2000 он гарсаар бэлэг эрхтний наалдангитай хүүхдүүд их элбэгшиж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нь элбэгшсэн мөн эрэгтэй хүүхдийн шодой нярай үеэсээ шамарч байх ёстой гэх ойлголт иргэдийн дунд түгээмэл байдаг. Тэгвэл, энэ талаарх мэдээллийг Баянзүрх дүүрэгт байрлах “Бум-Энэрэл” эрэгтэйчүүдийн эмнэлгийн Эрэгтэйчүүд, Дүрс оношилгооны эмч Д.Ганзоригоос тодрууллаа.
-
Ер нь бага насны хүүхдүүд наалданги буюу бэлэг эрхтний наалдац өвчнөөр өвдөх тохиолдол хэр элбэг байдаг вэ?
- Сүүлийн үед бэлэг эрхтний наалдац гэдэг өвчин ихэсчихлээ гэх яриа гадуур их байна л даа. Харин нэг их ихсээд байгаа нь ч юу л бол. Угаасаа л бид нарын аав ээжийн үед ч байсан, миний үед ч байсан, одоогийн хүүхдүүдэд ч байгаа ийм л өвчин.
Ихсээд байгаа нь нэгдүгээрт, эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүддээ тавих анхаарал халамж ихэссэн байна.
Хоёрдугаарт, мэдээлэл ихсэхийн хэрээр нөхөн үржихүйн эрхтнүүдийг нь багад нь их анхаарч үздэг болсонтой холбоотой болов уу гэж бодож байна. Гэхдээ нэг асуудал байгаа нь, хүмүүс энэ наалдац, нарийсал гэж хоёр өвчнийг хооронд нь ялгаж салгахгүй байх шиг байгаа юм.
- Наалдац, нарийсал гэдэг хоёр өвчин гэсэн үг үү?
- Тийм. Нэгдүгээрт, эрэгтэй хүүхэд болгон эхээс наалдацтай төрдөг. Энэ бол эрүүл төрөлт. Ерөнхийдөө эрэгтэй хүүхдийн бэлэг эрхтний толгойг хучсан арьс бэлэг эрхтний толгойтойгоо наалдацтай байхыг хэлж байгаа юм. Энэ наалдац тав, зургаан нас хүртэл аажмаараа салж дуусах ёстой. Жишээ нь: 2 насанд 20 хувь нь бүрэн шамарч байна. Гурван насанд дөчин хувь нь, дөрвөн насанд тавин хувь нь гэж явсаар байгаад тав, зургаан нас хүрэхэд бэлэг эрхтний толгой бүрэн шамарч дууссан байх ёстой.
Тиймээс эцэг эхчүүд хүүхдээ бага насанд нь бол шамарч болохуйц хэмжээнд нь шамлаад л, угааж цэвэрлээд л явч бай гэж хэлье. Цаг нь ирэхээр аяандаа шамарна. Хэрвээ долоо найман нас гээд шамлахгүй бол хүүхдээ дагуулж авчираад шамлуулж болно.
- Тэгвэл, нарийсал гэдэг нь?
- Мэргэжлийн хүмүүсийн хэлдгээр фимоз буюу бэлэг эрхтний толгойн арьсны нарийсал. Энэ бол хүүхэд хэдэн нас хүрсэн ч шамрахгүй гэсэн үг. Шодойг нь аажуухан хойш болгоход шээсний сүв ерөөсөө харагдахгүй. Шээхэд тухайн хүүхэд өөртөө жаахан зовиуртай, дүлүүлж шээдэг байхгүй юу. Шээхэд бэлэг эрхтний толгойг хучсан арьс пөмбийгөөд ирдэг.
Учир нь шээх ёстой тэр сүв нь өөрөө их нарийхан болохоор шингэн нь гадагшилж чадахгүй тэгж бөмбийж ирж байгаа юм.
Хэрвээ энэ үед хүүхдээ бага дээр нь ч хамаагүй эртхэн янзлуулахгүй бол бэлэг эрхтний толгойн арьсны нарийсал нь даамжирч улмаар давсагны, бөөрний архаг өвчтэй хүн болж хөгждөг байхгүй юу.
Тэгэхлээр эхлээд наалдацтай юм уу, нарийсалтай юм уу гэдгийг өөрсдөө ялгаж чадахгүй юм аа гэхэд мэргэжлийнх нь эмч дээр очоод ялгуулчих хэрэгэтй. За тэгээд нарийсалтай байвал арга хэмжээг яаралтай авахуул. Наалдацтай байвал яаж арчилах аргыг нь заалгуулаад ав.
Мөн энэ үед хөвч тасдах мэс ажилбар давхар хийгдэх болдог л доо.
- Хөвч тасдуулах гэснээс сүүлийн үед хөвч таслах мэс ажилбар их түгээмэл болсон гэж сонслоо. Тэгвэл, ийм ажилбар хийлгэхэд сөрөг нөлөө гэж байх уу?
- Энд ерөөсөө муу юм байхгүй гэдгийг эмч хүнийхээ хувьд хэлчихье. Америк, Япон, Солонгос, еврей, мусалман, казакууд гээд газруудад энэ мэс заслыг эрэгтэй хүүхдүүдэд зуун хувь хийдэг.
Нэгдүгээрт, хүүхэд байхад нь энэ мэс ажилбарыг хийлгэвэл бэлэг эрхтний хөгжилд нь тодорхой хэмжээгээр нөлөөлнө. Эрүүл ахуйн хувьд, үнэр гарахгүй, өнгөр тогтохгүй, үрэвсэхгүй, мөөгөнцөртөхгүй гэх юм уу сайн талууд олонтой. Эсрэгээрээ сөрөг муу нөлөө байхгүй.
- Энэ арьсыг авснаар бэлгийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө гарах уу?
- Бэлгийн үйл ажиллагаа чинь сэтгэл зүй болоод дотоод шүүрлийн гормонуудын зохистой үйл ажиллагаанаас явагддаг болохоос биш тэр арьсыг авсан бэлэг эрхтний толгойтой ер нь хамаа байхгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэр арьсыг авснаар хөвчрөлт нь муудаж байна гэж байна. Тэр хөвчрөлт муудаж байна аа гэдэг чинь ямар нэгэн бэлгийн үйл ажиллагаан хямрал явагдаж байна аа гэсэн үг байхгүй юу.
- Тэгвэл, хэдэн настай хүн энэ мэс ажилбарт орж болдог юм бэ?
- Манай эмнэлгийн хувьд бол нас харгалзахгүй энэ хөвч тасдах мэс ажилбарыг хийж байгаа. Хөгшин хүмүүс бол бүр өвчний заалтаар орж ирдэг. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 87 настай хүн энэ хагалгаанд орлоо. Гэтэл тэр фимоз гэдэг өвчнөөсөө болоод бэлэг эрхтний толгой нь гарахаа болиод хоёр гурван жил болчихсон. Тэрнээсээ болоод бэлэг эрхтний толгойд нь шарх үүсчихсэн ч гэдэг юм уу.
Ер нь урьдчилан сэргийлэх үүднээсээ хэдэн ч настай хүн хийлгэж болно оо гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд хөвч тасдах мэс ажилбар гэхээр бас нэг ийм буруу ойлголт яваад байдаг юм. Тэр нь яг бэлэг эрхтний доод талын хэсэгт байдаг яах вэ хөвч гэж нэрлээд байдаг л даа. Түүнийг сэтлэх юм уу гэж асуугаад байдаг байхгүй юу? Тийм биш ээ. Энэ хөвч тасдах гэдэг нь бэлэг эрхтний толгойг хучсан арьсыг тойрог маягаар зүсч авах мэс ажилбар байхгүй юу? Үндсэндээ тэр илүү арьсыг л бүр авна гэсэн үг л дээ.
- Тэгвэл, хүнд мэс ажилбарт орох уу?
- Хүнддээ ч орохгүй л дээ. Бэлэг эрхтний тэр илүү арьсыг л авах. Тэрнээс биш бэлэг эрхтний доод талд байгаа хөвчийг бол сэтлэх биш. Тэр хөвчийг сэтэллээ гээд ач холбогдол байхгүй. Зүгээр ховор тохиолдолд бэлгийн харьцаанд ороход сэтэрч урагдаад байдаг залуучууд байдаг. Тэд нар бол сэтлэхээс өөр аргагүй. Гэтэл эрүүл хүмүүс хөвчөө тасдуулна гээд тэрийгээ сэтлүүлчихдэг. Гэтэл тэр нь ач холбогдолтой юм биш. Хэрвээ хөвчөө тасдуулна гэвэл бэлэг эрхтний толгойг байнга ил байлгана л гэсэн үг.
- Ингэхэд сүүлийн үед залуу гэр бүлийн дунд эхнэр нь аль нэг төрлийн спиралинаас харшилснаас шалтгаалан, нөхөр нь үрийн сувгаа боолгуулъя эсвэл эрэгтэй хүний жирэмснээс хамгаалах арга юу байна тэрийг хэрэглэж үзье гэх залуус мэр сэр тааралдах болсон. Тэгвэл, танай эмнэлгийн хувьд энэ төрлийн мэс ажилбар хийдэг үү?
- За энэ асуудлаар манайд л гэхэд маш их ханддаг юм аа. Би энэ дээр бол шууд байхгүй л гэдэг хариулт хэлдэг. Тэр үрийн сувгийг боох их амархан л даа. Чадахгүй юм биш чадна, их амархан.
- Гэтэл, тэр үрийн сувгийг боочихсон байхад тэр эрэгтэй хүн ахиж хэзээ ч хүүхэдтэй болохгүй гэдгийг манайхан ойлгодоггүй юм шиг байгаа юм. Энэ үрийн суваг бооно гэдэг ч өөрөө хууль тогтоомжийнхоо хувьд байж болшгүй асуудал.
- Яагаад?
- Үрийн суваг боолгуулах гэдэг чинь ахиж хэзээ ч хүүхэдтэй болохгүй тийм мэс ажилбар. Тэр одоо төмсөгнөөс түрүү булчирхай хоёрын хооронд явж байгаа маш нарийхан суваг байгаа. Тэр сувгийг л одоо боочихож байгаа гэсэн үг. Тэгэхээр тэр боолтыг аваад тэр сувгийг эргүүлэн залгаж оёно гэж байхгүй. Үндсэндээ тэр хүний удмыг л шууд тасалчихаж байгаа хэрэг.
Гэтэл, хүний амьдралд юу ч тохиолдоо билээ. Тэр хүн хэдэн ч хүүхэдтэй байлаа гэсэн ямар нэгэн золгүй асуудлаас болоод дахиад хүүхэдтэй болох асуудал үүсч болно шд. Энэ үед тухайн үрийн сувгаа боолгуулсан эрэгтэй дахиж өөрөөрөө хүүхэдтэй болж болохгүй гэсэн үг юм. Тэгэхээр энийг бол ерөөсөө зохимжгүй арга.
- Тэгвэл, түр зуурын спираль ч гэх үү тиймэрхүү жирэмснээс хамгаалах арга байх уу?
- Энэ жирэмснээс хамгаалах аргыг чинь эрэгтэй хүний физилоги, эмэгтэй хүний физилоги гээд эрхтэн системийнх нь онцлогоос хамаараад эмэгтэй хүндээ ямар нэгэн асуудалгүй ээ гэдгийг чинь дэлхийн анагаах ухаан судлаад, зохиогоод явж байна шүү дээ. Тиймээс эмэгтэй хүндээ л ихэвчлэн хэрэглэж явбал зүгээр.
Эрэгтэй хүнд бол одоо тариа тарьж байна гэсэн яриа л байж л байна. Үрийн суваг боож байна л гэнэ. Энэ үрийн суваг боодог арга бол ихэвчлэн Хятадад их түгээмэл хэрэглэгддэг арга. Яагаад гэвэл тухайн улс одоо мөрдөгдөж байгаа нэг л хүүхэдтэй байх гэдэг хууль тогтоомжоосоо үүдээд тэр шүү дээ.
- Тэгвэл, ерөнхийдөө дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөөгүй гэсэн үг үү?
- Яах вэ, энэ бол Хятадууд олон хүүхэдтэй болохгүй учраас л үрийн суваг боох, жирэмснээс хамгаалах нэг арга маягаар хэрэглээд байгаа арга байхгүй юу. Тэрнээс биш өөр орнуудад жирэмснээс хамгаалах аргын хувьд үрийн суваг боох аргачлал орохгүй.
- Тэгвэл, хүмүүсийн дунд том төөрөгдөл яваад л байдаг юм байна даа.
- Тийм, үрийн суваг боох гэдэг их амархан л даа. Гэхдээ үрийн суваг боох бусад шалтаг шалтгаанууд гэж бас байдаг. Янз бүриин халдварт өвчин, үрэвсэлт өвчин ч гэх юм уу. Генийн гажигтай хүүхдүүд төрүүлэх магадлалтай сэтгэцийн өөрчлөлттэй хүнд ч гэх юм уу. Энэ хүнээс эрүүл хүүхэд гарах боломжгүй гэх үүднээсээ гар хөлийн үсэг авч байгаад тийм мэс ажилбар хийнэ үү гэхээс жирэмснээс хамгаалах гэж энэ мэс ажилбарыг хийхгүй, манай эмнэлгийн хувьд.
Гэхдээ бас хийж байна гэсэн яриа гадуур яваад байдаг. Хүмүүс утсаар арьдаг байхгүй юу, үрийн суваг боож байна гэсэн танайх боодог уу гээд. Би яг энд боож байгаа, тэнд боож байгаа гээд хайгаад олохгүй байгаа. Хүмүүсийн дунд төөрөгдөл яваад байдаг юм уу, эсвэл энд тэнд нууцаар боодог юм болов уу, сайн мэдэгдэхгүй байна.
- Ингэхэд сэтгэцийн гажигтай хүн гэснээс манайд сүүлийн үед хүүхэд хүчирхийлэх гэмт хэргийн тоо олширч, энэ талын сэртхийлгэм мэдээ их гарах боллоо. Тэгвэл, эдгээр гутамшигт үйлдлүүд юунаас үүдэж гараад байгаа юм бол оо, яг эмч хүний зүгээс танд юу харагдаж байна вэ?
- Энд мэдээж маш олон талын шалтгаан байгаа байх л даа. Сэтгэцийн улмаас байж болно. Өссөн орчин байж болж байна. Өөрөө их хүчирхийлэл дунд өсчихсөн, нөхөр нь ээжийгээ зоддог, байнга архи уудаг гээд ирэхээрээ тэр орчинд өссөн хүүхэд өөрөө тийм эмгэг сэтгэхүйтэй болж хөгжөөд байна гэсэн үг.
Тэгээд ер нь нийгэмд мөнгөгүй залуучууд их олон байна л даа, залхуу байна, архи дарс байна. Энэ хүчирхийлэлийн цаана дандаа архи л явж байдаг. Архины хэрэглээ өнөөдөр маш өндөр байна. Архи стресс тайлдаг гээд л ярьдаг. Гэтэл архи хэзээ ч стресс тайлахгүй. Архи уусан хүн улам л стрессд ордог гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ бол ер нь тухайн хүний суурь хүмүүжил, эсвэл бүр сэтгэцийн өвчин л байж байгаа.
- Тэгвэл, ийм бусархаг хэрэг үйлдэгсдийн цаана ихэвчлэн өссөн орчны нөлөөл явж байдаг гэсэн үг үү?
- Нийгэмд зүгээр эрүүл юм шиг амьдраад байгаа тийм хүмүүс ажлаа хийгээд эхнэртэй хүүхэдтэй болоод явж байдаг. Гэхдээ тийм таагүй орчинд өссөн хүмүүсийн сэтгэл зүйд нэг тийм эмгэг голомт үүсчихээд л хамт яваад байдаг. Айдастай, хүнтэй шууд илэн далангуй харьцаж чадахгүй.
Ер нь эмэгтэй хүнтэй ерөөсөө харьцаа үүсгэж чадахгүй ийм хүмүүс, харьцаагаа олон жил хадгалж явсаар байгаад л тийм өөрийгөө хамгаалах чадваргүй гэдэг үүднээсээ тийм бага насны хүүхдүүд рүү халдаж байгаа гэж бодож байгаа. Гэхдээ тэр дөрвөн настай хүүхэд хүчирхийлсэн гэдэг үнэн бол тэр хүн яав ч эрүүл биш байх. Сэтгэцийн л тийм эмгэгтэй хүн байж таарна.
- Монгол цаазгүй орон. Тэгвэл, таны хувьд ийм хэрэг үйлдсэн хүмүүст ер нь ямар шийтгэвэр оноогоосой гэж хүсдэг вэ?
- За энийг чинь ёстой тэр хууль цагдаагийнхан л мэдэж байгаа байлгүй дээ. Ер нь эрэгтэй хүний хувьд бас ийм асуудлууд их ярьдаг л даа. Бэлгийн үйл ажиллагааг бууруулах эм тариа байна уу гэж их ярьж асуудаг. Зөвхөн бэлгийн үйл ажиллагааг дарангуйлах эм тариа гэж дэлхийн анагаах ухаанд бараг байхгүй.
Энэ үйл ажиллагааг бууруулахын тулд дандаа сэтгэцэд нөлөөлөх эм тариа л хэрэглэдэг байхгүй юу. Тэгэхлээр энэ дээр нэг ийм л арга байна. Энэ хүнийг яг эрүүл байна уу? Сэтгэцийн өвчтэй байна уу гэдгийг л сайн тогтоох ёстой байхгүй юу. Удаа дараа үйлдээд байна гэдэг чинь хэвийн сэтгэлгээтэй хүн биш.
Яг арга хэмжээ аваад тэр сэтгэцийнх нь эмчилгээг хийвэл, нартад байх хугацааг нь тэр эмнэлэгт нь эмчилэн хоривол илүү үр дүнтэй байна байх. Ийм хэрэг үйлдсэн гээд сэтгэцийг нь сайн тодорхойлоогүйгээр хүнд хоригдлуудтай хамт хорьчиж байгаа ш дээ. Тэгээд ирвэл, улам л сэтгэцийн эмгэг лавширна. Гарч ирээд энэ үйлдлийг ахиад л хийнэ. Тэгэхлээр энд оношилгоо л их чухал юм болов уу гэж харагдаж байна шд, миний хувьд бол.
- Ер нь эрэгтэй хүн гэдэг өөрөө их нууцлаг. Дотроо хадгалагдаж байгаа зүйлийг тэр бүр хүнтэй илэн далангуй ярьчихгүй. Тэгвэл, танай эмнэлэг дээр ирээд сэтгэл зүйн зөвлөгөө авая гэвэл болов уу?
- Болно. Ерөнхийдөө бол эрэгтэйчүүд маань ч бас их бүрэг шүү дээ. Утсаар ярина. Надруу ярихаар эмч нь эрэгтэй юу гэж асууна. За тэгээд манай эмнэлгийн утасруу ярихаар ресепшин эмэгтэй хүн байхаар ярихгүй тасалчих жишээтэй.
Угтаа эрэгтэйчүүдийн үзлэгийг бол тусгайлан бэлдсэн өрөөнд хийх ёстой, нэгдүгээрт. Эмч, өвчтөн хоёроос өөр ямар ч хүн тэр өрөөнд байх ёсгүй, тийм үү.
Гэвч үзлэгээ эхлэхээсээ өмнө өвчтөнтэй тодорхой хугацаанд ярилцаж байж цаад өвчний угт байгаа зүйлийг гаргаж ирнэ үү гэхээс зүгээр үзүүлье гээд ирсэн ч эрэгтэй хүн өөрөө тав арван минутанд эмчилгээ хийлгэчих хүмүүс биш.
Тийм ч учраас манай энэ эмнэлгийн хувьд л гэхэд эрчүүдэд юу хэрэгтэй байдаг тэр болгоныг арль болох хангахыг зорьсон. Зүгээр сэтгэл зүй гээд л ярихад манай дээр Аура гээд хүний энергийн тухай шинжлэх ухааны үүднээс нь судлаад хамгаалаад ирчихсэн эмчтэй байх жишээтэй. Нуух ичих юм байхгүй.
- Тэгвэл саяхныг хүртэл манайд яг эрчүүдэд зориулсан тусгай эмнэлэг их ховор байсан. Эрчүүд маань ч энэ төрлийн эмнэлэг бараадах нь их ховор байсан юм шиг?
- Би одоо яг 11 жил эрэгтэйчүүдийн эмч хийж байна. Тэр үед ерөнхийдөө эмнэлэгт үзүүлэх хандлага их ичимхий байсан. Одоо бол харьцангуй гайгүй. Ялангуяа өсвөр насныханд энэ тал их ажиглагдаж байгаа. Хүнтэй анх дотносох гэж байгаа найз охин нь шинжилгээ хийлгүүл гэсэн гээд ирэх жишээтэй. Харин жаахан ахимаг насныхан энэ тал дээр ер нь л хойрго шүү дээ.
Гэтэл эрчүүдэд маань яг 45-55 насанд яг эрэгтэйчүүд, түрүү булчирхай, бэлгийн үйл ажиллагааны доголдол ажиглагдаж эхэлдэг гэдгийг хэр барагтаа мэддэггүй. Их ядрамтгай, уур уцаартай болох ажиглагдаж эхэлдэг. Энэ нь эрүүл амьдралын хэв маяаг баримталдаггүй спортоор хичээллэдэггүй, амарч чаддагүй хүмүүст ихэвчлэн 45 наснаас эхлэх эр бэлгийн гормоныхоо багахан хувийн бууралтыг тухайн бие организм их хүчтэй мэдэрч, хүчтэй өөрчлөлтүүдийг өгч байгаатай холбоотой байдаг.
- Гэхдээ манайхан дунд “Эрчүүд хээгүй байх ёстой” гэсэн хуучны үзэлтэй холбоотой байдаг юм болов уу? Өөрсдийх нь өссөн орчин бие хаагаа ингэж хойш тавихад нөлөө үзүүлдэг юм уу гэж боддог?
- За яах вэ. Хээгүй гэдгээр эрүүл мэндээсээ гадна их олон юмыг арагш нь тавьж байгаа шүү дээ. Манай эрчүүдийн хувьд. Тэгэхдээ эрэгтэйчүүдийн өвчлөлийн хувьд асуудал ийм байна. Нэгдүгээрт, эрчүүдийн архаг өвчлөлүүдийн шинж тэмдэгүүд нь ихэвчлэн айхтар өвтгөөд байдаггүй, аажим явцтай, шинж тэмдэг бүдэг явагддаг. Тийм ч учраас ерөөсөө ихэнх нь тоодоггүй. Хамгийн гол аюул нь.
Жишээ нь, түрүү булчирхай гэхэд ойр ойрхон шээдэг болдог, шөнө босч шээдэг, давсгаар өвддөг, шээсний сүвээр хорсдог байх жишээний. Гэхдээ энэ зовиур болгон чинь түрүү булчирхайн өвчтэй болсон хүн болгонд бүгд илэрдэг юм биш.
Ойр ойрхон шээгээд арван хэдэн жил явчихсан хүн ч байна. Гэтэл ирээд үзүүлэхээр түрүү булчирхайн эмийн эмчилгээний үе шат нь өнгөрөөд хагалгааны шатанд орчихсон байх жишээтэй. Тэгээд шөнө нь шээж эхэлдэг. Хүн их юм уудаг учраас л шээдэг гэж ярьдаг байхгүй юу. Шөнө шээнэ гэдэг чинь ямар нэгэн асуудал үүссэн л гэсэн үг.
Ер нь жаахан ойр ойрхон шээдэг л бол ядаж урьдчилан сэргийлээд үзүүлчих хэрэгтэй. Заавал эрэгтэйчүүд гэлтгүй, зүрх судас, нүд, элэг гээд л ер нь л урьдчилан сэргийлэх үзлэгт ороод сурчих хэрэгтэй. Тэгвэл, их урт наслана шүү, ер нь.
- Эрэгтэй хүмүүс ер нь үнэтэй байж магадгүй учир ялих шалихгүй юманд мөнгө үрэхгүй гээд байдаг. Танай эмнэлгийн хувьд урьдчилан сэргийлэх үзлэгт хэдэн төгрөгөөр орж болох вэ?
- Урьдчилан сэргийлэх үзлэгийг манай эмнэлэгт гэхэд 15 мянган төгрөгөөр л хийдэг. Үнэндээ жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт ороход нэг их мөнгө орохгүй ш дээ. Одоо манай эрүүл мэндийн даатгалын систем улам л боловсронгуй болоод байх шиг байна. Нийгмийн даатгал төлдөг л бол хүн жилдээ нэг удаа бүх шинжилгээг ямар ч хтөлбөргүй өгдөг болчихсон шүү дээ.
- Дурын аль ч эмнэлэг дээр үү? Эсвэл дүүргийнх дээр үү?
- Хувийн эмнэлгүүдийн лабраториуд дээр ч авч байгаа. Эрүүл мэндийн даатгалаа авч очоод цусны ерөнхий биохими, тэрийгээ бүгдийг нь үнэ төлбөргүй үзүүлэх боломж байгаа байхгүй юу. Тэрийг бас манайхан сайн мэдэхгүй явдаг юм билээ.
- Иргэд энэ талын мэдээлэл ер нь их хомс байдаг шүү.
- Төрийн байгууллагууд жилдээ нэг удаа ажилчнаа амраадаг тийм үү. Хувийн байгууллагууд ч гэсэн. Гэхдээ энэ бол их учиртай. Тухайн арван нэгэн сарын турш хийж байгаа үйлдлийг хорин хэд хоногийн дотор өөр юманд л шижих ёстой байхгүй.
Гэхдээ үүний эсрэг талд хувиараа хөдөлмөр эрхэлдэг ч юм уу огт амралтгүй арван хэдэн жил явчихсэн хүмүүс байна. Тэр хүмүүсийн бие бол авах юмгүй болчихсон байдаг. Тийм болохоор эдгээр хүмүүст хандаж амраач ээ, ажлаа түр хойш нь тавиад гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөө гэж хэлмээр байна. Тэгвэл, биед маш тм сэргэлт болж ирнэ. Бас эрэгтэй хүний хувьд эрт унтаж байх хэрэгтэй.
- Тэр нь бас юундаа байдаг юм бол?
- Ер нь нойр муутай хүний бэлгийн үйл ажиллагаа бүгд муу байгаа. Хүн унтаж байхад бүх бие организм амарч байдаг. Тэр нөгөө бодисын солилцоо гээд бие дотор ялгардаг янз бүрийн гормонууд чинь унтаж байгаа үед маш гоё цэгцтэй ажиллаж байдаг юм. Тэгэхлээр тэр хүн бол эрүүл байна. Ядаргаагүй байна.
Манайхан их унтлаа гээд л уурлаад байдаг. Яадаг юм. Их унтдаг хүн урт насалдаг юм ш дээ. Яах вэ ажил амьдрал нь л жаахан хэцүү болох байх. Тэрнээс биш ер нь бол боломж байвал унтаж л байх хэрэгтэй. Утсаа жаахан хойш нь тавь. Зурагтаа эрт унтраа гэж хэлмээр байна. Ер нь их унтдаг, туранхай залуучуудын бэлгийн чадавхи бусад хүмүүсийнхийг бодвол хавьгүй өжндөр байдаг нь батлагдсан.
Сур: Ярилцсанд баярлалаа.
Б.Хишигдэлгэр
Эх сурвалж: PHOTONEWS.MN