Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, улмаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон. Тиймээс МАН-ын гал тогоог 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл барьсан Д.Амарбаясгалан өөрийгөө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын суудалд дээр “онцлов”. Энэ тухайд олон нийт янз бүрээр тайлбарлаж байна. Тухайлбал, мөнгө хувиарладаг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын суудал дээрээс Говь-Алтай аймаг руу төсөл хөтөлбөр, “мөнгө гулсуулж” байгаад ирэх 2024 оны УИХ-д өрсөлдөнө гэх мэт олон зүйл бий.
Гэтэл эх сурвалжийн хэлж байгаагаар үгүй бололтой. Учир нь тэр тун удахгүй Ерөнхий сайдын суудалд залрах төлөвлөгөөний дагуу орж ирсэн аж.
Анзаарч харах юм бол өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн гэх Засгийн газарт ямар сайдууд байна. Хэн нь хэний хүн бэ гэдгийг бултаараа мэднэ. Тодотговол, өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт түүний мэдлийн гуравхан сайд бий. Тэр нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд гээд болно.
Харин УИХ-ын дарга Г.Занданшатарын мэдэлд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ гэх хоёрхон хүн бий. Үлдсэн бүх сайдууд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нарын сайдууд байгааг батлан хэлж байна. Тэгэхээр эртнээсээ л эрх баригчид жүжиг тоглож, Л.Оюун-Эрдэнийг түр зуур гаргаж ирсэн бололтой.
Өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн бус Д.Амарбаясгалангийн Засгийн газар ажиллаж байгааг сайдуудаас нь харж болно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд ч бүхий л тал дээр өөрийнхөө байр суурийг Д.Амарбаясгалангаар хэрэгжүүлж таарна. Тэр хэдийгээр Ерөнхийлөгч ч гэлээ нам дотроо болон Засгийн газарт хүчтэй байр суурь эзлэхийг зорьсоор ирсэн. Тийм ч учраас Ерөнхийлөгч хүмүүсээ бүхий л хүчтэй, мөнгөтэй газарт байршуулсан. Тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж асан Г.Ёндонг мөнгөний эх үүсвэр “Эрдэнэт” үйлдвэр дээр тавьсан. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргаар найз Х.Хэрлэнгээ тавьсан гээд дурдаад байвал бүхий л тал дээр хүчирхэг байна. Одоогийн Засгийн газрын 20 хувийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга эзэмшиж байхад 80 хувийг У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан нар эзэмшиж буй.
Tumen.mn