Дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх: Мөнгөний төлөө сонсогчдоо хуурч, өдийг хүртэл дуулаад явж чадах л байсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
15 минут 1 секунд
Дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх: Мөнгөний төлөө сонсогчдоо хуурч, өдийг хүртэл дуулаад явж чадах л байсан

Дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх: Мөнгөний төлөө сонсогчдоо хуурч, өдийг хүртэл дуулаад явж чадах л байсан

“Чиний хайранд”, “Чамайгаа санахаар” зэрэг хайрын сэдэвтэй олон сайхан дуугаараа охид залуусыг уярааж явсан дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх хоёр рок попын ертөнцдөө эргэж ирсэн. Багагүй хугацаанд нам гүм байж, ажил амьдралаа төвхнүүлсэн дуэт дуучид маань энэ удаад огт өөр өнгө аяс, эрч хүчийг мэдрүүлэхээр зэхэж буй гэнэ. Ингээд дуучин Ц.Мөнхбат, М.Үүрцайх нартай өрнүүлсэн ярилцлагаа та бүхэнд хүргэе.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

-“Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” улсын уралдаанаас анх шалгарч байсан авьяаслаг дуучид маань одоо тус тусынхаа амьдралыг авч яваа аав, ээж болсон. Магадгүй, анх гарч ирснээ бодвол амьдралын олон амтыг мэдэрч яваа гэдэг утгаараа уран бүтээлийнхээ өнгө аясыг хэрхэн өөрчилсөн бол?

Ц.М: -Бидний хувьд, үзэж туулсан амьдралынхаа туршлага дээр үндэслэн уран бүтээлээ хийхээр шийдсэн. Гэхдээ өмнө нь дуулж байсан чиглэлээ орхихгүй. “Чамайгаа санахаар”, “Чамайгаа оллоо”, “Чиний хайранд”, “Хавар чи бид хоёр” гэх мэт ихэнх дуунууд маань дурлалт хосуудад зориулагдсан. Бид хоёр ч гэсэн, яг л тийм насан дээрээ явж байсан болохоор иймэрхүү дуунуудыг чин сэтгэлээсээ дуулж байж. Одоо амьдралын олон өнцөг, өнгө, амтыг уран бүтээлээрээ дамжуулж хүргэх бодолтой байгаа. Ер нь, бидний уран бүтээл ихэвчлэн эерэг мэдрэмжийг хүмүүст өгдөг байх.

- Үүрээгийн хувьд, өнгөрсөн хугацаанд тун ч нууцлаг байсан шүү?

М.Ү: -Айл гэрийн амьдралд эрчүүдээс илүү эмэгтэйчүүд өндөр үүрэг гүйцэтгэдэг шүү дээ. Гэр орноо өөд татах, хань ижлээ халамжлах, үр хүүхдээ өсгөж бойжуулах гээд л олон зүйлд анхаарна. Миний хувьд ч ялгаагүй, хувийн амьдралдаа анхаарах шаардлагатай болсон. Нэгэнт л сургууль соёлыг нь төгсч, урлагийн тайзнаа холбогдсон болохоор Мөөгий бид хоёрын зорилго адилхан. Энэ ч утгаараа, уран бүтээлээ үргэлжлүүлэн хоёр дахь цомгийнхоо ажилд орчихсон явж байна.

-Хоёр дахь цомог тань тухайн үед “Хайрын цэцэг” нэртэй гарна гэж байсан. Яг тэр үеийн уран бүтээлийг багтаах уу, аль эсвэл?

Ц.М: -Үнэнийг хэлэхэд, тухайн үед бид хоёрт эргэлт хийх шаардлага тулгарсан. Дандаа л нэг хэвийн дуу дуулаад байвал өөрсдөд маань ч гэсэн сонирхолгүй санагдана шүү дээ. Уран бүтээлч хүн үргэлж хувьсан өөрчлөгдөж, шинийг эрэлхийлж байх ёстой. Хийсэн дуугаа сонсч үзээд “За, энэ үнэхээр сайн дуу болжээ” гэж бодох үед л  хамгийн ихээр баярлаж, сэтгэл “цаддаг”. Хэнээс ч илүү аз жаргалыг мэдрэх мөч гэдэг энэ л байхгүй юу. Гэвч байдал нэг хэвийн үргэлжилсэн бол бид хоёрын хувьд, уран бүтээл маань утга учраа алдах байсан. Энэ үед хамгийн зөв алхмаа хийсэн гэж боддог юм. Уран бүтээл хийхээ больсон минь алдаа биш. “Би чамд хайртай”, “Хайраа өглөө” зэрэг дууныхаа араас арай өөр дуу гаргахыг хүссэн ч дээр хэлсэнчлэн, уран бүтээлчидтэй ойлголцож чадаагүй. Ингээд аргагүйн эрхэнд мухардалд орсон. Үнэндээ, өнгөрсөн зургаан жилийн завсарлага маань бид хоёрын хувьд үнэхээр гоё “Time out” байлаа. Одоо хийж буй уран бүтээлийн өнгө аяс мэдрэгдэж эхэлсэн байх. Магадгүй, зарим хит дууныхаа хөгжмийг найруулгыг өөрчилж дуулж болно. Гэхдээ анхны бие даасан “Чиний хайранд” цомгийнхоо уран бүтээлийг хөндөх бодол алга. Тэнд хөндөж болохооргүй нандин зүйлс олон бий.

-Үнэндээ хэсэг хугацаанд хамтарч дуулаагүй дуэт дуучид эргэж нэгдэх шалтгаан бол хэн, хэн нь ганцаараа дуулаад амжилтад хүрэхгүй гэдгээ ойлгосон явдал гэж хардах хүн олон?

Ц.М: -Уран бүтээлээ завсарласан энэ олон жилийн хугацаанд бид хоёр тус тусынхаа амьдралыг төвхнүүллээ. Тэртээ тэргүй, уран бүтээлгүйгээр амьдарч чадахгүй хүмүүс шүү дээ. Яг үнэндээ бид хоёрыг амьдрал, уран бүтээл маань эргэж холбосон. Урлагийн ертөнцөд холбоотой байх учиртай гэдгээ ч мэдэрч байгаа. Хоёр дахь цомгийн маань ихэнх  дуу бэлэн болчихсон. Эхнээсээ олонд хүрч байгаа. Эргээд хамт дуулсан дуугаа сонсохоор үнэхээр төгс юм хийчихсэн юм шиг асар их кайф авч байна. Уран бүтээлч хүн мухардалд орно гэдэг энгийн үгээр тайлбарлахад, хүн ямар ч зорилгогүй амьдрахтай адил. Одоо бол бид хоёр уран бүтээлийн хувьд, цоо шинэ ертөнцийг олсон гэж бодож байна.

М.Ү: -Дуучдыг энд тэнд халтуур хийгээд их мөнгө олдог гэсэн дэл сул яриа хүмүүсийн дунд их гардаг. Хэрвээ бид хоёр хэдэн төгрөгний төлөө шунаад өөрсдийгөө болон сонсогчдоо хуурч, өдийг хүртэл дуулаад явсан бол чадах л байсан. Гэвч бид тэгэхийг хүсээгүй. Уран бүтээлээ хийвэл хийсэн шиг хий. Хийж чадахгүй бол Мөөгийгийн хэлж байгаа шиг, завсарлага авсан нь зөв. Ямар ч байсан, бид хоёр зүгээр суугаагүй. Хувийнхаа амьдралыг зохицуулаад уран бүтээлээ үргэлжлүүлж байна.

-Та хоёрыг хайр сэтгэлийн асуудлаас үүдэн хоёр тийшээ болсон гэх бор шувуу өнгөрсөн хугацаанд ниссэн?

М.Ү: -Дуэт дуучдыг угаасаа л ийм ярианд оруулах “дуртай” байдаг шүү дээ, хүмүүс. Тэрэн дээр бид хоёр ер эмзэглэдэггүй л дээ. Тухайн үед нь инээлдээд л өнгөрдөг байсан.

Ц.М: -Уран бүтээлээр яривал, бид хоёр аль хэдийнэ гэр бүл болчихсон. Урьд нь бол “Нас гэдэг зүгээр л тоо” гэж бодож явсан бол, өнөөдөр биднээс илүү оймс элээсэн хүмүүсийн амьдралын туршлага, үзэл бодол ямар өөр байдгийг ухаарч ойлгосон гэх үү дээ. Тэгэхээр бид хоёр одоогоос бараг арваад жилийн өмнө уран бүтээлээрээ гэр бүл болсон улс. Дуунуудаа үр хүүхэд гэж тооцвол, аль хэдийнэ нас биед хүрчихсэн яваа. Бид хоёрын өмнө нэг л зам байгаа учраас тус тусдаа амьдралтай боллоо гээд салах учиргүй. Тиймээс уран бүтээлийн амьдрал минь цаашид бат бөх байж, олон сайхан зүйлийг хүмүүст хүргэх биз ээ.

-Уран бүтээлийн ертөнцөд та хоёрын амьдрал “холбогдсон” гэсэн үг, тийм үү?

Ц.М: -Яг үнэн. Хошигнож хэлэхэд, бид хоёрын амьдралыг холбосон “ламтан” нь Л.Балхжав ах шүү дээ.(инээв) Бид хоёр олны танил байх гэж дуу дуулаагүй. Үнэндээ хийсэн олигтой дуу байхгүй мөртлөө өөрийгөө рекламдаж явдаг хүн олон бий. Тэд нарт уран бүтээл түй ч хамаа байхгүй, зүгээр л олны танил байх нь чухал. Хэн нэгэнд захиалж хийлгэсэн дууныхаа үг, аяыг нь ч ойлгож чадахгүй. Тэгсэн атлаа клипэн дээрээ ямар харагдахаа бодоод байдаг. Гэтэл дуучин хүний реклам бол цэвэр уран бүтээл нь байх учиртай. Би ийм хүмүүсийг уран бүтээлч гэж боддоггүй. Тэдэнтэй тааралдвал уран бүтээл ярихыг ч хүсдэггүй. Дуу дуулах дуртай, дуундаа хайртай, дуутайгаа амьдарч чаддаг нь бид хоёрын онцлог гэж хэлж чадна. Үүнийг маань хүмүүс ойлгоосой гэж бодож байна.

-Эргээд хамт дуулахад ямар мэдрэмж төрж байсан бол..?

М.Ү: -“Хайр гэрэлтсэн харц” бол энэ олон жил уран бүтээлээ завсарласны дараа эргээд хамт дуулсан эхний дуу гэсэн үг шүү дээ. Бид хоёрт тохирсон үнэхээр сайхан дуу байна гэдгийг анх сонсоод л мэдэрсэн. Дахин хамт дуулахад үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж төрсөн дөө. Өнгөрснөө дурсаад тэр үедээ дахин оччихсон ч юм шиг.

-Эмэгтэй дуучид гэхээр л гацуур мод шиг ганган амьтад байх ёстой гэж төсөөлдөг. Харин таны хувьд, арай өөр харагддаг байснаараа багагүй шүүмжлэл дагуулсан санагдана?

М.Ү: -Мэдээж хэрэг, эмэгтэй хүн юм чинь хэрэглээ ихтэй байлгүй яахав. Энд тэнд явахдаа гоо сайхан, хувцас хэрэглэлдээ анхаарах ёстой. Эргээд уран бүтээлээ хийж байгаа гэдэг утгаар нь хүмүүс илүү их харах биз. Гэхдээ энэ тал дээр би тэгж их гологдоод байх хүн биш. Урлагийн хүмүүс гоо сайхны мэдрэмж өндөртэй байдаг. Хэчнээн нүүрний баясгалан муутай боловч стиль имижээрээ гологдоно гэж байхгүй ээ.

-Гэр бүлийн тань талаар хүмүүс төдийлөн мэддэггүй. Хүүхэд тань хэдэн нас хүрч байгаа вэ?

М.Ү: -Хувийн амьдралаа хэтэрхий дэлгэмээргүй байна. Хүү маань одоо зургаан настай. Охин маань одоо хоёр ой хүрэх гэж байна даа.

-Үүрээ урьд нь хип хоп хамтлагт дуулж байсан. Мөнхбат ч гэсэн, “Мөнхийн реп”-ийн Лхагваатай хоёр дуу дуулсан шүү дээ. Одоо хамтын уран бүтээлээс гадна ийм санал ирвэл хүлээж авах уу?

М.Ү: -Миний хувьд “Ice Top” хамтлагийнхантай уран бүтээлээс гадна найз нөхдийн холбоотой явдаг. Найзууд маань шинэ цомгийнхоо ажилд орчихсон явж байгаа юм билээ.

Ц.М: -Надад хамтлаг байхгүй. “Мөнхийн реп”-ийн Лхагваа бид хоёр багын найзууд. Тэр ч утгаараа, Лхагвааг урлагт хөтөлж оруулсан хүн нь би. Найз маань анх над дээр “Дуучин болох гэсэн. Болмоор байна уу” гээд ангийнхантайгаа ирж шалгуулж байлаа. Дунд сургуульд байхдаа хамтлаг байгуулсан найзыгаа дэмжиж, өөрийн зүгээс зөвлөж тусалдаг байсан. Найз нөхдийн хувьд хамтарч уран бүтээл хийх тухай ярилцаж байсан нь өнгөрсөн таван жилд биеллээ олсон хэрэг. Яруу найрагч ZZ-тэй хамт сууж байгаад нэг гоё дууны шүлэг бичүүлсэн нь “Аз жаргалтай төгсгөл” дуу байлаа. Тэр даруй нь Аранзай ах дээр очоод асуусан чинь “Өө, энэ гоё дуу болно” гээд ая хийж өгөнгүүт нь шууд бичлэгт орсон. Хар багын найзуудын хувьд, бид хоёр дахин “Сайн уу, найз минь” гэсэн дуу хийсэн. Ер нь гучаас дээш насныханд их таалагддаг юм билээ, энэ дуу. Цаашид дахиад хоёр дуу хийгээд нэг сингл гаргавал зүгээр юм болов уу гэж боддог. Уран бүтээлийг эзэнгүй орхих дэмий л дээ. Гэхдээ анхнаасаа бид хоёр дуу дуулья гэж найзлаагүй болохоор тэр бүр энэ тухай яриад байдаггүй. Үүрээ бид хоёр өөр, уулзаад л уран бүтээл ярина шүү дээ.(инээв)

-Одоо цагт хүмүүс найз нөхдөө ангилж, ялгадаг болсон. Ашиг сонирхлоос үүдэлтэй найз нөхдийн холбоо олширсон гэх үү дээ?

М.Ү: -Өнгөрсөн хугацаанд олон найз нөхөдтэй байсан. Гэвч амьдралын шалгуурт шигшигдэж үлдсэн нь цөөхөн. Хамгийн сайн найз гэгдэж явсан хүмүүс итгэлийг минь алдаж, элдэв ярианд оруулах үе ч тохиолдсон. Хамгийн том дайсан гэдэг хамгийн дотны найз байдгийг тэгэхэд л мэдэрч билээ. Тэр бүхэнд Мөөгий маань надад зөвлөж, хэр их санаа тавьж байсныг нь одоо боддог юм. Өнгөрснөө дүгнээд бодоход найз нөхөд гэдгийг арай өөрөөр харж байна л даа. Гэнэн итгэмтгий зангаасаа болж ямар их зүйл алдсанаа ухаарсан. Миний хувьд, найз нөхдөө ашиг сонирхлын үүднээс ангилж ялгадаггүй. Хажууд маань миний гэр бүлийн хүн, цаашлаад Мөөгий байгаа учраас ингээд болчих байх.

Ц.М: -Үнэхээр энэ цаг үед хүмүүс өөрт хэрэгтэй гэсэн нэгнийг найз гэдэг болж. Би тийм занд дургүй. Яагаад ч юм бэ, анх уулзсан хүнээ ямархуу зан араншин, хүсэл сонирхолтой вэ гэдгийг нь мэдэрдэг. Бидний 18, 20 нас бол алдаа оноотой л үе байсан шүү дээ. Хамгийн гол нь, найзуудын сэтгэл зүрх холбогдож байж л жинхэнэ хүнээрээ оршин тогтноно. Миний найзууд дотор мөнгөтэй ч хүн бий, мөнгөгүй ч хүн байгаа. Тэр хүн мөнгөтэй, мөнгөгүй нь хамаагүй. Түүнийг би санаж, уулзахаараа баярладаг нь хамгийн чухал. Жинхэнэ найзын сэтгэл тэнд л оршино.

Р.ЦЭЦЭГ

PHOTONEWS.MN

 

 

Ц.Билэгтсайхан: ХӨСҮТ нь ЗГ, ЭМЯ, өөрийн хөрөнгө оруулалтаар 27 төрлийн бүтээн байгуулалт, их засварын ажлыг гүйцэтгэсэн
Ц.Билэгтсайхан: ХӨСҮТ нь ЗГ, ЭМЯ, өөрийн хөрөнгө оруулалтаар 27 төрлийн бүтээн байгуулалт, их засварын ажлыг гүйцэтгэсэн
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.