Өнөөдөр “Дэлхийн эмч нарын өдөр” тохиож байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд, БГД-ийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв дээр ажиллаж, онцгой нөхцөл байдлын үед халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлсэд мэргэжлийн ур чадвараа дайчлан, эх оронч сэтгэлээр зүтгэн, эрсдэлт нөхцөлд ажиллаж буй дүүргийн ЭМТ-ийн эмч, ажилтнуудад баярын мэнд хүргэж, талархал илэрхийллээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Та бүхэндээ “Дэлхийн эмч нарын өдөр”-ийн мэнд дэвшүүлье! Эрүүл мэндийн салбарын нийт ажилтнууд цаг наргүй хөдөлмөрлөж байна. Та бүхнийхээ нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл, хамтын хүчээр энэ хүнд хэцүү үеийг даван туулж, энх цагтай золгоно гэдэгт итгэлтэй байна. Ажил үйлс нь өөдрөг, хүн ард маань эрүүл энх, эмч эмнэлгийн ажилтнууд та бүхэн амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай. Сайн сайхныг хүсье” гэв.
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Өнөөдрийг хүртэл БГД-ийн Эрүүл мэндийн төв, дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэдэд анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэддээ түргэн шуурхай, хүртээмжтэйгээр хүргэж байгаад баяртай байна. Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт эмч, эмнэлгийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, сургах хөгжүүлэх чиглэлүүд тусгагдсан. Коронавируст цар тахлаас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, энхийн манаанд цаг наргүй ажиллаж буй та бүхэндээ талархал илэрхийлье” гэлээ.
Түүнчлэн дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар “Энэ өдөр баяр гэхээс илүүтэй эрүүл энхийн манаанд зогсдог эрхэм хамтран зүтгэгч та бүгдийн маань БАХАРХЛЫН ӨДӨР. Бүгдээрээ сайхан цагийг хамтдаа авчрахын төлөө хичээнгүйлэн ажиллацгаая. Та нартаа сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэж хэллээ.
Мөн цар тахлын үед мэргэжлийн ур чадвараа дайчлан ажилласан 31 эмч, ажилтнуудыг Засаг даргын жуух бичгээр шагнаж, урамшууллаа.