Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилсан Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр батлах туай УИХ-ын тогтоолын төсөл нэлээд маргаан дагууллаа. Харин УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар уг төслийг “төрөмд” нь буцаав. Энэ төсөл нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боомилсон заалттай гэдэг шүүмжлэлд өртсөн юм. Авлигын сэдэвтэй мэдээллийг аль ч мэдээллийн хэрэгслүүд үнэ төлбөргүйгээр нийтлэх заалт байсан нь ийнхүү няцаагдлаа. Мөн хувийн хэвшлийн ажилд төрөөс шууд оролцох, хяналт тавих нэг хэлбэр болно хэмээн сэтгүүл зүйн салбарынхан болон УИХ-ын гишүүдийн нэлээд хэсэг нь эмзэглэж байсан юм. Түүнчлэн цөөн хүн амтай, харьцангуй жижиг зах зээлтэй Монголд хэр хэмжээнээс хэтэрсэн олон хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллах болсон бөгөөд тэдгээрийн ард ихэвчлэн улс төрчид байгаа нь нууц биш тул тэр бүгдийг ил болгох гэсэн санаа бас энэ үеэр яригдаж байв. Энэ талаар харин “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Наранжаргал “Хэвлэл мэдээллийн байгууллагууд хөрөнгө оруулагч эздээ ил зарлах нь хувь сэтгүүлчдэд ч хэрэгтэй юм. Тэгэхгүй байгаа учраас ард түмэн сэтгүүлчдийг л худалдагдсан, ёс зүйгүй гэж адалдаг” гэсэн юм.
Б.Баяр
Эх сурвалж: Tumen.mn