Энэ өвлийн цаг агаар ямар байх вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
4 минут 22 секунд
Энэ өвлийн цаг агаар ямар байх вэ?

Энэ өвлийн цаг агаар ямар байх вэ?

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн ерөнхий инженер Б.Жаргалангаас 2021 оны хоёрдугаар сар хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг тодрууллаа.

Тэрбээр "Аравдугаар сард нутгийн өмнөд хэсгээр, арваннэгдүгээр сард Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар, нэгдүгээр сард Хэнтийн нуруу орчмоор, хоёрдугаар сард Баян-Өлгий, Увс, Завханы нутгаар, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байгаа.

Өнгөрсөн зун ихэнх нутгаар бороо хур ихтэй байсан боловч Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн ихэнх нутаг, Дундговь, Өмнөговийн баруун хэсгээр харьцангуй бага хур тунадас орсон бөгөөд өвөл хаврын бэлчээрийн даацыг тооцоолсон дүнгээс үзвэл Говь-Алтайн зарим сумдын нутаг, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгийн ихэнх сумдын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан.

Өвөл хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан дээрх аймаг сумдын нутагт өвс хадлан эртлэн бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх зэрэг өвлийн бэлтгэлээ сайн хийхийг зөвлөж байна" хэмээв.

Агаарын температур болон хур тунадасыг сар бүрээр харвал:

Аравдугаар сард

Агаарын температурын хувьд, Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутаг, Дорнодын хойд хэсэг, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байна. Бусад нутгаар дунджийн орчим байх нь.

Хур тунадас, Баянхонгор, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсэг, Өмнөговь, Дорногвийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

Арваннэгдүгээр сард

Агаарын температурын хувьд, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгууд болон Их нууруудын хотгор, Хэнтийн нуруу орчмоор олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх нь.

Хур тунадас, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгууд буюу Баян-Өлгий, Ховдын зарим сум, Говь-Алтайн хойд хэсэг, Баянхонгорын ихэнх, Завханы зүүн, Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна.

Арванхоёрдугаар сард

Агаарын температурын хувьд, Их нууруудийн хотгор орчмоор буюу Увсын ихэнх нутаг, Ховд, Говь-Алтайн хойд, Завханы баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх нь.

Хур тунадас нутгийн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага орох төлөвтэй байна.

Ирэх оны нэг, хоёрдугаар сард

Агаарын температурын хувьд, нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байна.

Хур тунадас нэгдүгээр сард нутгийн баруун өмнөд хэсгээр буюу Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага байх бол Хэнтийн нуруу орчмоор буюу Төв, Сэлэнгэ аймгийн ихэнх нутаг, Булганы зүүн, Хэнтийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цас орох төлөвтэй байна.

Хоёрдугаар сард Баян-Өлгий, Увс, Завханы нутгаар, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу цастай байх нь.

Олон жилийн дундаж үзүүлэлтийг 1981-2010 оны агаарын температур, хур тунадасын хэмжээгээр тооцон гаргадаг байна.
ЗӨВЛӨМЖ

Нийт нутгийн 50 орчим хувьд бэлчээрийн даац хэтэрсэн байгаа учир тэдгээр аймаг, сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй.

Ихэнх гол мөрөнд битүү мөсөн бүрхүүл арваннэгдүгээр сарын сүүлийн 10 хоногт тогтох төлөвтэй байгаа хэдий ч энэ жил гол мөрөн, нуурын мөсний зузааны даац хүн, мал, машин техник явахад аюулгүйн хэмжээнд хүрч чадахгүй гэдгийг анхаарч, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг ард иргэдэд сануулж байна.

Цензургүй яриа нэвтрүүлэг - УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар оролцлоо
Цензургүй яриа нэвтрүүлэг - УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар оролцлоо
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.