320 саяын өртөгтэй “Тамхи татах цэг” хэзээ нээгдэх вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 2 секунд
320 саяын өртөгтэй “Тамхи татах цэг” хэзээ нээгдэх вэ

320 саяын өртөгтэй “Тамхи татах цэг” хэзээ нээгдэх вэ

Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхлээд хэдийнээ хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн. Гэвч хууль хэрэгжихгүй байгааг бид өдөр бүр харж байгаа. Үүнийг гудамжинд хаясан тамхины ишнүүд тодхон харуулна. Уг нь Нийслэл хотын хэмжээнд нийт 20 байршилд “Тамхи татах цэг” гэсэн хаягтай шилэн хоргонуудыг одоогоос 8 сар гаруйн өмнө байгуулж байсан. Гэтэл байгуулснаасаа хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа онгойгоогүй бүгд, байнга цоожтой байдаг нь харамсалтай. Анх хүмүүс дээрх цэгүүдийг огт сонирхоогүй биш, маш их сонирхож байсан. Одоо ч гэсэн гудамжинд тамхи татчихгүй юмсан гэсэндээ. Тойрч үзэж, хаалгыг нь татах хүн ч цөөнгүй харагдсан.

Уг нь тамхины хяналтын тухай хууль батлагдахтай зэрэгцээд тамхины цэгээ байгуулсан бол өдийд цөөн ч гэсэн хүн зориулалтын газарт тамхиа татах соёлд суралцах байсан биз. Гэтэл өчнөөн хугацаа алдаж, хэдэн зуун саяар тоологдох хөрөнгө зарцуулан тамхи татах цэг байгуулсан хэдий ч одоо болтол онгойлгохгүй байгаа нь харамсалтай. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас 320 сая төгрөг гаргаж Төмөр раам зангидаад шилэн хана босгосон 10 м2 орчим тамхи татах цэгийг нэг бүр нь 16 сая орчим төгрөгөөр боссон гэхэд хэнч итгэхгүй. Хэтэрхий өндөр үнэ юм. Энэ хэмжээний мөнгөөр олон нийтэд хүртээлтэй өөр ажил хийж болох л байсан. Гэвч нэгэнт л хэдэн сая төгрөг үрэн байж босгочихсон юм чинь одоо үүдийг нь нээж агаар салхи оруулах цаг болсон байлтай.

Энэ талаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын Захиалагчийн хэлтсийн ахлах инженер Б.Ганзоригоос тодрууллаа.

- Нийслэлд тамхины хэдэн цэг байгуулагдсан бэ?

- Улаанбаатар хотын хэмжээнд 320 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 20 байршилд тамхи татах цэг байгуулсан.

- Тамхи татах цэг байнга цоожтой байдаг. Ашиглалтад хэзээ орох вэ?

- Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар нь Нийслэлийн иргэдийн хурлаас тогтоол нь гараад өөрөөр хэлбэл мөнгө нь батлагдсаны дараа Нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлж ажилладаг. Тухайн байгууламжийг Улсын комисс хүлээн авсны дараа бид ашиглагч байгууллагад хүлээлгэж өгдөг. Үүнээс хойш тамхины цэгийг хэзээ нээх үү гэдэг нь ашиглагч байгууллагын ажил.

- Тэгвэл тамхины цэгийн ашиглагч нь ямар байгууллага вэ?

-Тамхины цэгийн ашиглагч байгууллагаар Улаанбаатар нэгтгэлийг тодруулаад, комиссын бүрэлдэхүүнд оруулж ажиллуулсан. Өнөөдрийн байдлаар энэ 20 байршилын комиссын акт бүрэн баталгаажсан. Бүрэн утгаар нь Улаанбаатар нэгтгэлд хүлээлгэж өгсөн.

- Тамхи татах цэг хэдэн төгрөгийн төсвөөр байгуулагдсан бэ?

- 16 сая орчим төгрөгөөр нэг ширхэг тамхи татах цэгийг байгуулсан гэлээ.

Үүний дараа бид Тамхины цэгийн ашиглагч байгууллага гэх Улаанбаатар нэгтгэлээс мэдээлэл авахаар холбогдсон ч манайх хариуцдаггүй, манайд хүлээлгэж өгөөгүй гэсэн юм.

Нэгэнт л нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангаас 320 сая төгрөг гаргаж бариад, Хотын төв гудамжнуудад “залчхаад” байгаа тус бүр нь 16 сая төгрөгийн өртөг бүхий эдгээр цэг хэзээашиглалтад орох нь байтугай, хэн хэрхэн хариуцах нь ч одоо болтол тодорхойгүй байна.

Т.Болормаа

“Оюу Толгой”-н Brian Marsden Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 36 саяар байр зарсан уу
“Оюу Толгой”-н Brian Marsden Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 36 саяар байр зарсан уу
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/10/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.