаа. Ажлын хэсэг дээр сонгуулийн тогтолцооны хувьд 76 жижиг мажоритар байх уу, 48:28 гэсэн  холимог хэлбэртэй байх уу, эсвэл Монгол Улс нэг том тойрог байх уу гэдэгт намууд санал зөрөлдсөн. Жишээлбэл, МАН намын нэрсийн жагсаалтаар УИХ-д сонгогдож байгааг буруу гэж үзээд энэ талаар бүх нийтийн санал асуулга явуулъя гэсэн. УИХ-ын дарга санал асуулга явуулах шаардлагагүй, хөрөнгө мөнгөгүй гэж үзсэнээр энэ санал дэмжигдээгүй.

Энэ байр сууриа МАН-ынхан сонгуулийн хуулийн ажлын хэсэг дээр илэрхийлсэн. Намын нэрсийн жагсаалтаар УИХ-д сонгогдож болохгүй, иргэд, сонгогчид үүнийг эсэргүүцэж байна гэдгийг хэлсэн. Гэвч харамсалтай нь ажлын хэсэг дээр санал хураахад МАН, МНН зэрэг цөөхөн нам энэ саналыг дэмжээд бусад нь эсрэг буюу холимог тогтолцоотой байх нь зүйтэй гэж үзсэн. Нэгэнт ажлын хэсэг дээр санал хураагаад олонхийн буюу ардчиллын зарчмаар асуудлыг шийдсэн болохоор МАН-ын гаргасан дээрх санал унасан. Ингээд 48:28 гэсэн холимог тогтолцоо хэвээр байхаар болсон. Сонгуулийн хуулийн төсөлд 48 жижиг мажоритар байхаар зохицуулсан. Жагсаалтаар сонгогдох 28 мандат нь зарчмын хувьд одоогийнхоос өөр, бүсчлээд намаар нь биш хүнээр нь сонгодог байдал руу орох боломжийг бүрдүүлэхээр ярьж байгаа. Энэ асуудал хэлэлцүүлгийн шатанд яваа.

 

-Саналын хуудсыг автоматаар тоолохыг танай намынхан эсэргүүцэж байгаа. Энэ саналаа хуулийн төсөлд тусгасан уу?

-Энэ бол бидний оруулж байгаа гол өөрчлөлт. Иргэд, сонгогчид ч гэсэн хар  машинаар санал тоолохыг эсэргүүцэж байгаа нь судалгаагаар нотлогдсон.

 

-Иргэдийн хэдэн хувь нь ийм саналтай байгаа юм бэ?

-Нийт сонгогчдын 86 хувь нь хар хайрцгаар саналыг тоолж болохгүй гэсэн байгаа. Тиймээс гараар давхар тоолъё, ингэхдээ камер зоогоод проектороор ажлын хэсгийнхэн болон хэвлэлийнхэнд нээлттэйгээр тоолъё гэж санал гаргасан. Ингэж тоолоод маргаан гарвал гар тооллогыг баримталъя гэсэн зарчим оруулж ирж байгаа. Өөрөөр хэлбэл сонгууль шударга, ил тод, нээлттэй болох ёстой гэдэг зарчмыг баримталсан. Энэ бол зүй ёсны асуудал. Олон нам энэ асуудал дээр санал нэгдсэн.

 

-Мэдээж АН-ынхан бол дэмжээгүй биз дээ?

-Ер нь ажлын хэсгийн гаргасан бүх санал дээр АН түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн. Бусад улс төрийн намууд санал нэгтэйгээр байр сууриа нэгтгээд сонгуулийн хуулийн төслийг боловсруулан Засгийн газарт өргөн барьсан. Хоёрдугаарт, тойрог, хэсгийн хороодыг бүрдүүлэхдээ дандаа төрийн албан хаагчдаар бүрдүүлж байгаа. Гэтэл төрийн албан хаагч нэрийн дор тухайн орон нутагт эрх барьж байгаа улс төрийн намууд хүмүүсээ оруулж байна. Түүнчлэн эрх баригч улс төрийн намууд сонгуулийн тойрог, хэсгийн хороонд ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг дарамтлах, өөрсдийн нөлөөлөлд оруулах боломж, магадлал өндөр байгаа тул улс төрийн намуудын төлөөллийг 70 хувьтай болгож, үлдсэн 30 хувьд нь төрийн албан хаагчдыг оруулъя гэдэг санал гарсан. Мөн сонгуулийн маргааныг хурдан шуурхай, шударга шийдэх асуудлыг ярьсан. Жишээлбэл, Өвөрхангай аймагт 2012 оны УИХ-ийн сонгуулиар маргаан гарсан. Гэтэл Өвөрхангайн сонгогчдын саналыг Хан-Уул дүүргийн ганц шүүгч шүүх хурал хийлгүйгээр шийдээд л баланк дээр тамга дарж, гарын үсэг зураад хүчингүй болгочихсон. Энэ бол сонгогчдын саналаар тоглож байгаа хэрэг. Энэ бол хууль бус бөгөөд ардчиллын үнэт зүйлийн эсрэг үйлдэл болсон. Тэгэхээр үүнийг боловсронгуй болгоё гэдэг асуудлыг ажлын хэсгийн төвшинд нэлээд нухацтай  ярьсан.

 

-Сонгуулийн маргааныг хэрхэн шийдэх нь зохистой гэж үзсэн бэ?

-Тухайн тойрог, хэсгийн хороо аль засаг захиргаа, нутаг дэвсгэрт байна, тэр нутаг дэвсгэрийнх нь шүүхээр маргааныг шийдье, шийдэхдээ ганц шүүгч биш заавал шүүх бүрэлдэхүүн буюу гурван хүний бүрэлдэхүүнтэйгээр хэлэлцэж шийдвэрлэж байя гэдэг санал гаргасан. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар бол сонгуулийн маргаан гарлаа гэхэд Захиргааны тухай болон Эрүүгийн хуульд заасны дагуу гурван шатны шүүхээр давж заалдах эрх нь 36 сар нээлттэй байгаа. Тиймээс 2012 оны сонгуулын маргаан 2015 онд дуусаагүй л байна. Үүнийг л болиулъя гэж ярилцсан. Сонгуулийн маргааныг шүүхийн шат шатанд 21 хоног нийт хоёр сарын дотор эцэслэн шийдэж дуусдаг байх зохицуулалтыг бид хуулийн төсөлд тусгасан. Энэ мэтчилэн найман өөрчлөлтийг одоо мөрдөж байгаа Сонгуулийн тухай хуулийн төсөлд оруулъя гэдэгт санал нэгдсэн. Энэ саналууд дээр АН түдгэлзсэн байр суурьтай байгаа учир УИХ дээр хуулийн төслийг хэлэлцэхэд 35 кноп эсрэг байж магадгүй. Гэхдээ УИХ-д суудалтай намууд сонгуулийн тухай хууль дээр байр сууриа нэгтгээд явчих боломжтой гэж харж байгаа. УИХ-ын ажлын хэсгийг ахалж ажилласан Р.Бурмаа гишүүн сонгуулийн хуулийн төслийг өргөн барья гэж байгаа юм билээ. Нэг зүйлийг хэлэхэд УИХ-ын ажлын хэсэг бол дэлхийд байдаггүй жишгээр хуулийн төсөл боловсруулсан. Сонгуулийн нэгдсэн хууль гээд Ерөнхийлөгчийн болон УИХ, Орон нутгийн сонгуулийн тухай тус тусдаа бие даасан хуулиудыг нэг хуульд нэгтгэсэн. МАН үүнийг байж болохгүй зүйл гэж үзэж, эсрэг байр суурьтай байгаа.

 

-Тэгэхээр ирэх жил УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хамт явуулахгүй юу?

-Энэ талаар одоо мөрдөгдөж байгаа хуулийн зохицуулалтад өөрчлөлт оруулахгүй гэж ажлын хэсгийн гишүүдийн олонхи нь үзсэн. Гэхдээ энэ нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг өөрчлөхгүй гэсэн үг биш. Өөрчлөх шаардлага байна уу гэвэл байгаа. Нийгэм ч хүсч байгаа. УИХ ч үүнийг хүлээн зөвшөөрөөд ажлын хэсэг байгуулсан шүү дээ.

 

-Сонгуулийн өмнөх жил сонгуулийн хуулиа өөрчилдөг жишиг сүүлийн жилүүдэд тогтчихлоо. Энэ удаа ч гэсэн намууд дараагийн сонгуулиа харж л сонгуулийн хуулийг өөрчилж байгаа. Бүх намын эрх ашгийг хангасан хууль батлагдах боломжгүй учраас хуулийн төсөл гацаад байгаа юм биш үү?

-Мэдээж ямар дүрмээр тоглох вэ гэдэг нь хамгийн чухал шүү дээ. Тоглоомын дүрэм тодорхой байх, дээрээс нь шударга байх, олон нийт, сонгогчдын хүсэл таашаалд нийцсэн байх ёстой. Гуравдугаарт сонгууль дээд зэргээр нээлттэй байх ёстой. Ардчилсан нийгмийн хамгийн том зарчим бол ил тод, шударга, нээлттэй байх зарчим. Төрөө нээлттэй, шударга, ил тод зарчмаар, ямар нэгэн булхай луйваргүйгээр эмхлэн байгуулдаг жишиг рүү явж чадаж гэмээнэ Монгол Улс ардчилсан улс гэж нэрлэгдэнэ. Үүнээс ухрах юм бол ардчилсан улс гэж хэлэхэд хэцүү.

 

-Саналын хуудсыг автоматаар тоолох нь уг нь дэвшил юм биш үү?

-Хар машины талаар их сонин ойлголт байгаа. Манайхан жаахан буруу ойлгоод байгаа юм. Жишээлбэл, дэлхийн эх газрын улсууд гэгддэг суурин соёл иргэншил, ардчиллын үнэт зүйлсийн үндсийг тавьсан улс орнууд, тухайлбал Англи, Герман, Франц, Австралид сонгуулийн саналыг гараар тоолж байгаа. Австралийн Сонгуулийн ерөнхий хорооны даргатай уулзахад хоёр зүйлийг хэлж байсан. Нэгдүгээрт, цахимаар санал авна, машинаар тоолно гэдэг хоёр зүйл тэнгэр газар хоёр шиг тэс өөр ойлголт. Хоёрдугаарт, санал тооллогын машиныг хүн ажиллуулж байгаа, хүний оролцоо байгаа л бол ямар нэгэн булхай луйвар орох туйлын өндөр магадлалтай гэдгийг хэлж байна лээ. Ер нь гар тооллого бол дэлхий нийтийн шалгарсан арга. Маш бага зардлаар тоолдог. Өнөөдөр бид эдийн засгийн хямралын талаар их ярьж байна. Тэгсэн атлаа 20 гаруй тэрбум төгрөг зарцуулан хар машинаар саналын хуудас тоолно гээд байгаа. Хар машинд ашиглах саналын хуудсыг тусгай машинаар хэвлэн канондож авчрахад л 20-30 тэрбум  төгрөгийн зардал гардаг. Гэтэл гараар тоолоход ямар зардал гарах юм. Хоёр цаг хүлээх л асуудал байгаа. Түүнийгээ камераар бичээд проектор дэлгэцэээр шууд дамжуулаад, шаардлагатай бол тойрог, хэсгийн хорооны гадаа дэлгэц байрлуулаад саналын хуудас тоолох ажиллагааг шууд дамжуулаад, сонгогчдод нээлттэй үзүүлж болно. Ямар нэг маргаан гараад шүүхэд очлоо гэхэд хөдлөшгүй баримт үлдэнэ. Камерын бичлэгээ буцаагаад л үзчихнэ. Ийм юм руу явах ёстой гэсэн зарчмын байр суурь дээр санал нэгдэж байгаа. Үүнийг парламентад суудалтай МАН, МАХН, МҮАН, ИЗНН-ын УИХ дахь гишүүд дэмжиж байгаа. Эдгээр намуудыг төлөөлж Л.Цог, Ч.Улаан, С.Дэмбэрэл  нарын гишүүд сонгуулийн хуулийн төслийг өргөн барихад гарын үсэг зурсан. Бие даагчид энэ хуулийн төслийг дэмжих саналаа илэрхийлж байгаа. Тэгэхээр нөгөө талаас харвал парламентад сонгуулийн хуулийг дэмжих 31 кноп байна гэсэн үг.

 

-Улс төрийн намын хуулийн төсөл ямар шатандаа байгаа вэ. Танай намын бүлэг энэ хуулийн төсөл дээр ямар байр суурьтай байгаа бол?

-Улс төрийн намын тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч санаачилсан. Тодорхой яригдсан зүйл алга. Энэ хуулийн ажлын хэсгийг С.Баярцогт гишүүн ахалж байгаа. Бас л 2-3 жилийн өмнө ажлын хэсэг байгуулагдсан шүү дээ. Одоо хүртэл төсөл нь бэлэн болж УИХ-д орж ирдэггүй. Ер нь нэг зүйлийг хэлмээр байгаа юм. МАН төр, засгийн бүх зүйлийг гацаадаг гэж нэг хэсэг ярилаа. Тийм юм байхгүй. Жишээлбэл, Үндсэн хуулийг өөрчлөх ажлын хэсгийг Н.Батбаяр гишүүн, Сонгуулийн хуулийн ажлын хэсгийг Р.Бурмаа гишүүн, Улс төрийн намын тухай хуулийн ажлын хэсгийг С.Баярцогт гишүүн тус тус ахалж байгаа. Эдгээр гишүүн бүгд АН-ынхан. Тэр ажлын хэсгүүдэд нь МАН-ын гишүүд гуравны нэгийг нь л бүрдүүлж байгаа. Тэгэхээр манай намынхан эдгээр ажлын хэсгийн ажлыг гацаах боломжгүй. Энэ бүхэн бол МАН-аас биш өнөөдрийн эрх баригчдын өөрсдийнх нь санаачилж, ахалж байгуулсан ажлын хэсгийн асуудал шүү дээ. Тэд өнөөдөр дээрх хуулийн төслүүд ямар шатандаа явааг, юу болоод байгаагаа хэвлэл мэдээлэл, олон нийтэд нээлттэй мэдээлж, харуулчихаж болох л байсан. Тэгээгүй. Юуг нь нуугаад байгаа юм. Ард түмнээс нуух юу байгаа юм. Тэртэй тэргүй тэр хууль чинь ил болоод л явна шүү дээ. Харин ч олон нийтээр хэлэлцүүлээд тэдний санаа бодлыг тусгаад явсан бол бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг шиг маш хэрэгтэй л байсан байх. Ингэхгүйгээр өнөөх амин чухал хуулийн төслүүдээ хоёр, гурван жил өндгөө дарж байгаа тахиа шиг хадгалчихаар энэ бүхэн нь өөрөө ямар ч зөвшилцөл, ажил хэрэг болохгүй, гүйцэтгэл, үр дүн харагдахгүй болоод л өнгөрч байна.

 

-Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтүүдийг МАН дэмжиж байгаа юу. Намуудын санхүүжилт, гишүүнчлэл гэх мэт асуудлууд дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцээд эхлэх юм бол бид саналаа хэлэлцээд, байр сууриа нээлттэй илэрхийлээд л явна шүү дээ.    

 

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломж энэ удаагийн парламентын хувьд мөн л хумигдаж байна. Энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

-Одоо сонгууль болох гэж байхад Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг юу л бол. Энэ бол босго өндөртэй хууль. Парламентын гуравны хоёр нь дэмжиж байж нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцдэг. Тиймээс энэ их л адармаатай асуудал.

 

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зургаан өөр төсөл өргөн баригдсан байдаг. Танай намын  гишүүд ч хэд хэдэн хуулийн төсөл санаачилсан шүү дээ. Эдгээр нэмэлт, өөрчлөлтүүд дээр байр сууриа нэгтгэсэн үү?

-Манай намын хувьд байр сууриа нэгтгэсэн юм байхгүй. Үндсэн хуулиа өөрчлөхийн тулд дагалдах хуулиуд болон бусад хуулиудыг өөрчлөх хэрэгтэй. Процедурын шинжтэй ажлуудаа хийгээд Үндсэн хуулийг өөрчлөх боломжийг хангах ёстой. Энэ чиглэлээр хийх ажил их байгаа. Үүнийгээ нэлээд эртнээс хийгээд явах байсан. Гэтэл цаг нь оройтчихлоо. Манайхан ниргэсэн хойно нь хашгирна гэдэг шиг ийм л байдлаар төр улсын ажилд хандаж явж ирсэн. Энэ байдал үргэлжлээд л явж байна.

 

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хурдлуулах талаар танай намын бүлэг ямар нэгэн алхам хийсэн үү?

-Бид 12 удаа улс төрийн намуудын зөвлөлдөх уулзалтыг хийсэн. Энэ уулзалтуудаар Үндсэн хууль, сонгуулийн хуулийн өөрчлөлт, Монгол Улсын хөгжлийн хөтөлбөр гэсэн гурван чухал асуудлыг хөндөж ярилцсан. Харамсалтай нь 12 удаа уулзалт хийхэд АН-ынхан хоёрт нь л ирсэн. Эрх барьж байгаа нам энэ уулзалтад ирээд юмаа яриад, цааш нь явуулъя гэхгүй, санал санаачилга гаргахүй болохоор парламентад суудалгүй болон эрх бариагүй намууд хэчнээн юм яриад энэ ажил явахгүй байгаа юм. Ингээд гурван жил гаруйн хугацааг үдчихсэн. Тэгээд одоо гэнэт сонгууль болох гэж байхад уулгамч авгай шиг бүх юманд хүүе, хайя гэж байна. Бушуу туулай борвиндоо баастай гэж үг бий. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол тэгж яаран сандран ганц сарын дотор яриад шийдчихдэг асуудал биш. Парламентын гишүүдийн тоог нэмэх, 99 эсвэл 100 болгох, Ерөнхийлөгчийг ард түмнээс биш парламентаас сонгох, Ерөнхий сайдыг Засгийн газраа тараадаг эрх мэдэлтэй болгох зэрэг нэмэлт, өөрчлөлтүүд оруулах саналууд байгаа юм билээ. Хуулийн төслийг нь би гар дээрээ авч үзээгүй байгаа. Нээлттэй ярилцаад зөвшилцөөд явбал болохгүй юм гэж байхгүй. Тэгэхгүй зөвхөн өөрсдөө тэндээ нэг юм дараад л, юу хийгээд байгаа нь мэдэгдэхгүй, тэгээд тэрийгээ дараа нь хүчээр тулгадаг. Тэр бүх юмандаа өөрсдийнхөө эрх ашгийг шингээчихээд бусдыгаа заавал дага, хүлээн зөвшөөр гэж шахдаг байдлаар явбал энэ бол ардчиллын зарчим биш. Ардчилал ч биш, ажил ч биш болчихож байгаа юм.

 

-Яг одоо УИХ Өршөөлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, түүнээс болсон завсарлага гээд парламентын тогоонд халуухан л үйл явц өрнөж байна?

-Энэ хуулийн талаар МАН-ын байр суурь ойлгомжтой, тодорхой байгаа. Бид Удирдах зөвлөлөөрөө шийдвэрээ гаргасан. УИХ дахь намын бүлгийн шийдвэр гарсан. Авлига, албан тушаалын гэмт хэргийг өршөөж болохгүй гэдэг дээр МАН хатуу байр суурьтай байгаа. Хоёрдугаарт, ер нь бид цаашдаа Монгол Улс ардчилсан улс байх юм уу, үгүй юу, төрт улс байх уу, үгүй юу гэдэгт л хариулт өгөх гэж байна. Тэнгэрийн дор төрж хуулийн дор амьдардаг гэж монголчууд эртнээс ярьж ирсэн. Энэ бол төр засагтай улс орны, ялангуяа Үндсэн хуультай ардчилсан улсын хамгийн том хэм хэмжээ, зарчим шүү дээ. Гэтэл хуулиа давж гишгэж хулгай хийчихээд дараа нь өөрсдөдөө зориулж өршөөлийн хууль гаргаж, өөрсдийгөө өршөөдөг ийм балай юмыг ардчилсан гэдэг нэр тодотголтой улс төрийн хүчин, ардчиллаар гоёж гангардаг энэ хүмүүс хийгээд эхлэхээр энэ Монгол Улс ардчилсан улс уу гэдэгт эргэлзэж байна.

 

Сая Малайзын Куала Лумпурт болсон “Трансприэнси интэрнэшнл” олон улсын байгууллагын авлигын эсрэг чуулганд оролцсон 300 гаруй төлөөлөгч 100 хувь санал нэгтэйгээр Монголын парламентад эмгэнэл илэрхийлсэн байна лээ. Авлигатай тэмцэхийн оронд авлигачдыг дэмжиж өршөөлийн хууль гаргасанд нь эмгэнэл илэрхийлсэн. Энэ бол маш эмгэнэлтэй хэрэг. Цаашид хулгай хийчихээд өөрсдийгөө өршөөгөөд байх юм бол хууль цааз яриад яах юм. Төрт ёс яриад яах юм. Одоо бүгд ажил хийдэг биш хууль сахидаг биш, хулгай хийх гэж уралддаг л улс орон болж хувирна шүү дээ.

 

-МАН-ын олон албан тушаалтан өршөөлийн хуульд хамрагдах юм байна гээд тодорхой тоо хүртэл гаргасан байсан. Энэ үнэн үү?

-Тийм юм байхгүй ээ. Манай намын олон хүн өршөөгдөх гэж байгаа юм шиг яриад байгаа юм. Тийм юм огт байхгүй. Манай намынхан өнгөрсөн гурван жил гаруй, дөрвөн жил орчим хугацаанд шалгуулдгаа шалгуулаад, ял авдгаа аваад, орон шоронд ордог нь ороод, ялаа эдэлдэг нь эдлээд явсан. Тэр байтугай МАН-ын зарим нь шоронд амь насаа алдсан харамсалтай, эмгэнэлтэй хэрэг гарсан. Тэгэхээр энэ бол эрх баригчдын өөрсдийнхөө увайгүй үйлдлээ нуухын тулд хийж байгаа зохион байгуулалттай кампанит ажиллагаа.

 

-Засгийн газрыг огцруулахаар УИХ-ын нэр бүхий гишүүд гарын үсэг зураад байгаа. Танай намынхан энэ саналыг дэмжих үү?

-Манай намын хэдэн гишүүн энэ саналыг дэмжээд гарын үсэг зурсан байгаа. Засгийн газрыг огцруулах санал УИХ-д өргөн баригдаагүй байна. Хэрвээ санал УИХ-д ороод ирвэл бид бүлэг дээрэ яриад л явах байх. Манай нам одоогоор энэ талаар улс төрийн шийдвэр, бүлгийн шийдвэрээ гаргаагүй. Хувь хүн, хувь УИХ-ын гишүүн үүнд өөр өөрсдийнхөөрөө хандаж байгаа байх. Энэ нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал. Түүнд нь нам оролцоод, зааж чиглүүлээд байх шаардлага байхгүй.

 

-Танай нам Засгийн газарт багагүй хугацаанд хамтарч ажилласан. Ч.Сайханбилэгийн танхимыг хэр ажилласан гэж дүгнэж байгаа вэ?

-Долоон сар гаруй хамтарч ажилласан. Ер нь МАН-ын зургаан сайд ажил хийх гэж, салбараа босгох гэж зүтгэсэн. Салбар салбартаа хийсэн юм байгаа. Хэн сайн ажиллав, хэн нь муу ажиллав гэдгийг ард түмэн алган дээрээ тавьсан мэт харж, дүгнэх биз. АН-тай засагт хамтарсан, гарсан үйл явцаас ургуулж хэлэхэд цаашдаа Монгол төрийн бодлогын залгамж халаа, төрт ёс гэдэг юм байх уу, үгүй гэдэг эргэлзээтэй болсон. Хамтарч ажиллаж байгаад хаяад гараад явчихдаг. Урьж засагтаа оруулчихаад хөөгөөд гаргачихдаг. Ийм хэмжээний ахархан бодолтой удирдагч нар төр жолоодож байна. Тэгэхээр энэ бол ард түмэнд ойлгомжтой асуудал тул  илүү юм яриад яах вэ. МАН-ын зургаан сайд, долоон дэд сайд болон бусад агентлагийн дарга нар нэр төртэй ажилласан гэдгийг л хэлэх байна.

 

-АН-ынхан 2012 оны сонгуулийн өмнө засгаас гарч байсан шиг танай намынхан ирэх оны нэгдүгээр сарын 1-нд Засгийн газраас гарах төлөвлөгөөтэй байсан юм биш үү?

-Манай намд ханилж яваад  нөхрөө гээж, гарман дээр унаагаа юүлдэг жудаг байхгүй л дээ. МАН бол хэлсэн үгэндээ эзэн, идсэн хоолондоо сав болж чаддаг. Тийм учраас өдий дайтай 94 жил төр засгийн ачааны хүндийг үүрээд ирсэн юм. Сайн  муу хэлүүлсэн ч, сайн саар ажил байсан ч алдаа оноотой нь хамт үүрээд ирсэн. Тэгэхээр энэ бол зүгээр МАН-ыг харлуулах, өөрсөд дээрээ асгасан будагнаас өрөөлд нялах гэсэн үйлдэл байх гэж бодож байна.

 

-МАН ирэх сонгуульд аль нэг улс  төрийн хүчинтэй эвсэх үү. Жишээ нь МАХН-тэй эвсэж мэднэ гэж таамаглах хүн олон байна?

-Энэ талаар ярихад эрт байна. МАХН чинь АН-тай хамтраад засаг барьж байгаа биз дээ. 

 

-МАН-ын олон гишүүн МАХН-д элсч байна. Сая л гэхэд МАН-ын генсекийн суудалд нэр дэвшин, тантай өрсөлдөж байсан УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар МАХН-д элсчихлээ?

-МАН 220 мянган гишүүнтэй. Аль нэг улс төрийн намыг сонгох, гишүүнээр нь элсэх бол тухайн хувь хүний өөрийнх нь сонголт байдаг. Хоёрдугаарт, энэ дээр бид босго, хаалт, цензур тавиад байх шаардлага байхгүй. Аль намыг сонгох нь нээлттэй л асуудал шүү дээ. Өнөөдөр МАН хэн нэгэн гишүүнээ хавчиж гадуурхсан, шахсан зүйл байхгүй. Тэгээд ч МАН эрх барьж байгаа улс төрийн хүчин ч биш. Магадгүй зарим хүн итгэл үнэмшлээрээ өөр намд очиж байгаа байх. Зарим хүн ашиг хонжоо хайж очиж байж ч магадгүй. Тийм учраас энэ тал дээр эмзэглэх юм байхгүй. МАН байдгаараа байж л байна. 220 мянган гишүүнээс нь хоёр гурван хүн гараад өөр намд ороо л биз. Байдаг л асуудал шүү дээ. АН-аас ч гэсэн өчнөөн гишүүн нь өөр намд ороод л, бүр шинэ нам байгуулаад л явж байгаа биз дээ. Харин намын удирдах албан тушаал хашиж байсан, энэ намын ач буянаар гэх юм уу, дэмжлэгээр төрийн өндөр албан тушаал хашиж явсан хүмүүсийн хувьд ёс суртахууны талаар нэлээд бодох зүйл байгаа байх. Би л хувьдаа тийм үйлдэл хэзээ ч хийхгүй. Өөр намд очоод, сонголт хийх ёс суртахуун бөгөөд ухамсрын орон зай надад байхгүй. Миний тархинд тийм юм багтахгүй. Яахав дээ, ноён урваач нохой шарваач гэж үг бий шүү дээ. Аль ч төрийн үед ганц нэг тийм урваж шарвах тохиолдол түүхэнд гарч л байсан. Цаг хугацаа бүхнийг шүүдэг юм даа.

 

Г.СОНИНБАЯР

Х.Нямбаатар: Ирэх 10-р сард төвийн эрчим хүчний системд шинэ эх үүсвэр холбоно
Х.Нямбаатар: Ирэх 10-р сард төвийн эрчим хүчний системд шинэ эх үүсвэр холбоно
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.