Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх нэр дэвшигчийн үнэмлэхээ гардлаа. Үнэмлэх гардуулах үйл ажиллагааны үеэр түүний хэлсэн үгээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
- Улс орон маань цар тахлын хүнд нөхцөл байдалд байна. Тиймээс сонгуулийн зардлыг хэмнэж, аль болох хямд зардлаар энэ удаагийн сонгуулийг зохион байгуулах нь зүйтэй.
- Хэрвээ би Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол нийгэмд шударга ёсыг бэхжүүлж, хууль бус, ёс бус үйл ажиллагааг таслан зогсооход онцгой анхаарна.
- Хүн засагладаггүй. Хууль засагладаг төр улстай болох ёстой гэж үзэж байна.
- МАН-ын Монгол, АН-ын Монгол гэж байхгүй. Бид нэг л Монгол эх оронтой. Тиймээс ард түмнийхээ эв нэгдлийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах болно.
- Монголын иргэн болгон байгалийн баялгаас ижил тэгш хүртэж байх ёстой. Тийм учраас байгалийн баялгийн үндэсний санг байгуулж, улс орныхоо бүтээн байгуулалтыг хийж, иргэддээ баялгийг тэгш хуваарилна.
- Хүчирхэг эдийн засагтай Монгол Улсыг байгуулахын тулд өнөөгийн Засгийн газар, УИХ-тай хамтран ажиллана.
- Миний мөрийн хөтөлбөр шинжлэх ухааны үндэслэлд тулгуурласан. Би өөрөө Ерөнхий сайд, Шадар сайдаар ажиллаж байсан учраас улс орныхоо нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг маш сайн мэдэрч байгаа. Тэр ч утгаараа улсын эдийн засаг ямар хэмжээнд байгаа, ард түмэнд маань юу хэрэгтэй байгааг мэднэ. Тиймээс миний дэвшүүлж байгаа мөрийн хөтөлбөр тооцоо судалгаанд түшиглэсэн мөрийн хөтөлбөр.