Бүгд Найрамдах Солонгос Улсын/БНСУ/ шинээр сонгогдсон ерөнхийлөгч Юн Сүк Ёл өнөөдөр тангараг өргөж, үүрэгт ажилдаа орж буй талаар мэдээлсэн. Энэ оны гуравдугаар сард болж өнгөрсөн БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний консерватив намаас прокурор асан Юн Сүк Ёл ялалт байгуулаад байсан юм.
Түүний тангараг өргөх ёслолд манай улсаас Ерөнхийлөгчийн Тамгын Газрын/ЕТГ/ дарга Я.Содбаатар оролцсон байна. "Өөр албаны хүмүүс яваагүйг" эх сурвалж хэлэв.
Үүнээс өмнө 2019 онд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Японы эзэн хааныг сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцож байсан билээ.
Монгол Улсын Засгийн газар 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс жуулчлахаар ирэх солонгос иргэдийг 90 хоног визгүй нэвтрүүлэх шийдвэр гаргасан бол БНСУ-ын Засгийн газар тав буюу түүнээс дээш тоотой бүлэг монгол жуулчдад 30 хүртэл хоног визгүй зорчих эрх олгохоор болсныг зарлаад байгаа юм.