Зургаан хоногт 13 нярай улаанбурханаар амиа алджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
7 минут 36 секунд
Зургаан хоногт 13 нярай улаанбурханаар амиа алджээ

Зургаан хоногт 13 нярай улаанбурханаар амиа алджээ

Улаанбурханы дэгдэлт. Энэ бол шинэ сэдэв ч биш, шийдэх ёстой ганц асуудал ч биш. Эрүүл мэндийн салбар элгээрээ мөлхсөн талаар олон жил л ярьж байна. Эдгэшгүй хүнд өвчинг эндээ эмчилж чадахгүй байгаа нь ч яахав, ойлгож болох зүйл. Гэтэл зүгээр нэг улаан бурхан, салхин цэцгээ дарчихаж чадахгүй, өчнөөн нялх амь гарздахыг ойлгож чадамгүй. Сонгууль, АСЕМ, Женко, Энхбаяр, Элбэгдорж, Монгол тулгатан, Анужин, уул уурхай, оффшор данс мэтийн том асуудлын хажууд өчүүхнээс өчүүхэн сэдэв болсон хөөрхий бидний болоод бидний үр хүүхдийн эрүүл мэнд.

 

Сонгууль юу юугүй хаяанд ирлээ. Эхнээсээ "мөрөөдлийн жагсаалт"-аар мөрийн хөтөлбөрөө хийчихээд, гэрт орж 00 угааж өгөхөөс наагуур юм болох биз. Сонгуулийг боломж гэж хараад, энэ эрүүл мэндийн салбарыг, цаашлаад боловсрол, нийгмийн хамгааллыг анхаарсан, хэрэгжиж болмоор хөтөлбөртэй нэр дэвшигчдийг сонгомоор байна. Намуудыг ч бодлогоо энэ салбарт анхаарал өгч боловсруулахыг шаардмаар байна. Тэгэхгүй бол, байдал энэ хэвээрээ байвал удахгүй бид хавдар төдийгүй энгийн нэг товлолтвакцинаа хийлгэх, ханиадаа оношлуулахын тулд гадаадыг зорих хэрэгцээтэй болж, сошиал медиагаар мөнгө гуйх нь ээ. Энэ өвчний дэгдэлтийн ид үед нь, одоо л "женкодож", "мүүндэж" байхынхаа оронд "улаан бурхандмаар байна" Угаасаа энэ салбар чинь улаан гэрлээ асаагаад удаж байна аа хэмээн хуульч, судлаач Ч.Бат-Уянга ширүүн гэгч нь бичиж байсныг санаж байна.

 

Үнэхээр түүний хэлснээр Улаанбурханы тархалт манай улсад гамшгийн хэмжээнд хүрчихээд байгааг би ч, та ч анзаараагүй л явсан биз. Хэдхэн сарын өмнө улаанбурханы талаар аян өрнүүлэх нь холгүй, эрхэм сайд, гишүүд нь ар араасаа мэдээлэл, мэдэгдэл хийж бөөн сур дуулиан болж байсныг та бүхэн санаж байгаа байх. Үүний дараа улаанбурханы эсрэг вакцинжуулалт явагдаад энэ асуудал намжсан. Учир мэдэхгүй хүмүүсийн хувьд улаанбурханы тархалт намжсан, төрийн эрх мэдэлтнүүд тодорхой шийдэлд хүрч, аймшигт өвчний тархалтыг зогсоож, шаардлагатай зүйлсийг хийсэн гэж бодож байгаа байх. Гэвч өнөөдөр нөхцөл байдал ямар байгааг нулимс нь хатаж амжаагүй эцэг, эхчүүд хэлж байна.

 

Хүн хэлэхээс, цааш чичлэхээс наашгүй гэж яасан үнэн үг вэ. Улаанбурханы дэгдэлт өндөр, бяцхан үрсийн аминд хүрч байна хэмээн сонсож байсан ч одоо яаж байгаа бол, өвчлөлөөс сэргийлж чадсан болов уу хэмээн өнөөдрийг хүртэл чих тавиагүй сууж байснаа бодохоор өөртөө дургүй ч хүрэх шиг. Есхөн сартай зээ охиноо улаанбурхан өвчнөөр алдах гэж байна хэмээн нулимс дуслуулан яваа эмээ, өвөөтэй таарлаа. Тэдний ярихыг сонсоод эрүүл мэндийн салбар хийгээд нийгэмд, ирээдүй хойч үед маань чухам ямар гэгчийн аюулын харанга нүүрлээд буйг сонслоо.

 

Зургаахан хоногт 13 хүүхэд улаанбурхан өвчнөөр амиа алдсан. 14 дэхь хүүхэд нь миний зээ охин болчихоод байна хэмээн том, том нулимс унагааж буй эмээ, дотроо бэтгэрч буй өвөөг хараад юу ч дуугарч чадсангүй.

 

Үнэндээ, улаанбурханы тархалт гайгүй болчихоогүй байсан юм уу. УИХ-ын бараг бүх гишүүн, сайд энэ асуудлаар дуугарч, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахаа олон нийтийн өмнө амлаад байсан биз дээ гэж хэлэхээс өөр ямар ч үйлдэл гаргаж чадсангүй. Хүүхдээ, ачаа, хүнээ алдах ямар гачлантай зовлон бэ гэдгийг уншигч та бүхэн надаар хэлүүлэлтгүй ойлгох биз. Харин сонгуулийн сурталчилгаа, сонгуулийн ажил гээд ухаан самуурч яваа нөхөд энэ зовлонг анзаарах сөхөө бий болов уу.

 

Зургаан хоногт 13 нярай улаанбурханы өвчлөлөөс болж хорвоог орхиж байна гэдэг эмгэнэл. Эмнэлгийн салбарынхан ачааллаа дийлэхгүй цуцаж, эцэг эхчүүд өнөөдөр бас маргааш миний хүүхэд амьд байх болов уу хэмээн мэгшиж сууна.

 

С.Ламбаа сайдаа нарийн бичгийн даргадаа тамга тэмдэгийг нь баясгалантай гэгчийн гардуулж өгч буй дүр зургаас чинь илүү нэг ч гэсэн нярайг аврах алхам чинь бидэнд үгүйлэгдэж байна.

 

Төрүүлсэн үрээ алдаж буй эцэг эхийн нулимс эмнэлгийн байгууллагыг бүрхээд өдгөө хальжээ. Хорвоод мэндлээд удаагүй бяцхан хүүхдүүдэд нэг өдрийн өмнө ч болов амьдрал бэлэглэх гарц, боломж, шийдэл, гаргалгаа алга уу эрхэм түшээдүүд ээ.

 

ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлэгдэж байгаад ХӨСҮТ-д шилжин ирсэн хүүхдүүдийн дийлэнх хувь нь амиа алдаж байгааг эцэг, эхчүүд харуусалтайгаар ярьж байна. Үнэхээр зүрх шимширмээр.

 

 Эмч нар зөв оношлохгүй цаг алдаснаас болж, мөн эмнэлгийн ачаалал их байгаагаас үүдэж хүүхдүүдийн өвчлөл хүндэрч байгааг хэн, хэрхэн, хэзээ шийдвэрлэх вэ?

 

ХӨСҮТ-ийн гадна хүүхдээ сахисан эцэг, эхчүүд олширч, гэдэсний халдварт өвчний тасагт улаанбурханы шинж тэмдэгтэй хүүхдүүдийг нэмж хэвтүүлж байгааг та нөхөд мэдсэн үү.

 

Улаанбурхан өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийн 10 грамм тарианы үнэ 316 мянга, 40 грамм нь сая гараад явчихаж байна. Гэтэл ард иргэдийн амьдрал яаж туйлдаж байгааг та ч, би ч мэднэ. Хүүхдээ аврахын тулд хэдэн талаас гуйж гувшиж 40 граммын өндөр өртөгтэй тариаг хийлгэсэн ч тусыг эс олж байгаа нь өвчлөл ямар хурцадмал байгааг илтгэж буй бус уу.

 

Ганцхан долоо хоногт нас барсан гэх 13 хүүхдийн 14 дэх нь миний зээ охин болоод байна хэмээн уйлж суугаа эмээ "Эмнэлгийн ард нуугдсан зүйл их байдаг юм байна. Эмнэлэгт танил тал, мөнгө төгрөггүй бол хүн ёсоор үйлчилгээ авах ямар ч боломж алга. Сонгууль гээд бужигнаж байх хооронд нь олон мянган хүүхэд хорвоог орхиж байна.  Миний хүүхэд өнөөдөр амьд байх болов уу хэмээн түгшиж суугаа ээж аавууд цөхөрч, шаналж, яах учраа олохгүй байна" хэмээв. Энэ бүхэн төрийн өндөрлөг, эрхэм түшээдүүдэд нэгийг бодогдуулахгүй байна гэж үү.

Бид энэ асуудлаар ХӨСҮТ-өөс сурвалжлага мэдээллийг цувралаар хүргэх болно.

Д.Дуулим

Л.Банзрагч бурхнаас өгсөн“бэлгээ задаллаа”
Л.Банзрагч бурхнаас өгсөн“бэлгээ задаллаа”
 
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
“ЖЕНКО” Х.БАТТУЛГА УУ, САЙД Ч.ХҮРЭЛБААТАР УУ?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.