Ц.Шинэбаяр нар Таван толгойн гэрээний талаар уриалга хүргүүлэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Огноо
Унших
6 минут 26 секунд
Ц.Шинэбаяр нар Таван толгойн гэрээний талаар уриалга хүргүүлэв

Ц.Шинэбаяр нар Таван толгойн гэрээний талаар уриалга хүргүүлэв

Таван толгойн гэрээний талаар дээр дооргүй хэл ам, хэрүүл шуугиан болж байна. Засгийн газрын хуралдаанаар гэрээний төслийг хэлэлцэн, УИХ-д оруулахаар болсон. УИХ эцсийн цэг хатгана. Үүнээс урьтаад УИХ-ын дарга З.Энхболд, түүний зөвлөх А.Гансүх нар уг гэрээний төслийг хууль, тогтоомж зөрчсөн гэж буй. Харин ажлын хэсгийг ахалсан М.Энхсайхан сайд “Тэд гаднын захиалгаар гэрээний төслийг унагах сонирхолтой байх шиг байна” гэсэн утгатай ярилцлагыг хэвлэлүүдэд өгч байгаа. Энэ гэрээ монголчуудад хэрхэн  ашигтай тусахыг харин иргэд маань чих тавин чагнаж сууна. Мөн үүнтэй холбогдуулан парламентад суудалгүй зарим улс төрийн намууд ч уриалга, шүүмжээ хүргүүлж буй ажээ.

Хамаг Монголын хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр, Эх орончдын нэгдсэн намын дарга Г.Ганбат нар УИХ-ын гишүүдэд хандан уриалга хүрүүлсэн байна. Уг уриалгад “...Өндөр төрийнхөө сүлдэнд, өргөн түмнийхээ өлмийд сөгдөн байж “ Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн андгайлсныг тань өнөөдөр хатуу сануулах цаг болжээ. Ийнхүү өргөсөн тангарагтаа үнэнч байж, улс үндэснийхээ ашиг сонирхлыг эрхэмлэн Тавантолгойг Оюутолгойн араас буруу замаар бүү явуулаач, Монголдоо бүртгэлтэй, төлбөрийн чадвартай үндэсний компани оролцуулаач, стратегийн ач холбогдолтой төмөр замыг улсдаа үлдээгээч, нийт иргэнийхээ эрх ашгийг  хамгаалан 1072 хувьцааг салхинд бүү хийсгээч, төрийн хуулийг дээдлэн Үндсэн хууль, бусад хууль, УИХ-ын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, ҮАБЗ-ийн зөвлөмж, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэргээ бүү зөрчөөч гэсэн хүсэлт, шаардлагыг ард түмэн  тавьж, өөрсдийн элчийн хувьд гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхийг тань харах үлдлээ. Оюутолгой төсөл дээр УИХ том алдсан, улс орон хохирсон, ард түмэн хууртсан. Одоо УИХ-д дахин алдах эрх байхгүй” гэв. Мөн төгсгөлд нь “...УИХ-ын гишүүн та бүхнийг гаднын захиалга, дотоодын хуйвалдаанаас ангид байж, хувийн явцуу ашиг сонирхлоо хойш тавьж, чухамхүү эх орон, улс үндэс, ард түмнийхээ эрх ашигт үйлчлэхийг уриалж байна” гэжээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn

 

 

Уриалга

Улсын Их Хурлын гишүүд ээ!

      Үндсэн хуулиар ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад авсан, монгол хүн бүр хувьцаа эзэмшиж, эзэн суусан цорын ганц олон нийтийн өмч болох Тавантолгойн нүүрсний стратегийн ордын хувь заяаг төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлаар  хэлэлцэн шийдвэрлэх нэн хариуцлагатай, эгзэгтэй цаг мөчид та бид тулж ирээд байна.

            Өндөр төрийнхөө сүлдэнд, өргөн түмнийхээ өлмийд сөгдөн байж “ Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн андгайлсныг тань өнөөдөр хатуу сануулах цаг болжээ.

            Ийнхүү өргөсөн тангарагтаа үнэнч байж, улс үндэснийхээ ашиг сонирхлыг эрхэмлэн Тавантолгойг Оюутолгойн араас буруу замаар бүү явуулаач, Монголдоо бүртгэлтэй, төлбөрийн чадвартай үндэсний компани оролцуулаач, стратегийн ач холбогдолтой төмөр замыг улсдаа үлдээгээч, нийт иргэнийхээ эрх ашгийг  хамгаалан 1072 хувьцааг салхинд бүү хийсгээч, төрийн хуулийг дээдлэн Үндсэн хууль, бусад хууль, УИХ-ын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, ҮАБЗ-ийн зөвлөмж, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэргээ бүү зөрчөөч гэсэн хүсэлт, шаардлагыг ард түмэн  тавьж, өөрсдийн элчийн хувьд гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхийг тань харах үлдлээ.

            Оюутолгой төсөл дээр УИХ том алдсан, улс орон хохирсон, ард түмэн хууртсан. Одоо УИХ-д дахин алдах эрх байхгүй.

            Ард түмэн үндэсний их өв сан Тавантолгойн ордоо эдийн засгийн эргэлтэд оруулахыг эсэргүүцээгүй, гагцхүү улс үндэснийхээ язгуур эрх ашиг, аюулгүй байдал, иргэдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн хувилбараар шийдвэрлүүлж, “хүн шиг амьдарч, улс шиг хөгжихийг” мөрөөдөж байна.  

            Эрх барьж буй намууд, төр засаж буй түшээд  та бүхэн гомдож, цөхөрсөн эх орон нэгтнүүддээ өршөөгдөх, уучлагдах, улмаар алдагдсан итгэлийг нь олж авах өчүүхэн төдий горьдлого байгаа бол магадгүй энэ эцсийнх нь  байж мэднэ. Тавантолгойн хувь заяаг шударгаар шийдвэрлэх түүхэн хариуцлагыг УИХ ийнхүү зоригтойгоор үүрч буй нь та бүхний төр, түмнийхээ өмнө хүлээх эх оронч үүрэг, заавал төлөх өр мөн.

            Иймд УИХ-ын гишүүн та бүхнийг гаднын захиалга, дотоодын хуйвалдаанаас ангид байж, хувийн явцуу ашиг сонирхлоо хойш тавьж, чухамхүү эх орон, улс үндэс, ард түмнийхээ эрх ашигт үйлчлэхийг уриалж байна.

Хүндэтгэсэн:            

Эх орончдын нэгдсэн намын дарга Ганчилын Ганбат

Хамаг Монголын хөдөлмөрийн намын дарга Цэндийн Шинэбаяр

“Орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлнэ“
“Орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа руу шилжүүлнэ“
 
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.